Э. Номин-Эрдэнэ: Өмнөговийнхоо нэрийг гаргасан боксын спортын анхны эмэгтэй тамирчин болохыг хүсэж байна
Өмнийн говьд боксын клуб нээгдэхэд л шимтэн сонирхож, аймгийнхаа анхны эмэгтэй боксын тамирчин болох нууцхан хүслээ тээж очсон Э.Номин-эрдэнэ охин өнөөдөр өсвөрийн боксын спортыг өнгөлөн чимэх болжээ. Биеийн хүчээр хөлсөө дуслуулан, ухааны хурдыг цаг мөчтэй уралдуулан спортод зарцуулсан түүний хөдөлмөр юутай ч зүйрлэшгүй. Жижигхэн биед нь ахдах их хөдөлмөр зүтгэл нь хэдийнээ олон бэрхшээлийн цаана гарчихжээ. Тулааны талбарт эх орныхоо далбааг нөмрөөд гүйх энэ бяцхан охины мөрөөдөл, холын бодол нь дэлхийн дэвжээнд хараа сунгажээ. Говь нутгийн ирээдүй болсон боксчин охины сэтгэлийн чандад өөр юу нуугдаж байгааг хуваалцахаар зорилоо. “Тариан түрүү ургах тусмаа бөхийдөг” гэсэн багшийнхаа сургаалыг амьдралынхаа мөрдлөг болгосон боксчин Э.Номин-эрдэнэтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэе.
Сайн байна уу? Урилга хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Сайн байцгаана уу? Намайг Эрдэнэтөгсийн Номин-эрдэнэ гэдэг. Би одоо 16 настай. Биеийн тамир спортын төрөлжсөн VII дугаар сургуулийн 11а ангид сурдаг. Боксын спортоор хичээлдэг. Боксын I дүгээр зэрэгтэй тамирчин.
Яагаад боксын спортыг сонгож хичээллэх болсноо хуваалцвал ?
I дүгээр сургуульд сурдаг байхад нэг өдөр Биологийн хичээл дээр Д.Баасансүрэн багш маань ангид орж ирээд элсэлт авч байгаагаа танилцуулсан. Дараа нь нэлээд бодож байгаад ангийнхаа хоёр найзтайгаа хамт очиж байлаа. Тэгээд л боксоор хичээллэх болсон. Тэр үедээ шантарсан хэдий ч хичээллэх явцдаа гоё юм байна гэж олж харсан.
Боксын спортыг сонгож хичээллэх шийдвэр гаргахад гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан бэ?
Хамгийн анх боксод ороход манай ах, дүү нар эмэгтэй хүүхэд байж боксоор хичээллээд гар хуруу чинь эвдэрч, гэмтэлтэй болоод, толгой тархи чинь өвдчихийг алийг тэр гэхэв гэж их хэлдэг байсан. Спортод сонирхон дурласан өөрийн хүслээ дагасан даа. Өөрөөрөө харуулах болно. /Инээв/
2017 оноос хичээллэж эхэлсэн гэхэд багагүй амжилтын эзэн болжээ. Амжилтаасаа хуваалцахаас гадна түүнд хүрэх асар их хүч хөдөлмөрийн тухай?
Би тэмцээн уралдаануудад оролцсоор ирсэн. 2018 оны 3 сард зохиогдсон Залуучуудын улсын аваргын тэмцээнээс анхны амжилт, ялалтыг хүртэж түүнээс хойш орсон тэмцээн болгоноос алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангаж тодорхой амжилтуудыг үзүүлж, суралцаж байгаадаа баяртай байдаг.
Амжилттай яваа тамирчны ард талд багш, баг хамт олны зүтгэл яахын аргагүй салшгүй холбоотой байх аа. Багш болон клубээ танилцуулаач?
Манай “Мазаалай бокс”-ын клубийн багшыг Доржпаламын Баасандорж гэдэг. Боксын спортын мастер, олон улсын боксын холбооны нэг удаагийн дасгалжуулагч. Дорнод аймгаас манай аймагт томилогдон ирсэн мундаг багш даа. Манай клуб 20 гаруй хүүхэдтэй. Боксын спортын талаар хүмүүс их буруу ойлголттой л доо. “Толгой руугаа цохиулаад мэдрэл муутай болдог” гэдэг ойлголттой хүмүүс ч байдаг. Гэхдээ энэ спортоор сонирхон хичээллэдэг олон хүмүүс байдаг шүү дээ.
Өдөрт хэчнээн цагийн бэлтгэл, сургуулилт хийдэг вэ ?
Долоо хоногийн 6 өдөр бэлтгэл хийдэг. Хагас сайн өдөр болгон холын зайд гүйдэг.
Спорт өөрөө тэсвэр хатуужил их шаарддаг учраас шантрах үе зөндөө тохиолдож байсан байх?
Тэгэлгүй яах уу. Тамирчин хүнд жин хасах л хамгийн хэцүү. Зарим үед 7-8 кг хүртэл хасдаг. “Би гэртээ зүгээр л биеийн амрыг бодоод найз нартайгаа тоглож наадаад явах байтал яагаад ингэж өөрийгөө зовооно вэ” гэж өөрөөсөө асуух үе зөндөө байсан. Залуучуудын аваргаар хамгийн их няцаж байсан ч шагналын тавцан дээр гарсан цагаас хойш няцах гэдэг зүйлийг мэдрэхээ больсон. Аав минь их дэмждэг. “Миний охин энэ спортыг сонгож зорьсон учраас зорилгодоо хүрсэн тэр үедээ больсон ч болно” гэж хэлэх тэр үед сэтгэл огшоод явчихдаг. /инээв/
Азийн аварга шалгаруулах олон улсын тавцанд гараад үзлээ шүү дээ. Цаашдын зорилго, мөрөөдөл том байгаа байх.
Би ерөөсөө Азийн аварга ч юм уу, өөр уралдаанд явна гэж бодож ч байгаагүй. Харин одоо бол гадагшаа гараад уралдаан тэмцээнд оролцоод үзчихсэн тамирчны хувьд өөртөө итгэх итгэлийг илүү мэдэрсэн. Цаашдын зорилго бол олимпын аварга болох том мөрөөдлийг өөртөө өвөрлөсөн. 2024 олимпыг минийх байгаасай гэж хичээх болно.
Э.Номин-эрдэнэ маань Өмнөговь аймгаасаа гарч ирж буй анхны эмэгтэй боксчин охин болж байгаа юм уу?
Тийм ээ. Би анх хичээллэж эхлэхэд хамгийн түрүүнд бодогдсон зүйл бол аймагт хичээллэж байгаагүй спорт болохоороо сонирхол татсан. Аймагтаа, улсад цаашлаад олимпд оролцож Өмнөговийнхоо нэрийг гаргасан боксын спортын анхны эмэгтэй тамирчин болохыг хүсэж байна.
“Би заавал чадна” гээд л огштол итгэл өгч чаддаг тэр хүн хэн бэ?
Манай багш илүү нөмөр нөөлөг болдог. Тэмцээнд ороод ялагдлаа гэж гутрах хэрэггүй харин юунаас болоод ялагдсан тэрийг л олох хэрэгтэй” гэж байнга хэлдэг. Тэмцээн уралдаанд орохоосоо өмнө өвчин ороогоод байдаг л даа. Тэр үед багш надаас илүү сэтгэлээ зовоож, шаналдаг нь харагддаг учраас би багшийнхаа төлөө улам хичээх ёстой, би заавал чадна гэж дотроо боддог.
Энэ спорт өмнө нь чамд огт байгаагүй ёс суртахуун, зан төлөвт чинь юуг өгсөн бэ?
Энэ спортоор хичээллэхээс өмнө би их хаалттай хүүхэд байсан. Ихэнх цагаа л гэртээ өнгөрөөдөг байсан. Харин одоо өөртөө итгэлтэй, их нээлттэй болсон. Ямар ч хүнтэй нээлттэй ярилцаж ойлголцдог болсон. Их нээлттэй хүн болсон./Инээв
Ойрын хугацаанд оролцох ямар уралдаанд бэлтгэл хангаж байна?
Одоо 12-р сард зохиогдох Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байна. Тодорхой хэмжээнд амжилт гаргахын тулд бэлтгэлээ хангаад байж байна.
Хэлэх дуртай үг юу вэ?
Миний багшийн хэлж захидаг үг “Чи хэдий чинээ амжилт гаргана төдий чинээ даруу бай. Тариан түрүү ургах тусмаа бөхийдөг. Тиймээс амжилт гаргах тусмаа эрдэж, бардаж болохгүй” гэдэг. Энэ үгэнд их дуртай. Багшдаа маш их хайртай шүү. Мөн намайг дэмждэг гэр бүлийнхэндээ болон тэмцээн уралдаанд оролцоход ивээн тэтгэж санхүүжүүлдэг “Хос могойн чуулган” ХХК-ийн хамт олондоо баярлаж явдаг шүү.
Ярилцсанд баярлалаа. Улам их амжилт хүсье.
Сэтгүүлч Д.Буян-жаргал