📅

Нэмэгтийн хөндийгөөс илрүүлсэн үлэг гүрвэлд “Gobiraptor minutus” гэж нэр өгсөн.

🕔 2019/02/06 22:05

Өмнөговь аймгийн Нэмэгт уулын бэлээс 80-70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олсныг палеонтологийн чиглэлийн нэр хүндтэй PLoS One сэтгүүлд хоёрдугаар сарын 6-нд нийтэлсэн нь олны анхаарлын төвд байна. Одоогоос 70-80 сая жилийн өмнө амьдарч байсан эл үлэг гүрвэлийн талаар Монголын Шинжлэх Ухааны Академи, Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Х.Цогтбаатартай ярилцлаа

-Монгол, Өмнөд Солонгосын хамтарсан судалгааны баг үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг тогтоов гэх мэдээлэл саяхан цацагдлаа. Энэ олдворыг хэзээ илрүүлсэн бэ?

-Палеонтологийн чиглэлийн судалгааны дэлхийд нэр хүндтэй мэргэжлийн PLoS One сэтгүүлд Монгол нутгаас олдсон нэгэн төрлийн үлэг гүрвэлийн талаарх шинжлэх ухааны өгүүлэл хоёрдугаар сарын 6-нд нийтлэгдсэн. Энэ олдвор цуглуулгын тухайд яривал их урт түүхтэй. Анх 2008 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Алтан уулын өвөрт байдаг Цэрдийн галавын хожуу үеийн олдворт газраас олдсон. Яагаад өнөөдөр шинэ төрөл зүйл хэмээн олон нийтэд дэлгэж байна вэ гэвэл энэ олон жилийн хугацаанд бүрэн цогц судалгааг хийсэнтэй холбоотой.

–Тэгвэл тухайн олдворыг илрүүлж, судалж шинжлээд эцсийн дүгнэлтээ гаргаад албан ёсоор бүртгэгдэх ажил хүртэл олон жилийг зарцуулдаг байх нь?

-Тэгэлгүй яахав. Палеонтологийн салбар бол Археологиос ялгаатай. Ер нь бол их урт хугацааг зарцуулж байж нэг шинэ үлэг гүрвэл “төрүүлдэг”.  Археологи бол газар дороос нэг ваар гарч ирвэл ваар л гэж шууд танина. Учир нь хүний үйл ажиллагаагаар хадгалагдсан байдаг болохоор харьцангуй ойлгомжтой. Палеонтологийн олдвор бол усны урсгал, голын үер, салхины нөлөөгөөр зөөгдөн, байгалийн жамаар хадгалагддаг. Бүрэн бүтнээрээ байх магадлал ч бага. Хадгалалт нь ч янз бүр байдаг. Яагаад гэхээр олон сая жил газрын хөрс дор хадгалагдсан, судлаачийн гар дээр ирэх хугацаа хүртэл наанадаж 70 сая жил байдаг. Тиймдээ ч эртний амьтадын олдвор цуглуулга зарим тохиолдолд маш эмзэг болсон байдаг. Хэдийгээр бид чулуужсан яс гэж ярьдаг боловч зарим тохиолдолд орчин үеийн амьтны яснаас ч хэврэг болсон байдаг тул боловсруулалтын ажилд багагүй цаг хугацааг зарцуулдаг. Боловсруулалт гэдэг нь тухайн үлэг гүрвэлийн чулуужсан ясыг хадгалж байгаа хөрс, шорооноос  салгах явцыг хэлнэ. Зарим тохиолдолд эртний хөрс/хурдас/ нь яснаасаа хатуу болсон байдаг учраас маш нарийн ажиллагаа шаарддаг. Ясыг гэмтээхгүй хурдсаас нь салгах ажиллагаа лабораторийн орчинд хийгддэг. Миний тооцоолж байгаагаар дээрх шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл дээр гэхэд найман жил гаруй боловсруулалтын ажлыг явуулсан. Үүний дараа л боловсруулсан зүйлээ судлах боломж нээгддэг. Судалгааны ажилд ч бас нэлээн хугацааг зарцуулдаг. Палеонтологийн олдворын нэг онцлог нь шинээр малтаж илрүүлсэн олдворыг урьд өмнө нь олдсон бүх олдвортой харьцуулах шаардлага гардаг. Зөвхөн Монголд байгаа хэдэн олдвортой харьцуулснаар эцсийн дүгнэлт гарахгүй. Өөрөөр хэлбэл, анатоми, морфологийн харьцуулалт буюу хэлбэр дүрсийн харьцуулах судалгаа юм. Энэ судалгаанаас гадна бусад батлах судалгаануудыг хийдэг. Уг судалгаанд тухайн амьтны ясны эдийн бүтцийг судалж, дүгнэлт гаргадаг. Ясных нь бүтцээр бид залуу эсвэл үр хөврөлийн шатанд явж байгаа, нас бие гүйцсэн, эр, эм эсэхийг нь тогтоодог. Энэ бүгдийг нэгтгэж ангилал зүйн судалгаа хийгдэнэ. Үүнд, Өвөг, удмын холбоо харилцаан дээр тулгуурласан ангилалзүйн аргачлалаар (филогенезийн ангилал) ямар баг, овог, төрөл, зүйлд хамаарах вэ гэдгийг нь тогтоодог юм. Ийм түвшинд хийсэн судалгааны бүтээлийг мэргэжлийн сэтгүүл хүлээн авч, палеонтологийн чиглэлийн дэлхийн томоохон эрдэмтдэд уншуулж, магадлан шүүж, зөв бурууг нь тогтоолгох ажиллагаа явагддаг. Тийм учраас шинэ төрөл зүйлийг тогтооно гэдэг олон жилийн хугацаа зарцуулдаг. Хамгийн гол нь үр дүн гарсан цаг үеэс тухайн олдворыг шинэ төрөл зүйл гэж тунхагладаг.

–Жижиг шувууны хэмжээтэй Гобираптор үлэг гүрвэл нь шүдгүй хошуутай, өдтэй атлаа махчин гэв үү?

-Тийм, махан идэшт үлэг гүрвэлийн ангилалд багтаж байгаа. Маш олон төрөл зүйлийн үлэг гүрвэлийн олдвор олж тогтоогдсон, сайн судлагдаж байгаа Овирапторозавр хэмээх дээд баг Монголын махан идэшт үлэг гүрвэлийн дундаас хамгийн их анхаарал татдаг үлэг гүрвэлийн бүлэг. Ер нь энэ бүлгийн амьтад бүхэлдээ л шүдгүй эвэрлэг хошуутай байж болзошгүй, өдтэй. Овирапторозавр бол маш том бүлэг л дээ. Дотроо их олон төрөл зүйлтэй. Энэ бүлэгт хамаарах Нэмэгтийн хөндийгөөс илрүүлсэн үлэг гүрвэлд “Gobiraptor minutus” гэж нэр өгсөн. Энэ нь Монголоор “говийн жижиг махчин” гэсэн утгатай юм. Ер нь шинээр төрөл зүйл тогтооно гэдэг бол маш их цаг хугацаа ордог. Одоогоор дэлхийн шинжлэх ухаанд 400-500 төрөл зүйл тогтоогдсон байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Эдгээрээс 80 гаруй төрөл зүйлийг Монголоос тогтоосон байна. Тэгэхээр баттай тогтоогдсон нийт үлэг гүрвэлийн тавны нэг нь Монголоос тогтоогджээ гэж үзэж байгаа юм.

-Говийн жижиг махчин үлэг гүрвэл сүргээрээ амьдардаг байв уу. Эсвэл ихэнх махчин амьтдын адилаар ганц нэгээр идэш тэжээлээ хайдаг байсан юм уу?

-Энэ амьтны олдвор бол ганцаараа олдсон. Өнгөрсөн зун бидний олсон Овирапторозавр бүлэгт хамаарагддаг амьтан бол сүргээрээ олдсон. Дөнгөж өнгөрсөн зун илрүүлсэн учраас боловсруулалтын үе шат руу орж байна. Цаашид судлагдана.

-Гобирапторын биеийн бүтэц, ерөнхий шинжийг харахад шувууны өвөг дээдэс байсан бололтой?

-Тодорхой бүлэг махан идэшт үлэг гүрвэлээс орчин үеийн шувууны өвөг салбарлан хөгжсөн гэдэг нь нотлогдсон. Зарим газраас өд сөдтэй үлэг гүрвэлийн олдворууд ч олдсон. Монголын нутгаас зүүн урагш Хятадын нутаг дахь Лионин гэдэг газраас өдтэй үлэг гүрвэлийн олдвор олноороо олдсон. Монголоос ч бас өдтэй байх үндэслэлтэй ясан биеийнх нь бүтэц шувуунд байдаг шинж тэмдгүүд илэрсэн ийм олдворууд нэлээн хэд олдсон байгаа. Бидний ярьж байгаа Гобираптор ч бас өдтэй байх үндэслэлтэй. Яагаад гэхээр энэ бүлэгт хамрагддаг нэгэн төрөл өндгөө дарж байгаа байдлаар Монголоос олдсон. Мөн залуур өдтэй байх боломжтой сүүлний үзүүрийн үе, нугалам нь  нийлж тогтсон (pygostyle) үлэг гүрвэлийг бид олж тогтоогоод, шинжлэх ухаанд шинэ төрөл зүйл болгож бичсэн байгаа. Ер нь тодорхой бүлэг үлэг гүрвэлүүдээс шувууны өвөг салбарлан хөгжсөн. Бидний зүгээс хээрийн судалгааг эрчимтэй хийж, жилээс жилд шинэ олдвор олж тогтоохыг зорьж байгаа. Өмнө нь олдсон олдворуудаа ч бас судалсаар байна. Миний бичсэн бүтээл удахгүй PLoS One сэтгүүлд нийтлэгдэнэ.

-Монголд олдворыг хадгалж байгаа юу?

-Монголоос олдсон бүх олдвор олон улсын сэтгүүлд хэвлэгдэхдээ Монгол Улсын бүртгэлийн дугаартай хэвлэгддэг учраас Монголынх гэдгийг нь баталж байдаг. Түүгээр ч барахгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, шинэ төрөл зүйл хэмээн бүртгэгдсэн палеонтологийн олдворын бүртгэлийн дугаарыг өөрчлөх ёсгүй гэсэн журамтай.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна