📅

МЕТАН ХИЙН ЭРИН ЗУУН АЙСУЙ

🕔 2019/08/01 20:04 5 339
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  Австралийн “Golden Horde” компани Таван толгой ордод метаны нөөцийн судалгаа хийсэн байдаг. Урьдчилсан таамгаар зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон юм. Тэдний  судалгаагаар Тавантолгой уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ, хийн чанарын үзүүлэлт “маш сайн” гэж гарчээ.  Тиймээс Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ метан хийн асар их хэмжээний нөөцтэй байх магадлалтайг судлаачид тооцоолж байна.Өнөөгийн нөхцөл байдлаар уурхайн олборлолт гүн рүүгээ ойртох тусам их хэмжээний метан хийг зүгээр л агаарт хорт хаягдал болгон хаяж байгаа юм. Агаарт хийсэх мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, байгаль эх дэлхийгээ хорт хийнээс хамгаалж, амьдрах орчноо утаагүй болгох, дэд бүтцийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх, эхний ээлжинд дотоодын хэрэгцээгээ хангах зэрэг метан хий тойрсон асуудлуудад Монгол улс бэлэн үү гэдэг анхаарал татах асуудал.
Өмнөговь аймагт уул уурхайн нүүрсний олборлолттой зэрэгцэн гарч ирж буй метан хийн шинэ ойлголт орон нутгийн хөрсөн дээр хэрхэн, яаж буух вэ гэдгийг ч мөн анхаарлын гадуур өнгөрөөх боломжгүй. Дэлхий нийт байгаль орчинд ээлтэй цэвэр түлшний эх үүсвэр, түүхий эдийн эрэл хайгуулд хэдийнэ  мордож уламжлалт бус шинэ хийн салбарын хөгжилд онцгой анхаарч байгаа нь метан хийн үнэ цэнийг улам тодруулж байна. 
Нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсдаг улс бол Монгол. Үүний ихэнх нь Өмнөговь аймагт бий. Эдүгээ нүүрсний нөөц баялгаас гадна хамгийн их яригдаж буй нь нүүрсний давхаргын метан хий. Дэлхий нийтээрээ  “эрин зууны түлш” хэмээн нэрлэгддэг метан хийн хөгжилд манай улс сүүлийн жилүүдэд ихээхэн  анхаарал хандуулж байна. Нүүрсэнд олон төрлийн хий хуримтлагддаг. Энэ хийнүүдээс их агуулгатай нь метан хий буюу байгалийн хий хэмээн судлаачид тайлбарладаг юм. Метан хийг нүүрсний давхаргын нүх сүв, ан цавыг дүүргэж оршдог хий гэж энгийнээр  ойлгож болно. Нөгөө талаас дэлхийн дулааралд гол нөлөө үзүүлж байгаа хүлэмжийн хий нь өнөөх метаны алдагдалаас л  үүдэлтэй. 
Монгол Улс метан хийн нөөцийн эрэлд
2014 онд УИХ-аар  Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан юм. Үүний хүрээнд уламжлалт бус газрын тос, хийн тухай ойлголтыг оруулж энэ салбарын зохицуулалтуудыг тусгаж хууль эрхзүйн орчныг бүрдүүлжээ. Мөн онд “Эрдэнэс Тавантолгой”  компани нүүрсний уурхайн метан хийг ашиглахаар Солонгосын төрийн өмчит “Korea Gas Corporation”  болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтарсан санамж бичиг байгуулсан. 

Хэдийгээр Тавантолгой ордын Бор тээгийн хэсэгт өрөмдлөг эхлүүлсэн боловч өвлийн улиралд цооногоос их хэмжээний ус гарч хөлдсөн төдийгүй улсын төсвөөсөө санхүүжилт авч чадаагүйн улмаас эрлийн ажил зогсчээ. Дэлхийн хамгийн том байгалийн хий импортлогч компани ийн амжилт олоогүй буцсан байдаг. Одоо энэ салбартаа туршлагатай Австрали улсын компаниуд хайгуулын ажилд оролцож байна. Засгийн газраас Газрын тосны хайгуул судалгаа ашиглалтын талбайг хувааж тогтоосон байдгийн нэг нь Өмнөговь аймагт байх Номгон IX-р талбай юм. 
Австрали улсын “Golden Horde” компанийн хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК Ашигт малтмал, Газрын тосны газартай нүүрсний давхаргын метан хийн чиглэлд анхны Бүтээгдэхүүн хуваах гэрээг үзэглэж Өмнөговь аймагт хайгуулын ажлаа Номгон IX-р талбайд эхлүүлээд байгааг дуулгая.  Нүүрсний давхаргын метан хийн хайгуул ашиглалтын гэрээг Монгол Улсын Засгийн газартай 2018 оны есдүгээр сарын 18-ны өдөр байгуулсан юм. “Жи Өү Эйч” ХХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд  Монгол Улсад нүүрсний давхаргын метан хий буюу байгалийн хийн хайгуул судалгааг сүүлийн хэдэн жил идэвхтэй хийж байгаа. 
“Номгон IX” талбайн хувьд тус компани  хайгуулаа 10 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар явуулахаар төлөвлөжээ. “Номгон IX” талбай Өмнөговь аймгийн 7 сум болох Цогт-Овоо, Ханхонгор, Баян-Овоо, Цогт-Цэций, Манлай, Ханбогд, Номгон сумыг хамардаг. Үүнд Таван толгойн бүлэг орд багтдаг гэхээр маш том талбайг хамардаг гэсэн үг. Саяхан “Эрдэнэс Метан” болон Австралийн “Жейд метан” компаниуд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Тавантолгой бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгууллаа. 
Ингэснээр нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох ашиглах боломжийг судлах юм байна. Хамгийн орчин үеийн техник ашиглаж метан хийн нөөцийг нарийвчлалтай тогтоохоор зорьж байгааг тус компанийн мэргэжилтнүүд ярилаа. Хайгуул өрөмдлөгийн ажил асар их зардал гардаг тул тус компани одоогийн байдлаар хөрөнгө оруулагч татах ажилдаа гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Ийнхүү Австрали, Монгол инженерүүд өмнийн говьд метан хийн эрэл хайгуулыг юутай ч  үргэлжлүүлсээр.Дэлхийд метан хийн олборлолт, ашиглалтын эргэн тойронд
Метан хий нь олборлолт явуулж байгаа ил, далд уурхай болон нүүрс, нефть зэргийг олборлож тээвэрлэх үед бас ялгарч байдаг байна. Метан агаар мандалд 10-аас дээш жил оршиж уур амьсгалыг түргэсгэж, агаарт дэгдэхдээ нүүрс хүчлийн хийнээс 21 дахин илүү дулаан ялгаруулж азоны цоорхойг нэмэгдүүлдэг. Энэ хэмжээгээр нарын хэт ягаан туяаг шүүх  азоны давхарга цоорч, дэлхийн уур амьсгалд ноцтой хор хохирол учруулдаг байна. Дэлхий дээр хамгийн тулгамдсан том асуудал бол цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт. Цаашдаа энэ байдал 100 гаруй жил үргэлжилбэл байгаль орчин, хүн төрөлхтөнд ноцтой хохирол ирнэ. Тиймээс үүний эсрэг тууштай арга хэмжээ авах зорилгод улс орнууд нэгдсээр байгаа. Монгол улс ч 2030 он гэхэд агаарт алдаж буй метан хийг 14%-иар бууруулна гэсэн үүргийг олон улсын өмнө хүлээсэн ч  одоогийн байдлаар агаарт  20 тонн метан хийг алдаад  буйг  судлаачид хэлж байна. Өмнөговь аймагт уурхайн хөрс хуулалт, олборлолт нэмэгдэж гүн болох тусам метан хийн ялгаралт нэмэгдэж байгаа гэсэн үг.
Дэлхийн томоохон хотууд агаарын бохирдлоосоо салахын тулд түүхий нүүрсийг хэрэглээнээсээ халж метан хийг олборлох чиглэлд хошуурч байна. Байгалийн баялгийг олборлохын тулд  газар нутаг их сүйддэг, нүүрсийг нь ухаж овоолж, газрын хөрсийг нь хуулж асар их метан хий алддаг аж. Харин метан хийг цооног өрөмдөж авдаг  болохоор хор хохирол багатай. Байгаль орчинд ээлтэйгээс гадна өндөр илчлэгтэй, нүүрснээс дутахгүй эдийн засгийн үр өгөөжтэй баялаг юм. Өмнөговь аймаг дэргэдээ хийн түлштэй аймаг. Харамсалтай нь төдийлөн ач холбогдол өгөхгүй байдагт  иргэд шүүмжлэлттэй ханддаг билээ.
Монголчуудын хувьд метан хий нь  эрэл судалгааны түвшиндээ л явж байна. Өндөр хөгжилтэй орны томоохон хотууд агаарын бохирдлыг үүсгэгч нүүрснээс татгалзаад, хязгаар тавьж эхэлж байна. Хамгийн ойрын жишээ гэхэд  хил залгаа орших  Хятад улс. Бээжин хотын утаа хорт хийн хэмжээнд хүрээд байсан ч  Хятадын засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч дулааны станцуудыг хийн түлшинд шилжүүлэн олон тооны нүүрсний уурхайнуудаа хаажээ. 
Өнөөдөр Хятад орон утаатай тэмцсэний үр дүнд хамгийн их утаатай 10 улсын тооноос хасагдаад байна. Томоохон хотууд эрчим хүчийг нар салхи, хийд шилжүүлэхээр тооцож нүүрсээр ажиллаж байгаа цахилгаан станцаа хийнд шилжүүлнэ гэх  мэтээр хорт хийг цаашдаа гаргахгүй байхын төлөө тэмцэл өрнүүлж эхэллээ. Тиймээс нүүрсийг орлодог, илүү илчлэгтэй хийн түлш болох метан хийний эрэлт хэрэгцээ улам бүр өсөж, энэ чиглэлд судалгаа хайгуул эхлүүлж хөрөнгө хүч хаяад эхэлчихлээ. Метан хийн олборлолтоороо АНУ, КАНАД, БНХАУ тэргүүлдэг. Австрали улс метан хийн салбарт туршлагатай, томоохон олборлогч улс. Жилдээ 130 гаруй тэрбум шоо метр метан хий олборлож байна.

Ч. Сумъяа
 скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна