Ерөнхий сайд жолооч нарынхаа цалинг нэмэхийг нүүрс тээврийн 161 компанийн удирдлагуудаас хүслээ
Ѳнѳѳдѳр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног автомашиндаа амьдардаг байдал ч арилна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх жолооч нарынхаа цалинг нэмэхийг нүүрс тээврийн 161 компанийн удирдлагуудаас хүслээ.
Цаашид төмөр зам, автозам, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох талбайтай, амрах өрөө бүхий цогцолборын ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулахаар боллоо.
Салбарын яам тээврийн хэрэгслийн дарааллыг буруулах зорилгоор автозам ашиглах тухай “Оюутолгой” компанид хандсан байна. Энэ дагуу Цагаанхад хүртэл нүүрс тээврийг гашуунсухайт автозамын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, 1700 гаруй тээврийн хэрэгслийн ачааг Цагаанхаданд буулгажээ. Хоосон тээврийн хэрэгслийг “Оюутолгой” компанийн замаар буцаасан байна. Автотээврийн үндэсний төвөөс өгсөн чиглэлийн дагуу тээврийн компаниуд жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш, бусад шаардлагатай зүйлээр хангаж байна.
Монгол Улс, БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байдаг. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгслийг оруулбал 13079 автомашин нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд 13 мянган жолооч ажиллаж байна.
Эх сурвалж: Zasag.mn