Б.Дэндэвсамба: Галбын говийн улаан үүлдэр бол 2 бөхт тэмээний дээд нь юм
Сэтгүүлч миний хувьд 2009 оны л үед шиг санагдаж байна Ханбогд суманд анх удаа очихдоо тус сумын засаг дарга Б. Дэндэвсамба хэмээх эрхэм хүмүүнийг таньдаг болсон юм. Гялалзуур ажил хэрэгч, асуудлыг оновчтой тавьдаг, бодлого ярьдаг гээд сум орон нутгийн засаг дарга гэхэд их л ажил хэрэгч хүн шиг санагдаж билээ. Түүнээс хойш Бодьхүүгийн Дэндэвсамба даргын сумаа хэрхэн удирдаж байгаа, уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхдээ нутгийнхаа эрх ашгийг хэрхэн дээгүүрт тавьж байгаа, хожмоо аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газрын даргаар ажиллахдаа, байгаль экологи тэдгээрийн янз байдлын талаарх хийж хэрэгжүүлсэн ажлууд гээд олзуурхууштай олон зүйлийг олж харж байлаа. Нутгийн ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, хийж бүтээсэн зүйлтэй, хөдөлмөрч, мал аж ахуйч, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлогч гээд Дэндэвсамба даргатай ярилцах сонирхолтой байх нь дамжиггүй юм. Тиймээс энэ удаагийн ярилцлагын хоймортоо Ханбогд сумаас Өмнөговь аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Дэндэвсамбыг урилаа.
-Сайн байна уу та. Сайхан хаваржиж байна уу. Энэ цаг мөчид өрнүүлж буй ажил, сонин сайхнаасаа хуваалцана уу?
Сайн байна уу. Сайхан хаваржиж байна аа. Энэ хаврыг мал аж ахуйдаа анхаарал хандуулан ажиллаж байна даа. Дэлхий нийтийг хамарсан аймшигт халдвар гараад жаахан түгшүүртэй л байна даа. Мөн түүний хажуугаар суманд маань галзуу өвчин гараад амаргүй л байна. Ханбогд сумын нутаг дэвсгэрт Оюутолгой уурхай үйл ажиллагаагаа явуулж, Таван толгойн экспорт дамжин өнгөрч, Гашуун сухайт боомтоор БНХАУ-тай гадаад харилцаагаар улс орон маань холбогдож байгаа тул нутаг орныхонд маань сэтгэл санааны хувьд хүндхэн л хавар болж байна. Энэ бүгдийн талаар холбогдох хүмүүстэй нь санал солилцож, цахимаар саналаа илэрхийллээ. Төр засгаас гарсан шийдвэрүүдийг дэмжиж, хэрэгжүүлж, заримд нь шүүмжлэлтэй хандан ажиллаж байна даа.
- Ханбогд сумын Засаг даргаар нэлээдгүй хугацаанд ажилласан. Танай сум ер нь таныг ажиллаж байх хугацаанд хөгжил болоод ард иргэдийн ахуй амьдралын түвшин хэр болов?
Ханбогд сумынхаа засаг даргаар 2 удаагийн эрхийн хугацаанд нийтдээ 7 жил орчим ажиллалаа. Энэ хугацаанд оновчтой зөв шийдвэрүүдийг гаргаж, амин чухал асуудлуудыг 1-рт эрэмбэлэн, энэ чухал бүтээн байгуулалтуудыг эхний ээлжид санхүүжүүлж, байгуулж ажиллахыг хүсэж ирсэн. Гэвч энэ бүгдийг төгс шийдэх цаг хугацаа, хөрөнгө санхүү, болон бусад олон хүчин зүйл дутмаг байсныг хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ нутгийн хөдөлмөрч ард түмэн, эвсэг бүтээлч хамт олны хүчин чармайлт, дээд удирдлагуудын оновчтой шийдвэр зэргийн үр дүнд Шинэ Ханбогдын эх суурийг тавьж чадсан.
-Одоо Ханбогд нутаг маань мэдэхгүй хүн байхгүй нэрээ цуурайтуулсан сум боллоо. Гэвч тулгамдаж байгаа асуудал мэдээж байгаа байх. Цэгцэлж амжаагүй ажил хэр их байна?
Цэгцэлж амжаагүй ажил бүтээснээсээ их байгаа. Учир нь хүний хүсэл мөрөөдөл хязгааргүйн дээр улс орны болоод бүс нутгийн хөгжил хурдтай явж байгаа тул түүнээс хоцрохгүйн тулд асар ихийг хийх хэрэгцээ байгаа юм. Мөн өмнөх хийсэн ажлуудад шинэчлэл, засвар, бодлого төлөвлөлтдөө формат хийх шаардлага ч их байдаг. Ер нь хийе л гэж санаачлах юм бол асар их ажил төлөвлөгддөг. Харин ирсэн өдрийг өнгөрөөгөөд ирэх өдрийг хүлээгээд байвал хөгжлөөсөө асар их хоцорсон гэдгээ сүүлд нь л ухаарах байх. Тийм учраас би бол довтолгож байх л дуртай хүн. Ингэж л ажиллаж чадвал иргэдийнхээ амьдрах орчиныг сайжруулж чадах ёстой гэж үздэг дээ.
-Таны хувьд Галба нутгийн зон олныхоо итгэлийг хүлээсэн, төрд тэднийгээ төлөөлсөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэгэхээр төлөөлөгч хүнийхээ хувьд сумандаа олон асуудлыг шийдвэрлэн ажиллаж ирсэн байх?
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Би төлөөлөгчийн хувьд нэг л зарчмыг баримталж ажиллахыг хүсдэг. Тойргийнхоо нэн хэрэгцээтэй төсөв санхүү, хөрөнгө оруулалтыг сайн суулгуулж өгөх , үүнийгээ аймгийн хэмжээний нэгдсэн бодлогод уялдуулах, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчиныг бүрдүүлэхэд л онцгой анхаарахыг хүсч ажилладаг. Харин зарим төлөөлөгчид шиг тууз хяргах, бэлэг хэвийг боов тараах, худлаа үнэн хэрэгтэй хэрэггүй шагналаар бусдыг хуурахыг үзэн яддаг. Үнэн юм үнэн л байх хэрэгтэй. Бусдаар башир аргаар дахин сонгогдох нь миний алсын зорилго биш.
- Оюутолгойтой сум орон нутгаа хамтран ажиллах тал дээр нь та ямар байр сууриндаа бат зогсдог байв?
“ОюуТолгой” компанийн хувьд зарим зүйлд сайн хамтран ажиллаж байгаа юм. Бүүр зарим тохиолдолд орон нутгийг удирдлагаас ч илүү санаачилга гаргах нь бий. За мөн зарим салбарт, зарим онц чухал ажил дээр огт оролцохгүй нь ч бий. Үүнийг л дэмжих байх гэсэн чухал асуудлуудыг огт анхаарахгүй байх үе ч бас байгаа. Жишээ нь: Дэлхий нийтийг айлгасан энэ томуугийн үед баяжмал нь явж л байх жишээтэй. Би үүнийг Монгол хүнээс илүү баяжмал нь, тэр компанийн ашиг нь илүү гэж үзэж байна гэж харж байгаа. Мөн мах сүүний худалдан авалт ханган нийлүүлэлтэд ч сэтгэл дундуур л явдаг юм.
Гэх мэт оноотой алдаатай асуудлууд олон л байна. Аливаа асуудал том байх тусмаа алдаа оноо нь тийм л байдаг хойно баланслагдаад л явах байх даа. Гол нь Монголын Засгийн Газрын шийдвэр, хөрөнгө оруулалтын гэрээ мэт нь л луужин нь шүү дээ
- Таныг мал аж ахуй эрхэлдэг гэж дуулсан хичнээн толгой малтай вэ. Малын буян ашиг шим бол ойлгомжтой. Тэгэхээр та мал аж ахуйгаа өргөжүүлэх тал дээр яаж ажиллаж байна?
Мал дагавал ам тостоно гэдэг юм. Би 200 шахуу малтай. Нэг мал өөрөө л нэг үйлдвэр шүү дээ. Оюутолгойгоо ухсаар байгаад нэг л өдөр энэ уурхайн нөөц дуусаж, төрд төлдөг татвар тэглэнэ. Харин миний хэдэн мал бол намайг болон бусдыг тэжээгээд төрдөө татвараа төлөөд өсөөд л байна хэзээ ч шавхагдахгүй юм. Гол нь менежмент сайтай зөв ажиллах нь л чухал. Дээрээс нь нэмж хэлэхэд миний үйлдвэр / мал/ дахин дахин нэг үйлдвэрийг бий болгоод л байна гэсэн үг. Тийм болохоор мал аж ахуйдаа их хайртай. Олон ч айл өрхийг улаан, цагаан хүнсээр тэжээж амь амьжиргааг нь дэмждэг юм.
-Тэмээн сүргээрээ алдартай нутаг шүү дээ тэмээчдийн маань ахуй амьдрал ямархуу байна вэ?
Тэмээн сүргийн хувьд Галбын говийн улаан үүлдэр бол 2 бөхт тэмээний дээд нь ёстой л түүний дээр хөх тэнгэр л байгаа байх. Би энэ тэмээг битгий уралдуулах гэж удам цусыг нь бохирдуулаасай гэж боддог. Энэ бол гайхалтай мал. Галбын говь тэмээ 2 салшгүй хүйн холбоотой. Тэмээг хамгаалах өсгөхийн тулд энэ говийн экосистемийг онцгой анхаарч хамгаалах ёстой.
Энд бас гавилууд хэвшлийн хонь байна. Үүнийг омог болгохын төлөө эрдэмтэдтэй хамтраад ажиллаж байна. За энэ 2 бол энэ нутгийн үндсэн баялаг нь эдгээрийг ардын селекцийн аргаар бий болгосон өвөг дээдэс маань түүний автор нь эцэг нь юм даа.
- Газар нутаг, бэлчээр ургамлын гарц танай суманд ямархуу байдалтай байгаа вэ. Мал аж ахуйг хөгжүүлэх ирээдүй ямар байна?
Зөвхөн малын амьдрах орчноос илүүтэй байгаль зэрлэг ан амьтны амьдрах орчин их доройтож, бас хязгаарлагдмал болж байна. Мөн малын тоо толгой олон болж байгаатай холбоотой даац хүндэрч байна даа. Энэ бол говь шүү дээ. Хуурай ширүүн уур амьсгалтай учир газрын гарц муу байна. Дээрээс нь байгаль цаг уурын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн сөрөг үр дагавар их нөлөөлж байна.
- Та бас аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын салбарыг хариуцаж байлаа. Танай сум аялал жуулчлал хөгжүүлэх боломж нь хэр вэ. Гадаад дотоодын жуулчид нэмэгдэж байгаа юу?
Аялал жуулчлалын орчин байна. Хөгжих боломж ч байна. Археологи, палентологи, түүх соёлын дурсгалт газрууд хангалттай байна. Энд ганц л юм дутаж бна. Орон нутгийн, төр засгийн бодлого маш их дутаж байна гэж би үздэг. Тэдэнд сэтгэл ч алга. Тийм болохоор энэ салбарт хөрөнгө хуваарилахгүй байгаа юм. Ердөө л товчхондоо бодлого байвал бусад нь байна гэсэн үг. Жуулчид ч ирэх сонирхол их байна.
- Ханбогд нутгаа нэг сайхан магтаач та. Нутаг усаа магтах сайхан шүү дээ?
Ханбогд нутаг минь хамгийн сайхан. Энэ сумынхаа түүхэн хөгжлийн он жилүүдэд өөрийн хувь нэмрээ оруулж явснаараа бахархаад баршгүй. Өгөөж арвин нутаг минь эх орныхоо эдийн засаг, хүн амыг тэжээн тэтгэж явна шүү дээ. Хөдөлмөрч бүтээлч хүний дээд болсон нутгийн ахан дүүс маань ч гэсэн сэтгэлийн сайхнаар бүхнийг даван туулж өнөөг хүргэж байна. Би нутгаараа, ард түмнээрээ бахархан омогшиж явдаг. Гагцхүү зөв хөгжлийг л зөв чиглүүлж явах учиртай юм.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
Та бүхэнд мөн баярлалаа. Уншигч олны маань мэлмий тунгалаг байг ээ.