Уул уурхайн хѳгжилд туйлдсан уламжлалт мал аж ахуй
Өмнөговь аймагт дэлхийн анхаарлын төв болсон томоохон ордууд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ ордууд Монголын эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа хэдий ч олборлолт явуулж буй бүс нутагт олон сөрөг зүйлсийг авчирдаг. Уламжлалт МАА зонхилж байсан нутагт уул уурхайн олборлолт эрчимтэй явуулах явцад хамгийн их сөрөг нөлөөлөлд өртдөг нь тус бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа нутгийн уугуул иргэд, малчид юм.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум гэхэд аймгийнхаа 15 сум дотроо хамгийн бага буюу 700 гаруй га газар нутагтай. Үүний 16% нь ашиглалтын лицензтэй. Суманд харьяалалтай 7800 иргэн байдаг ч уул уурхай дагасан хөдөлгөөнт хүн амтай нийлээд 20-иод мянган хүн энэ бүс нутагт байнгын болон түр оршин суудаг. Тус сум 310 малчин өрхтэй.
Нөлөөллийн хүчтэй бүсэд уурхайн овоолго шороотой хаяа дэрлэн амьдардаг олон малчин өрх малаа бэлчээх нутаггүй, ус худаг нь жилээс жилд дундарч, газар нутгаар хавчигдаж, тоосжилт дунд хохирч амьдарсаар байна.
Энэ бүсэд тоосжилт, хөрсний болон агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал. Говийн бүс нь салхи шуурга ихтэйн дээр олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь тоосжилтын гол үүсгэгч болдог. Нүүрсний ил уурхай нь асар их хэмжээний хатуу хаягдал болон тоос ялгаруулдаг. Уурхайн нүүрсний овоолго шорооны тоос тортогт олон жил хордож суугаа малчдад бас нэгэн зовлон нэмэгдсэн нь Улаанбаатар хотыг утаагүй болгохоор өдөр шөнөгүй тээвэр хийх нүүрс тээврийн машинуудын тоосон зам татуулсан цуваа юм.100-200 хүнд даацын машин малын бэлчээр, газрын хөрс, худаг усыг нь сүйтгэн, салхин дээд талаас нь тоос түйрэнгээр булж өдөр бүр нааш цааш давхиж говийн эмзэг хөрс, бэлчээрийг талхалж маш их тоосжилт, агаарын бохирдлыг үүсгэж байна. Тээвэрлэгч жолооч нар замбараагүй зам гаргаж, байгаль орчин сүйтгэж, мал дайрч малчдад хохирол учруулдаг. Говийн хөрс эмзэг тул чиргүүл дүүрэн нүүрстэй хүнд даацын машины цуваа нэг өдөр явахад л газрын хөрс орвонгоороо эргэж сул пургисан шороо болдог.
Говийн ард түмний хамгийн тулгамдсан асуудал бол ус. 2008 оноос хойш хийгдсэн хэд хэдэн судалгаагаар Тавантолгойн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа цаашид эрчимжсэн тохиолдолд 2030 оноос одоогийн тогтоосон газрын доорх гүний усны нөөц хүрэлцэхгүй болох эрсдэл байгааг тооцоолсон байдаг. Малчид усгүй болох аюулыг аль хэдийн амсаад эхэлсэн. Цогтцэций сумын Цагаан Овоо багийн хувьд хэд хэдэн худаг ус ширгэсэн. Усны түвшин доошилсоор байгаа. Худаг нь ширгэсэн учраас 3 км-ийн зайтай саахалт айлын худгаас зөөврийн ус хэрэглэдэг малчид ч байна. Хэд хэдэн малчин айл дундаа ганц худаг ашиглаж, усны ундарга муудсанаас малаа бүрэн усалж чадахгүй л шавхагддаг. Малчдын дунд уснаас болж маргаан үүсч эрдэнэт хүний амь хүртэл эрсэдсэн байдаг. Уурхайнууд говийн гүний усыг ашиглахгүй байгаа хэмээн мэдэгддэг ч байгаль, эх дэлхий усгүй болох аюул нүүрлэснийг харуулсаар байна.Говьд эрдэнэ мэт ховор гүний усыг уурхайд ашигладагт нутгийн малчид, иргэд маш ихээр эсэргүүцдэг.
Малчид нүүрсний шалаанзанд малаа дайруулж эд хөрөнгөөрөө хохирдог. Нүүрс тээврийн машинд бод, бог малаа дайруулсан тохиолдолд эргээд хэнд, хаана хандахаа мэдэхгүйгээс хохирч үлддэг. Мөн уурхайн эдэлбэр газрын тойруулан ухсан суваг шуудуу нь бороо хуртай үед усаар дүүрч, түүнээс ус уухаар очсон мал унах, шаварт шигдэж үхэх,гэмтэх тохиолдолд ч бий. Нүүрс тээврийн жолооч нар зам дагуух малчдын мал хуйг шахан үргээж, худаг уснаас нь дур мэдэн ус авч, машин тэргээ угааж худгийг нь эвдэх энүүхэнд. Мал услах усыг тоос түйрэнгээрээ булаж худаг тойрсон хөрсний эвдрэл бургиа шороо үүсгэдэг нь малчдад бас нэгэн бэрхшээл болдог.
Уурхайн бүс нутгаас хундан цагаан хонь харна гэж бараг л үгүй. Нүүрсний тортог, утаа тоосонд бөртийсөн бор хар зүстэй л харагдах мал сүргийн дотор эрхтэн нь ямар байх нь ойлгомжтой.Тоосжилт, хөрс, агаарын бохирдлоос шалтгаалж малын дотор гэдэс, уушги нь тас хар, ходоод нь шороо чулуу дүүрэн, хүнсэнд ашиглах ямарч боломжгүй тул хаядаг. Түүнчлэн тоос түйрэнгийн улмаас малчид цагаан идээгээ нар салхинд гэр дээрээ тавьж хатаах дэлгэх, байгалийн жамаар боловсруулах нөхцөлгүй байдгаас зарж борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлж чаддаггүй. Мал мах сүү цагаан идээгээ зарж борлуулах орлого хумигдаж арга цөхөхдөө орон нутаг, төр засагтаа ханддаг ч асуудал шийдвэрлэсэн зүйлгүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчийг туулсаар. Малын мах сүү цагаан идээгээ боловсруулж зарж борлуулж чадахгүй малчид яаж амьдрах билээ.
Уурхайн орчмын малчдад Таван толгойн бүлэг ордын тэсэлгээний ажлаас дуу чимээ, доргилт хүчтэй мэдрэгддэг. Дуу чимээний чичиргээний нөлөөллийг хэмжих хянах ажил хийгддэггүйгээс малчид өөрсдийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд ямар нөлөөлөл үүсч байгааг мэдэх боломжгүй. Уурхайн компаниудын зүгээс тэсэлгээний хуваарь холбогдох мэдээллийг малчдад өгдөггүй. Судалгаагаар нөлөөлөлд өртсөн зарим малчин айлууд уурхайн тоос дуу чимээ хөрсний эвдрэлийн нөлөөллөөс холдон нүүсэн байдаг. Үндсэндээ Цагаан Овоо багийн малчдад уул уурхайн нөлөөллөөс болж уламжлалт мал аж ахуйгаа эрхлэх ямар ч нөхцөлгүй болсон. Уул уурхайн эрчимтэй олборлолт тэднийг үе дамжин нутаглаж ирсэн газар нутгаасаа дайжихад хүргэжээ. Гэвч идээшиж дассан нутаг усаа орхиод малчид хаачих вэ?
Уурхайн тоосжилт говь нутгийн ирээдүй хойч болсон бяцхан үрс, урагт ноцтойгоор нөлөөлж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд үр зулбах, архаг уушгины өвчтэй болох, хорт хавдар тусах зэрэг өвчлөлд хамгийн их өртөж байгааг эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тогтоогдсон.Том машины угаар, тоосжилтоос болоод харшил үүсч, дотор эрхтэн болон уушгины өвчлөл, хүчилтөрөгчийн дутмагшилийн өвчлөл их байдаг. Мөн малчид хүнд даацын машины байнгын нүргээн, дуу чимээнд эд эрхтэн, сэтгэлзүйн маш их стресст автдаг. Тайван амгалан тал нутагтаа уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж байсан малчдад уул уурхай хүч түрэн орж ирж нутаг бэлчээрээс нь хөөж тууж амьдрах, амьд явах эрхэд нь ноцтойгоор халдаж байгаад санаа сэтгэл тайван амгалан бус болж үүнээс үүдэн даралт ихсэх өвчлөл наад захын асуудал болжээ. Тоосжилтын орчин жирэмсэн эхийн урагт ноцтойгоор нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагуудын судалгаа ч харуулдаг. Үүсээд байгаа нөхцөл байдалд эрүүл мэндийн болон хүний эрхийн байгууллагууд судалгаа хийж Цогтцэций сумын зонхилох өвчлөлийн 1-рт амьсгалын замын өвчин 2-рт ходоод гэдэсний өвчин 3-рт хавдар эзэлж байгааг тогтоожээ.
Цагаан-Овоо багийн төвд уурхайн ажилтан, иргэд гээд 700-д хүн амьдардаг. Сүүлийн жилүүдэд нүүрс олборлолт эрчимтэй явагдсанаар тус тосгон тэр чигээрээ нөлөөлөлд өртөж эргэх 4 улиралд байнга тоос шороо нүүрсний утаа, харанхуй тоосон дунд амьдардаг болжээ. Нүүрсний овоолго шороо уурхайн тосгон руу түрж орсноос нөхцөл байдал улам хүндэрч бүхэл бүтэн багийн иргэд, уурхайн ажилчдын ар гэр амьдарч буй тосгон, эд хөрөнгө юутай хээтэйгээ нүүрсний овоолго шороонд дарагдахад хүрээд байна. Холбогдох удирдлагууд нүүлгэн шилжүүлэлтийн асуудал эрчимтэй ярьж байгаа ч байдал хэвээр маш олон иргэд, малчдын хувь заяаны асуудал эмгэнэлтэй, хөөрхийлөлтэй байдалд байсаар л байна.
Байгаль орчин, нийгэм, хүний эрхэд учирч байгаа асуудал 2016 оноос улам даамжирч ноцтой үр дагаварт хүрч буйд малчид санаа зовниж зохих арга хэмжээ авахыг олон улсын болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд, төр засагт аврал эрэн ханддаг.
Таван толгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээгээр малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах, оршин суух газраа чөлөөтэй сонгох гэх мэт эрхүүд ноцтойгоор зөрчигдөж байгааг ХҮЭКомиссын тус бүсэд ажилласан 2018 оны судалгааны дүгнэлт харуулдаг. Хүний эрхийн байгууллагууд энэ бүс нутагт үүсээд байгаа асуудлыг бодитоор нь дүгнээд гаргачхаж гэтэл төр засаг таг чимээгүй суусаар. Малчин эмэгтэйчүүд, тэдний үр хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигддөг нөгөөтэйгүүр эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байгаа юм.Мөн мал маллах аргагүй, нутаг бэлчээргүй болж цөхөрсөн малчид төв суурин газар бараадан шилжин суурьшдаг. Гэтэл энэ нь цаанаа ажилгүйдэл, ядуурлыг бий болгож байна. Сумын удирдлагууд малчдад тулгараад буй асуудлын талаар уул уурхайн компаниудад ханддагч байдал хэвээр байна.
Цогт-Цэций сум нүүдлийн соёл иргэншил зонхилсон МАА эрхэлсэн эдийн засгийн бүтэцтэй сум байсан. Өнөөдөр эдийн засгийн бүтцийн тогтолцоо нь Уул уурхай хүнд үйлдвэр, МАА гээд хосолмол эдийн засгийн бүтэцтэй болжээ. Ялангуяа уул уурхай, хүнд үйлдвэрлэлээс үүсч байгаа сөрөг нөлөө нь МАА үйлдвэрлэлдээ эргээд хүндээр тусч байгаа нь хамгийн ноцтой асуудал. Уул уурхайн олборлолтоос үүсч байгаа агаарын бохирдлын асуудлаас болж энэ нутаг дэвсгэрт амьдарч байгаа унаган иргэд, малчдын асуудал хөсөр хаягдсанаас гадна байгаль орчны сүйрэл, доройтол хэрээс хэтэрсэн. Хөрсний эвдрэл түүнийг дагаад бэлчээр эвдэрч, ургамлын бүрхэвч, байгалийн зүй зохистой эко систем алдагдаж байна.Хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол усны асуудал.
Өнөөг хүртэл Тавантолгойн уурхайн бүсийн тоосжилтын эх үүсвэрүүд, тархац, байгаль малчдад үзүүлж буй нөлөөллийн талаар цогц судалгаа хийгдээгүй. Тавантолгойн уурхайнууд Монгол улсын нийт агаарын бохирдлын төлбөрийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. Гэтэл хамгийн хачирхалтай нь нүүрсний уурхай орчмын агаарын бохирдлын асуудал, орон нутгийн малчид иргэдийн эрүүл мэндийн эрсдэлд энэ мөнгө зориулагддаггүй. Агаарын бохирдлын төлбөрийг хурааж эхэлснээс хойш нүүрсний уурхайн шууд болон дам нөлөөнд автсан тус бүс нутагт агаарын бохирдолтой тэмцэх, малчид иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж нэг ч төгрөг зарцуулаагүй.
Өмнөговийнхон говийн хүний уужуу сэтгэлээр уул уурхайд хүлээцтэй хандаж ирсэн. Гэтэл өнөөдөр үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт нутгийн малчид хэдэн үеэрээ нутаглаж, идээшиж дассан нутаг уснаасаа хөөгдөж, хий дэмий л төр засгаа царайчлан сууна.Өвөлжөөн доорх газар чинь манайх өөрсдөө та нар нүүцгээ гэсэн увайгүй зарчимтай уул уурхайгаас тэд хариуцлага нэхэж шаардаж байна.
Малчид дуу хоолойгоо нэгтгэж, тэвчээрийн эцсийн туйлдаа хүрч байгаль орчин, нутаг усныхаа төлөө тэмцээд эхэлжээ. Тэд нутаг бэлчээр талхлахгүй авто зам тавихыг шаардаж байна. Хүнд ээлтэй хариуцлагатай уул уурхайн бодлогыг нэхэж байна. Эрх нь зөрчигдөөд байгаа малчдын асуудлыг зөвөөр шийдвэрлэх, эх дэлхий байгальдаа ээлтэй шийдвэрийг хүсэж байна. Төр засаг уул уурхайн бүс нутгийн бодлого зохицуулалтад онцгойлон анхаарахгүй бол хэвлийдээ асар их баялагтай газар нутаг, онгон дагшин байгалиа хайрлаж хамгаалж ирсэн говийн малчид хэцүүхэн дүр төрхтэй амьдарч байна.
Ч. Сумъяа