📅

Монголын говьд уул уурхайг түшиглэсэн эко хот сүндэрлэнэ

🕔 2019/10/25 21:13 1 018

Цогтцэций сумын Таван толгойн бүлэг ордод Монголын 3 том уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Уул уурхай эрчимжихийн хэрээр хөдөлгөөнт хүн ам нэмэгдэж, уурхайчид тэдгээрийн ар гэр амьдрах уурхай түшиглэсэн хот босох зайлшгүй шаардлагууд бий болсон. Үүсээд байгаа нөхцөл байдлаа шийдвэрлүүлэхээр уурхайн бүс нутгийн ард иргэдийн зүгээс аймаг орон нутаг, төр засгаас бодлого зохицуулалт шаардаж, нүүлгэн шилжүүлэлтийн асуудлууд сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах болсон. Энэ цаг үед Таван Толгой ХК-аас ирээдүйд уурхай дагасан эко хотыг бий болгохоор төлөвлөж намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Таван толгойн уурхайн шинэ суурьшлын бүс, Хонгор хотхоны шав тавих ёслолыг хийлээ.



Шав тавих ёслолд үе үеийн уурхайчид, Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлөөлөл, Цогтцэций сумын удирдлагууд, Цагаан-Овоо багийн иргэд хүрэлцэн ирж оролцсон юм. Цогтцэцийчүүдийн үе улиран шүтэж ирсэн Хонгор хайрханы бэлд уул уурхайг түшиж баригдах анхны бие даасан эко хотын суурь ийнхүү тавигдлаа. Цогтцэций сумын өргөтгөл болох шинэ суурьшлын бүсийг бий болгоход орон нутгийн удирдлагуудаас дэмжин ажиллаж сумаас хойш 7 км-т 155 га газар олгожээ. Дэвшилтэт технологи дээр суурилсан, инженерийн шинэ шийдэлтэй, дэд бүтэц, эрчим хүчний шинэ технологийг нэвтрүүлсэн, тогтвортой хотын бодлогыг барьж төлөвлөж байгаагаараа энэ хот онцлогтой. Мөн дулаан, цахилгаан үйлдвэрлэх устөрөгчийн технологи, саарал усны цэвэрлэх систем, шинэ технологийн цэвэрлэх байгууламжийг бий болгох ажээ. Таван толгойн уурхайн шинэ суурьшлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2020-2035 он хүртэл бүтээн байгуулна гэж төлөвлөж байна.

Энэхүү эко хотыг Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниуд хамтдаа бүтээлцэх бөгөөд уурхайчид, тэдгээрийн ар гэр суурьшин амьдрах юм. Монголчууд өөрийн гараар уул уурхай дагасан шинэ цагийн эко хотыг сүндэрлүүлэх түүхэн хуудас ийнхүү эргэлээ. Энэхүү их үйлсийг ууган уурхайн хамт олон түүчээлэн эхлүүлж 100 гаруй мод тарьж эко хотынхоо ногоон төглийн суурийг тавилаа.

Үе үеийн уурхайчдын хөдөлмөр зүтгэл, ажил бүтээлийн намтар баян түүхтэй Таван толгойн уурхайг түшиглэн сүндэрлэн босох шинэ цагийн хотын бүтээн байгуулалтын ажлууд удахгүй эхэлж, говь нутгийн ирээдүй хойч болсон бяцхан үрс,  азай буурлууд, хөгжлийг түүчээлэгч уурхайчид тоосжилтгүй, эрүүл, аюулгүй шинэ хотод суурьших цаг ойрхон байх бизээ.

Ч. Сумъяаскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна