📅

Р. Сэддорж: Өмнөговь аймгийн төсөвт ногдол ашиг хэлбэрээр 65 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн

🕔 2019/04/18 18:46 955

Тэртээх 1966 оноос уул уурхайн олборлолт, борлуулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Таван толгой” ХК он цагийн намтар баян хуудсаа нэгэнтээ эргүүлж 53 жилийн ойтойгоо золгож байна. Илч дулааныг зуунаас зуунд өртөөлөн хүргэх нөр их үйлстэй уурхайчин хамт олны зам мөр дардан гэхээсээ илүүтэй бартаа ихтэй байсан ч, даван туулсаар эх орныхоо энэ цагийн хөгжилд түрлэг нэмэн урагшилж байна. Хагас зууны түүхтэй “Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р. Сэддоржтой ярилцлаа.


-Юуны өмнө уул уурхайн салбарын ууган уурхайн хамт олонд баялаг түүхтэй 53 жилийн ойн баярын мэндийг хүргэе? Уурхайчиддаа хүргэх баярын мэндчилгээгээр ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. “Таван Толгой” уурхай тэртээх 1966 онд гар аргаар ажилладаг Артелийн нэгдэл байсан. 1966 оны 04-р сарын 18-нд Ардын их хурлын тогтоол гарч улсын үйлдвэрийн газар болсон. Энэ цаг хугацааг бид компанийнхаа мэндэлсэн он гэж үздэг. Өдгөө “Таван Толгой” уурхай 53 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ түүхэн хугацаанд ажиллаж байсан нийт ахмад уурхайчид болон монгол улсынхаа төсөвт үлэмж хувь нэмэр оруулан ажиллаж байгаа нийт уурхайчиддаа түүхт 53 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

-Орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-ийн өнгөрсөн жилийн нүүрс олборлолт, экспорт, ажлын амжилтаас хуваалцана уу? Өнгөрөгч он уурхайн хувьд хэр үр өгөөжтэй байв?

-Өнгөрсөн 2018 оны хувьд амжилт арвинтай сайхан жил байлаа. Хэдийгээр улс төр, цаг үеийн хүндрэл бэрхшээлүүд байсан хэдий ч манай компани 1,8 сая тонн нүүрсийг дотоод, гадаадын зах зээлд борлуулсан амжилттай ажиллалаа. Өнгөрсөн жил нүүрсний үнэ өндөр байсан. Бага нүүрс олборлосон ч гэсэн үр ашигтай чамлахааргүй амжилттай ажилласан.

-“Жижиг” Таван толгой гэж нэрлэгддэг ууган уурхай Өмнөговь аймагтаа өгөөж ихтэй байдагт нь нутгийн иргэд талархалтай ханддаг. Өмнөговь аймгийн төсөвт төвлөрүүлж байгаа орлогын хэрээр аймаг орон нутагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгддэг. Өнгөсөн жил хэдий хэмжээний ногдол ашиг төвлөрүүлсэн бэ?

-Энэ онд манай компани Өмнөговь аймгийн төсөвт ногдол ашиг хэлбэрээр 65 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлж өгсөн. Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтад манай компанийн оролцоо тэр хэмжээгээр орж байна гэсэн үг. Жишээ нь: Аймгийн төсвийн орлогын хөрөнгө оруулалт нь 103 тэрбум төгрөг бол түүний 65 тэрбум төгрөг, ойролцоогоор 60 гаруй хувь нь “Таван толгой” ХК-ийн ногдол ашгаар Өмнөговь аймгийн маань бүтээн байгуулалт явж байна гэж иргэд ойлгох хэрэгтэй. Манай компанийн 51% нь Өмнөговь аймгийн ард түмний, 49% нь дэлхийн болон Монголын олон хувьцаа эзэмшигчдийн өмч байдаг. Дэлхийн 23 орны хүмүүс манай хувьцааг эзэмшдэг тул олон улсын компани гэж хэлж болно. Хэдийгээр орон нутгийн өмчлөлтэй хэдий ч Монголын болон ОУ-ын хувьцаа эзэмшигчид байдаг учраас дэлхийн уул уурхай сонирхогчдын анхаарлын төвд байдаг компани юм. 4-р сарын 29-нд манай компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болно.

-“Таван толгой” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг орон нутгийн олон ажлуудыг дэмжиж, ивээн тэтгэж оролцож байгаа харагддаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудаасаа хуваалцана уу?

-“Таван толгой” ХК Өмнөговь аймгийнхаа Цогтцэций сумын төсвийн орлогын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Өмнөговь аймгийн сумдууд болон аймгийн төвүүдэд нүүрсээ 16.500 төгрөгөөр борлуулдаг. Манай компани алдагдал хүлээж нэг үгээр Өмнөговийн ард түмэндээ хямд үнэтэй нүүрсээр бэлэг барьдаг гэж ойлгож болно.Өмнөговь аймгийнхаа томоохон уралдаан тэмцээн, улсдаа аймгийнхаа нэрийг гаргаж байгаа бүхий л зүйл дээр манай компани өөрийн боломжийн хэрээр оролцож, тусалж, дэмжлэг үзүүлж ирсэн. Хамгийн гол нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа зүйл бол 150000 орчим тонн нүүрсийг Монголдоо хамгийн хямд буюу 1тн нүүрсийг 16500 төгрөгөөр ард иргэд, эрчим хүчний байгууллагууд, Дорноговь, Дундговь аймгийн сумдууд, төвийн халаалтын системтэй бүх газруудад нийлүүлж байгаа нь манай компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа хамгийн том бодит ажил гэж бодож байна.

-Уурхай нийгмийн хариуцлагын хүрээнд алдагдал хүлээн байж Дотоодын нүүрс борлуулалтаа хийсээр ирсэн. Дотоодын хэрэглэгчид гадаад экспортын машинуудтай зэрэгцдэг чирэгдэл ихтэй асуудлыг хэрхэн цэгцэлсэн бэ?

-Дотоодын болон Даланзадгадын хэрэглэгчиддээ зориулж сүүлийн 10 гаруй жил өөрсдийн техникээр, тусгай борлуулагч ажиллуулж нүүрс хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтыг хийж байна. Манай үндсэн 20 гаруй самосвол маань бүгд Даланзадгадын хэрэглэгчдийг өвлийн нүүрсээр хангах ажилд дайчлагдаж өнөөдөр актлах хэмжээнд байгаа нь компанийн жолооч, техник, хүн хүч аймгийнхаа ард иргэдийн тав тухтай дулаан өвөлжих боломжоор нь хангахаар хөрөнгө, хүч зарцуулж ирсний илрэл юм. Дотоодын хэрэглэгчиддээ зориулж, гадаад экспортын том машинтай холилдохгүйгээр тусгай гарц гаргаж борлуулагч, уулын техникүүд ажиллуулж, аюулгүй ажиллагаа, чирэгдэлгүй үйлчлэх бүх зүйлүүдийг хийж хэрэгжүүлж, шуурхай ажилласны хүчинд манай ард иргэд сэтгэл хангалуунаар энэ өвлийг сайхан давлаа. Зуны улиралд нүүрсний дотоодын хэрэглээ бага байдаг. 9-р сараас идэвхжээд явдаг. 53 дахь жилдээ бид энэ үйл ажиллагааг явуулж байна. Бусад уурхайнуудын хувьд төдийлөн дотоодын хэрэглэгчдэд нүүрс нийлүүлдэггүй учраас бид өвлийн улиралд нэлээд ачаалалтай байдаг. Бусад уурхайнууд маань Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдгийн хувьд энэ ачааллыг хуваалцаж ажиллавал зүгээр санагддаг. Баруун сумдын зарим уурхайнууд эрчим хүчний нүүрсийг Дулааны станцад өгдөг. Харин орон нутгийн хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг хангах тал дээр зөвхөн манай компани л ажиллаж байна.

-Уурхай ачаалалтай ажиллахын хэрээр техникүүд ч бас элэгдэл ихтэй байдаг байх. Авто паркийн шинэчлэл хийсэн уу?

-Өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын томоохон ажил хийгдсэн. Манай компани CAТ 390 гидравлик экскаватор, Хюндай компанийн 2 ковшоор  парк шинэчлэлт хийсэн. Авто паркийн шинэчлэлийн хүрээнд автосамасволууд болон 2006 оноос хойш шинэчлээгүй байгаа авто паркийг шинэчлэх ажлуудыг хийгдэнэ. Манай хамт олон бэлтгэл ажлаа хангаад хуучин техникүүдээ цэгцлээд явж байна.

-Уурхайн тосгон байрлаж байгаа Цогтцэций сумын “Цагаан овоо” багийг нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаад удаж байна. Энэ ажил ямар түвшинд байгаа вэ? “Таван Толгой” ХК-ийн зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэд буюу манай “Таван толгой” ХК-ийн оршин суугч иргэдийн хувьд 1985 оноос хойш энэ байран дээрээ уурхайтайгаа ойрхон байрлаж байсан. 1985 оноос хойш өнөөдрийг хүртэл 30 гаруй жилийн хугацаанд амьдарч байна. 2009 оноос хойш бид бүхэн хөршүүдтэй болсноор уурхайнуудынхаа нөлөөллийн бүсэд орсон. Энэ бүх уурхайнууд бүгдээрээ Монгол улсдаа татвар төлдөг томоохон уурхайнууд. “Эрдэнэс Таван Толгой” ХХК гэхэд төсвийг бүрдүүлж байгаа хамгийн томдоо орох ААН. Энэ уурхайнуудын нөлөөллийн бүсэд орсон учраас ард иргэд, ажилчдаа аюулгүй, эрүүл орчинд амьдруулах шаардлагатай болсон. Энэ үүднээс “Эрдэнэс Таван Толгой” ХХК болон орон нутгийн “Таван Толгой” ХК-ийн ажилчдын хамтарсан Цогтцэций сумын өргөтгөл Шинэ суурьшлын бүсийг байгуулахаар үндсэндээ тохиролцсон. 1985 оноос хойш ашиглагдаж байгаа барилга байшин, ажилчдын хашаа байшингийн үнэлгээнүүд гарч байгаа. "Эрдэнэс Таван Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Ганхуяг 100.000 хүнтэй уул уурхай дагасан Шинэ суурьшлын бүс байгуулна гэж зарласан. Бид энэ 100.000-д нь багтаад хамтраад явна. Шинэ суурьшлын бүс Цогтцэций сумын ерөнхий  төлөвлөгөөний дагуу Цогтцэций сумын өргөтгөл болж явна. Сумын төвөөс баруун хойшоо чиглэлтэй Улаанбаатар-Цогтцэций сумын замын дагуу байрлах буюу одоогийн уурхайн тосгоноос  14км зайтай байх юм. “Эрдэнэс Таван Толгой” ХХК манай компани 2 шинэ суурьшлын бүсээс уурхай руугаа нэгдсэн засмал зам тавихаар төлөвлөж байна. Энэ ажлыг “Эрдэнэс Таван Толгой” ХХК хариуцаж ажиллахаар болж байгаа. Бид ингэж нүүснээр “Цагаан-Овоо” багийн иргэд болон нийт Монгол улсын төсвийг бүрдүүлж байгаа томоохон ААНэгжүүд болох “Эрдэнэс Таван Толгой” ХХК,  орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-ийн ажилчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд эрүүл, аюулгүй, тоосгүй орчинд амьдрах боломжтой болох юм. Цаашлаад бусад уурхайн ажилтан, уурхайчдын ар гэр төвлөрч Эрдэнэт, Багануурын хэмжээний хотын бүтээн байгуулалт, соёл иргэншил бий болох байхаа.

-Уул уурхайн компаниудын хийх ёстой ажлуудын нэг нөхөн сэргээлийн ажил.Байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр ямар ажил хийгдэж байгаа вэ?

Бид дүйцүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг голчлон барьж ажиллаж байгаа.Манайх 200 га-тай гэж үзвэл өөр газарт 200 га газарт байгаль орчныг ногоожуулах, ойжуулах ямар л ажил байна энэ бүгдийг хийж байгаа. Хамгийн бодитой байгаль орчны ажлуудыг хийж ирсэн. Цогтцэций сумын сургуулийн 90 жилийн ойг тохиолдуулан тус сумын ууган  сургуулийн хашаанд өөрийн хөрөнгөөр мод тарьж байна. Энэ зун 90 жилийн ойгоор тарьж байгаа моднуудаа сургуульдаа хүлээлгэх хүртэл манай компанийн ажилчид, байгаль орчны алба хариуцаад явна. Түүнчлэн аймгийн төвийн 4-р сургууль, “Ажнай” талбайн ногоон байгууламжийн ажилд оролцож ирсэн. Шинэ суурьшлын бүсэд ногоон бүсийг байгуулна. Энэ бүхэн манай хамт олны хамтын ажиллагааны үр дүн юм.

-Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ та бүхний ажил үйлстэй холбоотой.Энэ жилийн төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлэн ажиллаж байна вэ?

-Дэлхийн зах зээл үнэхээр сайн байна. Өнөөдрийн байдлаар манай компанийн хувьд ч, хөрш уурхайнуудын хувьд ч нүүрсээ хамгийн өндөр үнээр борлуулж байгаа гэж бодож байна. Ялангуяа түүхэндээ дэлхийн зах зээлийн хамгийн өндөр үнээр нүүрсийг борлуулж  чадаж байгаадаа баяртай байна. Азид болж байгаа томоохон бүтээн байгуулалт, Хятад улсын дотоод бүтээн байгуулалт, дэлхийд гангийн хэрэгцээ өндөр байгаа зэргийг дагаад нүүрсний үнэ ч  өндөр байна. Тээврийн, угаах гээд асар өндөр зардлууд байдаг ч зах зээл өндөр байгаа үед төдийлөн нөлөөлөхгүй. Азид 2020 оны Токиогийн Олимп, 2022 оны Бээжингийн олимп болохтой холбоотой бүтээн байгуулалтууд асар их хийгдэж байгаа нь нүүрсний зах зээлд эерэгээр нөлөөлж байна. Энэ жилийн хувьд манай уурхайн хамт олон өнгөрсөн жилийн амжилт,борлуулалтаа нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. ТЭЗҮ-ээр 6 сая тонны зөвшөөрөлтэй байгаа. Гэсэн хэдий ч тээвэр ложистик, уулын нөхцөл байдал гээд бусад хүндрэл бэрхшээлүүд бий. Өнгөрсөн жилийнхээ амжилтыг ахиулж ажиллахын төлөө манай уурхайчид хичээнгүйлэн зүтгэж байна.

-Өмнөговь аймаг төдийгүй Монгол улсынхаа эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан буй уурхайн хамт олон та бүхэнд ажлын амжилт хүсье?

-Баярлалаа.Та бүхний ажилд амжилт хүсье


Сэтгүүлч Ч. Сумъяа


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна