📅

САР ШИНИЙН БАРИЛДААН ЦУВРАЛ-4 Ц.МАГАЛЖАВЫН “ЦОЙЛОЛТ”

🕔 2020/02/21 08:01 931
Төмөр луу жилийн сар шинийн барилдаан 2000.02.04-05 өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд аварга 2, арслан 2, заан 14, начин 45, улсын цолтой нийт 63, аймгийн арслан 35, заан 18, начин 34 нийт аймгийн цолтон 87 бөх зодогложээ.Шинэ зууны “отгон” цагаан сар Луу жилийн хувьд УИХ-ын ээлжит сонгууль, Сидней хотод болох зуны олимпийн XXVII наадмын жил гээд онцлог олонтой оны эхлэл барилдаан байлаа.
Цагаан сарын барилдааны өмнө спорт мэдээллийн төв хэвлэл Таван цагариг сониноос сар шинийн барилдааны тааврыг бөх сонирхогчдын дунд явуулсан билээ. Да Б.Бат-Эрдэнэ уз А.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр нарыг түрүүлнэ гэж ихэнх хүмүүс тааварт оруулжээ.
Энэ жилийн цагаан сарын барилдааны гол “баатар” Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Монгол Амикал үйлдвэрийн бөх аймгийн арслан Ц.Магалжав байлаа. Улсын цолгүй бөх цагаан сараар үзүүрлэсэн 2 дахь тохилдлын эзэн тэрбээр 2-7 даваа хүртэл ун Д.Сэржбүдээ, О.Одгэрэл, И.Доржсамбуу, уз Ц.Баярсайхан, у.ав О.Балжинням, уз А.Сүхбат нарыг дараалан давж олныг шуугиуллаа.
Өнгөрсөн намраас хойш болсон томоохон барилдаануудыг тоймловол нийслэлийн 360 жилийн ойд Д.Сумъяабазар түрүүлж Б.Бат-Эрдэнэ үзүүрлэсэн, Атар газрын 40 жилийн ойд Б.Бат-Эрдэнэ түрүүлж А.Сүхбат үзүүрлэсэн, Улс тунхагсласны 75 жилийн ойд Б.Бат-Эрдэнэ түрүүлж Б.Гантогтох үзүүрлэсэн, Ардчилсан хувьсгалын 10 жилийн ойд А.Сүхбат түрүүлж, Б.Бат-Эрдэнэ үзүүрлэсэн, бөхийн өргөөний 1 жилийн ойд А.Сүхбат түрүүлж, Д.Мөнх-Эрдэнэ үзүүрлэсэн, Шинэ үндсэн хуулийн 8 жилийн ойд М.Жамъянпүрэв түрүүлж Д.Мөнх-Эрдэнэ үзүүрлэжээ.
Энэ удаагийн барилдаанд уз Ц.Цэрэнпунцаг, Р.Гансүх, Б.Ганбат, ун Ш.Лхагвасүрэн, Д.Бумбаяр, Б.Адъяахүү нарын бөхчүүд зодоглосонгүй өнжлөө . Б.Ганбат зааны хувьд өнгөрсөн зун Баянхонгор аймагт болсон Ламын гэгээний 360 жилийн ойн даншигт түрүүлснийн дараа авто осолд орж бэртсэн, гэмтэл илааршаагүй байгааг сонин хэвлэлээр мэдээлж байсан юм.
Хоёрын даваанд улсын цолтнуудаас уа Б.Ганбаатар зб М.Цанлигт, уз Д.Хишигдорж зб Б.Бадамдоржид, С.Сүхбаатар зб Г.Отгонбаатарт, ун А.Норов ан Ч.Батхуягт, Лу.Энхбаяр ан Д.Дорждагвад, Ло.Энхбаяр ан М.Батжаргалд, М.Чимэддорж аз Г.Энхнастад, Ц:Анхбаяр аз Д.Цогзолдоржид, Х.Түвшинсанаа цз Ш.Уламбаярт, С.Ганхуяг аа Г.Олзгэрэлд, П.Моломжамц аа Г.Ганхуягт, А.Хатансайхан ца Ц.Цэрэнчимэдэд, Н.Алтансүх аа Ж.Оргилд, Д.Сэржбүдээ аа Ц.Магалжавт тус тус уналаа.
Гурвын даваанд Завхан аймгийн залуу бөх Б.Бадамдорж улсын заан Д.Эрдэнэбатыг зайлж татан, аа Ц.Магалжав начин О.Одгэрэлийг зүүн талдаа зайлж бусган, Самбо бөхийн дэлхийн аварга ун Д.Пүрэвсүрэн Ховд аймгийн уугуул ун И.Мөнхбаатарыг уран гоё этэж, тунасан аймгийн арслан Ц.Цэрэнчимэд До.Ганхуягийн ард гараад давсан барилдаанууд онцлууштай.
Дөрвийн даваанд д.ав Б.Бат-Эрдэнэ ун С.Баатарыг алсын сүвээний барьцнаас урдуураа татаж хамгийн түрүүнд туг тойрлоо. МУГТ, уз З.Дүвчин залуу бөх Б.Бадамдоржид зүүн хөлөө өгчихөөд уналгүйгээр хариулт мэх хийж давсан нь олон үзэгчийн талархлыг хүлээлээ. Бөхийн нэрт тайлбарлагч Ш.Чанрав гуай тус барилдааныг тайлбарлахдаа З.Дүвчин зааны зүүн хөл элдэвтэй, бөхчүүд түүний хөлийг авахаас цэрвэдэг, Б.Бадамдорж залуу хүн учраас зоригтойгоор авч санасан мэхээ хийж, хашир зааны хариулт мэхэнд орлоо доо хэмээн хүүрнэж байсан юм. М.Жамъянпүрэв начин Ч.Чулуунбаатар начныг уран гоё өмссөн ч жин ихтэй начин биеэ сайн сулласнаар дээр нь туслаа. Ч.Бямбадорж зааны 2 шавь Ч.Батзориг Ц.Мягмарсүрэн нарыг энэ даваанд хэн амласангүй, ах начин нь дархан мэх зүүн талдаа тосгуулж хавсраад давлаа. И.Доржсамбуу начин Ц.Магалжавыг амлан нэлээд удаан хүч үзэв, аймгийн залуу арслан начны зүүн хөлийг авч дэрлэн суулгаснаар энэ даваа өндөрлөлөө.
Тавын давааны дундуур оны шилдэг бөхчүүдэд МҮБХ-оос шагнал гардууллаа. Туулай жилийн шилдэг найман бөхөөр
Б.Бат-Эрдэнэ д.ав -77067 оноо
А.Сүхбат уз – 75988
Д.Сумъяабазар уз – 28100
Д.Мөнх-Эрдэнэ уа – 22874
Б.Гантогтох уз – 20563
Г.Өсөхбаяр уз – 16413
И.Доржсамбуу ун – 14289
Ч.Батзориг ун – 13891 нар шалгарч дурсгалын зураг татууллаа.
Мөн түүнчлэн у.ав Ж.Цэвээнравдангийн нэрэмжит шагналыг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул аймгийн заан Дондогийн Цогзолдоржид олгожээ.
Шагналын хур дуусч барилдааны тавын даваа 19 цагт эхэллээ. Ц.Баярсайхан зааны даацтай тонгороонд тогтож үлдээд зайлж давсан Ц.Магалжавын даваа, начин Ч.Батзоригийн мэхийг өөрт нь хийж зүүн талдаа барьцгүй хавиран давсан А.Сүхбатын даваа хамгийн харууштай барилдаан байлаа.
Шөвгийн наймын барилдаан ч бас сайхан болсоон. Ялангуяа Г.Өсөхбаяр А.Сүхбат нарыг тунахад үзэгчид алга ташин хүлээж авч, шимтэн үзлээ. Барилдаан удсангүй, хоромхон зуур өнгөрлөө, хүчээ үзээгүй элэг бүс тайлсан Өсөхөөгийн харуусал, гол өрсөлдөгчөө давж, түрүүлэх болзлоо хангачихсан А.Сүхбатын мэхийг одоо ч мартаагүй бизээ. Г.Өсөхбаяр заан өрж байхдаа бага зэрэг анхаарал сулран цээж сөхөхийг гярхай харсан А.Сүхбатыг маш хурдтай хонгодоо амжилттай болж шөвгийн дөрөвт үлдээсэн юм. Аймгийн арслан Ц.Магалжав аварга О.Балжиннямын үндсэн мэхийг өөрт нь хийчихлээ. Баруун сэнжигнээс хагалж татаад өвдөглүүлсэн юм. Улсын наадамд тавантаа үзүүрлэсэн хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ залуу заан Б.Гантогтохтой даваа дуустал хамгийн сүүлд шуудагнаас шахаж татаад давсан нь бахтай байлаа.
Их шөвөгт их аварга гол өрсөлдөгч, од нь орсон аймгийн арслан хоёрыг тунааж, наадамд 5 удаа хаясан “нөгөө эрдэнэ”-ээ амлалаа. Ц.Магалжав арслан өнөөдөр үнэхээр зоригтой байлаа. “Жижиг” ч сэтгэл зүйгээр бараг түрүүлчихлээ гэж бодсон уу яасан мэхээ дутуу хийж алдаа гарган уналаа.
Үзүүр түрүүнд их аварга Б.Бат-Эрдэнэ шуудагдаж алсын сүвээнийн барьцнаас араар хашиж мордоод сар шинийн барилдаанд нийт 12 дахь удаагаа түрүүллээ. Үзүүр түрүүний бөхчүүд төв индэрт гарч Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд Р.Амаржаргал нараас бай шагналаа гардан барилдаан 16 цаг 30 мин-д эхэлсэн битүүний барилдаан 20 цаг 45 мин-д өндөрлөлөө.
Барилдааны дүйз:
ТАВЫН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав+ -ун Х.Амараа шуудагдаж түрэв
О.Балжинням у.ав+ -уз З.Дүвчин дэгээдэхэд нь үлдээд
Д.Мөнх-Эрдэнэ уа+ -уз Р.Давааням шуудагдан түрж
Ж.Ганболд уз- +ун Д.Пүрэвсүрэн этэв
Ц.Баярсайхан уз- +аа Ц.Магалжав тонгороход нь үлдээд зайлав
Б.Гантогтох уз+ -ун Ч.Чулуунбаатар тохой алгадан ард гарч өргөв
Г.Өсөхбаяр уз+ -ца Ц.Цэрэнчимэд тахимдав
А.Сүхбат уз+ -ун Ч.Батзориг хавирав
ЗУРГААГИЙН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав+ -ун Д.Пүрэвсүрэн шуудагдаж шахаж татав
О.Балжинням у.ав- +аа Ц.Магалжав сэнжигнээс зайлж бусгав
Д.Мөнх-Эрдэнэ уа+ -уз Б.Гантогтох шуудагдаж татав
Г.Өсөхбаяр уз- +уз А.Сүхбат зүүн хонгодож дайрав
ДОЛООГИЙН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав+ -уа Д.Мөнх-Эрдэнэ шуудагнаас хавирав
А.Сүхбат уз- +аа Ц.Магалжав зүүн тахимдахад нь мурьж хөнтрөв
НАЙМЫН ДАВАА
Б.Бат-Эрдэнэ д.ав+ -аа Ц.Магалжав хав золгооноос мордов.

Ц. Мягмарцэрэн.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна