📅

У.Буян-Өлзий: “Уул уурхай бол Баяндалай сумын хөгжлийн гарц биш”

🕔 2020/04/08 20:31 414
-Сайхан хаваржиж байна уу. Сумын сонин сайхнаасаа хуваалцана уу?

-Сайхан хаваржиж байна. Баяндалай сумынхандаа болон нийт Өмнөговьчууддаа хаврын сайхан өдрийн мэнд дэвшүүлье. Энэ жил харьцангуй дулаахан сайхан хавар болж байна. Энэ жил сургуулиуд карантилаад малчид хүн бүл сайтай хаваржиж байна. Хонь хургалаад бараг дөхсөн, ямаа ишиглээд ер нь дөхөж байна даа.
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд гишүүд дэмжигчдийнхээ дэмжлэгээр Баяндалай сум Ардчиллын өргөөтэй боллоо. Энэ сайхан өргөөндөө АН үйл ажиллагаа явуулж байна.

-Баяндалай сум нь Өмнөговь аймагтаа уул уурхайгүй сум гэдгээрээ онцлогтой. Гэтэл танай суманд уурхай нээгдэх гэж байгаа сураг дуулдсан. Нутгийн иргэний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Манай сумын Аргалантын ард “Монгол манганейз натури ресурс” гэдэг компани уурхайн үйл ажиллагаа явуулахаар кэмпээ байгуулсан байгаа. Нутгийн малчид ард иргэд уул уурхайгүй сум байхыг дэмжиж, тус компанийг эсэргүүцсэн хандлагатай байгаа. Одоогоор сумын ИТХ-ын зүгээс ард иргэдэд тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Ер нь манай сумын нутгаар баруун уурхайнуудын зам дайрч өнгөрдөг тул тоосжилт болон бэлчээр талхлалт их байдаг. Үүнийг манай сумын малчид иргэд эсэргүүцэж, зам хаах зэрэг арга хэмжээ авч тэмцэж байсан.

-Танай сумын хөгжлийн оргил үе хэзээ байв?
-2012-2016 онд манай сумын түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Тухайлбал Өмнөговь аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Даланзадгад-Баяндалай чиглэлийн баруун бүсийн хатуу хучилттай автозам ашиглалтад орсноор аймагтаа анхдагч нь болсон. Мөн аймгийн орон нутгийн төсөв болон ОНХС-ийн санхүүжилтээр Нутгийн удирдлагын ордон, багийн төвүүд баригдаж, ахмадын өргөөний засвар болон бусад барилгын засварууд, хөдөөд худаг гаргах зэрэг маш их ажил хийгдсэн. Автозамтай холбогдсоноор машин техникийн гэмтэл сааталгүй, шатахуун тээврийн зардал багатай аймгийн төв болон нийслэл рүүгээ зорчиж, бараа материал хямд өртгөөр тээвэрлэж, цаг хугацаа хэмнэх гэх мэт сумын ард иргэдийн амьдрал ахуйд маш их хувь нэмэр болж байгаа.

-Танай сумын хувьд тулгамдсан ямар асуудлууд байна вэ?

-Манай сумын хувьд автозамд холбогдсон, дулааны шугам сүлжээ болон интернэтэд холбогдсон сум билээ. Баяндалай сумын онцлог нь уул уурхайгүй аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой. Аялал жуулчлалын хөгжлөө дагаад манай суманд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжих бүрэн боломжтой байна. Мөн мал аж ахуй, газар тариалангаа орхигдуулахгүй хөгжүүлэх хэрэгтэй. Дээрх чиглэлээ барьж, ажиллаж чадвал манай сум хөгжиж, ард иргэдийн амьдрал ахуй сайжрах бүрэн боломжтой гэж харж байгаа. Уул уурхай бол манай сумын хөгжлийн гарц биш гэж бодож явдаг даа.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна