Хүний эрхэд хүндэтгэлтэй хандъя
Таван толгой хэмээх ганцхан уурхайтай тал нутагтаа тайван амгалан амьдарч ирсэн Цогтцэцийчүүд сүүлийн 10 гаруй жил олон уурхайгаар хаяа тэлжээ. Энержи ресурс, Эрдэнэс таван толгой компаниуд ууган уурхайтай хаяа түшин айлсаж Тавантолгойн нүүрсний бүлэг ордоор овоглогдон нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа ч хүрээгээ тэлэв. Өмнийн говийн уурхайн хишиг улс орныг түшин босгож, Өмнөговь аймаг өөр бусад аймгууддаа баялгаасаа хувь хүртээдэг бийлэгжүү аймаг болж, энэ цаг хугацаанд уул уурхай улс орны эдийн засгийн тулах багана болсон байв.
Монголын 3 том ордын оргил олборлолтын цаг үед хөдөөгийн буйдхан Цэций сум хаа газрын хүмүүсийн хөл хөдөлгөөн, машин техникийн хөлд нэг хэсэгтээ л дарагдаж ресторан, зочид буудал, худалдаа үйлчилгээний газрууд бөөнөөрөө үүд хаалгаа нээн, хэдхэн жилийн дотор л өнгө зүсээ өөрчилсөн. Уурхай дагаж амьдрал хайсан хаа газрын хүмүүсийн цуваа тасрахгүй. Өнөөдрийн байдлаар тус бүс нутаг хөдөлгөөнт болон суурин хүн амтайгаа нийлээд 20-иод мянган хүний төвлөрөл үүсч ёстой л түм түжгэнэж бум бужигнасан газар болж хувирав.
Уул уурхайн галт тэрэг нэгэнтээ хөдөлж, эрчээ аван урагшлан хурдалж, төр засгийн бодлого шийдвэр ч гүйцэхээ байв. Сүүлийн 10 гаруй жилд нүүрс олборлолт ч улам эрчимжиж араасаа олон асуудал дагуулж эхлэх нь тэр. Учир нь олборлолт тээвэрлэлт эхлэхээс өмнө тус бүс нутагт дэд бүтцийн болон учирч болох эрсдэлүүдийг тооцоолж, шийдвэрлэлгүйгээр галт тэргэндээ сууснаас тэр.
Өмнөговийнхон говийн хүний уужуу тэнүүн сэтгэлээр уул уурхайг хөгжил ирлээ хэмээн тосож авсан цаг саяхан. Гэвч энэ хөгжил мал, ан амьтан, унаган байгаль, нутаг бэлчээр, эрдэнэт хүний амь насны төлөөстэй ирсэн юм.
Дэлхийн анхааралд хэдийнээ өртсөн бүлэг ордын олборлолтын явцад байгаль орчин, нийгмийн өргөн хүрээтэй нөлөөллүүд үүсч энэ асуудал шийдвэрлэгдэхгүй хуримтлагдсаар эцэстээ ноцтой үр дагаварт нэгэнт хүрсэн. Орон нутаг, малчид, ард иргэд энэ бүхэнд санаа зовон, хариуцлагатай уул уурхайг зөв гольдрилоор нь хөгжүүлэхийг шаардаж тэмцэж эхлэх болсон. Тиймээс ч хүний эрх, байгаль орчны доройтлын маш олон ноцтой асуудлууд үүсээд байгааг төр засаг, холбогдох байгууллагуудад хандаж, газар дээр нь ажиллаж, бодит судалгаа дүгнэлт хийх хүсэлтүүдийг олон ч газарт гаргасаар ирсэн.
Харин энэ оны өмнөхөн МУ-ын ХЭҮК-оос санаачлан Бодлогын Инновацийн Хүрээлэнгээс “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийж, дүгнэлт тайлан гаргасан байдаг. Тус үнэлгээгээр ЭНЭ БҮС НУТАГТ ХҮНИЙ ЭРХИЙН МАШ ОЛОН НОЦТОЙ ЗӨРЧИЛ байгааг олон талт судалгаа, дүгнэлтээр гаргасан.
Тэд 4 чиглэлд үнэлгээ гаргасан. Үүнд:
1.Уул уурхайн үйл ажиллагаанаас орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөр эрхлэх зэрэг эрхэд үзүүлж буй нөлөөллийг тодорхойлж, үнэлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн арга хэмжээний санал зөвлөмж гаргах
2.Нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны улмаас малчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг үнэлэх
3.Нүүрс тээвэрлэлтэд оролцож буй ажилчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөр эрхлэх зэрэг эрхийн хэрэгжилтийг үнэлэх
4.Цогтцэций сумын жишээнд тулгуурлан хөдөлгөөнт хүн амын тоо огцом өссөнөөс үүдэлтэйгээр гарч буй болон болзошгүй хүний эрхийн болон нийгмийн эрсдэлүүдийг үнэлэх зэрэг чиглэлийн дагуу энэ бүс нутагт өрнөж буй уул уурхай ба нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааны байгаль орчин /агаарын бохирдол, тоосжилт, бэлчээр, хөрсний эвдрэл, усны нөөц, хангамж/, нийгмийн /эрүүл мэнд, амьжиргаа, соёл, нийгмийн харилцаа, төрийн үйлчилгээ/ нөлөөлөлтэй харилцан уялдаатайгаар хүний эрхэд үзүүлж буй дам нөлөөллийг тодорхойлох зэрэг юм.
Тус үнэлгээнүүдээс зөвхөн Нүүрс тээврийн үйл ажиллагаанд оролцогчдын эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ-г авч үзэхэд л хүний эрх хэрхэн хөсөр хаягдсаныг харж болно. Маш олон хуудас зөрчлийн материалуудыг гаргаж тавьсан.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд нүүрс тээвэрлэлт хийдэг 14000 орчим жолооч нар байдаг. Эдгээр жолооч нар монгол орны өнцөг булан бүрээс ирж уул уурхай, нүүрс тээврийг түшиглэн ажиллаж байна. Гэхдээ тэд амь нас, эрүүл мэнд, хүний эрхийн маш их эрсдэлтэй нѳхцѳлд ажилладаг.
Олон арван километр үргэлжилсэн урт дараалал болон уурхайн ам, гаалийн хяналтын бүсэд нүүрс ачих, буулгах үеийн дараалал, түгжрэл нь жолооч нарын эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүд олон талын сөрөг нөлөөлөл учруулж байгааг тогтоосон.
Энэхүү тайланд: “Нүүрс тээврийн жолооч нарт хамгийн тулгамдсан асуудал Зам тээврийн осол. Тэд осолд өртөх эрсдэл маш өндөр. 2010-2018 онд Гашуун сухайтын нүүрс тээврийн замд гарсан ослын улмаас наад зах нь 50 гаруй хүний алтан амь үрэгдсэн. 2019 он гарсаар энэ тоо нэмэгдсэн. Замын эвдрэл, нүх зэргийг тойрч гарах үед эсрэг урсгалын машинтай мөргөлдөх, ар талын машиныг чиргүүлээр гуядах, огцом хурдаа хассаны улмаас машин онхолдох зэрэг осол зонхилдог. Нүүрс тээврийн зам дагуу эмнэлэг байхгүйгээс осолд өртсөн тохиолдолд Ханбогд, Цогтцэций, Тавантолгой уурхайн тосгоноос аврах алба, эмч, анхан шатны тусламж иртэл цаг алдах, амь насаа алдах, замын түгжрэл үүсгэх гэх мэт асуудлууд байсаар.
Уул уурхайн компаниуд жолооч нарын асуудалд их хойрго ханддаг. Тэдний нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тээврийн хэрэгсэл ашиглахтай холбоотой бүх төрлийн даатгалыг төлдөггүй, хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, хөдөлмөр, эрүүл ахуйн хууль тогтоомж дүрэм журмыг баримталдаггүй байна. Дүрэм журмаараа ажилладаг компаниуд цөөхөн. Нийт жолооч нарын 90% нь эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжгүйгээс гадна хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгогдсон эрхээ эдлэх боломжгүй байдаг.
Төрийн үйлчилгээ авах ямар ч боломжгүй, хязгаарлагдмал, тийм орчин ч бүрдээгүй. Мөн хил гарсан жолооч нар хятад улсад монгол улсын иргэнийхээ хувьд эрхээ хамгаалуулах боломжгүй. Хятад компанид ажилладаг жолооч нар хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлэх, хил гараад хэрэг, зөрчилд өртсөн тохиолдолд жолооч нарын эрхийг хамгаалах ямар ч механизм байхгүй байгаа тухай дурджээ.
Тавантолгойн бүлэг уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн 10 орчим жилд тус бүлэг ордоос БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээ асар хурдацтай нэмэгдсээр л. Олборлолт нэмэгдэхийн хэрээр үүсч байгаа байгаль орчин, нийгэм, хүний эрхэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх асуудал огт шийдэгдэхгүй байгаа нь л ноцтой үр дагаварт хүргээд байна.
Тус үнэлгээний тайлангийн нэгдсэн дүгнэлтээр “Тавантолгойн бүлэг уурхайн олборлолт, тээвэрлэлтэд оролцогч төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах, хөдөлмөрийн таатай нөхцөлөөр хангуулах, мэдээлэл авах, гомдол саналаа шударгаар шийдвэрлүүлэх зэрэг хүний эрхийг ноцтой зөрчсөн, улмаар дээрх эрхийн зөрчлүүд цаашид даамжрах хандлагатай” гэж онцолсон байдаг.
Түүнчлэн “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ээр хүний эрхийн зөрчлүүдийг онцлон дурдаж эдгээр эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах, сэргээх талаар зохих арга хэмжээ яаралтай авч хэрэгжүүлэхийг онцгойлж анхааруулсан байдаг ч байдал төдийлөн дээрдсэнгүй.
Эдгээр бүх асуудлууд бодит байдал. Хүний эрхийн ноцтой зөрчлүүд энд бий. Гэсэн хэдий ч төр засаг хүний эрхийн зөрчлүүдийг арилгах чиглэлээр ямар ажлууд хийсэн бэ? Хийсэн ажлууд нь энэ тээвэрлэлт хийж буй жолооч нарт хэрхэн эерэгээр наалдсан бэ? гэдэг нь хариулт нэхсээр...
Мөн тус үнэлгээг үндэслэн холбогдох газруудад хүргүүлсэн дараах зөвлөмжүүдээс хэд нь өнөөдөр бодит ажил болж хүний эрхийн зөрчлүүдийг арилгасан бэ гэдэг нь ч бас анхаарал татаж байгаа юм. Хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг арилгах чиглэлээр дараах зөвлөмжүүд холбогдох газруудад очсон хэдий ч бодит ажил болж хөрсөн дээрээ буухгүй л байна.
Энэхүү зөвлөмжөөр:
1.Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааны улмаас хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцүүлж, хүний эрхтэй холбоотой зөрчлийг арилгах ажлын явцын талаар улирал бүр тайлагнах үүргийг Засгийн газарт үүрэг болгосон
2.МУ-ын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг мөрдөхгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлгөөний аюулгүй байдалд хохирол учруулж, хүний эрхийн зөрчил гаргасаар буй тус бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааг зогсоох шаардлагыг хүргүүлэх, улмаар одоогийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй, харилцан уялдаатай арга хэмжээг төрийн холбогдох байгууллага, уурхайн компаниуд, бусад аж ахуйн нэгжүүд авч хэрэгжүүлэхийг даалгах, хэрэгжилтийг үнэлэх
3.Хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах наад захын нөхцөлийг хангах хүртэл Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоох, мөнХөдөлмөр, эрүүл ахуйн стандартыг мөрдөөгүй, мөрдөхөөс татгалзсан тээврийн байгууллагууд, нийтийн хоолны газар, засвар, үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр зогсоох, холбогдох Зөрчлийн болон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах
4.Энэхүү танилцуулж буй Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх, нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд гарч буй хүний эрхийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор оролцогч талуудын зөвшилцлийн механизм бүрдүүлэх, байгаль орчны, хог хаягдлын, тээвэрлэлтийн зэрэг асуудлаар хамтарсан хяналт, мониторингийн тогтолцоотой болох, тулгарч буй бэрхшээл, саадыг шийдвэрлэх, шаардлагатай төсөв, хөрөнгийг дундын санд төвлөрүүлж, хамтарсан шийдвэр гаргах зэргээр хамтын хүчин чармайлт гаргах
5.Оролцогч талуудын зөвшилцлийн механизм бүрдүүлэхдээ тус ордод олборлолт хийж буй уурхайн 3 компани төдийгүй тус ордтой холбоотой ханган нийлүүлэлт хийж буй шатахуун түгээх, тээвэрлэлт, хүнсний үйлчилгээ зэрэг бусад компани, оролцогч талуудыг бүрэн хамруулж, уг зөвшилцлийн механизмын дунд мэдээлэл харилцаа, зохицуулалтыг Өмнөговь аймгийн ЗДТГ, МУ-ын ХЭҮК хамтран хэрэгжүүлэх тухай дурдсан байдаг.
Бодит нөхцөл байдлыг харуулсан судалгаан дээр үндэслэн уул уурхайн компаниуд болон аймаг, сум орон нутаг, холбогдох газруудад зөвлөмж гаргасан ч харамсалтай нь ихэнх нь одоо болтол хэрэгжихгүй байсаар байна.Тиймээс төр засаг, орон нутгийн удирдлагууд, уул уурхайн компаниуд хүний эрхийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж, хариуцлагатай уул уурхайн бодлогоо зөв чиглүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ.
Ч. Сумъяа