📅

Дөрвөн жил дуншсан 59,6 км зам хэзээ ашиглалтад орох вэ⁉

🕔 2020/04/18 20:07 780
Өмнөговь аймгийн Цогтцэций сум Тавантолгойн ордоо түшиглэн гадна дотны 20 мянган хүн амаа элбэг хангалуун амьдруулж, Монгол улсын жишиг сум болон хөгжих бүрэн боломжтой.

2017 онд Цогтцэций сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан. Энэ "мундаг" төлөвлөгөөнд “Бэлчээрийн даацад тулгуурлан уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, уул уурхайн олборлолтыг үр өгөөжтэй ашиглах нь сумаа хөгжүүлэх тэргүүлэх чиглэл гэж үзнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Харамсалтай нь цаасан дээр буулгасан хөгжлийн төлөвлөгөө нь хэрэгжиж чадалгүй 3 дахь жилтэйгээ золголоо.

2016 онд тухайн үед Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар Монгол улсын Засгийн газрын 4 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр Улаанбаатар-Даланзадгадын чиглэлийн хатуу хучилттай замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сум хүртэлх 59,6 км авто зам барихаар болж, гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн. Энэ замыг 39 сая ам.долларын өртгөөр концессын гэрээгээр барихаар төлөвлөсөн байв. Гэтэл сонгуулийн үр дүнгээр засаг төр солигдож, Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор өмнөх засгийн үед баталсан концессын гэрээнүүдийг түдгэлзүүлэх шийдвэр гарчээ.

Улс удирдсан ухаангүй ноёдын балгаар Цогтцэцийн замын ажил зогсонги байдалд орж, 2017 оны 3 дугаар сард нийт өртгийг 35,9 сая ам.доллар болгон бууруулж, гүйцэтгэгч компанитай гэрээ хийх эрх олгосон байна. Тус замыг ЭСТО, Шилдэг зам зэрэг хэд хэдэн компани гүйцэтгэхээр зам ангиа байгуулан ажиллаж байгаа ч санхүүжилтгүйн улмаас одоогоор замын ажил бүрэн зогссон байдалтай байна.

Дөрвөн жилийн нүүр үзэж байгаа тус замд бетон хучилт 1 метр ч хийгдээгүй бөгөөд Шилдэг зам компанийн кэмп дээр цас бороонд норж чулуу шиг болсон цементүүд уул овоо шиг хураалттай харагдсан. Хувийн хэвшил ч хөрөнгөөрөө их хохирч байгаа бололтой.

Тавантолгойг зорих нүүрсний экспорт, утаагүй түлш гэх мэтийн 14 мянган тээврийн хэрэгслийн хөлд бэлчээр нутаг нь талхлагдаж, нутгийн малчид ард иргэдийн нурууг бөхийлгөөд удаж байна.

Цогтцэцийгээс сонгогдсон УИХ-ын гишүүн, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, Өмнөговь аймгийн удирдлагууд дөрвөн жил эрх барихдаа аймаг орон нутгийн хөгжлийг тэтгэж, хамаг өрмийг нь хамдаг Цогтцэцийн замыг 1 км ахиулж чадсангүй ээ. Гэтэл алс баруун хязгаарын Хөшөөтөөс өөр уул уурхайгүй шахуу Ховд аймаг 11 сумаа аймгийн төвтэйгээ хатуу хучилттай замаар холбож, сүүлийн 4 жилд 300 орчим км замыг ашиглалтад оруулж чаджээ. Манай дарга нар шинэ ажил санаачилдаггүй юм гэхэд хүний эхлүүлснийг хөөцөлдөөд бүтээх сэтгэл алга.

Урагшгүй албатуудын балгаар унаган нутаг минь сүйрч, уугуул иргэд минь зүдэрсээр байх уу.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна