📅

Цогтцэций сум Таван толгойн уурхайн шинэ суурьшлын бүс, Хонгор хотхоны шав тавигдлаа

🕔 2019/10/16 16:26 880
Цогтцэций сумын Таван толгой бүлэг ордод Монголын 3 том уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Уул уурхай эрчимжихийн хэрээр тус бүс нутагт тоосжилт үүсч нутгийн ард иргэд, уурхайчид эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл улам хумигдах болсон. Нөгөөтэйгүүр уул уурхайн орд дагасан хөдөлгөөнт хүн ам нэмэгдэж, уурхайчид тэдгээрийн ар гэр амьдрах уурхай түшиглэсэн хот босох зайлшгүй шаардлагууд бий болж аймаг орон нутаг, төр засгаас бодлого зохицуулалт шаардах болсон. Энэ цаг үед Таван Толгой ХК-аас ирээдүйд уурхай дагасан эко хотыг бий болгохоор төлөвлөж намрын дунд сарын билэгт сайн өдөр Цогтцэций сум Таван толгойн уурхайн шинэ суурьшлын бүс, Хонгор хотхоны шав тавих ёслолыг хийлээ.Цогтцэцийчүүдийн үе улиран шүтэж ирсэн Хонгор хайрханы бэлд уул уурхайг түшиж анхны бие даасан эко хотын суурь ийнхүү тавигдлаа. Монголчууд өөрийн гараар уул уурхай дагасан шинэ цагийн эко хотыг сүндэрлүүлэхээр түүхийн хуудсыг эргүүлэх ажлыг ууган уурхайн хамт олон эхлүүллээ.
Дэвшилтэт технологи дээр суурилсан, инженерийн шинэ шийдэлтэй, дэд бүтэц, эрчим хүчний шинэ технологийг нэвтрүүлсэн, тогтвортой хотын бодлогыг барьж төлөвлөж байгаагаараа энэ хот онцлогтой байх ажээ. Энэхүү эко хотыг Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниуд хамтдаа бүтээлцэх бөгөөд уурхайчид, тэдгээрийн ар гэр суурьшин амьдрах юм. Шав тавих нээлтийн ёслолын үеэр үе үеийн уурхайчид, Таван толгой ХК-ийн ажилчид, Цагаан-Овоо багийн иргэд 100 гаруй мод тарьж эко хотынхоо ногоон төглийн түүчээг эхлүүллээ. Үе үеийн уурхайчдын хөдөлмөр зүтгэл, ололт амжилт, ажил бүтээлийн намтар баян түүхтэй Таван толгойн бүлэг уурхайг түшиглэн босох  тоосжилтгүй, эрүүл аюулгүй орчинд хот сүндэрлэн хѳгжих цаг ойрхон бизээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна