📅

САР ШИНИЙН БАРИЛДААН ЦУВРАЛ-2 АЙМГИЙН АРСЛАН Б.ГАНБАТ “ЦАХИУР ХАГАЛАВ”

🕔 2020/02/17 08:30 876
Шороон бар жилийн сар шинийн уламжлалт барилдаан 1998.02.25-26 өдрүүдэд Спортын төв ордонд болж өнгөрлөө. Улс, аймгийн цолтой 256 бөх барилдахад аварга 2, арслан 2, заан 14, начин 55 бүгд 73 бөх, аймгийн цолтой 103 оролцлоо. Хэдийгээр улсын цолтой бөхчүүд олноор зодоглосон ч үзэгчдийн хүсэн хүлээдэг идэр залуу хүчтэнүүд барилдсангүй. Тухайлбал уз Ц.Цэрэнпунцаг АНУ руу суралцахаар явсан, Д.Сумъяабазар сарын өмнө болсон өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд зодоглохдоо тохойндоо бэртэл авсан, Б.Гантогтох, А.Сүхбат, Г.Элбэг нар Иран улсын Тегеран хотод болж байгаа Тахтийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордсон шалтгааны улмаас барилдсангүй. Заан Ц.Баярсайхан Малайз улсад болсон Сумо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртээд, эх орондоо ирсэн өдрөө шууд ирж барилдсан нь үзэгчдийн талархлыг хүлээж байлаа.
Хоёрын даваанд улсын цолтой 19 бөх өвдөг шороодсон нь бөхийн залгамж халаа болсон залуучуудын бэлтгэл сургуулилт сайн байгааг илтгэх мэт. Чухамхүү ирээдүйн улсын цолтон Говь-Алтайн Ду.Батбаяр, Завханы М.Баяржавхлан, Хөвсгөлийн Ц.Очирбат, Төвийн Ц.Гэрэлт-Од, Булганы аймгийн начин Ц.Цогтжаргал, цн Д.Намдаг, аа Д.Рагчаа, аа Б.Ганбат, цн Ц.Цэрэнчимэд, аз Д.Пэрэнлэйдорж, ца Ц.Мягмарсүрэн, аа Д.Азжаргал, Б.Одхүү, Ш.Зоригт нар улсын цолтой бөхийг өвдөг шороодуулж үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа.
Энэ жилийн сар шинийн барилдааны шуугианы эзэн нь Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул аймгийн залуу арслан Б.Ганбат байлаа. Тэрбээр 2-7 даваа хүртэл ун Н.Алтансүх, Г.Бат-Амгалан, Ч.Батзориг, ца Ц.Мягмарсүрэн, уз Г.Өсөхбаяр, уа Д.Мөнх-Эрдэнэ нарыг дараалан давж, үзүүр түрүүнд цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэтэй барилдаж, элэг бүснээс тойруулан гуядахад хашир аварга биеэ суллан үлдэснээр дээр нь туссан билээ. Ийнхүү сар шинийн барилдааны түүхэнд шинэ хуудас нэмж аймгийн цолтой бөх анх удаа үзүүрлэсэн нь Б.Ганбат байлаа. Түүнийн даваануудаас онцлууштай нь 6-ын даваанд залуу заан Г.Өсөхбаяртай тунахдаа баруун золгооноос даацтай гар ачин давахад цугласан үзэгчдийн уухайн дуу, алга ташилтын нүргээн сүртэй байлаа.
Сар шинийн уламжлалт барилдаан анх 1963 онд зохиогдсон түүхтэй. Энэ жил 36 дахь жилдээ болоход улсын цолгүй бөх үзүүрлэсэн нь анхны тохиолдол боллоо. Мөн энэ цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ сар шинийн барилдаанд завсаргүй 11 удаа түрүүлж шинэ дээд амжилтыг тогтоолоо.
Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул цэргийн начин Ц.Цэрэнчимэд амжилттай барилдаж шөвгийн наймд үлдсэн. Б.Ганбат, Ц.Цэрэнчимэд нарыг энэ жил улсын цолны тааварт баараггүй оруулсан хүн олон байсаан. Б.Ганбатыг бүүр начингаар тогтохгүй бөх заан болно хэмээн сонин хэвлэлд нэлээдгүй бичиж байсансан.
Тэд наадмаар хэрхэн барилдав: Ардын хувьсгалын 77 жилийн ойн баяр наадмаар аа Б.Ганбат да Х.Баянмөнхөөр 5 давж начин цолны болзол хангаад 6-ын даваанд уз А.Сүхбаттай тунаж өвдөг шороодов. Цн Ц.Цэрэнчимэд улсын наадмын өмнө болсон бүх цэргийн наадамд урамтай сайхан барилдаж түрүүлэн цэргийн арслан цол хүртээд наадамд зодоглосон ч энэ удаад түүнийг аз ивээсэнгүй. Цол ахиад даваа хөнгөрөх бус улам чангарч 2-ын даваанд аа Б.Ганбаттай таарах нь тэр. Улсын цолны тааварт зүй ёсоор орж байсан 2 бөх ингэж чанга таарах гэж дээ хэмээн үзэгчид халаглаж, чухамхүү тэр 2-ын барилдааныг амьсгаа даран, нүд цавчилгүй харж байсан. Цаг орчим үргэлжилсэн барилдаан Увсын залуугийн даваагаар өндөрлөж, начин цаашлаад заан болох замаа засчихсан даа.
Ховд аймгийн Мөст сумын уугуул, улсын заан Ч.Бямбадоржийн шавь аралтай чацтай цэргийн арслан Ц.Мягмарсүрэн 2-4 даваануудад ун Т.Бат-Эрдэнэ, Д.Бумбаяр, Ц.Бэгзсүрэн нарын начингуудыг давж шөвгийн 16-д үлдээд Б.Ганбаттай тунаж өвдөг шороодсон. /Ц.Мягмарсүрэн энэ зуны наадмаар амжилттай сайн барилдаж уз Б.Гантогтохоор 6 давж өсөх идэр чимэгтэй начин цол хүртсэн юм /
Өнөө жил 46 насыг зооглож буй ч заал танхимын барилдаанд тогтмол барилдаж буй улсын заан Д.Цэнд-Аюуш харих болоогүй гэдгээ харуулж 3-ын даваанд залуу бөх М.Баяржавхланг хонгодоод, 4-ийн даваанд “дүүгүүр” хэмээх М.Болдбаатарыг хутгаж даван бага шөвөгт үлдсэн нь бахтай сайхан байлаа.
Энэ үеэр МҮБХ-оос оны шилдэг бөхчүүдэд шагналыг гардуулсан юм. Гал үхэр жилийн шилдэг найман бөхөөр:
Б.Бат-Эрдэнэ д.ав
Д.Мөнх-Эрдэнэ уа
А.Сүхбат уз
Ц.Цэрэнпунцаг уз
Г.Өсөхбаяр уз
Б.Ганбат аа
Ч.Батзориг ун
О.Одгэрэл ун нар шалгарлаа.
Барилдааны дүйз:
ТАВЫН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав+ -ун Г.Намсрайжав хонгодов
О.Балжинням у.ав+ -уз Д.Цэнд-Аюуш хавирав
Д.Мөнх-Эрдэнэ уа+ -ун Б.Жавхлантөгс дугтрав
Ж.Ганболд уз+ -аа Б.Одхүү тонгоров
Ц.Баярсайхан уз+ -ун У.Сүхбаатар давуулж гуядав
Г.Өсөхбаяр уз+ -ун Ш.Батхуяг давуулж гуядав
О.Одгэрэл ун- +цн Ц.Цэрэнчимэд
Б.Ганбат аа+ -ца Ц.Мягмарсүрэн зайлж татав
ЗУРГААГИЙН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав+ -уз Ж.Ганболд татаж хавирав
О.Балжинням у.ав+ -цн Ц.Цэрэнчимэд зүүн хонгодов
Д.Мөнх-Эрдэнэ уа+ -уз Ц.Баярсайхан гар ачих гэхэд нь мушгив
Г.Өсөхбаяр уз- +аа Б.Ганбат гар ачив
ДОЛООГИЙН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав+ -у.ав О.Балжинням зайл татав
Д.Мөнх-Эрдэнэ уа- +аа Б.Ганбат мордов
НАЙМЫН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав+ -аа Б.Ганбат элэг бүснээс тойруулан гуядахад суллаж үлдэв.

Ц.Мягмарцэрэн.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна