Р.СЭДДОРЖ:Өмнөговь аймгийнхаа 22500-аад өрхөд тус бүр 3 тн нүүрсийг үнэ төлбөргүй олгоно
Ажил амьдрал буцалсан уурхайчдын тосгоны нэгэн өглөө эхэлж байна. Хүчит техникийн нүргэлэх чимээнээр энэ л уурхайн ирээдүйн эзэд сэрж байна. Илч гэрлийг зуунаас зуунд түгээсээр, хөгжил өөд тэмүүлсээр... Өмнөговь аймгийн ууган уурхай Тавантолгой ХК-ийн захирал Р. Сэддоржтой ярилцсанаа хүргэе.
-Танд намрын налгар сайхан өглөөний мэнд хүргэе. Уурхайчдын өглөө хэрхэн эхэлдэг талаар яриагаа эхэлье?
-Манай уурхай 53 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Уурхайн ажил өглөөний 8 цагт эхэлнэ. Уурхайчид маань хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа ирдэг. Шөнийн ээлжийн ажилчид маань шөнөдөө ажиллаад өглөө бууна.
-Жилийн дөрвөн улиралд өдөр шөнө ялгалгүй ажилдаа зүтгэх уурхайчдаар бахархахгүй байхын аргагүй. Тавантолгой ХК-аар овоглосон үе үеийн уурхайчдын залгамж халаа болсон хамт олныхоо талаар ярихгүй юу?
-Манай уурхай Багануур, Шивээ-Овоо, Шарын гол зэрэг уурхайтай түүхийн хувьд эн тэнцүү. Манай хамт олонд гурав дөрвөн үеийн уурхайчид байгаа. Нутгийнхаа эрс ширүүн уур амьсгалаас халшраагүй, эх нутагтаа эзэн нь болсон хүмүүс. Манай хамт олны 95 хувь нь Өмнөговьчууд байгаа. Говьчууд юу чаддагийг харуулдаг хамт олон. Нүүрсний салбартаа ууганд тооцогдох туршлагатай хамт олон билээ. Уурхайчин хамт олноороо үнэхээр их бахархдаг. Тавантолгойн нүүрсний экспортын эхлэлийг манай компани 2004 онд анх тавьж байсан. 2010 онд улсын хэмжээнд хамгийн их нүүрс олборлосон компаниар тодорч байв. Ер нь анхдагч гэсэн бүхэн манай хамт олны уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.
-Хагас зууны түүхтэй ууган уурхайн захирлаар 2013 оноос ажиллаж эхэлсэн. Уурхайчин хүний бахархал юу байдаг вэ?
-Улс орон тэр дундаа Өмнөговь аймгийн маань хөгжил нүдэн дээр өөрчлөгдөж байгаа нь бидний бахархал. Манай компани татвар төлөлт, үр ашгаараа нүүрсний салбартаа тэргүүлдэг. Үр ашиг гэдэг нь 1 тонн нүүрснээс хамгийн өндөр татварыг улс орон нутгийн татварт төвлөрүүлдэг. Татварыг улс, аймаг, сум гэсэн гурван түвшинд төвлөрүүлдэг. Улсын төсөвт төлж буй татвараараа манай компани эхний 6-р байранд явж байгаа. Аймгийн төсөвт төлж байгаа татвараараа тэргүүлж байна. Цогтцэций сумын төсвийн дийлэнх орлого нь манай татвараас бүрддэг. Энэ бүхэн бидний бахархал юм. Мөн орон нутгийн өвлийн хэрэгцээний нүүрсийг тогтмол хямдралтай үнээр нийлүүлдэг. Энэ алдагдлаа компани өөрөө хариуцан, нөхөн ажиллаж байна.
-Өнөөдөр Тавантолгой ХК Өмнөговь төдийгүй улсдаа ч үр өгөөжөө өгсөөр байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар 38,9 тэрбум төгрөг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн тоо баримт байна?
-Бид энэ жил өнгөрсөн оныхоо ажлыг давуулан биелүүлье гэсэн зорилготой ажиллаж байсан. Гэвч өнгөрсөн жил янз бүрийн шалгалт ирж уурхайн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор төлөвлөгөөний биелэлт хоцрогдолтой явж байгаа. Өнөөдрийн байдлаар 1,8 сая тонн нүүрсийг олборлож борлуулаад байна. 1,6 сая тонныг гадаадын зах зээлд борлуулаад байна. Бид зогсолтоо нөхөх, гүйцэх ажлаа тасралтгүй хийж байна.
-Ажилчдынхаа мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хэрхэн ханган ажиллаж байна?
-Манай нэг онцлог бол үндсэн 200 ажилтантай. Туслан гүйцэтгэгч компаниудын 800 гаруй ажилтантай бөгөөд нийтдээ 1500 гаруй ажлын байрыг бий болгон ажиллаж байна. Манай ажилтнууд уурхайдаа удаан тогтвортой ажилладаг. Монголчууд болон Өмнөговьчууд нүүрсний салбарт яаж ажилладагийг манай хамт олон яруу тодоор харуулж байна.
-Шинэ суурьшлын бүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Та бүхэн харж байгаа байх. Манай уурхайн тосгон бол 1966 оноос хойш эндээ төвлөрсөн. Сүүлийн жилүүдэд улсын төсөв бүрдүүлж байгаа хөрш зэргэлдээ уурхайнуудын овоолго нь манай тосгонд 1,2 км-ын зайтай тулаад ирсэн. Уурхайн нөлөөллийн бүсэд манай тосгон орсон. Уул уурхайн үйл ажиллагаанаас үүсэж байгаа тоосжилт, авто машин, механизмын дуу чимээ, угаарын улмаас хүн амьдрах нөхцөлгүй болсон. Манайд төрж байгаа зарим хүүхдүүд бол зүрхний ховдол нь цоорхой, төрөлхийн эмгэгтэй төрж байгааг мэргэжлийн байгууллагууд уул уурхайн олборлолтоос үүссэн сөрөг нөлөөллөөс үүдэлтэй гэж дүгнэсэн. Ийм учраас бид сүүлийн дөрөв таван жил нүүх талаар ярьж байгаа. Сум аймагтай зөвлөөд 2008-2016 оны Цогтцэций сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Цогтцэций сумаас баруун хойш 6 км, тахилгат Хонгор хайрханаас зүүн хойшоо 155 га газрыг өгсөн. Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр шаваа тавьлаа. Ирэх жилээс бид нүүнэ. Бидний хөрш Эрдэнэс тавантолгой, Энержи ресурс, Таван толгой төмөр зам, Монголын төмөр зам зэрэг компаниуд орон сууц, барилга байгууламж барих байх гэж итгэж байгаа. Хүмүүс нь шилжин суурьшихаар улсын төсөв, орон нутгийн төсвөөр барилга байгууламж, дэд бүтцийн ажлууд нь хийгдээд эхлэх байх гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Ирэх оны улсын болон аймгийн төсөвт шинэ суурьшлын бүсдээ төсөв суулгаж бүтээн байгуулалтын ажлыг хийлгэхээр зорин ажиллаж байна.
-Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Өмнөговь аймгийнхаа өрх бүрт 3 тонн нүүрс үнэ төлбөргүй олгох шийдвэр гарсан. Нийт хичнээн өрхөд, хэдий хэмжээний нүүрс өгөх тооцоо байгаа вэ?
.-2019 оны 10-р сарын 10-ны өдрийн ТУЗ-ийн хурлын 18 тоот тогтоолоор Өмнөговь аймгийнхаа өрх болгонд 3 тонн нүүрс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор үнэ төлбөргүй олгохоор болсон. Энэ шийдвэрийн үр дүнд Өмнөговь аймгийн 22500 гаруй өрхөд 3 тонн нүүрс олгогдоно гэсэн үг. Үүнд орон сууцанд амьдардаг өрхүүд ч орж байгаа. Энэ ажил 10-р сарын 20-ноос 12-р сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Иргэд маань 3 тонн нүүрсээ уурхайн амнаас ирж авна. Нүүрсний талоны хувьд нууцлалын өндөр зэрэглэлтэй. Сум, багийн засаг дарга нар энэ ажилтай холбоотой зохион байгуулалтад тусалж, уялдаа холбоотой оролцох байх. Энэ өвөлдөө өмнөговьчууд маань өнтэй сайхан өвөлжих боломжийг манай ТУЗ олгож байгаад миний зүгээс баяртай байна. Манай ТУЗ-ийн 51 хувь нь Өмнөговь аймгийн ард иргэд, 49 хувь нь олон мянган хувьцаа эзэмшигчид байдаг. Энэ хүмүүс маань өөрсдийнхөө ногдол ашгаас орон нутгийнхаа иргэдэд бэлэг болгон өгч байна гэж ойлгож болно.
-Хөрөнгийн бирж дээр танай компанийн хувьцааны хэлбэлзэл ямархуу байна вэ?
-Хувьцааны ханш тогтвортой байна. Манай компанийн хувьцааны нэр Тавантолгой, товчилсон нэр нь TTL бөгөөд 2000 гаруй хувьцаа эзэмшигч эзэмшиж байдаг. Дэлхийн 23 орны иргэд, аж ахуй нэгж манай хувьцааг эзэмшдэг.
Ярилцсанд баярлалааСэтгүүлч Б. Өлзий-Өрнөх