📅

Р.Зоригтбаатар: "Л.Энхболд гишүүн яг юу яриад яваад байгааг ерөөсөө ойлгохоо больсон"

🕔 2020/04/04 20:13 431
Манай улсын ууган уурхай болох “Тавантолгой” ХК-ийн дэд захирал, Тавантолгойн уурхайн дарга асан Р.Зоригтбаатартай уулзаж, уул уурхайн салбарын талаар ярилцлаа.


Таныг ажиллаж байх үед болсон нэг асуудал олон түмнийг төөрөгдүүлээд байгаа. Нүүрсээрээ хиллэдэг хөрш зэргэлдээ компаниудын хувьд хэр маргаан гардаг вэ?

-Угаасаа нүүрсээрээ хиллэдэг хоёр хөрш компанийн хооронд энэ асуудал байнга гарна. Олборлолт, уулын ажил, тээвэрлэлт хийхийн тулд хөрш компанийнхаа эзэмшил газарт орохоос өөр арга байхгүй. Яагаад гэвэл нүүрсийг олборлоход үечилж авдаг. Тэгэхээр энэ асуудал бол Л.Энхболдын яриад байгаа шиг нүүрсний хулгай огт биш. Бид энэ асуудлаар хоёр талаасаа комисс гаргаад олон дахин ярилцаж байгаад хэдий хэрийн нүүрс нь кокжсон нүүрс юм, хэдий хэр нь саажсан, исэлдсэн нүүрс болохыг инженерүүд маань мэргэжлийн хүрээндээ ярьж тохироод акт үйлдээд хоёр талаасаа гарын үсэг зураад шийдчихсэн асуудал юм. “Тавантолгой” ХК-ийн комиссыг би өөрөө ахлаад, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаас тухайн үед байсан, манай уул уурхайн салбарын шилдэг инженерүүдийн нэг болох Чинбат инженер ахлаад комисс гаргаад, асуудлаа яриад шийдчихсэн юм. Тэгэхээр нэгэнт шийдэгдээд хоёр тал харилцан ойлголцчихсон асуудлыг дахиж ярих нь ямар ч ач холбогдолгүй. Харин ч цаашдаа бид харилцан ойлголцоод явах ёстой гэдэг дээр санал нэгдсэн байдаг. Тэгэхээр энэ бол нүүрс хулгайлсан гэдэг асуудал огт байхгүй гэсэн үг.

Манай Тавантолгой компани 160 гаруй ажилтантай. 2004 он хүртэл жилдээ 30-40 мянган тонн нүүрс гаргадаг байсан. 2005 оноос Хятадад нүүрс экспортолж эхэлснээс хойш нүүрс гаргалт эрс нэмэгдэж, 2007 онд бид анхныхаа 1,0 сая тонн нүүрсээ гаргасан байдаг юм. 2011 он гэхэд 6,0 сая тонн нүүрс гаргасан. Тэгэхээр 160 гаруйхан ажилтантай манай компани ийм их нүүрсийг нэг жилд гаргана гэж байхгүй. Иймд туслан гүйцэтгэгч маш олон компаниудтай хамтран ажилладаг. Хөрсөө ч хуулна, нүүрсээ ч зөөнө. Ийм их нүүрс гаргасны хүчээр улс орны, аймгийн төсвийг санхүүжүүлэхэд асар их мөнгийг оруулж чадсан. Нөгөө талаар энэ олон компаниудыг туслан гүйцэтгэгчээр авснаар хяналт алдсан тал бий. Гэхдээ бид ямар нүүрс авсан, тэрийгээ өгнө. Гэхдээ энэ авсан нүүрс тэр чигээрээ сайн чанарын нүүрс байсан уу гэвэл үгүй. Саажсан нүүрс буюу цахилгаан станц ч голоод авдаггүй нүүрс ихэнх нь байсан. Саажсан нүүрсийг отвол руугаа эргэж хаях тохиолдол ч зөндөө. Гэтэл үүнийг илтэд гүжирдэж, бүгд сайн чанарын нүүрс байсан гэж ярих нь энэ салбарыг мэддэггүй хүний л хоосон үг.

Нийт 260 гаруй тонн нүүрс авсны 60 гаруй нь коксжсон нүүрс, бусад нь саажсан исэлдсэн нүүрс, өнгөн хөрс, шороо гэх мэт хаягдал байдаг. Ер нь ингэж ордоороо хиллэж байгаа уурхайнуудын хувьд ийм асуудал зөндөө гардаг. Ялангуяа алтны уурхайнуудад байнга ийм зүйл тохиолддог.
Нүүрс авахаасаа илүү хөрсний асуудал эхлээд яригддаг. Бид нар өөрсдийн ашиглалтын талбайд байгаа нүүрсээ авахын тулд хөрсийг 2-2,5 дахин илүү авч байж нүүрсээ олборлодог. Энэ уулын ажлыг хийхийн тулд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эзэмшлийн талбай руу орохоос өөр арга байхгүй. Чухам ийм байдлаар тэр саажсан, илчлэг багатай нүүрс энд өртсөн тал ч бий. Тэгэхээр хөрш зэргэлдээ үйл ажиллагаа явуулж буй компаниуд бие биеэ хүндэтгэж, харилцан ойлголцож хамтран ажиллах л гарц бий.

-Тэгвэл хоёр компани нэгэнт учраа олчихсон асуудлыг УИХ-ын гишүүн Л.Энхболд яагаад гэнэт сөхөх болсон юм бол?

-Миний ажиллаж байх үед энэ асуудлыг аль хэдийнэ шийдээд ойлголцчихсон. Гэтэл Л.Энхболд гишүүн гэнэт энэ асуудлыг сөхөж бүр нүүрсний хулгай хэмээн орон даяар зарласан. Өнгөрсөн жил би Өмнөговь аймгийн 10 жилийн нэдүгээр сургуулийн 80 жилийн ойн баярын үеэр Л.Энхболдтой уулзсан.
Тэрээр “Би ер нь зөв юм яриад байна уу, буруу юм яриад явна уу” гэхэд нь би энэ асуудлаа тайлбарлаж өгөөд “Хоёр компанийн хооронд ойлголцсон асуудал дээр та түргэдсэн байна. Тухайн үедээ авсан нь үнэн, гэхдээ энэ нүүрсээ эргээгээд төлчихсөн, одоо төлж байгаа” гэхээр харин гишүүн өөрөө “Үгүй ээ, тэр асуудал биш, энэ нүүрсийг чинь гадагш нь үнэгүй гаргасан” гэсэн. Тэгэхээр нь “Би тэгвэл тэр асуудлыг мэдэхгүй, гадагшаа хилээр гаргах асуудал бол хил гаалийн асуудал болж хувирна, бидэнд хамаагүй” гэж хэлсэн. Гэтэл энэ зун уулзахдаа бас л нөгөөхөө давтаж асуусан. Би ч байр сууриа дахин тайлбарласан. Тэгэхээр л “Би хил гаалиар гарсныг ярьж байгаа юм, та нарын тэр уурхайгаас авсан, өгсөн асуудал биш” гэж хэлсэн. Ингээд байхаар чинь тэр хүний яг юу яриад яваад байгааг ерөөсөө ойлгохоо больсон.

-Тэгвэл ийм их хэмжээний нүүрс хил, гаалиар бүрдүүлэлтгүй гарах боломж бий юу. Л.Энхболд гишүүн хэлэхдээ “Хоосон машин гэж гаргасан” гэсэн?

– Би уул уурхайн мэргэжлийн хүнийхээ хувьд ч бус жирийн иргэний хувьд л хэлэхэд энэ олон машин хил гаалиар нүүрс ачаад гараад явах ямар ч боломжгүй. Хил, гаалийн тэр олон ажилтнууд, мэргэжлийн хяналт, хилийн тагнуул гээд өч төчнөөн байгууллагын хүмүүс юу хийж байдаг юм. За цаана нь дахиад Хятадын хил гаалийн алба гэж байна. Үнэгүй юм байна, аваад байя гэх хүмүүс биш шүү дээ. Нэг машин болгоныг ямар нарийн шалгадаг билээ. Тэгэхээр энэ олон машин энэ хэмжээний нүүрсийг хил гаалиар гаргах ямар ч боломж угаасаа байхгүй. Тэгэхээр Л.Энхболд гишүүний хэлээд байгаа нүүрсний хулгай гэх асуудал ч хий хоосон хардалт төдий л зүйл байна даа гэж бодогддог.

-Энэ асуудлаас болж “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг сар гаруй зогсоосон. Энэ нь уурхайд болоод улс оронд хэр хохирол учруулсан бэ?

-УИХ-ын гишүүн Л.Энхболдын гомдлын дагуу манай компанийн үйл ажиллагааг 2017 онд нэг сар зогсоосон гэсэн. Уул уурхайн салбарт нэг сар зогсолт хийнэ гэдэг бол аймшигтай алдагдал хүлээнэ. Үгүй ядаж л хөрсөө хуулахаас эхлээд асар их ажил бий. Уул уурхайн ажил тасралтгүй явагдах ёстой, өвөл ямар ажлаа хийх үү, зуны дулаан цагт хөрсөө хуулахаас эхлээд байнгын төлөвлөгөө нормтой ажилладаг салбар. Нэг сар байтугай нэг цаг ч зогсох эрхгүй. Хэрвээ үйл ажиллагаа алдагдвал тэр хэрээр улсын төсөв мөнгө алдагдана. Энэ чинь ганц компанийн олдог ашиг орлого биш шүү дээ. Улсад татвараа төлнө, үгүйдээ л татварын байцаагч төдөн сард Тавантолгой ХК-иас тийм хэмжээний орлого орж ирнэ, түүнийг нь улсын байгууллагын ийм ийм үйл ажиллагаанд зарцуулна гээд цаанаа бас төсөв тооцоогоо тооцоолчихсон байгаа шүү дээ. Орлогын татвараас сургууль цэцэрлэгүүд, төрийн байгууллагууд санхүүжнэ. Тэгэхээр энэ чинь зөвхөн ганц манай компанийн асуудал биш улс орны асуудал болж хувирна. Мэдээж хор хохирлын хувьд одоогоор тэд гэж хэлэх боломжгүй ч үүнээс харахад хор хохирол нь асар их.

–Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд эдийн засгийг уул уурхайн салбар л чирч яваа. Тэгэхээр энэ салбарт тогтвортой бодлого, тогтвортой хөгжил хамгийн их дутагддаг. Та мэргэжлийн хүний хувьд үүнийг хэрхэн хардаг вэ?

-Мэдээж, ганц уул уурхайгаар зогсохгүй Монгол Улсыг авч яваа энэ салбаруудаа дэмжих ёстой юм. Нэг хүн гарч ирээд нэг сүрхий юм яриад, нөгөөх нь гарч ирээд энэ уурхайг ч хаана, тэр уурхайг ч хаахгүй гэх мэтээр хандах нь утгагүй. Ямар ч төр засаг, ямар ч дарга цэрэг гарч ирсэн аливаа салбарт тогтвортой бодлого хөгжил л хамгийн чухал. Хувь хүн өөрийн нэр төрийг өсгөх гэж улсын эдийн засгийг самарч хаяж болохгүй юм. Ялангуяа Оюутолгой дээр арай дэндүү улстөржүүлж байгаад мэргэжлийн хүний хувьд сэтгэл дундуурхан байдаг.

-Таныг хувьцааны үр ашгийг бодитоор мэдрүүлсэн хүн гэдэг юм билээ. Тэгэхээр манай улсад хувьцааны зах зээл хэр ирээдүйтэй харагддаг вэ?

-Монголд хөрөнгийн бирж одоо ч гэсэн бусад хөгжилтэй орны биржтэй харьцуулахад үнэхээр инээдтэй, бүдүүлэг байна. Анх цэнхэр, ягаан хувьцааны талаар ямар ч мэдлэг мэдээлэл ард түмэнд өгөөгүй. Аймаг болгоноос нэг нэг хүн дуудаж авчраад хувьцаа гэж ийм юм байдаг, ингэх ёстой гэх төдий мэдээлэл өгч явуулснаар, өнөө хүмүүс нь өөрсдийн ах дүүсийнхээ хувьцаагаар өмчтэй болсон байдаг. Ихэнх хүмүүс нь өнөө хэр хувьцааны талаар ямар ч ойлголтгүй явсаар л байна. Хэрвээ зөв бодлогоор явсан бол өнөөдөр Хөрөнгийн бирж жинхэнэ чухал байр суурьтай газар байх байлаа. Тэгэхээр энэ хувьцааны зах зээлийг бусдад ойлгуулах үүднээс Тавантолгой компанийнхаа хувьцааг гаргаад, Хөрөнгийн биржийн худалдаанд оруулаад хувьцаат компани гэж ямар учиртай, хувьцаа гэж юу юм, хувьцаа эзэмшигч гэдэг ямар ач холбогдолтой юм гэдгийг ойлгуулахын төлөө зүтгэсэн. Тавантолгой ХК-ийг хамгийн ашигтай ажиллуулж, нэгж хувьцаанд ногдох ашгийг ахиухан өгөх юмсан, дэлхий дахинд нэвтэрч буй хөрөнгийн зах зээлийг ойлгуулах юмсан гэж л бодож хичээсэн. Анхны жилээ манай компанийн нэгж хувьцаа 16 мөнгө байсан. Дараа нь 18 мөнгө, 28 мөнгө, 2 төгрөг гэж явж байгаад 2005 онд хамгийн гайгүй ногдол ашиг тараасан байдаг. Ажилчдадаа хүртэл “Наад 70 ширхэг хувьцаагаа байлгаж байгаарай” гэж их хэлдэг байсан. 2005 онд би хувьцааны ногдол ашиг гэж 15 сая төгрөг авч байсан. Түүнээс хойш нэгж хувьцаанд 136 мянган төгрөг хүртэл авч байлаа. Зөв замаар нь явбал хувьцааны зах зээл хамгийн хэрэгтэй. Гэвч өнөөдөртөө манай Хөрөнгийн бирж дэлхий дахины хөрөнгийн зах зээлээс үнэхээр хоцорсон харагдаж байна.

–Манай улсад нүүрсний зах зээл хэр удаан оршин тогтнох боломжтой вэ. Сүүлийн жилүүдэд дэлхий байгалийн эрчим хүч рүү анхаарлаа хандуулж байгаа. Магадгүй энэ хэдхэн жил Монголын хувьд нүүрсний зах зээлийн хамгийн алтан үеүд болж байна уу?

-Монголд нүүрсний зах зээл харин ч удаан оршин тогтноно. Нүүрсээ хурдан гаргахгүй бол удахгүй үнэ цэнэгүй болно гэдэг хий хоосон яриа. Энэ хий дэмий ярианаас болж хаа сайгүй ухаад байх хэрэггүй. Тухайн орон нутагт ашигтай, байгаль орчинг нь сүйтгэхгүй байдлаар нүүрсээ олборлох хэрэгтэй. Одоо Тавантолгой уурхайгаас Ганцмодны боомт руу нүүрс гаргаж байна. Анх нүүрс гаргаж эхлэхэд л би замаа эхэлж тавья аа гэсэн хүсэлтийг аймгийн Засаг даргад өгөхөд тухайн үед аймгийн Үйлдвэрлэл худалдааны хэлтсийн дарга байсан, одоо Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч аймгийн Засаг даргын өмнөөс надад бичиг явуулсан байдаг юм. “Зоригтбаатар минь ээ, зам тавих яах вэ, удахгүй төмөр зам тавьчихна” гэсэн. Одоо тэгтэл зам ч байхгүй, төмөр зам ч байхгүй хориод жил болж байна, тэр хэрээр байгаль орчин их хэмжээгээр сүйтгэгдлээ.

–Уул уурхайн салбарт мэргэжлийн бус хүмүүс их орж ирэх боллоо. Энэ нь ямар нэгэн сөрөг нөлөө дагуулах болов уу?

-Уул уурхайн салбар ч бус бүхий л салбарт мэргэжлийн бус хүмүүс томилж байгаа нь маш буруу. Тэр тусмаа уул уурхайн салбар маш нарийн мэргэжил, ажил. Эмнэлгийн даргыг эмч биш хүнээр тавьсантай ялгаа байхгүй. Уурхайн удирдлагуудыг мэргэжлийн бус хүнийг томилоод тэд нар нь ажлаа мэдэхгүй, бусдын шаардлагаар ажлаа хийдэг. Ийм бүдүүлэг тогтолцоо биднийг хөгжүүлэхгүй байна.

–Эрдэнэс Тавантолгой шаваа тавихад та байсан. Анх удаа хөрш компанитай болсноор хамтран ажиллах ямар асуудлууд гарч ирж байв?

-Нэг ордод зэрэгцээ үйл ажиллагаа явуулж буй компаниудад маргаан гарах нь мэдээж. Уг нь бие биедээ тусалж, “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” явах ёстой юм. Гэтэл зарим нэг нь “Ухна ухна ишигний зовлонг мэдэхгүй” гэгчээр өөрийгөө л том компани, том хүн гээд ойлгочихдог сэтгэхүйтэй болчихож. Яаж ийж байгаад мэргэжлийн улсуудын хувьд аваар осол гаргачихгүй, нэг л зүйлийн төлөө явж байгаа юм чинь хамтраад явах нь хэн хэндээ хэрэгтэй.
Эх сурвалж: news.mn
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна