Н. Ариунсанаа: Ирээдүйд Өмнөговь аймаг аялал жуулчлалаасаа илүү их орлого олно гэдэгт бат итгэдэг
Аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож салбарынхаа хөгжлийг бүтээлцэж, шинэлэг зүйлсийг санаачлан хийхийн зэрэгцээ говь нутгийнхаа чимэг болсон Тэмээн соёлыг дэлхийд түгээх үйлсийг хийж яваа “Гайхамшигт говь” Аялал жуулчлалын холбооны Гүйцэтгэх захирал Н. Ариунсанаатай ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийнхөө тухай товчхон танилцуулна уу?
Би Өмнөговь аймгийн Даланзадгад хотын унаган хүүхэд л дээ. Миний ээжийг О.Нарантуяа гэдэг. ЗХ-ний 167-р ангид Номын санчаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Манай аавыг Э. Бямбаа гэдэг. Бас л ЗХ-ний 167-р ангид Захирагчийн жолооч хийж байгаад одоо гавьяаны амралтад гарсан. Айлын том хүү. Даланзадгадын 6-р багт төрж, тоглож өссөн.
Үзмээ багштай Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн дөө. Ер нь Газарзүйн дугуйланд их сонирхолтой хүүхэд байлаа. 2002 онд Улсын Газарзүйн олимпиадад амжилттай оролцож Газарчин дээд сургуульд урилгаар суралцах эрх авч суралцсан. Үнэгүй сурах гэдэг тухайн үед ховор боломж. Урилгаар сургуульд суралцах болоход манай гэрийнхэн, ээж аав их баярлаж байж билээ. Эдийн засаг хэцүү, төрийн албан хаагчийн цалин бага, олон дүү нартай айлын хүүхэд оюутан болоод явахад сургалтын төлбөр мэдээж хүнд байлгүй яахав. Сургалтын эрх авахад ээж минь их баярлаж билээ. Сургуульдаа суралцаж Аялал жуулчлалын мэргэжлийг эзэмшээд нутагтаа ирж энэ салбартаа 18 жил ажиллажээ.
-Аялал жуулчлалын салбарыг нутагтаа хөгжүүлэх гэж зүтгэж яваа ийм л залуу харагдаад байдаг л даа. Өмнөговь аймаг аялал жуулчлалаа гол хөгжил болгох ёстой. Залуучууд тэр бүрийд зориглоод орохгүй нарийн салбар гэж боддог. Энэ салбарт уламжлал болсон эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулж гадны жуулчдыг Өмнөговь руу татах ямар ажлуудыг хийж байна вэ?
-Аялал жуулчлалын салбар өөрөө дэлхий нийтэд тэргүүлэх салбар болоод явж байдаг. Монгол улсын хэмжээнд тэргүүлэгч 3 салбарын 1 болоод яваад байгаа. Өмнөговь аймгийн төсөв бүрдүүлдэг данс руу аялал жуулчлалын мөнгө гэж ордоггүй учраас аймагт аялал жуулчлал бага хүртээмжтэй юм шиг харагдаад байдаг. Гэтэл аялал жуулчлал нөгөө утгаараа иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлж байдаг салбар. Дансанд нь биш гар дээр нь бэлэн мөнгөний орлогыг нэмэгдүүлж байдаг. Оюутолгойн ч юм уу Өмнөговийн уурхайн салбарт нэг хашаанд 200 магадгүй 2000 ч юм уу хүн нэг дор ажиллаж байгаа болохоор том харагдаад байдаг. Гэтэл Өмнөговь аймагт ирж байгаа 1 жуулчин байгальд хор хөнөөл учруулахгүй хирнээ цаанаа 300 хүнийг цалинжуулж байдаг. Улаанбаатараас Өмнөговь хүртэл нисгэгч, жолооч, хаалгач, колонк, тогооч, буудал, бааз, дэлгүүрээр үйлчлүүлэхэд 1 жуулчныг дагаж 300 хүний ажлын байр бий болж байдаг. 100 жуулчин ирнэ гэдэг 300 мянган хүний амьдралд хэрэгтэй мөнгөн урсгалыг бий болгох ийм том салбар учраас эдийн засагтаа хэрэгтэй гэж дэлхий харчхаад онцолж байна. Дэлхийн хэмжээнд 3 хүн тутмын 1 нь аялал жуулчлалын салбарт хамааралтай байдаг. Монгол улсын хэмжээнд ажил хийдэг 10 хүн тутмын 1 нь аялал жуулчлалын салбарт ажиллаж байдаг. Ингээд тооцохоор аялал жуулчлалын хүний нөөц өргөн цар хүрээтэй. Аялал жуулчлалын салбар гэхээр зөвхөн жуулчин аваад явж байгаа хөтөч, баазыг гэж ойлгоод байдаг. Гэтэл яг хамаарлыг харах юм бол жолооч, менежер, колонкийн түгээгчийг хүртэл хамруулсан өргөн цар хүрээтэй салбар.
-Энэ салбарт тууштай ажиллаж байгаа залуу хүний хувьд Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хэрхэн хардаг вэ?
-Хөгжил гээд та асууж байна. Хөгжлийг тодорхойлохдоо миний хувийн бодлоор бол энэ байгаагаараа л байгаасай гэж боддог. Азийн цагаан бар гэж дэлхийд тодотгоход сайхан монгол гэртэйгээ л байсан шүү дээ. Нүүдэлчин ахуй соёл нь хадгалагдаж, бидний соёл алдагдахгүй байж гэмээнэ бид бренд болж явах юм. Тэгэхгүй бид хэв маягаа алдаж өндөр хөгжилтэй орны өндөр байшингуудыг бариад эхэлбэл бидний хэв маяг алдагдах юм.
Бид чинээлэг маш сайхан орчинд амьдарч байгаа хэв загварыг алдчихгүй юмсан гэж боддог. Европыг яагаад хөгшин гэдэг вэ гэхээр тэд ерөөсөө шинэчлэл хийх боломжгүй болтлоо бүтээн байгуулалт хийчихсэн. Ерөөсөө л насан туршдаа нэг барилгад амьдрахаар барьчихсан, яав ч засвар хийх боломжгүй болчихсон. Тэнд хавар болгон ургах ургамал ургахаа больчихсон. Тийм болоод хүчилтөрөгч тэнд байхаа больчихсон. Би жуулчинд явж байхдаа Германы дэлхийд №1 ган бөмбөлгийн компанийн захиралтай 18 хоног Монголын говиор тойрч аялуулсан. Аялал дуусахын орой надад цалин гэж бэлэг өглөө. 18 хоног 3 сая төгрөг болох юм байна гээд баярлаад бодож байтал бараг 30-аад сая төгрөг өгдөг байгаа. Тэр хүнд юу ч биш л дээ. Гэхдээ тэр хүн надад нэг л юм хэлсэн. “Чи битгий хөгжөөрэй. Яг энэ байгаагаараа л бай. Хацар чинь улаан бол улаан, нүүр чинь бор бол энэ царайгаараа л бай, байшинд битгий амьдар” гэж хэлэхэд намайг өдөөд байна уу даа, ямар хэцүү юм дээ гэж дотроо би бодож байсан. Гэвч одоо бодоход үнэхээр үнэн гэдгийг ойлгосон. Тэр хүн хэлэхдээ “Бид байгаа юмаа гоё болгох гэж янзалсаар байгаад бүх юмаа устгачихсан. Жуулчид Монголд ирээд газарт ургаж байгаа энэ хүмүүл таана, онгон дагшин байгалийг л харж үзэж мэдрэхийг хүсэж байна. Хэдий их мөнгийг бүтээх гээд байгалиа устгачихсан” гэж ярьж байсан. Үүнийг бодоход хөгжил гэдгийг өндөр байшингаар төсөөлөхгүй. Байгаа хэв маягаа алдагдуулахгүй авч явна гэдэг бид өөрсдөө хөгжсөний шинж юм. Скандинавын орнууд, Швейцар, Мадагаскар арлууд зэрэг хүмүүсийн очих дуртай газар амьдралынхаа хэв маягийг алдаагүй, дэлхийн аялал жуулчлалын бренд болтлоо хөгжчихөөд байна. Бид баян гүрний эдийн засаг нь буурай хүмүүстээ зориулсан өндөр өндөр байшинг хөгжил гэж хараад байдаг. Үнэтэй том машин унаад зам бэлчээрээ сүйтгээд байх нь хөгжил мөн үү. Бид тал дээрээ таван ханатай гэртэйгээ морь,тэмээгээ унаад нүүдэлчин ахуйгаа хадгалах нь хөгжил. Мэдээж хашаандаа сайхан хаус барилгүй л яахав, эдлэн газартай сайхан тохижсон байхыг би хөгжил гэж харж байгаа юм. АНУ-д ажиллая л гээд байдаг тэнд очоод ажиллаж амьдраад үзсэн хүн Монгол л гоё юм байна гээд буцаад ирчихдэг. Тод илрэл нь ковидийн үед харагдлаа шүү дээ.
-Өвлийн эвент арга хэмжээнүүдийг олон жил зохион байгуулж байна.Ялангуяа Тэмээний баяр гадны жуулчдын зорьж ирж үздэг гол баяр болчихлоо шүү дээ. Хэдэн оноос зохиож эхлэв? Эвент арга хэмжээг зохион байгуулдаг болсноор ямар давуу талууд бий болсон бэ?
-Жуулчид өвөл ирдэггүй байсан. Өмнөговийн бренд бол тэмээ. Аймгийн лого, Оюутолгойн лого дээр ч тэмээ байдаг. Гэтэл тэмээний ашиг шимийг манайхан сайн мэдэхгүй байна. Ингэний сүү дэлхий дээр ямар үнэ цэнэтэй бүтээгдэхүүн гэдгийг удахгүй Өмнөговьчууддаа зарлана. Энэ чиглэлд түлхүү ажил хийж байна. 2015 оноос хойш “Ингэний сүү бол алт” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа. “Монгол тэмээ алт” гэсэн хөтөлбөрийг 2002 оноос хойш хэрэгжүүлээд явж байгаа. Өвлийн эвентийг зохиох хамгийн хүчтэй нөлөөлсөн зүйл бол тэмээ байсан. Говийнхны тэмээний соёл агуу өргөн соёл байдаг. Тэмээний баярыг 2002 онд Х. Түмэндэлгэр ахтайгаа хамтарч анхлан зохион байгуулж байгаад 2005 оноос хойш гардан зохион байгуулж ирсэн. Энэ баярыг зохион байгуулахдаа төрөөс нэг ч төгрөг авч үзээгүй. Гаднаас ирж байгаа жуулчдад такс авч түүгээр шагналын сангаа босгож явж байна. Сүүлийн 2-3 жил Аялал жуулчлалын яам өвлийн эвент арга хэмжээг анхаарч эхэллээ. Өмнөговь аймаг бас анхаарч эхэлж 3-5 сая төгрөг өгснөөр шагналын сангаа зузаатгаж явж байна даа. Тэмээний баяр өөрөө өөрийгөө санхүүжүүлээд, тэр баярт ирсэн 100 тэмээчин тэмээгээ маллаж байгаагийнхаа төлөө орлого олоод буцдаг механизмыг бий болгосон.Булган суманд Тэмээний баярын 3 өдрийн арга хэмжээ болоход 100 орчим сая төгрөгийг үлдээчхээд явдаг. Хүнийхээ гар дээр буюу Доржид 500, Дулмаад 200, колонкт 1 сая, дэлгүүрүүдэд 2 сая гээд тооцохоор чамгүй мөнгө. 2-хон өдрийн арга хэмжээ зохион байгуулахад сум дотроо 100 сая төгрөг олно гэдэг бол аялал жуулчлалын эдийн засгийн өгөөж нь тэр юм. Сумын дэлгүүрийн худалдан авалтад ч нөлөөлдөг. Дэлгүүрийн эзний бараа сонголтод ч нөлөөлж тэд жуулчинд зориулсан бараагаа ч бэлдчихдэг болсон. Тэмээгээ унахаа байчихсан, тохош, бурантаг хийхээ байчихсан байсан. Энэ мартагдсан соёлыг Тэмээний баяр хийснээр сэргээж байна. Бурантгаа хийж байна, тохмоо янзалж, тэмээгээ гоёж, дээлээ ижилсүүлж, хүрэм хантааз гоёл чимэглэлүүд улам л сайхан болгож байна. Анх тэмээний баяр зохион байгуулах гээд явж байхад хом шат олдохгүй байсан шүү дээ. Одоо айл болгоны л гадаа байдаг болсон. Энхбаатар гээд Булганы малчных гэхэд Тэмээний баярын үеэр 5-6 сая төгрөг олж байгаа нь малчдад маш том урам юм.
-Өмнөговьд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хийх ажил маш их бий. Гэхдээ Аялал жуулчлал чиглэлд цөөхөн хүн л зүтгээд байгаа харагддаг. Аялал жуулчлалаа түшиглэж Өмнөговь яаж хөгжих ёстой юм бэ?
-Жолооч нар, жуулчны баазынхан малчид тэмээчид, орчуулагч гээд бүгд тусалж байж ажил маань урагштай байна. Цөөхөн хүн зүтгээд байгаа юм шиг харагддаг л даа. Гэхдээ маш олон хүн аялал жуулчлалын төлөө зүтгэдэг. Ирээдүйд Өмнөговь аймаг аялал жуулчлалаасаа илүү их орлого олно гэдэгт бат итгэлтэй байдаг. Жишээ нь: Марс төсөл гээд маш том төсөл байна. Тус төслийн кемп байгуулах гуравхан газрыг дэлхий дээр сонгосны 2 нь Монголд байдаг.Түүний нэг нь Өмнөговьд байна. Гурвантэсийн их хонгил Хэрмэн цав бол Марс гарагийн гадаргуу, агаарын температуртай яг адилхан. Энд Марс гараг руу аялах гэж байгаа хүн одоогийн тооцоогоор 3200 доллар төлөөд заавал 7 хонох ёстой. Тэнд 7 хоносны дараа Марс гараг руу явна. Бас Марс гараг руу очсон юм шиг мэдрэмж авахын тулд заавал энд ирнэ.
Нөгөөтээгүүр дэлхий дээр хамгийн эрэлттэй хүн их үздэг музей бол Палеонтологийн музей байдаг. Манай Монгол улс тэр дундаа Өмнөговь аймаг палеонтологийн асар их ач холбогдолтой газар. Энэ хүрээнд Баян-загийн орчимд Өмнөговь аймгийн Өрхийн орлого хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг дэмжиж бүтээн байгуулалт хийгдсэн. Баян загийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад гар бие оролцож бүтээн байгуулалцсан. Энд байгуулсан Музейг үзсэн жуулчид сэтгэл хангалуун буцаж байгаа. Жуулчид сэтгэл хангалуун буцаж байна аа гэдэг чинь дараагийн жуулчид ирнэ ээ гэсэн үг. Аялал жуулчлал их гэрэл гэгээтэй харагдаж байна. Өнгөрсөн онд орон нутгаас аялал жуулчлалын тоймтой шийдвэрүүдийг гаргаж дэмжлэг үзүүлсэн. Хонгорын голд 200 орчим сая, Баян загт 400 орчим сая, Шар цавт 700 орчим сая төгрөгийн бүтээн байгуулалтууд хийгдсэн. Өмнөговь аймгийн удирдлагын түвшин миний ажиллаж байгаа Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоог үнэлээд бидэнтэй нягт хамтран ажиллаж байгаа. Аймгийн БОАЖГ-ын дарга Б. Пүрэвтулга, Мэргэжилтэн Бурмаа нартайгаа маш ойлголцож хамтарч ажиллаж чаддагийн үр дүнд энэ салбар маань их гоё болж байна л даа.
Жуулчдын гол урсгал Өмнөговь руу ирж байна. Гэтэл зочдоо яаж угтахаас эхлүүлээд тухайн улсын соёл харилцаа хэмжигддэг. Аялал жуулчлалын угтах үйлчилгээний соёлд Өмнөговьчуудаа сургахаар сүүлийн жилүүдэд нэлээд ач холбогдол өгч байгаа харагддаг
Тийм ээ, Аймагтаа Зочлох үйлчилгээний сургалтыг 2 дахь жилдээ хийж байна. Зочлох үйлчилгээ гэхээр хүн болгон зөвхөн аялал жуулчлалын юм гэж хараад байдаг. Гэтэл үгүй шүү дээ. Тухайн аймгийн бренд, олон нийтэд сурталчлах дэлхийн тавцанд гаргах хандлага юм. Өмнөговь аймагт дэлхийн хаанаас ч, хэн ч ирж болно. Тэгэхээр Өмнөговь аймгийн имиж нь ямар байх юм, үүнийгээ тодорхойлох сургалт юм. Тогооч, зөөгч, бартендер, бариста, харилцаа хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг хүний мэдэх ёстой 10 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй сургаж байна. Монголдоо олон жил энэ чиглэлд амжилттай ажиллаж байгаа цол зэрэгтэй багш нар заадаг.Доктор багш, мастер тогооч нар сургалт явуулдаг. Хүн бүр л сайхан кофе найруулаад сурчих юмсан, коктейл хийгээд сурчих юмсан гээд тэрийгээ Улаанбаатар хотод л очиж сурна гэж ойлгоод бодоод яваад байдаг. Өмнөговьд авчирсан хойно нь Улаанбаатараас муу заах байх гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Гэтэл тийм биш Улаанбаатар хотод байгаа сургалтаас илүү чанарлаг сургалт болдог. Хотод зөвхөн 2 өдрийн сургалт 450 мянга байдаг. Өөрсдөө материалаа авч очдог. Харин манай сургалт ямар ч үнэгүй, бүх материалыг нь үнэгүй бэлдээд өгдөг.
Ховорхон боломж олгох сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулах гээд 78 орчим сая төгрөгийн төсвийг өөрөө босгоод сургалтыг зохион байгуулж байгаа маань аялал жуулчлалын их урсгалд Өмнөговьчуудаа бэлэн байлгах гэж л хичээж байгаа нэг ажил маань юм даа. Аялал жуулчлал хүссэн хүсээгүй ирээдүйд бренд болтлоо хөгжинө. Өмнөговьд одоо ирж байгаа жуулчид 10 дахин өсөөд орж ирэхэд манайхан зочин аваад, угтаад сурчихсан, кофе найруулаад сурчихсан, жолооч нь сайхан үйлчилдэг болсон байх нь л чухал юм.
-Ажил амьдралдаа гол зарчмаа болгож явдаг зүйлээ хуваалцана уу?
-Манай ээж хэлдэг юм. “Олонтой яваарай” гэж. Олонтой явахад зарим нэгийг нь гомдоочих гээд заримыг нь хэт баярлуулчих гээд байдаг. Олны дунд доошоо орчихгүй, дээшээ гарчихгүй, ноён нуруутай, зөв боловсон явах юмсан гэж боддог. Нэг алдаа гаргасан ч уучилчих хэмжээний найз нөхөдтэй, хүн гомдоочихгүй юмсан гэж бодож явдаг.
Залуу хүний хувьд нутаг орноо хөгжүүлэх ажлаа өөрийнхөө ажиллаж байгаа салбараасаа эхлүүлж байна. Нутаг орны хөгжлийг авч явахын тулд цаашдаа Өмнөговийн залуус юун дээр нэгдэх ёстой вэ?
-Манай аймагт уул уурхай гээд том “данхраад” байдаг. Шинэлэг технологитой л юм чинь залуучууд тийшээ ажиллах нь зөв. Гэхдээ Өмнөговьд үлдэх үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрийг дэмжиж энэ чиглэл рүү ороосой гэж боддог. Ялангуяа хөрш улсаас ямар ч тоног төхөөрөмж ороод ирж байна. Лаазтай коланы лаазыг ч бид хийх боломжтой. Заавал Улаанбаатар хот руу гоё газар зорих биш Өмнөговьдоо гоё газрыг бий болгох хэрэгтэй.
Боловсролыг заавал гадаадад биш Өмнөговьдоо сураад нутгаа хөгжүүлэхийн тулд залуучууд хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой. Өмнөговь гэхээр муухай, Улаанбаатар хот гэхээр л гоё харагдаад байдаг. Тэр биш. Өмнөговь гоё хот цаашаа гэдэг ойлголтыг л авах ёстой байх. Том уурхайнуудад ажиллалгүй л яахав. Гэхдээ Өмнөговийнхоо хөгжлийг Саудын Араб шиг баян хот болгохын тулд байшин барилгуудыг барихдаа ч гэсэн загварт нь анхаарах хэрэгтэй. Яагаад дандаа Оросыг дуурайж дөрвөлжин байшин барих ёстой юм. Усан оргилуур говьд хийхэд юуг нь анхаарах ёстой зэргээр олон улсын стандартыг Өмнөговь руугаа шингээж байх ёстой. Хөгширсөн Европын стил биш шинээр хөгжиж байгаа хотыг босгох ёстой. Манай залуучууд хөгжиж байна гээд дарга нарыгаа ч юмуу, ах нарыгаа ч дуурайдаг юм уу үнэтэй машин, хувцас, хөрөнгө сонирхож байна. Үүний оронд бат бөх гэр бүлтэй, нутаг гэсэн амьтай байгаасай гэж боддог. Өмнөговийнхон шиг нэгнийгээ жоохон доош нь хийгээд байдаг газар байдаггүй санагддаг. Нутгаараа гэсэн жалга дов байхаас нутаг дотроо жалга дов байж болохгүй санагддаг.
-Сонгуульт ажлаасаа хуваалцвал?
Оюутан цагаасаа л аливаа зүйлд идэвхтэй оролцож ирсэн. “Газарчин” дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга, Оюутны дотуур байрны дарга, Өмнөговь аймгийн Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн тодотголтой би чинь. Сүүлд харин Монголын тэмээн соёл уралдааны холбооны менежер, Дэлхийн Тэмээн соёл уралдааны холбооны гишүүн, Азийн тэмээн соёл уралдааны холбоог үүсгэн байгуулагч, Өмнөговь аймгийн Аялал жуулчлал холбоог үүсгэн байгуулагч, гишүүн, гүйцэтгэх захирал гээд энэ чиглэлд идэвхийлэн ажиллаж байна даа.
-Дэлхийн тэмээн соёл гэснээс Өмнөговийн тэмээн соёлыг дэлгэрүүлж байгаа та бүхний ажил дэлхийн тавцанд гарч байгаа сайхан мэдээнүүд дуулдах болсон?
-Тэмээний уралдаан, баяруудыг Өмнөговь аймагтаа нэлээд хэдэн жил амжилттай зохион байгуулахаар зорьж яваа бидний ажил амжилттай байна аа. Тэмээний соёлыг хөгжүүлж ирсэн мундаг ах нараараа бахархаж явдаг. Тэмээний баярууддаа хүндэтгэн урьдаг. “Тэмээ хамгаалах сан”-г үүсгэн байгуулсан Ажнай хэмээх Д. Бат-Эрдэнэ ах, Тэмээн полог хөгжүүлж байсан Оюунбаатар ах, Тэмээн аялал жуулчлалыг хөгжүүлж, Түмэн тэмээн баярыг эхлүүлж байсан Х. Түмэндэлгэр ах, Тэмээн соёл уралдааны холбоог үргэлжлүүлж маш өндөр цар хүрээтэй авч явж байгаа Р. Сэддорж ах, Номгон сумын харьяат Г. Хоролмаа гээд буурын бохиор докторын зэргийг Япон улсад хамгаалаад ирсэн эгч гээд олон хүмүүсийн хичээл зүтгэлийн үр дүнд тэмээн соёлыг дэлхийд хүргэх ажил маш амжилттай явж байна. Тэмээний талаар сэтгэлээсээ л ажил хийгээд явж байсан надад нэг өдөр Киргиз улсаас урилга ирлээ. Азийн тэмээн холбоог байгуулъя, Монголыг төлөөлж ирнэ үү гэсэн утгатай. Тэгээд энэ сайхан үйл явдалд оролцож Монголын говийн тэмээгээ сурталчлах боломж ирсэн. Тэр үйл ажиллагаанд мэдээлэл солилцож байхад тэд нарын хажууд манай Монгол тэмээний талаар их юм хийсэн байна шүү. Тэгээд тэр холбоог үүсгэн байгуулагч анхны гэрч болсон. 2019 онд Саудын Араб улсад болсон дэлхийн холбоог байгуулах хуралд Монголоос очиж оролцож дэлхийн 80 гаруй орны 200-д хүн оролцож Монголын тэмээний талаар тэргүүн эгнээнд сууж санал бодлоо хэлсэн. Дубай тэмээ рүүгээ их анхаардаг. Энэ улсад болсон хуралд Тэргүүн Р. Сэддорж оролцсон.Дэлхийд тэмээний талаар ямар нэгэн арга хэмжээ болоход удирдах зөвлөлийн 22 хүнд мэдээлэл нь ирдэг болсны нэгэнд Монголоос багтаж байгаадаа баяртай байдаг.
Дэлхий дээр 3 төрлийн тэмээ байдаг. Нийт 25 сая тэмээ бий. 21 сая нь нэг бөхтэй тэмээ, 2 саяыг нь лам гөрөөс гэж ярьдаг урт хүзүүтэй тэмээ, үлдсэн сая гаруй хувийг 2 бөхтэй тэмээ эзэлдэг. 2 бөхтэй тэмээний үндсэн 60% нь Монголд байдаг. Монголд байдаг нийт тэмээний 80 гаруй хувь нь Өмнөговь аймагт байдаг. Энэ жил Тэмээний баяраа нэлээд өндөр түвшинд зохион байгуулах гэж байсан боловч ковидоос шалтгаалж болсонгүй. Тэмээгээ үнэ цэнэтэй болгох, амьдын үнэлэмжийг нь нэмэгдүүлэх ажлуудыг цаашдаа хийнэ ээ.
Амжилт хүсье.Ярилцсанд баярлалаа