📅

Үерийн усыг Даланзадгад хотынхоо ар, өврөөр урсгах биш нөөцөлж авч ашиглах хэрэгтэй.

🕔 2018/08/03 17:07 1 168
Зуны эхэн сардаа улаан гантай хэцүүхэн байсан говь нутагт маань бороо хур орж ган тайлагдаж, ногоо цагаа дэлгэрсэн өнтэй сайхан зун болж мал, малчин, хүн зоны магнай тэнгэр сайхан зусаж байна. Байгаль дэлхий өнгө засаад сайхан байгаа ч хүчтэй аадар бороо үргэлжлэн орж өдөр бүр л үер бууж иргэдийг түгшүүлсээр. Байгалийн давагдашгүй хүч, үер усны аюул гэдэг хэлж ирдэггүй. Тэр тусмаа өндөр уулнаас бууж байгаа сул ус эрчлэн хуйларсаар замдаа байгаа юуг ч хаман авч одох аюултай. Уулын хормойд байх Даланзадгад хотын зарим хорооллын айл өрхүүд усанд автаж, орон сууцны орц пудвол усаар дүүрч, зам талбай бүтээн байгуулалтууд эвтрэн сүйрч орон нутаг, иргэд, байгууллагууд багагүй хохирол амссаар байна. Шороон далан барьж усыг хорьж тогтоох гал унтраасан ажлууд хийсээр байдаг ч нэг борооны үерийг ч хорьж дийлэхгүй сэтэрсээр л. Олон хавар нэгэндээ гэдэг үг ч бий. Орон нутгаас дорвитойхон хөрөнгө хүч гаргаж, газар нутгийн онцлогтоо тохируулан төлөвлөж, далан барих бүтээн байгуулалтын ажил хийж жилийн жилд гардаг үерийн асуудлыг шийдэх цаг болжээ.   
Энэ зураг энүүхэн урьд хөршийн хил залгаа Халиут хотын үерийн далангийн нэлээд хэдэн жилийн өмнөх зураг. Халиут хот бас л манай аймаг шиг уулын задгай ус, үер байнга бууж, тэр ч байтугай хот нь тэр чигээрээ усанд автаж байсан түүхтэй. Тиймээс усны аюулаас сэргийлж, хөрөнгө хүч гаргаж үерийн далан босгосон байна. Энэ даландаа байгалийн усыг хуримтлуулж, нөөцөлдөг. Тэр ч байтугай энэ цөөрөмдөө загас үржүүлдэг. Бороо ихтэй жилд үерийн ус ихээр хуримтлагдаж далан дүүрдэг байна. Хуримтлуулсан ус тодорхой түвшинд хүрэнгүүт илүүдэл усаа хотынхоо ногоон байгууламж, газар тариалан, усан байгууламж руу урсгаж тогтмол ашигладаг юм билээ.
Манай аймаг ч ялгаагүй энэ их байгалийн усыг Даланзадгад хотынхоо ар өврөөр урсгах биш энэ мэт бүтээн байгуулалт хийж нөөцөлж авбал ус ховор манай говьд үнэхээр хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ард иргэд айл өрхүүд үерт автахгүй, аймаг орон нутаг хохирол амсахгүй зэрэг гарч болох олон эрсдэл, усны аюулаас хамгаалах юм.












www.Gobimedia.mnскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна