📅

ОЙН ЭКОЛОГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

🕔 2020/03/21 17:15 563
Монгол орны ой мод нь Сибирийн их тайга, Төв Азийн хээр, цөлийн заагт эх газрын эрс тэс уур амьсгалын нөхцөлд Азийн гурван томоохон усан хагалбарыг даган ургадаг, гол мөрний усны нөөц, урсацыг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, мөнх цэвдэгийг тогтоон барих, хүлэмжийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулах, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх зэрэг экологийн чухал үүрэг гүйцэтгэдэг.
Ойд мод нь хүн төрөлхтөнийг органик бодис, түлш, эрчим хүчээр хангаж, хүлэмжийн хий үүсэх нөхцөлийг бууруулж, эх дэлхийг хүчилтөрөгчөөр хангаж байдаг.
Дунджаар хоногт нэг том мод 180 л хүчилтөрөгч ялгаруулдаг, нэг хүн 360 л, ачаалалтай ажиллах үед 700-900 л хүчилтөрөгч хэрэглэдэг гэж тооцвол, 2-5 мод хүний хүчилтөрөгчийн хоногийн хэрэгцээг хангана.
Ихэнх модлог ургамал нь агаарт байгаа өвчин үүсгэгч бактерийг устгах үйлчлэлтэй тусгай дэгдэмтгий бодис ялгаруулдаг.
Нэг га ойн навч, мөчрийн гадаргуу нь навчит модонд 5-6 га, шилмүүст модонд 10-12 га хүрдэг тул нэг га ой нь жилд 40-100 тн тоосыг өөртөө барьж, 18-20 сая м3 агаарыг цэвэрлэж байдаг.
Ой мод нь ус хамгаалах, зохицуулах, усны чанарыг дээшлүүлэх, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Ой мод, таримал ой нь тухайн нутгийн хур тунадас, чийгийн хангамжийг нэмэгдүүлж, бичил уур амьсгалын таатай нөхцөл бүрдүүлнэ. Ой мод нь агаарын тунадасыг 5-15 %, шүүдэр, хярууг 30-40% нэмэгдүүлнэ.
“Ой бол ус, ус бол ургац, ургац бол амьдрал” гэж ойн ач холбогдлыг товчоор тодорхойлдог.
Аливаа улс, бүс нутгийн ой бол зөвхөн тэр бүс нутагтаа төдийгүй хил залгаа оршдог улс орон, тэр ч бүү хэл манай дэлхийн экологийн тэнцвэрт байдалд шууд болон дам нөлөөлдөг.
Ойг түймэр, хөнөөлт шавжаас хамгаалах, зөв зохистой ашиглах, ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих арга хэмжээг цаг алдалгүй авч явуулахын зэрэгцээ зориудаар ойжуулах ажлын цар хүрээг эрс нэмэгдүүлэх замаар хүрээлэн байгаа орчны экологийн доройтол, даян дэлхийн дулаарлын хор уршгийг багасгаж, цөлжилт хуурайшилтыг тогтоон барьж, экологийн тогтвортой, тэнцвэрт орчин бүрдүүлж чадна.
С.Номинцэцэгскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна