“Амьдрахад таатай 10 хотын нэг-Хөх хотоор...” /Аян замын тэмдэглэл/
Хаврын урь орж модод нахиалах цагаар Орон нутгийн Хэвлэл Мэдээллийн Холбоо, Баянхонгор, Архангай, Завхан, Өмнөговь, Булган, Сүхбаатар аймгийн сэтгүүлч, уран бүтээлчдийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг хөрш орны хэвлэл мэдээллийн байгууллагатай туршлага судлахаар аян замдаа мордлоо. Мэргэжил нэгт нөхөд маань галт тэргээр шөнөжин довтолгосоор Эрээн хотод наран мандах өглөөтэй зэрэгцэн ирэв.
Бидний зорих газар бол ӨМӨЗОрны Хөх хот. ӨМӨЗОрны төв Хөх хот нь Бээжингээс 500 км, Эрээн хотоос 490 км зайтай.
Хөх хотыг зорихоор аялагчдын автобусанд сууж уудам цэлгэр тал дундуур толь шиг замаар саадгүй давхиулсаар, өндөр газрын сүрлэг том уулсыг нүхэлсэн нүхэн гарцыг гаталж Далан хар уулын өвөр бэлд Хатан голын ар хормойд орших Хөх хотод ирлээ. ӨМӨЗОрны Хөх хотын өргөн цэлгэр зам талбай, өндөр өндөр барилга байшин, хоггүй цэвэр цэмцгэр орчин, сүлжилдэн давхарлах гүүр, хүний гараар бүтсэн бүтээн байгуулалтууд хөгжлийн өнгө төрхөөр сүр нэмэн угтах аж.
ХӨХ ХОТ
БНХАУ-ын ӨМӨЗОрон нь 26 сая хүн амтай. Манай улстай урд хилийн зорчигч тээврийн 8, Хөх хот, Манжуур, Бугат, Эрээн гэсэн агаарын хилийн дөрвөн боомтоор хиллэдэг стратеги түншлэлийн чухал орон юм. Өвөрмонголын 26 сая хүнээс 4 сая орчим нь Монгол хүн. Бидний саатан буй Хөх хот 5 сая гаруй хүн амтай. Хятадын аз жаргалтай 10 хотын нэг. Амьдрахад таатай 10 хотын нэгээр бас тодорсон гэнэ.
Дэд бүтцийг ногоон байгууламжтай хослуулан цогцоор нь барьж байгуулж байгаа бүтээн байгуулалтаар хотын хөгжил аргагүй ялгарна. Бэлчээрийн болон фермерийн МАА зонхилдог. Хөх хот үндэсний маш том үйлдвэрүүдтэй. Гэрлийн хурдаар өнгөжин урагшилж буй Хятадын эдийн засгийн өсөлтийг түргэтгэгч нэгжийн эхний аравт Өвөрмонголын өөртөө засах орны аж үйлдвэрлэл ихээхэн түлхэц болдог.Тэдгээр үйлдвэрүүд нь Хөх хот болон Ордос, Бугат хотод байдаг.
Одон телевиз
Уран бүтээлч, сэтгүүлчид бид бүхний хамгийн түрүүнд зочлох газар ӨМӨЗОрны Монгол Одон телевиз. Өвөрмөц загвар дизайнтай Одон телевизийн шинэ барилга зорин очиж буй хүнд онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Харуул хамгаалалт өндөр, албан зөвшөөрлөөр л дотогш нэвтрүүлнэ. Үүдний танхимын таазнаасаа монгол гэрийн тооно бүхий дүрслэлээр чимэглэн тохижуулсан нь нүдэнд аргагүй тусна. Монгол үндэстнийг нэгтгэж соён гэгээрүүлэх үйлсийг түгээж байгаа илэрхийлэл нь эндээс эхэлнэ.
1976 онд Өвөр монголын телевиз хороо нэртэйгээр байгуулагдаж байсан тус телевиз 1997 онд БНХАУ даяар нэвтрүүлгээ цацаж, 2009 оноос уран бүтээл, бүтэцдээ шинэчлэлт хийж 24 цагийн эфиртэй болжээ.
Биднийг Одон телевизийн удирдлагууд найрсгаар хүлээн авч ажил хэргийн уулзалт хийж, телевизийн үйл ажиллагаа, студи, техник тоног төхөөрөмж,бүтэц бүрэлдэхүүнээ танилцууллаа.
Төрийн телевиз учир техник технологи, ажиллах орчин нөхцөл, ашиглаж байгаа тоног төхөөрөмж, камер хэрэгсэл нь аргагүй л улсаас мөнгө хаяж бодлогоор дэмжиж, санхүүжүүлдэг нь алхам тутам мэдрэгдэнэ. Шинэ байрандаа уран бүтээлчид нь урам зориг дүүрэн ажиллаж байна.Одон телевиз 3 сувагтай. Орчуулга, Найруулга, Сурвалжлага зэрэг албуудад 600 гаруй хүн ажилладаг. Монгол одон телевиз нь одоогийн байдлаар Өвөр Монголдоо төдийгүй БНХАУ, дэлхийн 50 гаруй оронд нэвтрүүлэг, уран бүтээл, мэдээ мэдээллээ түгээж байна.
Солонго сэтгүүл
Одон телевизийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Солонго мэдээллийн төвд зочилсон юм. Өвөрмонголын Солонго сэтгүүл гэхээр уншигчид андахгүй мэддэг болжээ. Учир нь Солонго мэдээллийн төвийн албан ёсны төлөөлөгчийн газрыг манай улсад 2014 онд байгуулж дэргэдээ Солонго сэтгүүлийн редакци ажиллуулж эхэлжээ. Тус сэтгүүл нь мэдээллийн цогц үйлчилгээ рүү өргөжин шилжиж Солонго сонин, Solongonews.mn сайт, Солонго гар утасны аппликейшн, блог, We chat зэрэг хэвлэл мэдээллийн цогц хэлбэрээр мэдээ мэдээллээ түгээж байна. Нийтлэлийн бодлого нь улс орныхоо сайн сайхан ажил үйлс, амжилт, гадаад харилцаа, эдийн засаг, аж үйлдвэр, шинэ техник технологи нэвтрүүлэлт, ард түмний амьдрал, аж байдал, ёс заншил, түүх соёлын мэдээлэл нийтлэлээ голчилдог.
Харин Өвөр Монголын өдрийн сонин нь ӨМӨЗО-ны уламжлалт болон цахим хэвлэл мэдээллийг хослуулан сонин, сэтгүүл, сайт, апп, wechat зэрэг 13 төрлийн шинэ хуучин мэдээллийн хэрэгслээрээ монгол, хятад, кирилл, оросоор мэдээ, мэдээллээ түгээсээр байна.
ӨМ-ын Радио Телевиз Хорооны “Талын дуу хоолой”
Талын дуу хоолой радио Өвөрмонголоос манай Монгол улсын сонсогчдод зориулсан гадаад суваг аж. 2013 онд байгуулагдсан. Монгол хэлээр нэвтрүүлгээ явуулдаг. Бүхий л салбарыг хамруулсан 8 тусгай хөтөлбөр бэлтгэж, өдөртөө 18 цагийн нэвтрүүлэг дамжуулдаг. Нэвтрүүлгээ Улаанбаатар хотод өдөр бүр 8 цагийн турш FM-107,5 радиогоор дамжуулахын зэрэгцээ Өвөрмонголынхоо сонсогчдод давхар хүргэдэг. Монголын сонсогчдын Өвөрмонголыг сонсож, мэдрэх нэгэн цонх гэж үздэг ажээ.
Бидний багт “Наран ургах зүгт нутаг минь байдаг” дууны яруу найрагч, сэтгүүлч С. Амартайван, алдарт “Хос шарга” дууны үгийг бичсэн Яруу найрагч Д.Агваан нар явсан бөгөөд шүлэг яруу найргийн хөг эгшгээр аян замаа хөглөж, хөгжил хөөр дүүрэн дурсамжаар аяны богц дүүрэн явлаа.
Өмнөд хөршийн хэвлэл мэдээллийн салбарт Монголоос очиж ажиллаж байгаа олон уран бүтээлчид байдаг. Ар Монголоос ирсэн уран бүтээлч нөхдөө халуун дотноор хүндэтгэн угтсан хүн бол яруу найрагч Лханаагийн Мөнхтөр байлаа. Тэрээр “Талын дуу хоолой” радиогийн урилгаар Өвөр монголчуудтай хамтран ажиллаад багагүй хугацааг үджээ. Яруу найраг, богино өгүүллэгийн номоо өлгийдөн уншигч олондоо хүртээсэн төдийгүй Өвөр монголчуудад “Сэтгэл” номын зохиогч гэдгээр гойд танигджээ.
Хөх хотын консул хамгийн ачаалалтай ажилладаг дипломат газруудын нэг
Орон нутгийн сэтгүүлчдийн багийг Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул Д. Мөнх-Эрдэнэ хүлээн авч уулзсан юм. МУ-аас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий Консулын Газар хамгийн ачаалал ихтэй ажилладаг дипломат газруудын нэг.
Ерөнхий консул Д. Мөнх-Эрдэнэ хэлэхдээ: “Хөх хот дахь дипломат төлөөлөгчийн газар” нь 2 улсын эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг бүхий л чиглэлд гүүр болон ажиллах үүрэгтэй.Хоёр улсын хоорондох харилцаанд иргэдийн харилцаа маш чухал. Иргэд хоорондоо сайн ойлголцож байж хоёр улс сайн ойлголцдог. Хамгийн том бараа эргэлтийн боомт Эрээн, уул уурхай дагасан боомтууд болох Ганц мод, Гашуун сухайтад иргэдийн асуудал их байдаг.Хилийн боомтуудаар иргэд хуулийн мэдлэггүйгээс асуудалд их ордог. Тэр болгонд очиж зөвлөгөө өгч, өмгөөлж хамгаалж иргэддээ үйлчилдэг. Монгол иргэдэд тулгамдаж байгаа асуудалд иргэддээ үйлчлэх үйлчилгээний байгууллага гэж ойлгож болно. Энэ жил 2 улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж байна. Мөн “Нэг бүс-Нэг зам”, Гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд экспо арга хэмжээнүүд энэ жил 3 дахь удаагаа болох гэж байна. Монголын Экспо худалдааг Хөх хот болон бусад аймгуудаар их зохион байгуулдаг. Тэр бүхэнд гүүр болж ажилладаг. Монголчууд суралцах, эмчилгээний, аялал жуулчлалын зорилгоор Хөх хотод их ирдэг. Монголоос 2000 гаруй оюутан Засгийн газрын тэтгэлгээр сурч байна. Монгол улсаа төлөөлж ажиллаж байгаа учир маш хариуцлагатай ажиллах ёстой. Хөрш зэргэлдээ улсын үсрэнгүй хөгжлөөс бидэнд суралцах зүйл их байна. Тиймээс Консулийн газар салбар бүрийг хамруулан туршлага судлах ажлуудыг дэмжиж ажиллаж байна” гэсэн юм.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлч, уран бүтээлч биднийг Хөх хотын хөгжил, бүтээн байгуулалт, хэвлэл мэдээллийн салбартай танилцах, туршлага судлах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн Монгол Улсаас Хөх хотод суух Ерөнхий консул Д. Мөнх-Эрдэнэд энэ дашрамд баярлаж талархсанаа илэрхийлье.
Үлэг гүрвэлийн музей үйлчлүүлэгч ихтэй
Хөх хотод урлагийн бүтээл гэмээр өвөрмөц шийдэлтэй барилгууд хотын өнгө төрхөнд чимэг болж нүд хужирлана. Өндөрлөг шатаар өгсөж хүрэх энэ Музей нь дотроо 5 давхар үзмэрийн танхимуудтай. 1 давхартаа бэлэг дурсгал, сувинер, үндэсний онцлогийг харуулсан эд зүйлс худалдаална.
Эрт галаваас эдүгээ цагийн хөгжилд хүрсэн цаг хугацаа, аж амьдрал, соёл, хувьсал өөрчлөлтийг түүхийн эд зүйлсээрээ баримтжуулан дэлгэж үзүүлэхийн зэрэгцээ газрын доорх баялгаас сансрын хязгаар хүртэлх орон зай, цаг хугацаагаар энд аялуулна. Монголын үе үеийн хаадуудын түүх, дүр зураг, нүүдэлчин ахуйг ч харж болно. Музей өдөржин үзээд дуусахгүй баялаг үзмэр, саатан сонирхох зүйл ихтэй.Үзмэрийн танхимд монгол бичгээр тайлбаруудтай болохоор уншиж мэдээлэл авахад илүү дөхөм.
Хамгийн сонирхол татсан үзмэрийн танхим бол Үлэг гүрвэлийн танхим байлаа. Өмнөговьд олон жил яригдаж байгаа үлэг гүрвэлийн музейг аль хэдийн энд байгуулчихсан аялагч жуулчдын нүд, зоосыг татаж байна. Сонирхон үзэж, эргэцүүлэлд автсан би багийн хамт олноо багагүй хүлээлгэснээ нуух юун. Ёстой л эрт галавын үлэг гүрвэл, дэлхийд алдаршсан Монголын говийн түүх энэ танхимд амилах мэт. Үзмэрийг байрлуулсан донж маяг, орчин, гэрэлтүүлгээс санаа авууштай зүйл олон.
Үлэг гүрвэлийн музей үйлчлүүлэгч ихтэй байдаг гэнэ.Ялангуяа хүүхэд, залуучууд их сонирхон үйлчлүүлдэг. Тиймээс ч гарах үүдэнд нь Динозаврын холбогдолтой кино, төрөл бүрийн тоглоом, ном, сэтгүүл, наалт, тэмдэг, сувинер зэрэг дүүрэн худалдаална. Хамгийн хямд тоглоом л гэхэд 3 юань буюу монгол мөнгөөр 1200 орчим төгрөгийн үнэтэй. Үзмэр үзсэн хүмүүс гарахдаа энэ дэлгүүрээр саатаж худалдан авалт хийж, хүүхдүүд нь үлэг гүрвэлийн зурагтай автомат тоглоомуудаар тоглон зугаацна. Энэ мэтээр бид түрүүлж сэтгэж, бүтээн бий болгох цаг хугацааг алдсаар байгааг урд хөршид алхам тутамдаа мэдэрнэ.
Аялал жуулчлалыг шүтсэн-Эко хөгжил
Улс орны хөгжлөө дагаад урд нутгийн ард иргэдийнх нь аж амьдрал дээшилж тэр хэрээр аялж зугаалах, газар үзэхэд цаг заваа их зориулах болжээ. Өмнөд хөршид жилдээ 15 сая жуулчин дотоодын аялал жуулчлалаар ирдэг гэнэ. Харин хил орчмоор 800 мянган жуулчин хүлээж авдаг. Хилийн бүс нутгуудаар аялал жуулчлал маш эрчимтэй хөгжиж байна. Аялал жуулчлалаа дагаж бүх үйлчилгээ сэргэж, ажлын байр нэмэгдэн, эдийн засаг, үйлчилгээний бүх зүйл нь тэтгэгдээд явдаг. Монгол ахуй соёлыг сонирхож буй жуулчдын тоо улам л нэмэгдэж байгаа гэнэ.Бид Хөх хотод жуулчлалаар ирдэг зочин болгон саатдаг цогцолбор газарт очсон юм. Энэ цогцолборын ресторан нь монгол үндэсний бүхий л хоол зоогоор үйлчилдэг.
Хатдын хувцастай монгол охид хадаг барин зочдоо угтаж, хүлээн авалтын танхимууд нь хүний хөлд дарагдаастай. Төрөл бүрийн ногоогоор хачирласан 5 цулын шөл, гэдэс дотор, хонины хавирга, шарсан мах, өрөм цагаан идээ, борц,будаатай тулга цай зэргийг ширээ дүүрэн өрж зочдоо дайлна. Зоогийн танхимд энэхэн хооронд монгол үндэсний хувцастай охид загвар үзүүлж, урлаг соёлынхон бяцхан тоглолтоор зочдоо хөгжөөж, дуу хуураар баясгаад гарна. Ууц хөндүүлэх ёслол нь меню дээрээ 2000 юань буюу монгол мөнгөөр 800.000 орчим төгрөг болно.Жуулчид маш их сонирхон үйлчлүүлдэг байна. Энүүхэн хилийн цаана монгол соёл, түүх уламжлалыг аялал жуулчлал болгож хятадын сая сая жуулчдын мөнгөөр түрийвчээ зузаалж эко хөгжлийг бүтээж байгаа нь нэгийг бодуулж хоёрыг өгүүлнэ.
Монгол соёлтой танилцаж, Чингисийн онгон үзэх гэж Ордост гэхэд жилдээ 3 сая жуулчин ирдэг. Хилийн боомтоо дагаж хил орчмын аялал жуулчлал хөгжих бүрэн боломж байна Манай улс жилдээ 400000 жуулчин авдаг бол хил орчмын аялал жуулчлалаар энэ тоог хэд дахин нэмэгдүүлэх боломжтой юм. Дэлхийд тэргүүлэгч 2 хөршийн дунд байгаа монгол улсад аялал жуулчлалын асар том зах зээл байгаа хэдий ч уул уурхайн хөгжлөө шүтэхээс биш газар дээрх байгалийн баялгаа хөгжил болгох бодлого үгүйлэгдэнэ.
Энэ ондоо метрог ашиглалтад оруулна
Хятад улс томоохон хотууддаа метрог сүүлийн жилүүдэд эрчимтэй байгуулж байна. БНХАУ-д 3 саяас дээш оршин суугчтай хотод метро байгуулах эрх олгодог аж. Хөх хотын хүн ам, хөдөлгөөн маш эрчимжсэн. Тиймээс метро байгуулж замын түгжрэлийн асуудлаа шийдэж байгаа гэнэ. Биднийг очих үед метро тавих ажил ид өрнөж байгаа гэх ч сүртэй том бүтээн байгуулалт нүргэлж замын хөдөлгөөнөө хааж хорьсон дүр зураг алга. Ганц нэг газарт тусгаарласан хайс хашаа л харагдана. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох тенулдэж, газрын гүнд нүхэн хонгил үүсгэдэг юм байна. Өдөр нь ухсан шороогоо шөнөдөө зөөж ажилладаг. Хөх хотын газар доогуур 20 гаруй метрийн гүнд барьж байгаа метроны 2 шугамыг энэ ондоо ашиглалтад оруулах юм байна.Хамгийн орчин үеийн технологи, тоног төхөөрөмж ашиглан уулыг нүхэлж, тунелдэх технологиор бүтээн байгуулалтууд өрнөсөөр байна.
Монголчууд Хөх хотын эмнэлгийг их зорьдог
Хөх хотын эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээ үйлчилгээ улам сайжирч эмнэлэгийн дэвшилтэт техник технологийн хөгжил маш өндөр түвшинд хүрсэн. Эмч нарын хариуцлага өндөр байдаг тул монголчууд их зорьж очиж үйлчлүүлдэг гэнэ. Янз бүрийн өвчлөл, хавдар их гардаг болсон үед гадаадын оронд өндөр өртөгтэй хагалгаа, эмчилгээг зорихоосоо илүүтэй эдийн засгийн зардал хямд, эмч нар нь монголоороо ярьчихдаг учир хэлний бэрхшээл үүсэхгүй зэрэг давуу тал байдаг болохоор эрүүл мэндийн сайн үйлчилгээ авах гэж их зорьдог байна.Монголдоо хийгдэх боломжгүй, гадаадад өндөр өртөгтэй хийгддэг хагалгааг Хөх хотод ирж хямд өртгөөр хийлгээд эрүүл саруул болсон олон монголчууд байгаа гэнэ.
Газар доорх нь биш дээрх нь баялаг
Урд хөршүүд цөлжилттэйгөө цаг минутгүй тэмцэж, ногоон байгууламжийг их хэмжээгээр тариалж, уулын бэл, тал хөндий, өндөрлөг уулсынхаа оройд нь хүртэл мод суулгаж, ногоон бүс бий болгож байна. Орчин үеийн шинэ соортоор ногоон ширэг, зүлэг тариалж улс орноороо шоргоолж шиг хөдөлмөрлөцгөөнө. Зүгээр нэг ургуулаад орхих биш арчилгааг дээд зэргээр хийнэ. Улсын бодлогоор бүтээн байгуулалт хийж, барилга байшин барьж буй газар бүртээ ногоон орчин бий болгохыг үүрэгдэнэ.
“Газар доорх нь биш дээрх нь өөрөө баялаг” гэх их гүрний удирдагчийнхаа бодлогоор цөлжилтгүй, унаган байгалиа төрхөөр нь хадгалсан эко баялагыг бүтээхийн төлөө хүн бүр хөдөлмөрлөнө. Монголын шар шорооноос хамгаалж хойд бүс нутгуудаараа их хэмжээгээр мод тарих ажилд ханцуй шамлан орцгоожээ.Нинжа нарын газар сэндийчсэн уурхайнуудаа бүгдийг нь хаасан. Стратегийн ганц нэг том ордуудаа ашиглаж байгаа гэнэ. Эко ногоон байгалиа шүтэж, улс нийгмээрээ хөдөлж, бүтээн бий болгож, тарьж ургуулж байгаа нь үнэхээр л их гүрний бодлогын алсын харааг илтгэнэ.
Хөрш улс усны маш том бодлоготой
Нүүрсээ угаахдаа хүртэл газрын гүнийхээ усыг хайр найргүй зарцуулж, цэвэр усаа уул уурхайд ашигладаг улс манайхаас өөр газарт алга. Гэтэл хөршүүд газрын гүний усаа 1 литрийг ч хайр гамгүй зарцуулахгүй гадаргын усыг ашиглаж байна. Усны маш том бодлоготой. Цэвэр усаа хэрэглээнд хэрэглээд түүнийгээ шүүгээд саарал ус гаргадаг. Лагийг нь исгээд газ, бордоо хийж, хог хаягдлыг давхар шийддэг. Саарал усаа уул уурхай, мод, зүлэг тарих, хотын ногоон байгууламж, бүтээн байгуулалтдаа ашигладаг. Үерийн усыг хүртэл хуримтлуулж ногоон байгууламж бусад хэрэгцээнд ашиглаж байна. Гүний усыг хайрлаж хамгаалах усны маш том бодлогыг цогцоор нь хэрэгжүүлж байгаа зэрэг мэдээлэл нь усны хомсдол хэдийнээ нүүрлээд буй говийн бидний анхаарлыг эрхгүй татна.
Хөгжлийг холоос биш хаяанаасаа хайя
Хөгжлийн галт тэргэндээ сууж гэрлийн хурдаар урагш довтолгон буй урд хөрш улс орноо улам хүчирхэг болгохын зэрэгцээ төрийн албаны ялзралын эсрэг хатуу зогсож, хууль бус зүйлстэйгээ шийдэмгий тэмцсээр. Хөрш улс хилийн 300-аад боомттой. Эдийн засгийн хувьд худалдааны асар нарийн бодлого барьж байна. Ард иргэдээ ажилтай, орлоготой байлгахын тулд улс орны зүгээс сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж 5 жилийн хугацаанд 60 сая хүнийг ядуурлаас гаргажээ.Улс орны бодлого, үйл хэрэг зөв байвал 60 сая хүний хажууд “3 сая Монголчууд” дэндүү ойрхон сонсогдох. Авилгатайгаа тэмцэж улс төр, бизнесийн сүлжээг нам дарж байна. Одоо татварлуугаа орж эхэлсэн гэнэ.Төрийн том албан тушаалтнууд, алба хаагчид гадагшаа айлчлах нь хүртэл тоотой болж төрийн албаны тансаг хэрэглээ байхгүй болсон. Төрийн албаны хэрэгцээнд 1 стандартын цөөн жижиг тэрэг л албаны машин гэсэн бичигтэй явдаг, иргэддээ хяналтыг бүрэн өгсөн гээд шинэчлэлийн зоригтой алхмуудыг хийж байгааг тоочоод байвал авууштай зүйлс олон... Хөгжлийг холоос биш хаяанаасаа хайх хэрэгтэй мэт...
Ийнхүү орон нутгийн сэтгүүлчдийн Хөх хотын хэвлэл мэдээллийн салбартай танилцаж, туршлага судлах аялал өндөрлөж, хөрш орны мэдээлэл сонин сайхнаар ганзага юугаа дүүргэн нутгийн зүг хөлгийн жолоо заллаа.
Ч. Сумъяа