📅

Дэлхийд хүрсэн малчдын гомдол

🕔 2019/09/16 23:57 2 970

Галбын говь нутагт алт зэсийн асар их нөөцтэй орд газрыг түшиглэн Оюутолгойн төсөл 2011 онд хөдөлсөн.  Малчдаас өөр эзэн суугаагүй говьд Оюутолгой тѳслийг хѳдѳлгѳх дэд бүтцийн ажлууд эхэлж алсыг ширтэх тэмээн сүрэг, адуу мал тургихаас өөр анир чимээгүй говьд уул уурхай чимээтэйхэн ирсэн. Оюу эрдэнэтэй толгодоо онгон дагшинаар нь олон зууны турш ширхэг чулууг нь ч хөдөлгөлгүй энэ цагт авч ирсэн нүүдэлчин малчид нэг л өглөө уул уурхай гэх шинэ айлтай айлссан. Ханбогд сумын Ундайн гол орчмоор нутагладаг малчид нүүдэллэж явсан нутаг бэлчээр нь уул уурхайн харьяалалд орчихоор хэдий зочломтгой говийнхон ч гэлээ эх нутаг, малын бэлчээр, идээшиж дассан нутаг усандаа уурхай дагаж ирсэн нөлөөллүүдтэй тэмцэж эхэлсэн.

Малчид уурхай хоорондын зөрчил Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй дийлэнх уурхайнуудад тохиолддог асуудал. Гэвч уугуул малчин иргэд, байгаль орчны асуудалд бодитойгоор хандаж, учирсан асуудлуудыг шийдвэрлэж хариуцлагатай ажилладаг уул уурхайн компаниуд цөөхөн.Харин Оюутолгой ХХК малчдын асуудалд туршлага болохуйц ажлыг нэвтрүүлж байгаа нь уул уурхайн олон компаниудад жишиг болсоор байна.

Энэ талаар дурдвал:

Уул уурхай нээгдэхэд уугуул иргэд малчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг тэр л замаар Оюутолгой, нутгийн малчид иргэдийн хооронд олон асуудал, зөрчилдөөн үүссэн. Мөн л байгаль орчин, ус ашиглалт, бэлчээр талхлах, тоосжилт...

Малчид дуу хоолойгоо гаргаж эсэргүүцсээр...

2012 оноос нутгийн хэсэг малчид “Говийн газар шороо” нэртэй ТББ байгуулж, эсэргүүцлээ илэрхийлж жагсаж тэмцэж эхэлсэн байдаг. Тухайн үедээ жагсаал цуглаан хийж, тэмцлийн олон арга хэлбэрээр эсэргүүцэл илэрхийлж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Тэгж явахдаа малчид Эрх зүйн хяналт, нийцэл, зөвлөгөө, омбудсмэний газар гэж хөрөнгө оруулагч банкнуудын гомдлын механизм байдаг гэдгийг “Оюутолгойн хяналт” ТББ-ын дэмжлэгтэй олж мэдээд тус байгууллагын дэмжлэгтэйгээр анх хамтран гомдол гаргасан байдаг. Энэ нь Монголын малчид уул уурхайн нөлөөллөөс үүдсэн асуудлуудаа олон улсад гомдол санал болгон гаргаж тавьсан анхны тохиолдол юм.

Дэлхийн Банкны Группийн Эрх зүйн хяналт, нийцэл, зөвлөгөө, омбудсмэний газар гэдэг нь дэлхийн банкны гишүүн байгууллагуудын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төслүүдийн сөрөг нөлөөлөлд өртсөн иргэдээс гомдол хүлээн авч, шийдвэрлэх хөндлөнгийн хариуцлагын механизм ажээ.

Энэ байгууллагад Монгол улсаас анхны гомдлыг 2012 онд Ханбогд сумын нутгийн малчид гаргасан ч асуудал үр дүнд хүрэхгүй байсан тул 2013 онд 2 дахь гомдлоо гаргажээ. Уул уурхайгаас шалтгаалж энэ нутгийн нүүдэлчин МАА-н хэв шинж алдагдаж, бэлчээр ус, тоосжилт нутгийн иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг, Оюутолгойн төслийн байгаль орчин, орон нутагт үүсч байгаа нөлөөллийг бууруулж байгаа арга хэмжээнд сэтгэл хангалуун бус байгааг нэг гомдолд нь дурдсан бол нөгөө гомдолд нь Ундайн голын голдрилыг өөрчлөх төсөл нь орон нутгийн экологи, байгаль орчинд томоохон сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг дурдсан байдаг.

Энэхүү 2 гомдлын мөрөөр Омбудсмэний газрын гүйцэтгэсэн үүрэг нь хараат бус байдлаар дундын эвлэрүүлэн зуучлах, чиглүүлэх ийм үйлчилгээг үзүүлсэн явдал гэж талууд үздэг. Малчид, орон нутаг, Оюутолгой 3 нэг ширээний ард сууж асуудлаа ярилцаж, хэрхэн яаж, ямар замаар маргаанаа шийдэх гарц гаргалгаа байна гэдгийг эрэлхийлж, Омбудсмэний газар нь үйл ажиллагаанд нь чиглүүлж туслалцаа үзүүлжээ.

Омбудсмэний газраас 2012 онд ирж нутгийн малчидтай газар дээр нь уулзаж,судалгаа дүгнэлт хийж, энэ асуудлыг бид хүлээж авахаас өөр арга зам байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, нутгийн малчдын уугуул соёл, хүний эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй байна гэж үзээд малчдын гомдлыг хүлээж авсан байдаг. 2013 оноос Оюутолгойтой гомдол гаргагч малчдын төлөөлөл Мэдээлэл солилцох уулзалтыг анх удаа хийж, 2015 онд Гурван талт зөвлөл гэж байгуулжээ. Нутаг ус,байгаль орчин, нүүдэлчин ахуй соёлынхоо төлөө тэмцсэн малчдын тэмцэл тодорхой үр дүнд хүрсэн ба энэхүү тэмцэлд  ”Говийн газар шороо” ТББ-ын тэргүүн Л. Батцэнгэл хэмээх залуу гол үүргийг гүйцэтгэсэн юм.

Энэ цаг үеэс хойш нутгийн малчдад тулгамдаж байгаа асуудал үнэхээр уурхайтай холбоотой байна уу? эсвэл уурхайн мэргэжилтнүүд, хөндлөнгийн экспертүүдийн судалснаар уурхайгаас холбоогүй байгаль дэлхийн дулаарал ч юм уу өөр  асуудал байна уу? гэдгийг хамтдаа олж судалж, аль ч талаас хараат бус, хөндлөнгийн экспертүүд авч ажиллуулж, малчдын гомдлыг барагдуулах 60-аад ажилтай 2 гэрээг хэрэгжүүлээд явж байна. Ханбогд сумын МАА-ын салбарт цогцоор нь өөрчлөлт оруулах, малчин бүр энэ Оюутолгой төслөөс үр өгөөжийг нь хүртэх, цаашлаад энэ уурхай хаалтаа хийгээд явахад малчид тогтвортой амьжиргаатай үлдэх, том том үйлдвэр рүү чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг энэ гэрээнд тусгаж оруулжээ.

Энэ 2 том гэрээ бүрэн дүүрэн хэрэгжиж байж малчдын гомдол бүрэн барагдана  гэж үзэж байгаа юм байна.

Юутай ч малчдын асуудлууд шийдвэрлэгдэж Оюутолгойн нөлөөллийн бүсэд хамрагдаж байгаа малчид нөхөн олговор авч энэ нь эргээд амьдрал ахуйд нь том дэмжлэг болж байгаа тухай ярьдаг. 2011 онд Оюутолгойн бүтээн байгуулалтын нөлөөлөлд 89 малчин өрхийг хамруулсан байдаг. Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлтээр 89 өрхөд нүүлгэн шилжүүлэлтийн дагуу нөхөх олговрыг олгожээ. Мөн эдийн засгийн нөлөөллийн нөхөн олговорт хамрагдаагүй хүмүүсийн 200-аад нэхэмжлэл хүлээн авч 124-ыг баталжээ. Үүний зэрэгцээ тогтвортой амьжиргааг дэмжих ажлуудад  2 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн малчдад худаг ус засварлах, 10 малчны худгийг нарны эрчим хүчээр тоноглогдсон эх үүсвэрээр хангах ажилд 150 сая төгрөг, Ханбогд суманд Малын эрүүл мэндийн төвийг тэрбум гаруй төгрөгөөр барьсан гээд мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд бодитой ажлууд хийгдэж эхэлжээ.Энэ нь уламжлалт МААхуйг яаж тогтвортой хөгжүүлж болох, үүнээс малчид үр шимийг хүртэх зэрэгт чиглэгддэг байна. Омбудсмэний газар нь 3 талт зөвлөлийг гольдрилд нь оруулаад малчдын гомдол саналыг барагдуулж дуусгавар болгоод энэ хамтын ажиллагаанаас гараад явчхаж байгаа юм байна. Нэг үгээр Омбудсмэн үүргээ гүйцэтгээд 3 талтын маргаанаас бүх зүйлийг зохицуулчихаад гарч байна гэсэн үг ажээ. Энэ хавраас малчдаас гарсан аливаа гомдол зөрчлийг Ханбогд сумын засаг захиргаа, нутгийн малчид, Оюу толгой ХХК-ийн төлөөллөөс бүрдсэн Гурван талт зөвлөл бие даан шийдвэрлэдэг болсон.

Энэ зөвлөл цаашид нийт малчид ард иргэдийн нийтлэг эрх ашиг, орон нутгийн хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулах гэнэ. Түүнчлэн Оюутолгойгоос Ханбогдын бүх ард иргэдийг нөлөөлөл гэж үзээд энэ сумын ирээдүйн хөгжлийн төлөө томоохон төслүүдийг хэрэгжүүлж санхүүжүүлж ажиллах аж.  Малчдын зах байгуулах, мал нядалгааны газар, өвс тэжээлийн фонд, худаг ус янзлах, бэлчээр усан хангамжийг сайжруулах зэрэг нийт Ханбогдын малчид ард иргэдэд зориулсан төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүний үр дүнд нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэх, ирээдүйн томоохон хотын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж оролцох олон талт төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ гэж үзэж байгаа аж.

Ханбогд сум стратегийн орд газартай сумын хувьд малчид, нутгийн иргэд, байгаль орчинтой холбоотой уул уурхай тойрсон олон асуудлууд байдаг. Энэ сумын малчид, төр захиргаа, уул уурхайтайгаа хамтарсан 3 талт зөвлөлийг байгуулж олон улсын хүрээнд асуудлыг шийдвэрлэж байгаа жишиг байна. Нэг үгээр малчдын гомдол санал эсэргүүцлээс энэ зөвлөл үүсжээ. Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор малчдын гаргасан гомдлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэж, 2013 оноос хойш маргаан шийдвэрлэх ажиллагаанд туслан чиглүүлж ирсэн Дэлхийн Банкны Группийн Эрх зүйн хяналт, нийцэл, зөвлөгөө, омбудсмэний газрын Уул уурхайн нөлөөллийн бүсэд байгаа айлуудын нөхөн олговрын асуудал, гомдол саналыг барагдуулах ажлыг цогцоор нь хийсэн энэ ажил нь манай улсад анхдагч ажил бөгөөд эргээд уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа малчид иргэдэд томоохон туршлага болохуйц ажээ.

Оюутолгойн төслийг дагаж өмнийн говьд олон жишиг ажил орж ирж нэвтэрсний нэг нь малчдын зөрчлийн маргааныг олон улсын хэмжээнд авч үзэж, хөндлөнгийн байгууллагуудын дүгнэлт, судалгаа гарган асуудалд бодитой, ул суурьтай хандсан явдал юм.                                .

Асар их газрын баялагтай өмнийн говьд Монголын төр уул уурхайн олборлолт явуулах том том төслүүдийг нэгэнт эхлүүлчихсэн. Төр засгаас уугуул иргэд, уурхайн бүс нутгийн малчдын асуудлыг төдийлөн анхаарахгүй байгаа нөхцөлд малчид өөрсдөө тэмцээд ч болов нутаг орон, байгаль дэлхий, хүн, малд нөлөөлөөд байгаа тодорхой асуудлуудаа олон улсын байгууллага, уул уурхайн компани, орон нутагтайгаа хамтраад шийдэхээс өөр аргагүй мэт. Нөлөөллийн бүсэд орж уул уурхайгаас нөхөн төлбөр авч байгаа малчдыг сайн, муу, олон талаас нь л дүгнэдэг. Гэхдээ малчдын асуудал байтугай байгаль орчинд ноцтой хохирол учруулчхаад чимээгүй сууж байдаг хариуцлагагүй компаниуд ч байдаг. Ядаж л нөлөөллийн хүчтэй бүсэд маш их хохирол амсаж байгаа айл өрхүүдээ ч харж хайхрахгүй, олон жил хэл ам татуулж яваа түрэмгий үйл ажиллагаатай, хариуцлагагүй уул уурхайнууд Өмнөговь аймагт олон байдаг. Уг нь нутгийн уугуул малчид болон байгаль орчны асуудалд уул уурхайн компаниуд хамгийн түрүүнд анхаарал хандуулж, хөрөнгө хүч харамгүй зарцуулах ёстой баймаар...

Манай улсад дэлхийн хэмжээний том төсөл дээр ажиллах туршлага дутмаг. Тиймээс уул уурхайн том төслүүд үйл ажиллагаагаа эхлэхэд наад зах нь нүүдлийн соёл, байгаль орчны асуудлууд хамгийн түрүүнд хөндөгдөж араасаа олон сөрөг үр дагавар дагуулдаг. Мөн саар гэхээсээ илүү сайн сайхан зүйлүүдийг ч дурдах хэрэгтэй. Монголд байхгүй шинэ технологи, ноу хау, шинэ шийдэл санаа, компанийн засаглал, соёл, тээвэр ложистик, техник, олон улсын чанар, стандартууд уул уурхайгаар дамжин нэвтэрч энэ бүхэнд монгол хүн, орон нутгийн иргэд суралцсаар байгаа нь эцсийн дүндээ хариуцлагатай уул уурхайг бий болгоход шинэ алхамууд бий болсоор байгаа юм.

 Ч. Сумъяа


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна