ЗАР
Таван толгойн бүс, нүүрсний зам дагуу хууль журмын завхрал, хүний эрхийн зөрчил ноцтой түвшинд ирснийг тогтоожээ.
- Төрийн өмчит уурхайн компаниудын хариуцлагагүй байдал хэтэрснийг анхааруулжээ.
Хүний эрхийн үндэсний комиссоос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Таван толгойн бүлэг орд, Таван толгойгоос Гашуунсухайт хүртэлх нүүрс тээврийн зам дагууд хүний эрхийн чиглэлээр томоохон хэмжээний судалгаа хийжээ. 2018 оны 3-7-р сард нийт 5 сарын турш хийгдэж, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханбогд, Цогтцэций сумдыг хамарсан судалгааны урьдчилсан дүнг саяхан цахим орчинд танилцуулсан байна. Таван толгойн бүлэг ордын олборлолт ба Таван толгойгоос Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нарийн хяналт зохицуулалт, ухаалаг менежмент шаардлагатай байгааг аль 2010 оноос ярьсан ч байдал дээрдэхгүй байсаар өнөө хүрчээ. Мөн дээрхи чиглэлд төмөр зам баригдахгүй байгаа нь нүүрс тээврийн зам дагуу эмх замбараагүй байдал газар авах, хүний эрх зөрчигдөх үндэс болж байна. Дээрхи зам дээр 7,000 – 8,000 монгол жолоочийн эрх ноцтой зөрчигдөж, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хяналтгүй, өндөр эрсдэлтэй орчинд ажиллаж, амьдарч байгааг судалгаанд онцолжээ.
Нүүрс тээврийн нийт 150 жолоочийн өгсөн хариултаас харахад, 42 хувь нь эрүүл мэндийн үзлэгт огт хамрагдаж байгаагүй, 62 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтанд сууж байгаагүй гэжээ. Мөн нүүрс тээврийн зам дээрхи урт дараалал хамгийн их хүндрэлтэй байдгийг судалгаанд хамрагдсан жолооч нар хэлсэн байна. Дээр нь, жолооч нарын дунд урт дарааллаас болж муудалцах, зодолдох, согтуу буюу мансуурсан үедээ жолоо барих асуудал түгээмэл байгааг ч тодотгосон байна.
Тээврийн чиглэлд хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, дүрэм, журам, стандарт олон байдаг ч тэднийг төр засгаас жигд мөрдүүлэх ажил туйлын дутмаг байгааг судалгаанд онцолжээ.
Судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг 9-р сарын 21-нд Өмнөговь аймагт албан ёсоор зохион байгуулах юм байна.
Эх сурвалж: www.Ikon.mn