📅

САР ШИНИЙН БАРИЛДААН ЦУВРАЛ-3 ИХ АВАРГЫН “ХААНЧЛАЛ”-ЫГ ЗОГСООСОН А.СҮХБАТ

🕔 2020/02/19 08:49 817
Согтох төгөлдөр хэмээх Шороон туулай жилийн “бага наадам” 1999.02.15-16 өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.Сүүлийн 5 жилийн турш яригдаж, хөрөнгө санхүүгийн хямралаас болж ашиглалтанд ороогүй байсан Монгол бөхийн өргөө ард түмэн, төр засгийн дэмжлэгээр үүд хаалгаа дэлгэж, нээлтийн барилдаан-бөхийн их баяр цэнгэл наадмаа хийж байсан нь саяхан бөгөөд ердөө 2 сар гаруйн дараа сар шинийн барилдаан ийнхүү бөхийн өргөөнөө анх удаа боллоо. Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга Р.Гончигдорж, МУ-ын Ерөнхий сайд Ж.Наранцацралт нарын төр засгийн тэргүүнүүд хүрэлцэн ирсэн байлаа.
Өнөө жилийн барилдаанд улсын аварга 3, арслан 2, заан 19, начин 53, нийт улсын цолтон 77, аймгийн цолтон 98, залуу бөх 81 оролцсон нь урьд урьдын сар шинийн барилдаануудаас илүү чанартай ирц байлаа.
Зүүний магнайд ХХ зууны манлай бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнх, барууны магнайд энэ цагийг эзэлсэн их бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нар магнайлан хүчит бөхийн барилдааны нэгийн даваа ёслол төгөлдөр эхэлвээ. Энэ даваанд ун А.Норов, Б.Жавхлантөгс, Ч.Батбаатар, Б.Баянбаатар нар учраа бөхөө дийлсэнгүй. Харин ун Н.Баттулга бүртгүүлсэн ч ирээгүй тул унасанд тооцож, ХОТШ банкны бөх, Завхан аймгийн уугуул залуу бөх Б.Бадамдоржид даваа өглөө.
Хоёрын даваа онц сонирхолтой өрнөлөө. Ялангуяа сүүлийн 8 дүйзэд улсын залуу начингууд нугарч таарсан нь бөхийн залуу халаа ирмүүн хурдтай гарч ирж байгааг илтгэх мэт.
Энэ даваанд уз Д.Долгорсүрэн зб М.Баяржавхланд, Ч.Гочоосүрэн зб Д.Сэржбүдээд, Д.Цэнд-Аюуш зб Ш.Уламбаярт, С.Сүхбаатар ан Т.Баттөмөрт, Р.Гансүх ан Д.Баасанжаргалд, ун Б.Батхуяг ан Д.Батмөнхөд, Ц.Дамдин аз Д.Батбаярт, Л.Бадарч аз Б.Батгэрэлд, Л.Цэвээн аз Д.Пэрэнлэйдоржид, Л.Эрхбаяр аз Т.Мөнхбаярт, Д.Бадрах аа Я.Оюун-Эрдэнэд, Х.Амараа ца Ц.Цэрэнчимэдэд, Д.Амаржаргал аа Г.Батбаатарт, С.Баатар аа Ц.Цэдэндамбад, П.Ганбаяр аа Ц.Сумъяабээст, Ц.Анхбаяр аа Д.Ганхуягт, ун Д.Намдаг ун О.Одгэрэлд, Б.Ганбат ун Н.Алтансүхэд, Д.Пүрэвсүрэн ун С.Дэлгэрбатад, Д.Доржбат ун Ч.Батзоригт, П.Моломжамц ун Ч.Чулуунбаатарт, Г.Элбэг ун Ж.Оргилболдод, У.Сүхбаатар ун У.Балжиннямд, Б.Адъяахүү ун А.Хатансайханд тус тус өвдөг шороодлоо. Өнгөрсөн жилийн шуугианы эзэн залуу начин Б.Ганбат хоёрын давааг гаталж чадсангүй унасан нь эхний том сенсаац байлаа.
Гурвын даваанд зүүний магнай Х.Баянмөнх аварга ан Т.Баттөмөрийг баруун мордоод мушгиулж унав. Өнөө жил 55 настай Баянаа аваргыг 2 даван алдар цолоо дуудуулахад олон үзэгч баяр хүргэн, алга ташиж байлаа. Аварга, арслан, заанууд амласан бөхчүүд хялбархаан давсан бол уз С.Хүрэлбаатар аз Д.Пэрэнлэйдоржид зайл бусгуулан, уз Р.Давааням ан Д.Баасанжаргалд гуд татуулан, З.Дүвчин заан Ш.Уламбаярт хөлөө алдаад, уз Д.Баяраа аз Д.Батбаярт тонгоруулан өвдөг шороодсон. Үүнээс гадна бяртай, хийцтэй начин Шархүүгийн Лхагвасүрэн ун С.Дэлгэрбатад суйлуулж, И.Доржсамбуу ун Ж.Оргилболдод биеийн жингээр даруулж, Д.Бумбаяр аа Д.Ганхуягт татаж мордуулан унасан нь үзэгчдийг өндөлзүүлсэн барилдаанд зүй ёсоор орох бизээ
Начин цолны тааварт жил бүр ордог ч хараахан болж амжаагүй яваа шилдэг аймгийн арслангууд болох Ц.Сумъяабээс Ц.Цэрэнчимэд нарыг хэн чамлалгүй тунаж, Завхан нутгийн залуугийн даваагаар энэ даваа өндөрлөвөө.
Дөрвийн даваанд аварга арслан заанууд амласан бөхчүүдээ цолны эрэмбэ, хүч бяр, туршлага заан давж байлаа. Ганц нэг үзүүштэй барилдааныг онцолбол Ч.Бямбадорж зааныг Ц.Баянмөнх начин даацтай тонгорч, “Ерөнхийлөгчийн бөх” Ж.Чулуун уа Б.Ганбаатарыг дархан хавирах мэхээрээ, Говь-Алтай Ду.Батбаяр заан Ж.Ганболдыг солгой ачиж, хутагтын нутгаас 30 жилийн дараа улсын цол авч нутгийн зон олноо баярлуулж байсан А.Хатансайхан начин том хэмээх П.Сүхбат зааныг даацтайхан давуулж гуядаад, залуу заан Д.Сумъяабазар нэг нутгийн унаа холтой, биеэ сайн сулладаг Н.Түмэннаст начинг амлан барилдсан ч, бэртэл нь сэдэрч, эмчийн магадлагаагаар тахимаа өгч, үзэгчдийн сэтгэлийг гонсойлголоо. Г.Өсөхбаяр Ж.Оргилболд нарын өндөр бөхчүүдийн барилдаан ч бас харууштай болж Өсөхөө заан хутгаад давсан. О.Одгэрэл Ч.Батзориг нарын залуу начингууд мөн л тунаж Жүдогийн хөмрөөгөөр Увс нутгийн начин даваагаа ахиуллаа.
А.Хатансайхан начин 5-ын даваанд “өндөр” Д.Эрдэнэбат зааныг мөн л давуулаад гуядчихлаа. 2 жилийн өмнө начин цол хүртэж байсан түүнийг “бага наадам” –аар ийнхүү дунд шөвөгт үлдэхэд начин цолоо баталсантай ялгаа юу байхав, сайн байна хэмээн олон хүн баяр хүргэж байлаа.
Зургаагийн даваанд хүчит заан Ц.Цэрэнпунцаг “жижиг” хэмээх А.Сүхбатыг амласан нь сар шинийн барилдааны хамгийн оргил хэсэг гэхэд хилсдэхгүй бизээ. Барьц булаацалдан харилцан түрэлцэж эхэлсэн 2 зааны барилдаан удсангүй Пунцгаа заан дархан баруун хавираагаа даацтай хийж 2 бөх ойролцоо газардлаа. А.Сүхбат заан өөрийн баруун тохойгоо алгадангаа дэвэн гүйж, Ц.Цэрэнпунцагийн тохой түрүүлээд хүрчихсэн ш дээ гэх аяг үзүүллээ. Пунцаг би давсан гээд дэвэв. Хөлийн цэц, ерөнхийн цэцүүд хуралдаж А.Сүхбатыг давсанд тооцжээ. Пунцаг ч үг сөрсөнгүй, элэг бүсээ тайлчихлаа. Үзэгчид эсэргүүцэж А.Сүхбат уначихсан ш дээ хэмээн хашгирч байлаа.
/үүнийг бичигч би бээр ТВ-р үзэж байсан юм. Ер нь дахиад барилдчих л барилдаан байсан даа хэмээн дүгнэж суусан, цагаан сарын дараа спортын сэтгүүлч Н.Тамир “Цэнхэр гариг” хөтөлбөрөөрөө энэ барилдааныг удаашруулан харуулахад А.Сүхбат түрүүлж газардсан нь илт байсан юм/
Буур аваргын зээ хүү Б.Гантогтох зааныг шуудагнаас шахаж татаад давсан нь бас л бахтай сайхан давааны нэг байсаан.
Их шөвөгт 2 эрдэнэ хоорондоо тулж Өсөхөө А.Сүхбат нар туналаа. Барилдаан төдийлөн удсангүй А.Сүхбат баруун талд нь огцом хонгодож түрж бараг 20м орчим яваад өндөр зааныг газардууллаа. /1999 оны турш энэ 2 бөх бөхийн өргөөнд улс, аймгийн цолтны барилдаанд хоорондоо 10 барилдахад бүгдэд нь А.Сүхбат давсан статистик бий шүү/
Үзүүр түрүүний барилдаан нэлээд тэмцэлдээн дунд өрнөсөн.
Аварга заан 2-ын зөрчилдөөн эхэлсэн ид үе нь байсан л даа. Б.Бат-Эрдэнэ аварга А.Сүхбатыг сэнжигдэн барихад нэг биш удаа дамнуулан цохиж халахад хуруу гарны бэртлээс сэргийлсэн үү мэдэхгүй дахин сэнжиг авалгүйгээр хав золгоход заан баруун давуулж суунгаа зайлж урдуураа хөнтөрч татаад сар шинийн барилдааны түрүүг хүртсэн юм. Б.Бат-Эрдэнэ аваргын улсын наадмын тасралтгүй түрүүг “том” П.Сүхбат зогсоосон бол, сар шинийн барилдааны завсаргүй 11 түрүүг ийнхүү “жижиг А.Сүхбат зогсоолоо.
ТАВЫН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав+ -ун Ж.Чулуун шуудагдаж түрэв
О.Балжинням у.ав+ -ун Ц.Баянмөнх ард нь гарч татаад
Д.Мөнх-Эрдэнэ уа+ -аз Д.Батбаяр шуудагдаж түрэв
Д.Эрдэнэбат уз- +ун А.Хатансайхан давуулж гуядав
Д.Хишигдорж уз- +уз Г.Өсөхбаяр хонгодов
Ц.Цэрэнпунцаг уз+ -ун Н.Түмэннаст зайл татав
Б.Гантогтох уз+ -ун М.Жамъянпүрэв баруун хонгодов
А.Сүхбат уз+ -ун О.Одгэрэл баруун хөл авав
ЗУРГААГИЙН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав+ -ун А.Хатансайхан зайл гуядав
О.Балжинням у.ав- +уа Д.Мөнх-Эрдэнэ ард нь гарав
Ц.Цэрэнпунцаг уз- +уз А.Сүхбат татаж хавирахад нь үлдээд
Б.Гантогтох уз- +уз Г.Өсөхбаяр шуудагнаас шахаж өргөв
ДОЛООГИЙН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав+ -уа Д.Мөнх-Эрдэнэ давхар ачихад нь үлдээд
Г.Өсөхбаяр уз- +уз А.Сүхбат Хонгодов
НАЙМЫН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав- +уз А.Сүхбат баруун талдаа давуулж зайлж хөмрөв.

Ц. Мягмарцэрэн.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна