📅

Н.ЭНХБАТ: "Ардчилсан нам ямар их зүйлийг эхлүүлж, зориглон хийж вэ" гэдгийг ард түмэн ойлгох болно.

🕔 2020/02/27 21:48 11 697

Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, Даланзадгад сумын Ардчилсан намын дарга Насанбуянгийн Энхбат 2003 онд Баяндалай сумын Ерөнхий Боловсролын сургуулийг дүүргэн 2007 онд Улаанбаатар хотноо ХААИС-ийн Эдийн засаг Бизнесийн сургуулийг бакалавр зэрэгтэй, 2012 онд магистр зэрэгтэй, 2015 онд Их Британийн Окспорд хотноо Англи хэлний сургуульд суралцаж тус тус төгссөн. 2007-2009 онд “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгчийн туслах, 2009-2010 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын ажлын албанд мэргэжилтэн, 2010 оноос өнөөдрийг хүртэл Өмнөговь аймгийн ХААН банкны захирлаар ажиллаж байна.

2012, 2016 оны орон нутгийн хурлын сонгуульд Өмнөговь аймгийн ИТХ-д Даланзадгад сумын 6-р багаас нэр дэвшин иргэдийнхээ итгэлийг хүлээн 2 удаа дараалан төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа билээ.

Амжилт бүтээл арвинтай, эрч хүчтэй, говь нутгийн маань шилдэг залуусын төлөөлөл болсон Н.Энхбатыг энэ удаагийн дугаарынхаа ярилцлагын хойморт урилаа.



-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ажил төрөл нь тавлаг сайхан байна уу?
Баярлалаа. Ажил сайн байна. Уншигч олныхоо энэ өдрийн амгаланг айлтгая.
- Залуу хүн гэхэд ажил амьдралын хувьд амжилттай яваа гэж хардаг. Баримталдаг зарчим, үзэл бодлоо хуваалцана уу?
Ер нь хүн бүр өөртөө оногдсон, өөрийнхөө хариуцаж байгаа ажлыг сайн хийгээд явах хэрэгтэй. Өөрийн эрх үүргээ сайн ухамсарлаагүй байж, өөр зүйлд оролцох дургүй байдаг миний хувьд. Харин өөрийн хариуцаж байгаа ажлаа ягштал сайн биелүүлээд илүү цаг заваа нийгмийн сайн сайхны төлөө зориулан өөрийгөө хөгжүүлээд явж байна даа. ХААН банкны харилцагчид, нутгийн маань иргэд, нам улс төрийнхэн бүгд л харж байгаа байхаа гэж бодож байна.
- ИТХ-д төлөөлөгч байна гэдэг иргэдийнхээ төлөө ажиллах өндөр хариуцлага байх, 8 жил ажиллаж байна. Энэ бүх хугацаанд санаачилж хэрэгжүүлсэн ажлуудаасаа товч яривал?
Миний хувьд 2012 оноос хойш Даланзадгад сумынхаа Их-Уулын 6-р багаас сонгогдоод 8 жил төлөөлөгчөөр ажиллаж байна. Манай 6-р баг бол шинэ тутам байгуулагдсан баг, тухайн үедээ 2 багаас салаад 1 баг бий болж байсан. Өмнөговь аймгийн Шинэ Даланзадгад шинэ суурьшлын бүс гэдгээрээ онцлогтой. Шинэ багийг бол маш сайн хөгжүүлэх хэрэгтэй гэдэг үүднээс мөн урьд өмнөх үеийнхээ алдааг давтахгүйн тулд шинэ багийнхаа иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хангахын тулд дэд бүтэц газар доогуурх шугам сүлжээний ажлыг шийдвэрлэж ажилласан нь бидний том амжилт байлаа. Тиймээс ч дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийсний дараа дээр нь ямарч барилга байгууламж бүтээн байгуулалт босгож, хөгжил дэвшил бий болгох нь эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай шүү дээ. Газар доогуурх дэд бүтцийг нь шийдсэн байхад дахин дахин газар ухаж, зардал чирэгдэл үүсэхгүй шинэ хот, шинэ зах зээл бий болох суурь тулгуурыг нь хамгийн сайн тавьснаараа өнөөдрийн Шинэ Даланзадгад руу тэлж хөгжих боломж бүрдсэн юм. Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ суурьшлын бүс рүү хот төвлөрнө гэдгийг иргэд маань мэдэж байгаа байх аа. Одоо бол манай 6-р баг хамгийн олон хүнтэй баг болж байна. 5000 гаруй хүн амтай боллоо. Нэмэгдээд яг шилжиж очоогүй нутаг дэвсгэрт нь амьдарч байгаа хүмүүстэйгээ нийлээд 7000 гаруй гэж хэлж болно. Удахгүй бас шинэ баг дахин байгуулахгүй бол төрийн үйлчилгээ иргэдэд хүрэхэд хүндрэлтэй болж ирж байна. Багийн иргэдээс мөн багийн ИНХ-аас гарсан шинээр баг байгуулах саналыг уламжлаад, сумын хурлаар дамжуулаад аймгийн хуралд оруулж, Засгийн Газар руу явуулах ёстой байсан. Гэвч энэ ажлыг зарим нэг хүмүүс ойлгоогүй улс төрийн өнцгөөс харж гацаасан байгаа. Энэ жил бол хойшилсон уг нь энэ жилдээ багтаад хийсэн бол дараа жил хөрөнгө оруулалтууд шинэ багийн төв, эмнэлэг гээд хөрөнгө оруулалтыг нь төсөвт суулгаж, ажлаа хурдтайхан шиг урагшлуулаад хийх байсан хөгжил дэвшил ухарч байгаа гэж харж байгаа. Аймгийн хуралд манай нам цөөнх гэдэг утгаараа хичнээн хэрэгтэй шаардлагатай зөв саналууд байсан ч дэмжигдэхгүй байх нь олонтаа болоод байна. Нөгөө намынхаа бодлогыг яаж ийж байгаад гацаая гэсэн явуургүй улс төрчдөөс болоод 6-р багийн иргэдийн маань ачаалал багасах шинэ баг байгуулах байсан санал хойшилсон байгаа. Хүссэн хүсээгүй хойшид шинэ баг байгуулагдахаас өөр аргагүй тиймээс нэг жилийн өмнө ч гэсэн хөгжлийг хурдасгаж, төсөв хөрөнгө батлаад ажлыг нь эхлүүлж байх ёстой байсан. Энэ бол иргэдийнхээ төлөө ИТХ-ын хийх ёстой ажил шүү дээ.


-Багийн иргэдтэйгээ хэр ойр ажиллаж байгаа вэ?
Миний хувьд багийн иргэдтэйгээ 8 жил маш ойр ажиллаж байгаа гэж боддог. Аймгийн хурлын төлөөлөгч гэдэг иргэдийнхээ саналыг сонсож, төрд тэднийхээ дуу хоолойг хүргэн эргээд төрөөс авч хэрэгжүүлэх бодлогын болон хөрөнгө оруулалтын арга хэмжээг мөн тухайн нутаг дэвсгэрийн иргэдийнхээ эрүүл аюулгүй тав тухтай амьдрах бүхий л бололцоог нь хангаж өгөхөд анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Түүнээс гадна нийгмийн хүрээнд бүх л ажилд гар бие оролцож иргэдтэйгээ хамтдаа асуудлыг шийдээд л явж байна.

- Хурлын байгууллага гэдэг иргэдийнхээ өмнө илүү нээлттэй үлгэр жишээ байх ёстой болов уу. Энэ удаагийн буюу 2016-2020 оны хоорондох таны тэргүүлэгчээр ажиллаж байгаа аймгийн ИТХ-ыг хууль бус хурал гээд яригдаад олон нийтэд мэдээлэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ асуудал юу болж байгаа вэ?
Хууль бус хурал гээд байдаг нь бол бүр анхнаасаа аймгийн ИТХ-д нэр дэвшээд өрсөлдсөн хүмүүс хэрэв хууль бусаар өрсөлдөх юм бол төлөөлөгчөөс нь татна гэсэн хуультай байсан. Тэгээд тэр хуулийг зөрчөөд Цогтцэций сумаас сонгогдсон 4 төлөөлөгч бол хууль зөрчсөн болох нь шат шатны шүүхээр тогтоогдсон. Гэвч МАН олонхийн бүлгээрээ хүч түрж, өнөөг хүртэл явж байна. Манай намын зүгээс бол хууль бус төлөөлөгчдөө татъя энэ хүмүүстэй хамт байгаа нөхцөлд хууль бус шийдвэр гарч байна гэсэн боловч тэр хамаагүй ээ гэсэн байр суурьтай байгаа. Ийм л улс төржсөн хууль зөрчсөн үйлдэл газар аваад байна. Хууль бус 4 төлөөлөгчөө МАН-ын бүлэг татах ёстой. Хуулийг мөрддөг, хамтраад аймаг орон нутгаа хөгжүүлээд явдаг бол сайн л байна. Гэвч энэ хүмүүст тийм сэтгэл алга, бүх зүйлийг хууль зөрчөөд хийж болдог гэдгийг харуулсан маш муухай үлгэр дуурайллыг энэ удаагийн хурал харуулж байгаа. Хойшид ингээд байж болдог юм байна гэсэн ойлголтыг өгч байгаа нь харамсалтай. Ийм хууль бус зүйлийг гаргуулахгүй байхын төлөө ажиллана.

- Даланзадгад хотын маань өнөөгийн хөгжилд хамгийн үнэтэй хувь нэмрийг оруулсан улс төрийн хүчин бол яах аргагүй Даланзадгад сумын Ардчилсан нам. 2008-2016 онд мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж өнөөгийн Даланзадгадыг бий болгосон гэдэгтэй та хэр санал нийлэх вэ?
Мэдээж 100 хувь санал нийлнэ. Тухайн үед ажиллаж байсан аймгийн ИТХ-ын болон Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч нар маш сайн ажиллаж, Өмнөговь аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, түүний дагуу суурь дэд бүтцүүдийг бий болгосон. Тухайн үед өнөөдрийн төсөвтэй харьцуулахад харьцангуй бага байсан. Хамгийн ихдээ л 30 гаруй тэрбум байсан. Сүүлийн буюу энэ 2016 оноос хойших хурлаар баталсан аймгийн төсөв бол нийтдээ 500 орчим л тэрбум байгаа шүү дээ. Энэ их мөнгөөр Өмнөговь аймгийг хөгжлийн төлөвлөгөөний дагуу хурдацтай хөгжүүлэх боломж байгаа. Ер нь аймгийн төвийн бүх айлд хүрэлцэхүйц цэвэр, бохир, дулааны шугам тавиад илүү их зам тавих боломж байгаа гэвч түүнийг бүрэн дүүрэн ашиглахгүй байна. Хий дэмий үргүй зардалд маш их мөнгө үрж байгаа, буруу зөрүү хууль зөрчсөн шийдвэрүүд ч их гаргаж байгаа. Манай намын үед улсын нийслэлтэйгээ автозамаар холбогдсон, аялал жуулчлал хөгжүүлэх гэж Гурвантэс хүртэл зам тавьж байсныг зогсоосон. Харин манай намын бүлэг удаа дараа санал тавьж байж, баруун замыг арай гэж л 10 км-ээр ахиулж байна. Хангалттай төсөв байгаад байдаг. Гэвч бидний гаргасан хамгийн зөв зүйтэй ард түмэнд хэрэгтэй санал санаачилгууд дэмжигдэхгүй байна. Олонхийн бүлэг бол зөвхөн иргэдийн санал авах гэсэн аргууд шоу цэнгээн, гадаад зугаалга, хурал цуглаан зэрэгт тэрбум тэрбумаар нь зарцуулж байна. Мэргэжлийн хүний хувьд маш их мөнгийг шаардлагагүй зүйлд зориулан үрэн таран хийж байгааг харахад харамсмаар байдаг төдийгүй хуралд ч байнга хэлж байгаа. Гэсэн хэдий ч МАН олонхоороо дайрч асуудлыг сонсдоггүй гэж хэлж болно.
- Хоосон тал дээр Шинэ Даланзадгад бий болгоно гэж Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж, түүнийгээ бодит болгож байсныг хүмүүс мартчихсан юм шиг байна?
Хуучин нисэх гэж манай аймгийнхан мэднэ шүү дээ. Түүнээс хойш нисэхийн аэродромын талбай байсан. Хоосон тал дээр шинэ баг байгуулж, төсөв хөрөнгийг нь батлаад ажиллаж эхэлсэн. Одоо бол түүнийг үгүйсгэх одооны эрх баригч ганц хоёр нөхдүүд Даланзадгадыг хөгжүүлсэн юм шиг ярьж хэлж, иргэдэд бас тийм ойлголт өгөх гэж хичээж байгаа харагддаг. Тухайн үед Шинэ Даланзадгад бий болгохоор хэн ажиллаж, хэн хэрэгжүүлж явсныг манай Өмнөговийн ард түмэн ухаантай юм чинь мэдэж байгаа байх. Түүнээс ч цааш ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжөөд явна. Ирээдүйд Шинэ суурьшлын бүсийн бүхий л зүйл үнэ цэнэд хүрнэ. Тэр үед Ардчилсан нам ямар их зүйлийг эхлүүлж зориглон хийж вэ гэдгийг ард түмэн ойлгох болно.

- 2016 оноос хойш намын шинэчлэлийн хүрээнд Даланзадгадын Ардчилсан намын даргаар сонгогдсон. Сумын нам хэр ахиц дэвшилтэй ажиллаж байгаа вэ. Өнгөрсөн хугацаанд улс төрд залуусаа хэрхэн бэтгэж байна?
Манай нам бол нээлттэй, гишүүдийнхээ саналаар сонгогдоод 2016 оноос өнөөг хүртэл Даланзадгад сумын Ардчилсан намын даргаар ажиллаж байна. 8 үүртэй, үүрийнхээ намын гишүүдийн идэвх оролцоог хангасан олон ажлуудыг хийж ирсэн. Үр дүнгээ энэ онд л харна шүү дээ. Даланзадгад хотоо Монголын 4 дэх том хот болгоно гэсэн 2012 оны бодлого зорилт хэвээр байгаа.

- Монголын банк санхүүгийн салбарт том байр суурь бүхий банкийг орон нутагтаа удирдаад 10 жил боллоо. Багагүй хугацаа шүү. Амжилтуудаа дурьдвал?
2010 онд 24 настайдаа Өмнөговь аймгийн ХААН банкны захирлаар томилогдож байсан. Тухайн үед банкны систем тогтворгүй, зах зээлийн өрсөлдөөн ихтэй үе байлаа. Баг хамт олонтойгоо хичээж зүтгэж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байсан. Одоо манай банк тэргүүлэх байр сууриа хадгалсан хэвээр, харилцагч нарынхаа тав тухыг ханган, итгэл үнэмшлийг олсон. Ажил маш сайн байна.

- Гэр бүлдээ цаг зав хэр зарцуулдаг вэ. Гэр бүлийнхээ тухай танилцуулаач?
Эхнэр 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Эхнэр маань ар амьдралаа бүгдийг нь зохицуулж байдаг хамгийн том түшиг тулгуур. Яг одоохондоо банкны ажлаар байнга хөдөө явах, намын ажлаа хийх, хурлын төлөөлөгчийнхөө хувьд ажиллах гээд цаг зав хомс байна. Сайн хань, аав ээждээ баярлалаа. Тэд маань миний ард эрч хүч, урам зориг өгч өнөөдрийн амжилт, хойшид ихийг бүтээх хүсэл тэмүүллээр дүүргэж байдаг юм.

- Манай редакцийн урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Нутгийн олондоо хүргэх үгээр тань ярилцлагаа өндөрлөе?
- За баярлалаа, Айлчлан ирж буй “Хотол Төгс” хэмээх Төмөр хулгана жилийн мэнд хүргэе. Бүгдээрээ эрүүл энх байгаарай гэж хүсэн ерөөе.

Ярилцсанд баярлалаа
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна