Малчин Цолмонгэрэлийнх шилмэл үүлдрийн Цагаан үхэр малладаг
Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Хоолтын гол балгасны Баянбулаг гацааны малчин Цолмонгэрэлийнх. Хос дээлээр гоёсон гэрийн эзэд биднийг найрсгаар угтан авлаа. Тэднийх тохилог сууцанд ам бүл тавуул амьдардаг. Холоос ирсэн зочдоо чанасан мах, цагаан идээ, сүүтэй цайгаар дайлангаа ажил амьдралын түүхээ хуваалцлаа.
Цолмонгэрэлийнх 480 га бэлчээртэй, 2012 оноос дулаан хашаа саравч, моторт худаг болон бусад дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэснээр шилмэл үүлдрийн үхэр үржүүлж эхэлсэн гэнэ. Саравчиндаа камертай, зав чөлөө муутай үедээ үхэрнүүдээ гэрээсээ “хариулна”. Малын тоо нь 400 толгойд хүрч, 2018 онд мал аж ахуйн цэвэр орлого нь 650 мянган юань болсон байна.
Цолмонгэрэлийн эхнэр Нарс нь идээ цагаагаа монгол аргаар боловсруулдаг, балгасны “Тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн жишээч”-ээр шалгарсан хөдөлмөрч бүсгүй ажээ.
Бидний очсон газар бүрийн айлууд бэлчээрээ хашсан байв. Өвөр Монголд бэлчээрийн даацтай холбоотойгоор малын тоог хязгаарладаг бөгөөд тухайн өрх хэдэн гишүүнтэйгээс нь хамааран бэлчээрийн газрын хэмжээг тогтоодог. Нэг хүнд 31 га газар ногддог гэнэ. Үүнээс үүдэн ихэнх малчин өрх нүүдэллэх боломжгүй болж, эзэмшлийн газартаа байшин барин, суурин амьдралын хэв маягийг сонгох болжээ.