📅

Б. Ганболд:Хүрмэн сум эрчимтэй хөгжиж, бүтээн байгуулалтууд хийгдэж байна

🕔 2020/05/10 20:17 1 060

Батмөнх даян хааны хүй цөглөсөн нутаг, төр нийгмийн зүтгэлтэн, алдар цуутнуудын өлгий Хүрмэн сум сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр хөгжин дэвжиж байна. Энэ л бахархал түүхтэй сумын өнөө цагийн хөгжлийг чиглүүлж, 8 жил Засаг даргаар ажиллаж буй Б. Ганболдтой сум орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн тухай ярилцсанаа хүргэе.


-Сайхан хаваржиж байна уу? Хүрмэн суманд мал төллөлт хэдэн хувьтай байна вэ?

-Энэ жил Хүрмэн суманд өвөлжилт, хаваржилт сайхан байна. Урьд жилүүдийг бодвол отор нүүдэлгүй, дулаахан, өнтэй өвөлжиж хавартай золголоо. Нийт малын 90% төллөж, малчдын ажил өрнөсөн сайхан хавар болж байна.


-Таны хувьд сумынхаа ард иргэдийн итгэл хүндлэлийг хүлээн 8 жил Засаг даргаар ажиллаж байна. Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-2008-2012 онд сумынхаа ИТХ-ын даргаар ажиллаж байлаа. 2013 оноос сумын Засаг даргаар томилогдон 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд сум орон нутгийнхаа нийгэм, эдийн засаг, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин,нөхцөлийг бүрдүүлэх, малчин түмнийхээ МАА эрхлэхэд дэм үзүүлэх, төрийн засгийн шийдвэрийг хүргэх бодлогыг барьж ажиллалаа. Хүрмэн сум сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж дэвжиж, бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Үе үеийн орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэйгөө хамтраад сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр сайхан хамтарч ажилласны үр дүнд Хүрмэн сумын төрийн байгуулагууд болон ААН, иргэд аятай тухтай орчин нөхцөлд ажиллаж, амьдрах нөхцөлүүдийг бүрдүүлж ажиллаж байна.


-Тухайлбал ямар бүтээн байгуулалтууд хийгдсэн бэ?

СӨБэзэмшиж буй хүүхэд багачуудын хүмүүжих орчин нөхцөлийг сайжруулах үүднээс 80 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан. Хүүхдүүд маань шинэ, тохилог орчин нөхцөлд СӨБ-ыг авч байна. Соёл спортын цогцолбор буюу соёлын төвийнхөө барилга байгууламжийг шинэчлэх ажлууд хийгдлээ. ЕБС-ын 50 хүүхдийн дотуур байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулаад хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болсон. Энэ жил төрийн албан хаагчийн 10 айлын орон сууц, 320 хүүхдийн хичээлийн байрыг шинээр барьж ашиглалтад оруулахаар аймгийн үндсэн чиглэлд тусгуулж ажлууд эхнээсээ явж байна. Сүүлийн жилүүдэд барилга байгууламж нэмэгдсэнтэй холбоотойгоор эрчим хүчний салбарыг шинэчлэх өргөтгөх, дулаан, цэвэр бохирын шугам сүлжээг өргөтгөх ажлуудыг хийхээр зураг төсөвт тусгагдсан. 2,6 км-ын цэвэр бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулаад иргэд гэртээ халуун, хүйтэн ус хэрэглэж, дотроо 00,душтэй болж тохижсоор байна. Төв суурин газрын иргэдийн нэгэн адилаар сум орон нутагтаа таатай амьдрах орчин нөхцөлүүдийг бүрдүүлж байна. Соёл спортын цогцолбор төв 2008 оны 12-р сарын 31-нд ашиглалтад орсон. Өнгөрсөн жил орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 400 сая төгрөгөөр их засвар хийгдсэн. Спорт талруугаа давамгайлсан ийм барилга. Ирэх жил Урлагийн заал, бүжгийн заал, орон нутаг судлах музей зэргийг багтаасан зураг төсөвт суулгаад нэмж барилга барих төлөвлөгөөтэй байгаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн дотуур байрны шинэ барилга ашиглалтад орсон. Хөл хорионы улмаас хүүхдүүд орж амжаагүй байна. 1-р сард дуусаж ашиглалтад хүлээн авсан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тохижилтууд хийгдэхээр тендер нь зарлагдсан. Гадна тохижилтын ажлыг Говийн оюу хөгжлийн сангаар хийлгэхээр төсөв саналаа хүргүүлсэн байгаа. Хүүхдүүд тав тухтай орчинд дотуур байраар хангагдах боломж бүрдсэн.


-Одоогийн сургууль хэдэн хүүхэдтэй вэ?

-Одоогийн сургууль 130-аад хүүхэдтэй. Яагаад 320 хүүхдийн сургууль барих гээд байгаа юм бэ гэсэн асуудал яригддаг. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг ч бий. Нөгөөтээгүүр олон алдар цуутнууд төрөн гарсан энэ сургуульд суралцагчдын тоо нэмэгдэх нь дамжиггүй. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 130 гаруй Хүрмэн сумын хүүхдүүд суралцаж байна. Эхний ээлжид шинэ сургуулийнхаа сурах орчин нөхцөлийг сайжруулж, багш нарынхаа ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлж мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, эцэг эхчүүд шахаж шаардаж энэ хүүхдүүдээ сумандаа сургах асуудлыг шат шатандаа хийгдэнэ. Тиймээс 300 орчим хүүхэд сурч боловсрох боломж байгаа.


-Боловсон хүчний хүрэлцээ хэр байдаг вэ?

-Сүүлийн үед төгсөж ирсэн залуучууд 1-2 жил ажиллаад шилждэг. Орон нутагт шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа залуучууд байгаа. Хөдөө орон нутаг ялангуяа суманд ирж ажиллах сонирхолгүй байна. Төгсөөд сумандаа ирж ажиллуулах нөхцөлөөр шаардлагатай байгаа мэргэжлээр сургах, гэрээ хийж сургалтын төлбөрийг төлөх гээд дэмжлэг байдаг. Суралцаж ирээд ажиллаад явж байгаа залуучууд байна. Орон нутагт боловсон хүчний асуудал хүнд болж байна.

-Сумын хувьд мэдээж тулгамдсан асуудлууд байгаа байх? Ялангуяа МАА-д түшиглэн хөгжиж байгаа сумын хувьд малчдад шийдвэрлэх ямар асуудал байна вэ?

-Сум орон нутгийн хувьд асуудал харьцангуй гайгүй байна. Малчдаараа явж байхад мал төллөлт сайн. Цаг сайхан байна гэж ярьж байна. Хамгийн гол асуудал ноос ноолуурын асуудал ярьж байна. Ноолуур үнэгүйдэж байна. Ноднин суманд 1кг ноолуурын үнэ 120.000 төгрөг байсан. Одоо 20000 төгрөг гэж байгаа ч энэ ханшаар авч байгаа хүн алга байна. Малчдын ганц хүсэн хүлээж байгаа зүйл ноолуурын үнэ. Суманд энэ асуудлаа тавьдаг ч бидний зүгээс ноолуурын үнэлгээг шийдэх боломжгүй учраас төрөөс гарах тогтоол шийдвэрийг танилцуулж байна.

-Хүрмэн сум хэчнээн хүн амтай вэ? МАА-гаа түшиглэсэн сум учраас малчид руугаа чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ? 

- Хүрмэн сум одоогийн байдлаар 1560 хүн амтай. 170.000 гаруй толгой малтай. Түүхэндээ байгаагүйгээр мал өссөн. Сүүлийн жилүүдэд цаг хүнд, отор нүүдэл их байсан. Манай сумын малчид Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгууд руу алсын отор нүүдэлд их явсан. Өөрийн аймгийн 7 суманд ч отор нүүдлээр их явсан. Энэ хугацаанд оторт яваа малчдаа эргэж тойрох ажлыг зохион байгуулж ажилласан. Сумын зүгээс тухайн сумын удирдлагуудтай уулзах, тэндээ аятай тухтай намаржих, зусах асуудлыг ярьж хөөрч байсан. Түүнчлэн манай сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Ш.Баянбат малчдаа дэмжиж гарын бэлэг хүргүүлэх, уулзах зэргээр хамтарч ажилласан.Байгал цаг уурын хүндрэл бэрхшээл байсан хэдий ч малчдын маань хөдөлмөр зүтгэлийн үр шимээр мал их өсөж байна. Үүнийг дагаад малчдын ахуй амьдрал дээшилж байна. Сүргийн бүтцийн хувьд ямаа зонхилж байна. Нийт хүн амын 70-80% нь МАА эрхэлдэг.


-Хүрмэн сум Батмөнх даян хааны өлгий нутаг. Төр нийгмийн зүтгэлтэн, алдар цуутнууд олноор төрөн гарсан сум. Сумынхаа бахархлаас хуваалцаач?

-Нутгийн бахархал гэвэл Монгол төрийг хамгийн олон жил буюу 37 жил төр барьсан Батмөнх даян сэцэн хааны өлгий нутаг. Их хааныхаа үүх түүхээр Хүрмэнчүүд бахархдаг. Ийм л сайхан түүхтэй нутгийн зон олон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 онд төрийн тахилгат сайхан хайрханаар тодруулсан Хошуу овоо Хүрмэн сумын нутаг дэвсгэрт байдаг. Сайн Ноён Хан аймгийн Балдан засгийн хошууны 300 гаруй жилийн түүхтэй Хошуу туг энэ сум орон нутагт хадгалагдаж байдаг. Ийм үүх түүхтэй алдар гавьяатны өлгий нутаг даа. Энэ сайхан хүмүүсээрээ Хүрмэнчүүд бахархаж, үлдээсэн өв уламжлалаар төлөвшиж, хүмүүжиж яваа ийм сайхан ард түмэн.

2014 онд Баятмөнх даян сэцэн хааны мэлмий гийсний 550 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ ойн хүрээнд төрсөн нутаг Хүрмэн сумынхан энэ түүхэн хүнийхээ өргөөг бий болгох, дурсгалын хөшөөг сумын захиргааныхаа урд залж ирээдүй хойчдоо таниулах сайхан үйл явдал болсон. 2013 онд сумын 90 жилийн түүхэн ойгоор Хүндэтгэлийн өргөө гэж байгуулж 2014 онд Батмөнх даян сэцэн хааны өргөө болгож тохижуулсан. 2009 онд аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу Хүрмэн сумынхаа 9 гайхамшгийг тодруулсан. Энэ өргөөндөө Хүрмэн сумын гайхамшигтай байгаль, газар орон, түүхийг агуулсан эд өлгийн зүйлсийг хүндэтгэн байрлуулсан. Өргөө голдоо 9 хөлт цагаан тугтай. Голын туг нь Сайн Ноён хан аймгийн Балдан засгийн хошууны туг. 300 гаруй жилийн түүхтэй Хошуу тугийг 2011 онд нутагтаа залсан юм. Балдан засгийн хошуунд харьяалагдаж байсан тухайн үеийн баруун сумдын удирдлагууд ирж Баяндалай Хүрмэн сумын зааг Чандмань хайрхан дээр Тугаа цэнгүүлж ёслол төгөлдөр хүлээж авсан юм. Энэ гал голомтод байлгахыг зорьдог. Сумын тэгш ой болон, томоохон тэмдэглэлт ойн үед гаргадаг. Сумын 9 гайхамшгийннэг болж энэ өргөөнд хадгалагдаж байна

.

-Бусад сумдыг бодвол уул уурхайгүй тайван сум хэдий ч Цагаан дэл боомтын асуудал яригдах болсон. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Тиймээ, Манай сум харьцангуй тайван сум. Одоогоос 10-аад жилийн өмнө анх аялал жуулчлалын чиглэлээр боомт нээх тухай асуудал яригдаж эхэлж байсан.Намжмал явж байгаад 2019 оны 11-р сараас асуудал хурц яригдах болсон. Хил боомтын асуудалд малчид иргэд эсэргүүцэж байгаа. Аймгийн удирдлагууддаа малчдаасаа гарч байгаа санал хүсэлтийг уламжилсан. Хил боомтыг эсэргүүцсэн нийгэмд үйлчлэх ТББ-ууд ч ирсэн. Гэвч энэ боомтын асуудал шийдэгдээгүй. Одоохондоо зогссон байна. Сум орон нутгийн удирдлагууд зөвшөөрөл өгсөн гэж буруу ташаа яригддаг. Одоогийн байдлаар 2 сараас хойш намжмал байна. Засгийн Газартай Үлэмж ХХК гэрээ байгуулсан юм билээ. Тэр компани үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ сумын Засаг даргаас БОҮнэлгээ хийлгэж, газрын зөвшөөрлүүд авах ёстой. Энэ бүхэнд сумаас зөвшөөрөл өгөөгүй учир зогссон байдалтай байна. Иргэд 3-дагч боомт буюу шинэ боомт хэрэггүй гэдэг асуудал их ярьж байгаа. Орон нутгийн удирдлагууд ч нэг санаа бодолтой байдаг. Хүрмэн суманд одоогийн байдлаар 8 ААН ашиглалт, 12 ААН хайгуул хийж байгаа. 2008 онд намайг ИХ-ын даргаар томилогдон ажиллах үед Хүрмэн сум 80 гаруй лицензийн талбайтай байсан. 50-иад хайгуулийн лицензийг цуцалсан. Хойшид ч гэсэн цөөлж, уул уурхайгүй, лицензгүй сум болох асуудлыг иргэд маань ч тавьж байна.Сум ч энэ бодлогыг барьж ажиллана гэж боддог.


-Зарим сумдад намчирхалталцал байдаг. Сумын удирдлагуудын зүгээс аймаг орон нутаг, ИТХ-ын төлөөлөгч нартайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ?

- Ажил явуулхад дарамт шахалт ажиглагддаггүй. Манай сум харьцангуй тайван сум.Хүрмэн суманд 2016 оны сонгуулийн дараагаар Аймгийн ИТХ-ынтөлөөлөгчөөр Ш.Баянбат сонгогдож орж ирсэн. ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат Хүрмэнчүүд талцаад намчирхаад байдаг зүйлээ больж, нэг бодол санаатай нэгдэж, Хүрмэн гэдэг нэг л намтай байвал хүн ард нь амгалан тайван амьдарч, эв нэгдэлтэй хөгжиж дэвжинэ гэдэг уриалгыг гаргасан.Тиймдээ ч сүүлийн 12 жилд Хүрмэнчүүд хүлээн зөвшөөрч, намчирхал, хуваагдал байхгүй эв нэгдэлтэй хамтран ажиллаад явж байна. Хүрмэн сумаас төлөөлөгчөөр сонгогдсон Ш.Баянбат 2 бүрэн эрхийн хугацаанд буюу 8 жил аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд суманд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг аймгийн үндсэн чиглэлд суулгаж, төлөөлөгчийн эрхийн хүрээнд асуудлуудыг их нааштайгаар шийдэж байдагт Хүрмэнчүүд бахархаж дэмжиж байдаг.


-Ярилцсанд баярлалаа


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна