ЗАР
МОНГОЛ УЛС УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЗОРИЛТ, АМЛАЛТЫН ТАЛААРХ ҮНДЭСНИЙ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Бразил улсын Белем хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Конвенцын Талуудын бага хурал (COP30) үргэлжилж байна. 2025 оны 11 дүгээр сарын 18 өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Өндөр түвшний чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газрын албан ёсны байр суурийг танилцууллаа. АЛБАН ЁСНЫ БАЙР СУУРИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА-Эрхэм Ерөнхийлөгч ноён Андре Корреа ду Лаго, Хүндэт төлөөлөгчид өө, хамтран зүтгэгчид ээ
Парисын хэлэлцээрийн 10 жилийн ой тохиож буй энэ чухал цаг мөчид Талуудын 30-р бага хурлыг зохион байгуулж буй Бразил Улсын Засгийн газар, Белем хотын захиргаа, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт талархал илэрхийлье. Global Mutirão санаачилгаараа дамжуулан Бразил улс олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжиж байгааг бид өндрөөр үнэлж байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь манай цаг үеийн хамгийн том сорилтын нэг билээ. Уур амьсгалын өөрчлөлт экосистемийн алдагдал, газрын доройтлыг нэмэгдүүлж, улмаар хүн амын амьжиргаанд ноцтой эрсдэл учруулж, бидний цорын ганц, хамтдаа хуваалцдаг гэр болох эх дэлхийд маань аюул учруулж байна.
Ой тайга, тал хээр, өндөр уулс болон говь цөл огтлолцон оршдог экологийн шилжилтийн бүсэд байрладаг орны хувьд манай экосистемүүд дэлхийд онцгой ач холбогдолтой атлаа нэн эмзэг байна.
Монгол улсын нийт газар нутгийн 90 хувь нь хуурай болон хуурайшилттай бүсэд хамаардаг ба улам бүр нэмэгдэж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нь манай улсын нийт хүн амын гуравны нэгийн амьдралыг залгуулдаг нүүдлийн мал аж ахуйд ихээхэн хүндрэл учруулж байна.
2024 он түүхэн дэх хамгийн дулаан жил байсан бол 2025 он дулаарал хамгийн өндөрт тооцогдох хоёр дахь эсвэл гурав дахь жил болох төлөвтэй байна. Үүнд урьд өмнө байгаагүй агаар мандалд хуримтлагдсан хүлэмжийн хийн өсөлт нөлөөлж байна.
Түүнчлэн дэлхийн тогтвортой байдлын давж болохгүй есөн хязгаараас долоог аль хэдийн давсан нь тэдгээрийн уялдаа хамаарал нь ноцтой түвшинд хүрснийг харуулж, дэлхийн дулаарлыг 1.5°C-ээс хэтрүүлэхгүй байхын тулд илүү уялдуулсан, нэгдсэн бодлого, арга хэрэгсэл ашиглах шаардлагатай байгааг нотлон өгч байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах болон түүнд дасан зохицоход хамтын хүчээ бэхжүүлэн, хэрэгжилтэд шаардлагатай бүх нөөц, шийдлийг дайчлахын төлөө дэлхий нийтийн уур амьсгалын зорилтыг эрчимжүүлэхэд нэгдэж, хамтран ажиллахад бэлэн байна.
Бид энэ дээд түвшний чуулганд Монгол Улс 2025–2035 онд хэрэгжүүлэх дасан зохицол, хүлэмжийн хийн саармагжуулалтын үйл ажиллагааг улам бүр бэхжүүлсэн Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0-оо албан ёсоор өргөн мэдүүлснийг баяртайгаар зарлаж байна. Энэхүү шинэчилсэн Үндэсний тодорхойлсон хувь нэмэр нь бага нүүрстөрөгчийн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ирээдүйг цогцлоох Монгол Улсын тууштай зорилтыг илэрхийлж, салбар бүрийн чиглэлийн зураглалыг илүү тодорхой болгож, уур амьсгалын засаглалыг бэхжүүлсэн болно.
Шинэчилсэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн дагуу Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нөхцөлгүй зорилтоо 2030 он гэхэд 22.7 хувь байснаас 2035 он гэхэд 30.3 хувь болгон нэмэгдүүлж, 2050 он гэхэд цэвэр дүнтэй тэг (net-zero) үр дүнд хүрэх зорилтыг дэвшүүлээд байна. Манай шинэ NDC нь хэрэгжилтийг амжилттай хангахын тулд үндэсний бодлого, тогтолцоо, холбогдох эрх зүйн орчинтой нягт уялдуулан боловсруулагдсан болно.
Бид эдгээр зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд 2021 онд эхлүүлсэн “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон газар, ус, ойг тогтвортой ашиглах, хамгаалах шинэ дасан зохицох ба бууруулах хөтөлбөрүүд зэрэг тодорхой үндэсний арга хэмжээнүүдийг эрчимтэйгээр урагшлуулж байна.
Монгол Улс Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд хамтын ажиллагааны арга замыг идэвхтэй урагшлуулж байна. Бид олон улсад шилжүүлэн тооцох хүлэмжийн хийн бууралтын үр дүн дэх байгаль орчны бүрэн бүтэн байдал болон ил тод байдлыг хангах үндэсний дүрэм, хамгаалалт, тооцооны тогтолцоог бий болгож байна.
2025 оны 10-р сард бид Сингапур улстай Парисын хэлэлцээрийн 6дугаар зүйлийн хэрэгжилтийн хэлэлцээрийг байгуулсан бөгөөд, үүнээс гадна Швейцар улстай 2 өдрийн дараа хэлэлцээр байгуулахаар болоод байна. Эдгээр түншлэлүүд нь Монгол Улсад уур амьсгалын санхүүжилтийг татах, технологийг хурдасгах, 2035 он хүртэлх Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт нийцсэн хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээг өргөжүүлэхэд тусална.
Монгол Улс бүх салбар, бүх нийтийн оролцоог хамарсан уур амьсгалын өөрчлөлтийн цогц арга хэмжээг дэмжихийн тулд хууль эрх зүй, засаглал, зохицуулалтын тогтолцоогоо бэхжүүлж байна. Тодруулбал, бид үндэсний уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулж байгаа бөгөөд энэ нь үндэсний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд заавал дагаж мөрдөх эрх зүйн үндсийг бий болгох, ‘эдийн засгийн’ бүх салбарт уур амьсгалын асуудлыг системтэйгээр нэгтгэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртсөн иргэдийг хамгаалах зорилготой. Бид энэ үйл явцад хүртээмжтэй, тэгш оролцоог чухалчилж, хүүхэд, залуусын оролцоог дэмжин үе хоорондын харилцаа, манлайллыг урагшлуулахыг амлаж байна.
Монгол Улсын манлайллын дор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей нь 2026 оныг “Бэлчээр ба малчдын олон улсын жил” болгон зарлах тогтоолыг баталсан. Мөн Монгол Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын даргалагч орноор ажиллах бэлтгэлээ хангаж байна. Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний Байгууллагын конвенцийн Талуудын 17-р Бага хурал нь 2026 онд анхны зохиогдох Риогийн Конвенцийн бага хурал юм. Иймд Белемээс Улаанбаатар руу шууд буухиа шилжиж байна. Газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн фронтод буй улсын хувьд бид эдгээр асуудал үндсэндээ харилцан уялдаатай гэж үздэг. Тэдгээрийн шийдэл, бодлого нь мөн харилцан уялдатай, нэгтгэгдсэн байх ёстой тул бид Риогийн Конвенцуудын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой газрын менежмент болон нөхөн сэргээлтийг уур амьсгал ба хөгжлийн зорилгуудын гүүр болгохыг амлаж байна.
Эцэст нь, Монгол Улс Бразилийн даргалагчыг Талуудын 30 дугаар бага хурлыг Белем хотноо амжилттай үр дүнд хүргэж, дэлхийн уур амьсгалын зорилгод идэвхтэй хувь нэмэр оруулахыг нь дэмжиж байгаагаа дахин хэлж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцийн хүрээнд бидний хамтын хүчин чармайлт үргэлжлэхийн төлөө хамтдаа ажиллаж, Белемээс Улаанбаатар, цаашлаад уур амьсгал нь аюулгүй, байгальд ээлтэй, газар нутгийн тогтвортой ирээдүй рүү хамтдаа урагшилцгаая.

































































































