"Оюутолгой" ХХК ажилчид болон баяжмалын тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байгаа юу?
Баяжмалын тээвэрлэлт явж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн зүгээс Оюутолгой ХХК-нд үүрэг чиглэл өгч, аймгийн ЭМБайгууллагууд, Онцгой комиссоос эрсдлийг үнэлэхээр ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллажээ. Ажлын хэсгийнхэн Аймгийн онцгой комиссын хуралдаан дээр дүгнэлтээ танилцууллаа. Өндөржүүлсэн бэлэн байдалд онцгой хариуцлагатай ажиллах ёстой “Оюутолгой” ХХК бодит байдал дээрээ тун хангалтгүй нөхцөл байдалд гадаад, монгол иргэдийг ажиллуулсаар байгаа зөрчлүүдийг ажлын хэсгийнхэн онцоллоо. Тухайлбал Оюутолгой ХХК-ийн нисэх онгоцны буудалд хүний төвлөрөл, хэт ачаалал үүсгэдэг. Солонгос улсаас ирсэн 19 иргэнийг тусгаарлалгүйгээр ажлынх нь байранд ажиллуулж байсан. Ажиллаж байгаа хүмүүст мэдээлэл сургалт сурталчилгаа хийгддэггүй, аюулт тахлын голомт рүү баяжмалын тээвэрлэлт хийж буй жолооч нарт өгч байгаа амны хаалтын тоо цөөн, шаардлага хангаагүй, тээврийн жолооч нарын байрны тусгаарлалт бүрэн хангагдаагүй, хамгаалах хэрэгсэл нь ч шаардлага хангахгүй, хоол идэх аяга тавгыг төв гал тогооноос тусгаарлаагүй, үйлчилгээний ажилтныг тусгаарлаагүй зэрэг зөрчлүүд хяналтаар илэрчээ. Зөрчлүүдийг арилгуулахаар үүрэг даалгавар, мэргэжлийн зөвлөмж зөвлөгөөг өгсөн байна. Энэ дагуу Оюутолгой ХХК сүүлийн өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Дэлхий нийтийг цочролд оруулаад байгаа аюулт өвчин хаяанд байгаа эрсдэл өндөртэй цаг үед тус компани шинэ коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр төвөлөгөө батлаж гаргаагүй, шуурхай штаб ч байгуулаагүй ажиллаж байжээ. Аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг Оюутолгой ХХК-д очиж хяналтын мөрөөр авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг дахиж үнэлж ажиллах юм.