Арцаа хайрлан хамгаалъя
1995 онд батлагдсан Байгалийн ургамлын тухай хуулинд ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг ургамал гэж 3 ангилдаг. ”Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ургамал хамаарна” гэж заажээ. Манай Говь Гурвансайхан ууланд ургадаг хонин арц / juniperus Sabina / нь энэ хуулийн нэн ховор ургамлын жагсаалтын 8-рт бичигдсэн байдаг.
Арцны биологийн үндсэн шинж нь өндиймөл мөчрүүд бүхий газраар хэвтээ ургадаг 5-20 см өндөр, мөнх ногоон жижиг сөөг юм. Навчис шугамархуу, гонзгойвтор хэлбэрийн суумал, богино ногоон өнгөтэй, иш мөчрөөс цувран гарсан, 5-6 ширхэг хар өнгийн бөөрөнхий жимстэй. Арц нь 10 жил болж байж нөхөн төлжиж ургадаг, ургалт нь удаан ховор ургамал юм. Гэвч Гурвансайхан уулын хонин арц нь 2005 онд Германы эрдэмтэн Катрин Ронненбергийн хийсэн судалгаагаар 700-2940 жилийн настай бөгөөд 700 жилийн дундаж настай, нөөц хомс, эргэн төлжих боломжгүй хэмээн судлагдсан байдаг. Харин цаг агаарын тааламжтай нөхцөлд ургалт нь хэвийн явагддаг байна. Байгалийн ургамлын тухай хуулиар болон Зөрчлийн тухай хуулийн 7.17дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 500 нэгж буюу 500.0 мянган төгрөгөөр торгож, мөн экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахь итгэлцүүлээр өсгөн экологийн нөхөн төлбөрийг гаргуулж авна. Тухайлбал: Нэг килограмм хонин арц нь: 50.0 /мян,төг/ үнэлгээтэй.нөхөн төлбөрийг гаргуулж авахдаа 50,0 мян,төг.ийг 5 дахин үржүүлэх бөгөөд 1 кг хонин арц нь 250,0 мян.төг болно гэсэн үг юм. Иш шилбэ навч, бутыг сүйтгэж хэрэглэсэн, шатаасан тохиолдол бүрт торгуулиас гадна нөхөн төлбөр гаруулж хохирлыг барагдуулна. Аймгийн цаг уурын нөхцөл байдлыг тодорхойлж, унах тунадас, чийгшилтийн хэмжээг нэмэгдүүлж, цөлжилтийг сааруулж, элсний нүүлт, шороон шуурганы дэгдэлтийг багасгахад эерэгээр нөлөөлж байдаг боловч Говь Гурвансайхан уулын бүс нутаг дахь экологийн тэнцвэрт байдлыг хангадаг олон талын ач холбогдол бүхий арцны тархац, талбай багасч байгаа нь нутгийн малчид, иргэд арцыг гар урлал, бизнесийн зорилгоор ашиглаж ирсэнтэй холбоотой юм. Иймээс Дундсайхан, Ёлын амны ойр орчмын арцны нөөц нь ихээхэн хомстож, устах аюул тулгараад байгааг нутгийнхаа ард түмэнд сонордуулж байна.
ГГБЦГХЗ-ны мэргэжилтэн,БОХУБ В.Өсөхбаяр