📅

Ёл шувуу хамгийн өндөрт буюу 7500 метрийн өндөрт нисдэг.

🕔 2018/08/16 18:36 11 353
Ёл шувууны унаган нутаг нь Өмнөговь аймаг билээ. Гурван сайхан ууланд сүр бараатай, тэнгэрт дүүлэн нисэх энэ шувуу харах төдийд л сүртэй. Хамгийн өндөрт нисдэг, хурц тод хараатай, сүрлэг энэ жигүүртнээр бахархахгүй байх аргагүй. Тиймээс ч аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Ёл шувууг аймгийнхаа бахархалт шувуугаар тодруулан зарласан.
Ард иргэд, хүүхэд,залуучуудын дунд говийн гол 10 шувууны талаар аман болон цахим санал асуулга явуулж тодруулжээ.Санал асуулгад 2421 хүн хамрагдсанаас 1597 нь Ёл шувуунд санал өгсөн нь бахархалт шувуугаар нэрлэхэд нөлөөлсөн байна. Ямарваа нэг амьтан, ургамал, шувуудыг аливаа улс орон бахархалт гэж зарласанаар түүнийг хамгаалах, сурталчлах, танин мэдэхүйн олон талын үр дүнтэй байдаг. Дэлхий дээр зөвхөн Төв Азид далайн төвшнөөс дээш 1500-3000 метр өндөрт оршдог ховор шувууг нутгийн бахархалт шувуугаар нэрлэсэн нь нүдээ олсон гэлтэй.



Ёл шувуу нь Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Ёлын ам, Алтайн нурууны зүүн үзүүрийн салбар уулс болох Нэмэгт, Сэврэй, Ноён, Баян бор нуруу зэрэг говийн уулсаар тааралдана. Түүнчлэн Европын өмнөд хэсэг, Африк, Ази, Энэтхэг, Түвдийн уулархаг газарт нутаглана.


Ёл, мөн Ооч ёл гэгддэг, Gypaetusbarbatus, нь Харцагынхан овгийн шувуу бөгөөд Gypaetus төрлийн ганц төлөөлөгч юм. Тэд Европын өмнөд хэсэг, Африк, Ази,Энэтхэг, Төвд, Монголд өндөр уулархаг газар суурин нутаглана. Альпийн нуруунд аваачиж суурьшуулсан боловч ховор хэвээр байна. Монгол орны хамгийн том махчин шувуудын нэг бөгөөд урт нарийхан далавчтай, сүүл нь гурвалжин хэлбэртэй, цагаан цайвар ба шар өнгийн элэгтэй, хар бараан ба хөх саарал нуруутай. Биеийн урт 95-125 см, далавчаа дэлгэхэд 3 м орчим том махчин шувуу юм.



Биеийн жин 4.5-7.5 кг. Сүүл урт, зэв хэлбэртэй. Далавч урт нарийн үзүүр рүүгээ нарийссан шовх хэлбэртэй. Бие гүйцсэн шувууны нуруу хөх саарал. Далавч, сүүлний өд нь саарал өнгөтэй. Толгой, хэвлий цайвар шаргал. Ихэнх бие гүйцсэн шувуудын хэвлий энгэр нь маш тод улбар шар өнгөтэй. Нүдийг тойрсон хар зураас хошууны уг хүртэл үргэлжилнэ. Хошуун дороо урт ооч сахалтай. Ёлыг урт шовх үзүүртэй далавч, сүүлний зэв мэт хэлбэрээр нь бусад махчин шувуудаас амархан ялган таньж болно. Залуу ёл бүх бие нь бараандуу зүстэй байх ба 5 жил болж байж бүрэн нас бие гүйцнэ. Ёл шувуу тэжээвэр нь 40 гаруй жил насладаг байна.

 
 Ёл шувууны идэш тэжээлийн 85-90 хувийг яс эзэлдэг. Тэд голдуу улай сэгээр хооллох ба ясны чөмөг гол идэш нь болдог. Бог малын хавирганы яс, чөмгийг бүтэн бүтнээр нь залгин иддэг. Бод малын чөмөгний ясыг өндрөөс хадан дээр унагаан хагалж иднэ.  Томоохон хэмжээтэй ясыг 100-150 метрийн өндрөөс чулуун дээр унагаад, бяцалж, хагалж идэх ба энэхүү аргыг залуу шувууд 7 жилийн шаргуу оролдлогоор сурдаг байна.


Гурван сайхан уулын өндөр өндөр хавцал дунд шувууны үүр харагдах бөгөөд ихэвчлэн Ёл шувууны үүр харагддаг. Ёл шувуу 1700 м-ээс дээш өндөрт үүрээ засдаг.Хаврын эхэн сард үүрээ хүн амьтан хүрэхэд бэрх, хөмөг, тавцан дээр бут, бургасны мөчрөөр засч хагдарсан өвс, яс, эсгийний өөдөс, нэхий, ноосоор дэвсгэр хийнэ. 12-2 сарын дунд хүртэл үржлийн улирал нь юм. Өвлийн ид хүйтэнд 4-5 хоногийн зайтай 1-2 өндөг гаргаж, 60 хоног орчим түүнийг дарж ангаахай болгоно.Ангаахай үүрэндээ 106-130 хоног өсөж бойжиж VII сард үүрээ орхино.
Дашрамд дурдахад, 1953 онд Ёл шувуу агнахыг хориглож, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолоор ховор амьтнаар бүртгэсэн юм. Монголын “Улаан ном”-нд бүртгэгдсэн ховор шувуу Ёлыг бусад жигүүртнээс таних хялбар арга бол эрүүн доор байх хялгасан сахал юм. Мөн толгойн оройн хэсэг ба цээж нь цагаан өнгөтэй байдаг. Ёл шувууг алдаггүй. Албаас Ёл алсан тэр хүн ёроолгүй ангалруу нисч үхнэ гэж цээрлэдэг.
Ёл нь бусад жигүүртэнээс хамгийн өндөрт буюу 7500 метрийн өндөрт нисч чадахаас гадна алсын хараа нь их сайн хөгжсөн шувуу билээ.

 
 
 скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна