Цагаан хаданд архи худалдаалахыг хориглов
Хятадын тал нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор нүүрс тээврийн замд том машины урт дараалал үүссэн.Жолооч нар өвлийн хүйтэнд олон хоногоор кабиндаа хонон өнжин урт дараалалд зутарч, эмх замбараагүй байдал үүсээд байсан. ЗТХЯ, АТҮТ, аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг, Ханбогд сумын удирлагууд үүсээд байгаа нөхцөл байдалтай танилцан Хятадын талтай уулзалт хийж тодорхой хэмжээгээр асуудлыг шийдвэрлэжээ.
Мөн урт дараалалд олон хоногоор зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч хоол унд амрах байраар хангах үүрэг чиглэлийг ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч ААНэгжүүдэд өгсөн байна.
Нүүрс тээвэрлэлтийн замын дарааллыг багасгахын тулд автомашинуудыг Цагаан хаданд татан төвлөрүүлж зохицуулалт хийж байна. Жолооч нар архидан согтуурах, улмаар гэмт хэрэгт холбогдох асуудал үүссэн тул жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс Ханбогд сумын Хайрхан багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй архи согтууруулах ундаа худалдан борлуулж буй согтууруулах ундаагаар үйлчилдэг ААН-дийн үйл ажиллагааг нүүрс тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдтал тодорхойгүй хугацаагаар хориглох шийдвэрийг Ханбогд сумын засаг дарга гаргажээ.
Энэхүү захирамж 2018 оны 11-р сарын 23-ны өдрөөс мөрдөгдөж байна.