"Сэтгүүлчид хөрш орноор" тэмдэглэл-2
Өмнөговь аймгийн Сэтгүүлч, гэрэл зурагчид Баяннуур аймагт туршлага судлан аялсан билээ. Баяннуур хот болон Халиутын Суртал ухуулгын хэлтэс болон Хэвлэл мэдээллийн салбарынхан найрсгаар хүлээн авч нутаг орныхоо хөгжил, цэцэглэлттэй танилцуулсан юм.
Хөрш орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, томоохон нэр хүндтэй үйлдвэрүүдтэй танилцахын зэрэгцээ бид бүхэн мэргэжил нэгт уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн салбарынхантайгаа танилцаж туршлага судалсан нь энэ аяллын хамгийн чухал үйл явдал байлаа.Баяннуур хотын Засаг захиргаа болон Суртал ухуулгын хэлтэс, ТВ, Сонин, Радиогийн удирдлагууд мэргэжил нэгт нөхөд маань салбарынхаа үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Баяннуур хотын Радио Телевиз хороо нь сүндэрлэсэн 18 давхар шинэ барилгад энэ оны эхээр нүүж оржээ. Энэхүү барилгадаа Сонин, ФМ Радио, Телевиз нь хамтдаа нэг дор цогцоороо үйл ажиллагаа явуулдаг.
Бидний хамгийн эхэлж танилцсан газар бол Баяннуур хотын сонины хороо. 1958 онд анхны хэвлэлтээ түгээж байсан энэ Сонины хороо өдгөө 60 жилийн ойтойгоо золгож байгаа. Саяхан ойн баяраа хийжээ.60 жилийн ойн жилд Монголоос мэргэжил нэгт сэтгүүлчид хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа бидэнд хэлж байлаа. Баяннуурын сонин Монгол бичгээр гаргахаас гадна Хятад хэлээр дугаараа эрхлэн гаргадаг.Хятад өдрийн сонинд 33, оройн сонинд 13 ажилтантай. Монгол сонинд найруулах хэлтэст 24 ажилтантай.
Сүүлийн жилүүдэд мултимедиа сэтгүүлзүй хөгжиж байгаатай холбоотой цахимаар мэдээллээ түгээж энэ чиглэлийг түлхүү хөгжүүлж байгаа гэнэ. Шууд дамжуулалтын танхимтай бөгөөд мэдээ мэдээллийг газар дээрээс нь шуурхай дамжуулах чиглэлд их хөгжүүлж байгаа гэдгээ бидэнд харуулж гадуур сурвалжлаганд яваа сэтгүүлчидтэйгээ шууд мэдээ дамжуулан үзүүллээ.
Гар утасны аппликешн-ээр болон сайт, блог, We chat-аар мэдээллээ түгээх хэлбэрт шилжсэн үүнийгээ Шинэ зуучлуур гэж нэрлэдэг. Уламжлалт сониноо Хуучин зуучлуур гэж нэрлэх болжээ.
Хажуудаа хэвлэх үйлдвэртэй тул цаг алдахгүйгээр сониноо хэвлэж түгээдэг байна. Сонины ажилтнууд үй зайгүй ачаалал ихтэй ажиллах ажээ.
Баяннуур хот Хэвлэл мэдээллийн салбарын шинэчлэл, бодлогод маш их анхаарал хандуулж, техник тоног төхөөрөмж, ажиллах орчиноор бүрэн хангадаг болох нь нүднээ илхэн харагдана. Хэвлэл мэдээлэл нь төрийн мэдэлд байдаг тул маш хүчтэй. Хувийн телевиз байдаггүй.
Телевиз хороо нь 360 ажилтантай. Голчлон нэвтрүүлгийн бодлогодоо соёл, ХАА, малчид тариачид, улс орны бодлого шийдвэрийн мэдээ мэдээллээ түлхүү оруулж, соён гэгээрүүлэх чиглэлийн түүх, урлаг, соёлын нэвтрүүлэг илүү их бэлтгэдэг байна.
Телевиз нь 100-1000 м\кв талбай бүхий олон студитэй. Баярын концерт, томоохон арга хэмжээг хийдэг том урлагийн тайз бүхий шинэхэн студидээ урам зоригтой ажиллацгаана. Биднийг очих үеэр сургуулийн сурагчдын томоохон хэмжээний концертын бэлтгэл хийж байхтай таарсан юм. Урд хөршийн телевизийнхэн сар шинийн баярын тоглолт, нэвтрүүлэгтээ их ач холбогдол өгдөг. Энэхүү урлагийн том студи ч томоохон хэмжээний тоглолт, арга хэмжээнүүдийг хийх, дамжуулах зорилгоор мэргэжлийн түвшинд бүрэн тохижуулжээ.
Мэдээ, нэвтрүүлэг, монтаж, эфир, хяналтын хэсэг гээд бүгд тус тусын хэлтэс албадтай. Баяннуур телевиз 3 сувагтай. Мэдээний, Аж ахуй, нийгмийн, Кино урлаг, цэнгээнт нэвтрүүлгээр төрөлжиж ажилладаг. ТВ-ийн албад хэсэгтэй танилцахаар 18 давхар нүсэр том барилгын лифтээр дээшээ, доошүү нэлээд явсаны эцэст бүрэн танилцсан юм.
Телевиз 50 гаруй хөтлөгч, нэвтрүүлэгч, сэтгүүлчтэй. Баяннуур аймагтаа эфирээ цацахаас гадна мэдээ мэдээллээ төвийнхөө ТВ-үүд болон Одон ТВ-д түгээдэг ажээ.Телевизийн салбар нь 40 дэхь жилтэйгээ золгож байгаа гэнэ.
Телевизийн дүр төрх болсон хөтлөгч, нэвтрүүлэгч нарынхаа хувцас, нүүр будалтанд онцгой анхаардаг бөгөөд тэдэнд зориулсан тусгай өрөөнүүдийг бүрэн тохижуулсан зэрэг нь маш их хөрөнгө хүч хаяж, төрийн зүгээс бодлогоор дэмжиж ажилладаг нь харагдах ажээ.
Телевизийн студи, эфир цацалт, тоног төхөөрөмж болон дотоод зохион байгуулалтыг төгс шийдэж, бүрэн тохижуулсан нь туршлага судлаж суралцах зүйл их байлаа.
400 гаруй ажилтантай нүсэр том баг хамт олон энэхүү Баяннуурын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна.
Баяннуур 3 радиотой. Соёл урлагийн болон авто радиотой. ФМ радио нь Хятад монгол хэлээр нэвтрүүлгээ дамжуулдаг. Тус бүрдээ шинэ техник төхөөрөмжтэй, шинэ орчинд үйл ажиллагаагаа явуулдаг. Тогтмол нэвтрүүлгүүдтэй юм байна.
Радио телевизийн хороо нь ажилчдынхаа ая тухтай ажиллах бүхий л нөхцлийг бүрдүүлж ажилладаг. Алжаал тайлах өрөө, фитнесс, чийрэгжүүлэх өрөө, мөн иога бясалгалын өрөө хүртэл тусгайлан гаргаж, тоног төхөөрөмжөөр тохижуулсан нь ачаалал ихтэй ажилладаг уран бүтээлчдэд чөлөөт цагаараа бие бялдараа хөгжүүлэх бүрэн боломжийг бүрдүүлж өгчээ.
Энэ үеэр Баяннуурын Радио, Телевиз хороон дээр 2 аймгийн хэвлэл мэдээллийн салбарынханы албан уулзалт болсон юм. Өмнөговь аймгийн СНЭвлэлийн тэргүүн С. Номинцэцэг, АЗДТГ-ын ОНХА-ны дарга Б. Бямбасайхан, Алтан говьТВ-ын захирал Ч. Сумьяа, UCTV-ийн захирал Мөнхбат, Говь контент студийн захирал Сугархүү нарын тэргүүтэй хэвлэл мэдээллийн салбарынхан Өмнөговь аймгийнхаа сэтгүүлзүйн салбараа танилцуулсан юм. Баяннуур аймгийн Радио, Телевизийн хорооны удирдлагуудтай цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.Баяннуур аймгийн хэвлэлийн салбарын удирдлагууд мөнхийн хөрш Өмнөговь аймгийн хэвлэл мэдээллийн салбартай хамтран ажиллахад нээлттэй бөгөөд сэтгүүлчид туршлага судлах, уран бүтээлээ солилцох бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.Мэргэжил нэгт уран бүтээлчидтэйгээ уулзан,өмнөд нутгийн хэвлэл мэдээллийн хөгжил дэвшилтэй танилцан, хамтын ажиллагааны хүрээгээ өргөжүүлсэн ганзага дүүрэн аялал ийнхүү үргэлжилсээр...
Шар мөрний нойтон газрын аялал жуулчлалын газар
Шар мөрний нойтон газрын аялал жуулчлалын газар нь Баяннуур хотын Линь хэ дүүргийн өмнөд хэсэгт, Шуан Хэ шинэ дүүргийн хойд талд 1,96 сая м/кв талбайтай.Парк нь байгаль орчин экологийн цогц хөгжил,соёлын өв түүх,чөлөөт аялал байгалийн үзэсгэлэнт газар дээр тулгуурладаг бөгөөд монгол соёлын үзэсгэлэнгийн газар Хотын соёлын амралтын бүс Шар мөрний соёлын үзэсгэлэнгийн газар, Газар тарианы соёл иргэншлийн бүс, Экологийн интертаймент бүс, экологийн загасны салбарын бүс, Усан дээрх интертайнмент бүс гэх мэт 7 бүсэд хуваагдана.
Шар мөрний усан ашиглалтыг ямар түүхэн замналаар энэ цаг үед бий болгосон түүхийг үзэж сонирхохоор Хатан голын Соёлын Ашиглалтын музейг үзлээ.
Баяннуур хотын Бортохойн соёл иргэншил хамгийн анх үүсэж хөгжсөн өлгий нутаг. Хатан гол бол Дундадын соёлын голомт, өлгий нутаг гэж үздэг.Хатан голын Соёлын ашиглалтын музей нь 3 хэсгээс бүрддэг. Гэрэл цацрангуй Хатан голын усан ашиглалтын соёл, Нээн тэмүүлсэн Бор тохойн услалтын орон, Эдүгээ уламжлагдсан Хатан голын аж үйлс гэсэн тус бүрдээ түүхэн цаг хугацаа, соёлыг харуулсан зураг, эдлэл хэрэглэл, түүхийг нэг дор харж болно.
Бортохойн ард түмэн Хатан голын усыг татан тариа тариалах гэж олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулжээ. Баяннуурын ард түмний хичээл зүтгэлийн үр дүнд энэ цагийн хөгжилд хүрсэн гэдгийг энэ музейгээр зочилсон хэн боловч бүрэн ойлгоод гарахаар маш ойлгомжтой түүхэн зураг, тайлбар, баримт материал, эдлэл хэрэглэлээр дүүрэн аж. Хатан голын усан ашиглалтын түүхэн баримтат киног 3D театрт үзэж сонирхсоноор ус голоо түшиглэн энэ олон хүн ам энэ цагийн хөгжилд хүрсэн сонирхолтой түүхээр аяласан аялал өндөрлөлөө.
Линьхэ хот шинэ дүүрэгтээ иргэдийнхээ амарч тухлах, чөлөөт цагаа зөв боловсон хөгжүүлэх хөл бөмбөгийн цогцолбор байгуулжээ.2014 онд шавийг нь тавьсан энэ хөл бөмбөгийн цогцолборт хүрээлэн 2016 онд ашиглалтанд орсон. 2500 хүний үзэгчдийн суудалтай маш том хөл бөмбөгийн талбайтай. Хөл бөмбөгийн талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур бүхий маш том парк. Энэ хүрээлэндээ ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлж спортоор хичээллэдэг. Зундаа маш олон хүн чөлөөт цагаараа ирдэг байна.
Сэтгүүлчдийн багийг Баяннуур хотын Засгийн ордны Суртал ухуулгын дарга болон Дэд нарийн бичгийн дарга Алтанчулуу нар хүлээн авч оройн зоогтоо урилаа.
Алтанчулуу дарга хэлэхдээ: Мөнхийн хөрш Баянуур, Өмнөговь аймаг 1989 оноос найрамдалт харилцаатайгаар хамтын ажиллагаа тогтоож ирсэн сайхан түүхтэй. 2019 онд Хөрш зэргэлдээ 2 аймгийн найрамдалт харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа юм. Сүүлийн жилүүдэд Баяннуур хотын засаг захиргаанаас Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны хүрээнд 200 төрийн албан хаагч иргэдийг туршлага судлуулах гэрээ хэлцэл хийсэн. Үүний дагуу Өмнөговь аймгийн 100 гаруй албан хаагчдыг хүлээн авч Баяннуур аймгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, салбар бүртэй танилцуулсан. Өмнөговь аймгийнхан Махны үйлдвэр, Тэжээлийн үйлдвэр, Хатан голын сав газрын усалгааны тариа, МАА, үйлдвэр уурхай, говирхог газарт ус хэрхэн татаж тариалан эрхэлж болох, ХАА, ногоон байгууламж, зэрэг салбар бүртэй танилцах боломжтой. Мөн Баяннуур аймаг бол Өмнөговь аймагтай мөнхийн хөрш. Тиймээс хил дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой талаар дурдаж байлаа.
Сэтгүүлчдийн багтай хамт Өмнөговь аймгийн гэрэл зургийн холбооныхон хамт явсан бөгөөд гэрэл зургийн дээжээсээ Баяннуурын удирдлагуудад гардуулж цаашид хоёр аймгийн гэрэл зургийн салбарт хамтран ажиллаж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж 2 орноо харилцан сурталчлах чиглэлээр санал солилцсон юм.
Ийнхүү бидний аялал хэдийгээр богино хугацаатай ч гэсэн үзэх харах зүйл ихтэй, сурч мэдэх, туршлага судлах зүйл олонтой, буцаж ирээд аймгийнхаа хөгжил тэр дундаа салбарынхаа хөгжилд нэвтрүүлж болох санаа оноотой, ганзага дүүрэн буцацгаасан юм.
Баяннуур аймаг дэд бүтцийн салбартаа түлхүү хөрөнгө оруулалт хийж ногоон ХАА, МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл боловсруулалт эрчим хүчний үйлдвэрлэл, өнгөт металийн боловсруулалт импортын нөөц ашиглалт, шинэ материалын үйлдвэрлэлийг улам чанаржуулан сайжруулсаар л. Тэр дундаа аж үйлдвэрийн салбарыг өндөр түвшинд хөгжүүлж байна. Мөн аялал жуулчлалын бүсийг байгуулж цогц бодлогоор үсрэнгүй хөгжих замдаа оржээ. Хөрш орны салбар бүр гялалзсан амжилттай ажиллаж, шинэ цагийн хотыг богино хугацаанд бүтээж, үнэхээр л нүдэн дээр цэцэглэн хөгжиж байна.
Хөгжлийн хурдан галт тэргэндээ суусан
Хөрш орноос туршлага болгох зүйл олон байна...