Ц. Мягмарцэрэн: Монгол бөхийн барилдааны дүйзийг 25 жил хөтөлж байна
Цэрэнпунцагийн Мягмарцэрэн хөнгөн атлетикийн спортоор хичээллэж амжилт гаргасан цөөхөн тамирчдын нэг. Спорт бол түүний амьдралын салшгүй нэг хэсэг. Зурагтаар бөхийн барилдаан гарвал л үзэг, дэвтэр бариад шимтэн бичиж тэмдэглэдэг аавынхаа хоббиг үргэлжлүүлж барилдааны дүйз хөтөлж эхэлсэн нь түүнийг бөхийн спортод шимтүүлсэн гэдэг. 3-р ангийн сурагч байхаасаа л эхлүүлсэн үндэсний бөхийн дүйз хөтлөлтөө 25 жил тасралтгүй бичиж байгаа Ц. Мягмарцэрэнтэй ярилцлаа.
-Өөрийгөө танилцуулна уу?
-Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул. Энд төрж өссөн. 2002 онд 3-р сургуулийн дүүргэсэн. МУИС-ын Хятад хэлний ангид суралцаж 2007 онд Хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгсөж орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа жирийн нэг залуу.
-Хөнгөн атлетикаар хичээллэж амжилт гаргаж байсан тамирчин хүн. Хэдэн оноос хөнгөн атлетикаар хичээллэж, ямар амжилт гаргаж байв?
-Анх 6-р ангид Хөнгөн атлетикийн секцэд орж байсан. Миний анхны багш минь С. Түвшинбаяр л даа. Багшийнхаа удирдлага дор хөнгөний спортоор шаргуу хичээллэж 1999 оноос хойш улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Хамгийн анхны амжилт гэвэл 1999 оны 7 сард болсон Монголын бүх ард түмний 10-р спартикиадын хөнгөн атлетикийн төрөлд 4х4, 4х400м зайд уралдаж Мөнгө, Хүрэл медаль хүртэж байсан. Энэ амжилтдаа өөрөө маш их урамшиж 1999-2012 онуудад бэлтгэл сургуулилтаа байнга хийж ирсэн. Миний зорилго бол МУ-ын рекорд амжилтыг эвдэх, цол зэрэгтэй том тамирчин болох багийн мөрөөдөлтэй хүүхэд байсан. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөж спортод орсон. Хүн зорилго тавиад тэр зорилгодоо тууштай байвал амжилт гардаг гэдгийг өөр дээрээ мэдэрсэн. Хамгийн анхны томоохон амжилт гэвэл 2000 онд ОХУ-д болсон Саха, Якут хотод болсон Азийн хүүхдийн 2-р наадам юм. Азийн 13 орны өсвөр үеийн тамирчид оролцсон томоохон тэмцээнд Өмнөговь аймгаас 9 тамирчин оролцож байсан. Энэ тэмцээнд 4х100, 4х400м зайд Алт, Мөнгөн медаль хүртэж байсан үе маань хамгийн сайхан мөч. Өмнөговь аймгаас очиж оролцсон 4 найз маань 4х400м зайд уралдаж Монгол улсын залуучуудын дээд амжилтыг 3 минут 29,89 секундээр тогтоож байсан. Одоо 20 жил болсон хэдий ч энэ амжилт эвдэгдээгүй байгаа. Энэ тэмцээн надад их урам зориг өгсөн дөө. 2006 онд Катар улсын Доха хотод болсон Азийн Зуны спортын анхдугаар наадамд оролцож байлаа. Азидаа л олимп гэсэн үг. Тэр тэмцээнд 400м зайд уралдаж Өмнөговь аймаг тэр дундаа Монгол улсаа төлөөлөн оролцож хувийнхаа амжилтыг ахиулж байсан. Улсын аварга шалгаруулах, олон улсын тэмцээнээс нийтдээ 40 гаруй медаль хүртсэн. Сүүлд Бүх ард түмний 14-р спартикиадад оролцсон цагаас хойш том тэмцээн уралдаанд ороогүй.
-Анагаахын салбарт ороод энэ чиглэлээр суралцаж байгаа гэсэн. Спортын хүн Анагаахын салбар руу яагаад хөтлөгдөх болов?
-Өнгөрсөн намраас хотод АУИС-д суралцаад явж байна. Эхнэр маань Эм зүйч мэргэжилтэй. Даланзадгад хотод Эмийн сан ажиллуулдаг. Гэр бүлийнхээ хүнд дэмжлэг үзүүлж энэ чиглэлд анхаарлаа хандуулж байна. Өмнөговь аймагт Эм зүйч мэргэжилтэй хүн дутагдалтай байдаг юм билээ. Эрүүл байна гэдэг хүн болгонд хамаатай асуудал болоод байна. Тиймээс хүн болгонд нөлөөлж байгаа салбар учраас энэ салбарт орж мэдлэгээ ахиулъя гэсэн зорилготой орсон.
-Үндэсний бөхийн дүйз хөтөлдөг сонирхолтой хоббитой. Яагаад бөхийн дүйз хөтлөх болсон бэ?
Монгол бөхийн орон. Бөх сонирхдоггүй Монгол эр хүн ховор. Манай аав цэргийн хүн л дээ. ЗХ-ний 167-р ангид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Үндэсний бөх их үздэг. Аав маань телевизээр бөх гарвал л үзэг дэвтэр бариад суучихдаг хүн. Аавын үлгэр дуурайлал намайг нэг мэдэхэд л бөх сонирхдог болгосон. Багаасаа л аавынхаа энэ сонирхлыг харж өссөн болохоор өөрийн эрхгүй л татагдаж орсон доо.
-Хэдэн оноос дүйз хөтөлж эхлэв?
-Би 1996 оноос хойш үндэсний бөхийн дүйзийг хөтөлж эхэлсэн. Хамгийн анх 1995 оны 12 сараас 3-р ангийн сурагч байхдаа Бөхийн барилдааныг бичиж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй 25 жил бичиж байна. Заалны барилдаан, улсын наадам, даншиг наадмууд, улсын цолтой бөхчүүд оролцсон томоохон барилдааныг бичдэг. Жилдээ 30-40 барилдаан тогтмол болдог. Тэрийг алдалгүй бичдэг. Монгол телевизээс өөр суваг гардаггүй байх үед цөөхөн барилдаан гардаг байсан. Тиймээс Бөх, Таван цагираг сонин захиалж уншдаг байлаа. Тэндээс бөхийн барилдаануудын талаар мэдээлэл их уншдаг. 1995 оноос хойш цуглуулсан энэ сонины архивыг одоо ч хадгалж байдаг. Одоо мэдээллийн бүх суваг нээлттэй болсон учраас бичихэд амар болсон. Нийтдээ 7 дэвтэр байгаа. Хүмүүс их сонирхож үздэг.
-Өөр сонирхолтой цуглуулга бий юу?
-Бөхтэй холбоотой ном их цуглуулдаг. МУ-ын хэмжээнд бөхтэй холбоотой 600 гаруй ном байдаг гэсэн тооцоо судалгаа байдаг. Бүгдийг нь цуглуулах гэхээс чухлыг нь цуглуулдаг. Бөхчүүдийн ярилцлага, фото зураг, марк, сонины хайчилбар зэргийг цуглуулдаг.
-Энэ жилийн сар шинийн барилдаан болоогүй.Энэ жилийн сар шинийн барилдааны дүйз хөтлөлтөө тасалдуулчихсан уу?
Цагаан сарын бөхийн барилдаан Битүүний өдөр болоод өнгөрдөг. Хүмүүс маш их үздэг. Барилдаанаа үзээд сар шинээр ярих юмтай шинэлдэг. Ер нь 1963 оноос Цагаан сарын барилдаан зохиогдож эхэлсэн түүхтэй юм билээ. 1963-2019 оныг хүртэл тасралтгүй болж байсан барилдаан энэ жил тасарсан. Битүүнд барилдаан болохгүй учир бөхөө их үгүйлцгээсэн. Миний хувьд бүх барилдааныг багцлаад мэдээлэл байдлаар нийтэлбэл хүмүүс сонирхож магадгүй гээд цагаан сарын барилдааны цуврал мэдээлэл бэлтгэсэн. Барилдааны онцлог, оноолт, шагнал, шалгарсан шилдэг бөх зэргийн мэдээллийг нэгтгээд Gobimedia.mn сайтад цувралаар нийтэлсэн.
http://gobimedia.mn/index.php?newsid=899
http://gobimedia.mn/index.php?newsid=903
-Залуустаа хандаж хэлэх үгээр тань ярилцлагаа өндөрлөе?
-Гар утас, технологийн хөгжлийг дагаад хүмүүсийн дунд хөдөлгөөний дутагдал их байна. Ялангуяа хүүхэд залуучууд спортоор хичээллэх идэвх муу байна уу гэж хардаг. Гүйлтийн спорт бүх спортын хаан нь. Тиймээс гүйлтийн спортоор олон хүн хичээллээсэй гэж боддог. Нийтийн биеийн тамир ч гэж их ярих болсон. Өглөө эртлэн босоод эрүүл агаарт дугуй унаж, гүйж байгаарай гэж уриалах байна даа.
Ярилцсанд баярлалаа.