📅

Өвөр монголчууд бол буурал түүхийн буман нугачаанд бичиг соёл, өв уламжлалаа гээгээгүй ард түмэн

🕔 2019/10/12 16:49 759


Монгол улс БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан баг 10-р сарын 9-17-ны өдрүүдэд  ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуу, Тунляо хот, Жарууд хошуу, Хорчин зүүн гарын хойд хошуу, Баруун үзэмчин хошуугаар 1000 гаруй километр зам туулан, мэдээ сурвалжлага бэлтгэлээ. Монголын сэтгүүлчдийн багийг МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүн, МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг ахалж, бүрэлдэхүүнд нь МҮСХНХ-ны удирдлагууд, орон нутгийн болон сайтыннийт 23 сэтгүүлч оролцлоо. БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны "Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалан тэргүүтэйСинхуа агентлаг, Хятадын төв телевиз-CCTV-ийн монгол сайт, Өвөр Монголын Өдрийн сонины Солонго мэдээллийн төв, "Одон” телевиз, Хятадын Олон улсын радиогийн сэтгүүлчид оролцсон юм.

Хамтарсан сурвалжлагын зорилго нь ӨМӨЗО-ны хөдөө аж ахуй, анагаах ухаан, соёл, боловсрол,байгаль орчин, аялал жуучлал, уул уурхайн нөхөн сэргээлттэй танилцан сурвалжлахын зэрэгцээ хоёр орны сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд харилцан туршлага солилцох байлаа.


Шарга адуугаараа алдартай адуучин Бөх-Эрдэнэ


Бид эхний сурвалжлагаа Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны Улиастай суурины Давшилт багийн малчин Бөх-Эрдэнийнхээс эхэллээ. Удам дамжсан адуучин Бөх-Эрдэнийнх үзэмчин Монгол угшлын 600 гаруй адуутай. Үүнээс 200 гаруй нь шарга зүсмийнхМөн 30 гаруй үхэр, 600 гаруй хоньтой малч хичээнгүй айл ажээ.

Адуучин Бөх-Эрдэнийнх 122м2 талбай бүхий эрчим хүчний хэмнэлттэй тохилог орон сууцанд амьдардаг. Мөн монгол гэр маягаар засаж, тохижуулсан байшинтай. Хоймортоо их эзэн Чингис хааны хөрөг, үзэмчин хийцийн эмээл, морины хэрэглэлээ залсан байв. Малчны хотондоо адууны жүчээ, дулаан хашаа саравч, өвс хадгалах агуулах барьжээ.Намартаа хадланд гарч, өвс тэжээл бэлтгэн хонь, үхэртээ тавьж өгдөг. Харин адуугаа гүү унагалах цагаар л тэжээдэг юм байна.

2010 оноос монгол адууны аж ахуйг хөгжүүлэхээр зориг шулуудан, өөрийн мэдлийн 210 га бэлчээр дээрээ 3000 га бэлчээрийн газар түрээслэн, “Шарга адуу үржүүлэх суурин”, “Монгол морины үүлдэр хамгаалах суурин”-ыг байгуулжээ. Өнгөрсөн 2018 онд өрхийн цэвэр орлого нь 400 мянган юаньд хүрсэн гэнэ.

Бөх-Эрдэнийн ганц хүү нь удам залгасан малчин. Хүү, бэр, ач нартайгаа нийлээд ам бүл зургуул буянт мал сүргээ өсгөн аж төрдөг. Бөх-Эрдэнэ адуучныгэргий Оюундэлгэр нь ургах нарнаас урьтан босон, үнээ малаа сааж, монгол аргаар цагаан идээгээ боловсруулдаг ажилсаг хичээнгүй эмэгтэй. Биднийг гарынхаа сүүтэй цай, цагаан идээгээр дайлж цайлангаа Өвөр монголын малчдын амьдрал ахуйн талаар сонирхолтой яриа өрнүүлж байлаа.


Улаантуг багт “Ангусүүлдрийн үхрийн ферм байгуулжээ


Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Дуут нуур суурингийн Улаан туг багийн Ангус үхрийн фермтэй танилцавУлаантуг баг нь нутаг бэлчээр багатай тул малчдаа нэг дортөвлөрүүлэн, суурин байгуулж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж эхэлсэн байна. Энэ суурин газрыг байгуулах төсөлд нийт 14 сая 830 мянган юань зарцуулж, малчин өрх тус бүрт шинэ тоосгон байшин, малын дулаан хашаа саравч, өвсний агуулах зэрэг тус бүр 20 цогцолбор байгуулжээ. Энэ сууринд 20 өрхийн 98 хүн амьдардаг бөгөөд цахилгаан, цэвэр ус, радио телевиз, интернетийн сүлжээнд холбогдсон байна.

Улаантуг баг нь сүүлийн жилүүдэд хонио цөөлж,цэвэр цусны 350 толгой Ангус үхэр авчран, өсгөн үржүүлж ашиг шимийг нь хүртэж байна.

Бэлчээр нутаг багатай газар эрчимжсэн мал аж ахуй эрхэлснээр бэлчээрийн доройтлыг бууруулах, мал аж ахуйн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг сайжруулах үр нөлөөтэй ажээ.


Өдөрт 10 мянган үхэр борлуулдаг “Чин Фэй” малын зах


Бид хөтөлбөр ёсоор ӨМӨЗО-ны Тунляо хотын Хорчин зүүн гарын дунд хошууны Шаварт сууринд хүрч “Чин фэй” малын захтай танилцахаар болов.Уг зах нь 140 мянган м2 талбайтай, 10 мянган малын багтаамжтай, дэд бүтцийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, нүсэр том байгууламж байлаа.

2013 оноос арилжааны цахим сүлжээгээ ашиглалтад оруулсан нь Хармөрөн, Ляонин, Гирин, Тяанжинь, Хэбэй, Гуанжөү зэрэг олон муж, орон, хотын худалдаачдын анхаарлыг татах болжээ. Зах зээлээр болон цахимаар өдөрт 10 мянган мал буюу 50 сая юаний арилжаа хийдэг.Одоогоор уг зах дотоодын улаан үхэр арилжаалах хамгийн том суурин болсон бөгөөд түр арчлах, төлбөр тооцоо хийх, цахим арилжаа, түргэн хүргэлт зэрэг олон үйлчилгээг нэг доор үзүүлдэг их хөлийн газар юм.

Чин фэйзах нь орон нутгийн 3000 шахам тариачин малчныг ажлын байраар хангасны зэрэгцээ ядуу өрхөд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах тулгуур цэг болсон ба бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэнэ.

Хамгийн олон монгол үндэстэнтэй Тунляо хот


Өвөр монголын гурван их тал нутгийн нэг Хорчины тал нутагт сүндэрлэсэн Тунляо хот нь 3,2 сая хүн амтай бөгөөд 1,53 сая монголчууд амьдардаг. Хорчин нь Чингис хааны дүү Хавт Хасарын үр удам үеийн үед амьдарсаар ирсэн нутаг бөгөөд үндэсний ёс заншил, өв соёлоо нандигнан хадгалдаг юм байна.

Тунляо нь шохойн чулуу, нефть, ховор шороо, төмөр, цайр, гууль, зэс, нүүрсээр баялаг бөгөөд өнгөт төмөрлөг, тоног төхөөрөмж, барилгын материалын үйлдвэрүүдтэй.

Автозам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг зам харилцаа маш сайн хөгжсөн хот.

Хотын хэмжээнд жилд дунджаар 10 тэрбум жин үр тариа хураадаг бөгөөд малын тоо толгой нь 10 сая толгойд хүрчээ. Хүн амаа эрүүл хүнсээр хангахад онцгойлон анхаарч ажиллаж байгаа гэнэ.

Тунляо нь орчин үеийн өндөр барилгууд сүндэрлэсэн, өргөн цэлгэр гудамж талбайтай, түгжрэл бухимдалгүй, мод, цэцэгсийн хүрээлэн нь өнгө өнгөөр алагласан цэвэрхэн хот байлаа.

Хотын хүн амын талаас илүү хувь нь монголчууд байдаг тул сүүтэй цай, хийцтэй цай, төрөл бүрийн цагаан идээ, борц, боорцог, таван цулын шөл гээд монгол хоол, идээ ундаагаар элбэг дэлбэг, найрсаг зочломтгой, сэтгэлд дотно ард түмэн ажээ.


400 гаруй жилийн түүхтэй гайхамшигт ордон


Тунляо хотоос 48 километрт орших 400 гаруй жилийн түүхтэй Хорчин зүүн гарын хошууны Дархан Чин Вангийн ордон болон Чин гүрний түүхэнд алдартай Тахимдуу Амарлингуй Гэгээн Сүд хатны музейг үзэж сонирхлоо. Энэ ордон 10 мянган м2 талбайтай, 60 гаруй сууриас бүрдсэн, Чин улсын үеийн эртний барилга. Энд Вангийн ордон, ёслолын танхим, тамгын газар, Вангийн харш, амралтын ордон, бурхны газар, дээдсийн сүм, засгийн яамны дотоод явдлын яам, Ван ноёны зэвсгийн эрдэмд суралцах газар, морины жүчээ зэрэг байжээ. Зүүн хэсэгт нь өртөө улааны газар, цэргийн сууц, цэцгийн хүрээлэн, гүнжийн өрөө, бичгийн гэр, гэрийн сургууль, сан хөмрөг зэрэг байв. Харшийг цул мод, хөх тоосгоор барьж, өнгөт ваараар чимэглэн үндэснийхээ онцлогийг шингээн барьжээ. Вангийн ордон нь Хятадын түүхийн үнэт өвийг хадгалсан газар гэдгээрээ алдартай юм.

Энэ ордонд одоо Тахимдуу Амарлингуй Гэгээн Сүд хатны музей, Өвөр монголын үндэсний баатар Гаадаа мэйрэний дурсгалын ордон, Дархан чин вангийн түүх үзмэрийн газар, Хорчины монгол морины соёлын музей, Хорчины зан үйлийн музей байдаг юм байна.

Өвөрмонголын Үндэсний Их Сургуулийн музей

Дараа нь бид Өвөрмонголын Үндэсний Их Сургуулийн музейд ирж, Монгол эм, эмнэлгийн тасгийн үзмэрүүдийг үзэж сонирхов. Энэ танхимд төрөл бүрийн эмийн ургамал, эмийн найрлагад ордог элементүүд, эм барих хэрэгслүүд зэргийг уйгаржин монгол, хятад, англи тайлбартайгаар дэлгэсэн байв.

Тунляо хотын нутаг дэвсгэр дээр улаан мөхөлж, мана цэцэг, хуруувчин цэцэг, хөхөргөнийн үндэс, хурдан цагаан, догол өвс, борц өвс, цана цэцэг зэрэг 500 гаруй төрлийн сайн чанарын эмийн ургамал ургадаг бөгөөд тэдний 90 хувийг монгол эмд ашиглаж болно. Мөн Монгол эмийн ургамал тарьж ургуулдаг бөгөөд нийт 6420 гаталбайд тарьдаг гэнэ. Тунляо хот нь Чин гүрний үеийн алдарт монгол анагаах ухааны төлөөлөл Жамбалдоржийн төрсөн нутаг билээ.Түүний “Монгол эмийн зурагт толь” нэртэй ном нь монгол анагаах ухааны тулгуур бичиг болсон юм.

Өвөр Монголын Үндэсний Их Сургуулийн Монгол анагаахын дээд сургууль, Монгол анагаах ухааны докторантын төв, Өвөр Монголын Үндэсний Их Сургуулийн харьяа Монгол эмнэлэг зэрэг 10 эрдэм шинжилгээний байгууллага, мөн Хятадын 9 монгол эмнэлгийн байгууллага, 1357 монгол анагаахын боловсон хүчний нөөцтэй. Тус сургуулийг бакалавраас дээш зэрэгтэй монгол анагаахын чиглэлээр боловсрол эзэмшсэн 200 гаруй оюутан төгсдөг.

2013 оноос хойш Тунляо хотын Засгийн газар нь монгол анагаах ухааны салбарт жил бүр 30 сая юанийн хөрөнгө оруулж “нэртэй аж ахуйн нэгж, нэртэй эм, нэртэй эмнэлэг, нэртэй эмч”-ийн төсөл хэрэгжүүлэн монгол анагаах ухааны хөгжлийг дэмжиж байгаа гэнэ.

Жарууд хошуу нь Бар зургийн өлгий нутаг

Хамтарсан багийн сэтгүүлчид уул ус, үзэсгэлэнт байгаль жигдэрсэн Жарууд хошуунд аяны дөрөө мулталлаа.

Жарууд нь Зарчигууд, Урианхантай холбоотой овог бөгөөд X зууны үеэр Онон мөрөн, Бурхан Халдун хавиар нутаглаж байсан эртний овог аймаг юм.XVI зууны үед бие даасан томоохон отог болж, Батмөнх Даян хааны үед Халх түмний нэгэн отог болж яваад сүүлдээ Алчуболдын харьяан дахь Өвөр Халхын бүрэлдэхүүнд багтаж, зүүн өмнө зүгт нүүдэллэн Мүгдэн хотын араар нутаглав. Тухайн үед Жарууд аймаг 5000 цэрэгтэй хүчирхэг аймаг байжээ. 1628 онд Манжийг дагаж Жаруудыг зүүн, баруун хоёр хошуу болгон хуваан, хошуу ноён нь төрийн бэйл, дархан бэйлийн хэргэм хүртэж байсан түүхтэй.

Энэ хошуу нь үндэсний бар зураг, ардын урлаг, үлгэр туульсаараа улсдаа алдаршжээ.

Бид бар зургийн урлангаар орж, зураач урчуудын бүтээл туурвих үйл явцыг сурвалжилж, тэдний бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Жарууд бар зураг нь 1950-аад онд үүсэн хөгжиж, 1980 оны 10-р сард бар зургийн судалгааны нийгэмлэг байгуулагдсан түүхтэй.

Жарууд хошуунаас 300 гаруй бар зураг зураач төрөн гарсан байна. Одоо 100 гаруй зураач бар зургаа зуран, уран бүтээлээ туурвиж байгаа гэнэ. БНХАУ-ын хотууд болон АНУ, ОХУ, Япон, Монгол, Канад, Тайланд зэрэг дэлхийн улс орнуудад Жарууд бар зургийн үзэсгэлэн дэлгэгдэж байв.

Бар зураг нь маш жижиг хэмжээнээс нэг метр хүртэлх хавтгай модон самбар дээр хамгийн энгийн дүрснээс эхлээд нарийн зохиомж бүхий дүр дүрслэлийг барлан сийлдэг маш нарийн ажиллагаатай, ур ухаан, авьяас билиг, нөр их хүч хөдөлмөр шингэж бүтдэг болохыг урлантай танилцах явцдаа мэдэж авлаа.


Үнэт өв соёлын илэрхийлэл Жарууд хатгамал


Жарууд Монголчуудын өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үнэт соёлын нэг нь хатгамал юмБид жарууд хатгамалын өв тээгч ахмадынхаар зочилж, бүтээлүүдтэй нь танилцлаа. Малгай, бүс, богц, дан дээл, хурган дотортой дээл, зуны шаахай, түрийтэй гутлаа хүртэл жарууд хатгамалаар чимэн урласан байлаа.

Жарууд монголчуудын хатгамал нь эсгий, арьс, хөвөн бөс даавуу, торгон дээр Жарууд нутгийн ганган байгаль, цэцэг ургамал, ан амьтан зэргийг урнаар дүрслэн оёж, өлзий дэмбэрэлтэй байх, амар тайван байх, урт насалж удаан жаргахыг билигддэг

Жарууд монголчуудын хатгамал нь ӨМӨЗО-ны соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн бөгөөд энэхүү гайхамшигт өвийг ирээдүй хойчдоо уламжлан хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэнэ. Хошууны ахмад Сэрчмаа гуай “Жарууд монголчуудын оёдлын ур” хэмээх номыг 4 жилийн хугацаанд туурвижээ. Энэ номонд Жарууд монголчуудын хувцас загварын гайхамшгийг 300 гаруй гаруй зургаар илэрхийлсэн байна.


Хараа булаан солонгорох Батцагаан цэцэрлэгт хүрээлэн


Намрын өнгийг тольдож, мэлмий баясгах Батцагаан цэцэрлэг хүрээлэнгээр зугаалах завшаан манай багийнханд тохиолоо. Энэ хүрээлэн нь Тунляо хотын Хорчин зүүн гарын хойд хошууны төв Ганзага суурингаас зүүн өмнө 55 километрийн зайтай. Амралтын өдрөөр очсон тул аялагч амрагчдын хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Батцагаан хэмээх ховор нандин үнэт мод нь байгалийн жамаараа ургадаг бөгөөд навч нь тав салаатай, намар цагт өнгө өнгөөр солонгорч, байгаль эхийн яруу үзэсгэлэнг илтгэдэг юм байна. Хүрээлэнгийн нийт талбай 23 мянган га бөгөөд энд 50-500 жилийн настай Батцагаан мод ургаж байна. Зарим модны диаметр нь 80-100 см-т хүрдэг. Энэхүү хүрээлэнд төрөл бүрийн шувууд болон 50орчим зүйлийн амьтад амьдардаг гэнэ.


Тунляо хотын 10 том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох Батцагаан хүрээлэнд 50 ой хамгаалагч ажилладаг.Аялагчдын тав тухыг хангаж, байгалиа хамгаалах зорилгоор цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур цардмал зам тавьж, нийтийн бие засах газар олныг байгуулжээ.


Хорчин нутгийн уламжлалт яс засах эмнэлэг


Бидний дараагийн сурвалжлага Тунляо хотын Монгол эмнэлэгээс үргэлжлэв. Боржигин яс бариачийн тавдугаар үеийн уламжлагч, Тунляо хотын монгол эмнэлгийн яс засах тасгийн эрхлэгч Тао Лэ эмч биднийг угтан авч монгол яс барих заслын тухай танилцуулсан юм. Энэ эмнэлэг 1976 онд Хорчин нутгийн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн бариа заслын залгамжлагчийн нэг оточ эмч “Хар нохой” эмчийн санаачилгаар байгуулагджээ. Ахмад бариач эмч нараас уламжлалт бариа заслын авьяас мэргэжлээ хойч үеийн шавь нартаа уламжилж залгамжлагчдаа сургадаг, түүний дундах нэг нь Тао Лэ эмч юм. Ясны эмч нар монгол уламжлалт анагаах ухааныг өвлөн эзэмшсэний зэрэгцээ орчин үеийн шинжлэх ухааны онолын мэдлэгийг системтэйгээр нэгтгэн хослуулж, төрөл бүрийн ясны хугарал, ясны бэртэл зэргийг эмнэн засдаг. Тус эмнэлэг нь орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан Хятадын хамгийн өндөр зэрэглэл болох 3-р зэрэглэлийн эмнэлэг юм.

Хятад, өвөр монголчуудаас гадна Солонгос, Тайвань зэрэг олон орны иргэд тус эмнэлгийг зорин ирж эмчлүүлдэг болжээ.


Хөрш орны хэвлэлийнхэн хамтын ажиллагаагаа зузаатгав


Монгол-Хятадын цахим сэтгүүлзүйн форум Тунляо хотноо болж, хоёр талын төлөөлөгчид илтгэл тавьж, санал бодлоо солилцсон юм.

Монголын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдал, цахим сэтгүүл зүйн хөгжил дэвшил, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын онцлогийн талаар Монголын сэтгүүлчид мэдээлэл хийлээ. ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Суртал ухуулгын хэлтсийн дарга Хань Юнишан, Үндэсбат, Тунляо хотын Засгийн газрын Суртал ухуулгын хэлтсийн дарга Ли Ли нарын албаны хүмүүс БНХАУ дахь цахим сэтгүүл зүйн өнөөгийн байдлын талаар танилцууллаа.

БНХАУ-ын интернэт хэрэглэгчдийн тоо энэ оны эхний зургаан сарын байдлаар 854 сая хүрсэн нь урьд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд 686 сая хүн цахимаар мэдээ мэдээлэл авдаг юм байна. Уламжлалт мэдээллийн хэрэгслүүд цахим талбаруудад мэдээ мэдээллээ давхар нийтэлж, үзэгч, сонсогч, уншигчдадаа хүргэж эхэлсэн байна. Мөн БНХАУ-д Вичатын хэрэглэгчид олон тул уг сүлжээгээр мэдээ мэдээллээ дамжуулдаг гэнэ.

Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Баянхонгор, Хэнтий, Архангай аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймаг, Улаан хад, Тунляо хотынхэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах "Санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Манай багт хамтран ажилласан өвөр монголын сэтгүүлчид очсон газар бүрийнхээ мэдээ сурвалжлагыг автобусанд явах зуураа боловсруулан, түргэн шуурхай ажиллаж байлаа.


Жарууд хошууны Монгол үндэсний бага сургууль

Дараагийн танилцах газар Тунляо хотын Жарууд хошууны Монгол үндэсний бага сургууль байв. Сургуулийн хашаагаар ормогц хөл бөмбөгийн цэлгэр ногоон талбайд хүүхдүүд тоглож, сагсан бөмбөгийн талбайд сурагчид дасгалаа хийж, мод цэцэг нь алагласан, хүүхэд багачууд сурч хөгжихөд ээлтэй сайхан орчин угтлаа. Тус сургууль 1981 онд байгуулагджээ. 240 гаруй багш ажиллагсад, 2400 гаруй сурагчтай бөгөөд 1600 гаруй сурагч дотуур байранд амьдардаг юм байна. Сурагчдын тоогоороо Өвөр Монголын монгол бага сургуулиуд дундаа тэргүүлдэг.

Сургууль руу ороход үүдний танхимын ширээ сандал нь монгол үндэсний хэв шинжийг агуулсан сандалныхаа хөлийг үхэр тэрэгний дугуйгаар дүрслэн хийжээ. Хананд тогтоосон номын тавиурууд мөн л үндэсний хээ угалз, хэлбэр дүрс бүхий өвөрмөц чамин хийцтэй байсан нь эрхгүй хараа булаасан юм. Бид сургуулийн номын сангаар орж сонирхов. Номын сан нь уйгаржин Монгол бичгээр хэвлэгдсэн болон Хятадын арвин баялаг номтой, тохилог цэвэрхэн орчинг бүрдүүлсэн байв. Дараа нь сургуулийн үзэсгэлэнгийн танхимаар зочилж, сурагчдын бүтээлүүдтэй танилцлаа. Жаруудын соёлын үнэт өв бар зураг, уран хатгамалыг бага балчраас нь зааж сургадаг болох нь сурагчдын бүтээлээс харагдаж байв. Тус сургууль хүүхдүүдэд мэдлэг эзэмшүүлэхээс гадна тэдний ур чадварыг хөгжүүлэхэд илүү анхаарч, морин хуур, Хорчин ардын дуу, дөрвөн чавхдаст хуур, уран хатгамал, Жарууд бар зураг зэрэг үндэсний өв соёлд суралцуулдаг. Сургуулийн тусгай ангийн нэг болох Жарууд бар зургийн анги 2006 онд байгуулагджээ. Бар зургийн ангийн сурагчдын бүтээлүүд улсын уран зургийн томоохон уралдаан тэмцээнүүдэд шилдгээр шалгарч, Япон, Америк зэрэг гадаадын улс оронд ч үзэсгэлэнд орж байсан юм. Мөн дөрвөн чавхдаст хуурын ангийн хүүхдүүд Өвөр Монголыг төлөөлөн Хятадын олон мужид тоглолт хийсэн гэнэ. Тус сургууль Тунляо хотын Монгол хэл бичгийн уралдаанд тогтмол оролцож, эхний байруудад шалгардаг хэмээн сургуулийн захирал Ханшмаа бидэнд танилцууллаа.


Хуулин гол хоттой хаяа нийлсэн хариуцлагатай уурхайнууд


Өвөр Монголдоо хамгийн томд тооцогддог нүүрсний ил уурхайнууд Зүүнгар, Хуулин гол, Имин гол, Юань Баошанид байдаг. Эдгээрийн нэг томоохон нүүрсний ордыг түшиглэн Хуулин гол хот байгуулагдсан түүхтэй. Хуулин голын уурхай 129 сая тонн нүүрсний нөөцтэй. Тус хотын шохойн чулууг Тань минши, Хуй Ян хэмээх химийн 2 үйлдвэр ашигладаг. Газрын ховор элементийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг орчин үеийн электрон тоног төхөөрөмж, компьютерийн эд анги, тийрэлтэт онгоцны түлшинд хэрэглэнэ.Одоо хотын эргэн тойронд уул уурхайн 33 компани олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Хотын захиргаанаас уул уурхайн компаниудтайгаа хамтарч, 560 сая юаний хөрөнгө оруулалтаар 1345,8 га талбайг ногооруулжээ.

Хотоо ойжуулах аянд ханцуй шамлан орж, өмнө нь газар тариаланд ашиглаж байсан талбайг чөлөөлж мөн л ойжуулалт хийсэн байна.

Аж үйлдвэрийн хаягдал бодисыг багасгах, дахин ашиглах бодлого барьж, 9 аж ахуй нэгжид санал болгон хог хаягдлыг шийдвэрлэх 3 талбай гаргаж өгчээ. Үүний үр дүнд 9 сая 298 мянган тонн хог хаягдлыг дахин боловсруулсан байна.

Хотын цэцэрлэгжүүлэлтийг системтэй хөгжүүлж, ард иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, ногоон байгууламж бүхий амралтын газар, биеийн тамирын талбай, цэцэрлэгт хүрээлэнг олноор нь байгуулсан гэнэ.

Аж үйлдвэрийн дүүргийн ойр хавийн замын хажуугаар мод тарих ажлыг маш сайн хийсэн нь замын турш харагдаж байсан юм. Бүх ногоон байгууламж нь услалтын системтэй.

Уурхайн овоолгууд дээр шинэ хөрс дэвсэж, чацаргана болон төрөл бүрийн бут сөөг битүү тарьснаар тоосжилт арилж, ногоон орчныг бий болгож чаджээ.

Хуулин гол хот нь хэдэн арван километр үргэлжилсэн нүүрсний уурхайнуудтай хаяа дэрлэн оршдог хот гэхэд өчүүхэн ч тоосжилтгүй, амьдрахад таатай эко хот болжээ. Энэ нь төр засгийн зөв бодлого, ард түмний хичээнгүй хөдөлмөр, хариуцлагатай уул уурхайн хамтын ажиллагааны бодит үр дүн юм.


Малчин Цолмонгэрэлийнх шилмэл үүлдрийн Цагаан үхэр малладаг

Манай багийн сүүлийн сурвалжлах айл бол Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Хоолтын гол балгасны Баянбулаг гацааны малчин Цолмонгэрэлийнх байв. Хос дээлээр гоёсон гэрийн эзэд биднийг найрсгаар угтан авлаа. Тэднийх тохилог сууцанд ам бүл тавуул амьдардаг. Холоос ирсэн зочдоо чанасан мах, цагаан идээ, сүүтэй цайгаар дайлангаа ажил амьдралын түүхээ хуваалцлаа.

Цолмонгэрэлийнх 480 га бэлчээртэй, 2012 оноос дулаан хашаа саравч, моторт худаг болон бусад дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэснээр шилмэл үүлдрийн үхэр үржүүлж эхэлсэн гэнэ. Саравчиндаа камертай, зав чөлөө муутай үедээ үхэрнүүдээ гэрээсээ “хариулна”. Малын тоо нь 400 толгойд хүрч, 2018 онд мал аж ахуйн цэвэр орлого нь 650 мянган юань болсон байна.

Цолмонгэрэлийн эхнэр Нарс нь идээ цагаагаа монгол аргаар боловсруулдаг, балгасны “Тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн жишээч”-ээр шалгарсан хөдөлмөрч бүсгүй ажээ.

Бидний очсон газар бүрийн айлууд бэлчээрээ хашсан байв. Өвөр Монголд бэлчээрийн даацтай холбоотойгоор малын тоог хязгаарладаг бөгөөд тухайн өрх хэдэн гишүүнтэйгээс нь хамааран бэлчээрийн газрын хэмжээг тогтоодог. Нэг хүнд 31 га газар ногддог гэнэ. Үүнээс үүдэн ихэнх малчин өрх нүүдэллэх боломжгүй болж, эзэмшлийн газартаа байшин барин, суурин амьдралын хэв маягийг сонгох болжээ.

“Мянга сонсохоор нэг үз” гэж өмнөд хөрш маань өдрөөс өдөрт өнгөжин хөгжиж байгааг Өвөр монголын олон аймаг хотуудаар аялах бүртээ мэдэрдэг . Тэндээс хамгийн их хараа булааж, сэтгэл татдаг зүйл нь эко ногоон хөгжил. Мэргэжлийн түвшинд тарьж ургуулан, урлагийн бүтээл болгосон мод, зүлэг, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хот хөдөөгүй ашиглагдаж болох нар, салхины эрчим хүчний эх үүсвэрүүд, аюулгүй зорчих нөхцөлийг хангасан автозамын технологи зэргээс нь бид үлгэр жишээ авмаар.

Өвөр монголчууд хотынхоо гудамж талбайг үндэсний хээ угалзаар чимэглэж, хаяг, мэдээллийн самбаруудын тайлбарыг монгол бичгээр бичдэг. Очсон газар бүрийн хүмүүс үндэснийхээ дээл хувцасаар гоёсон байлаа. Бидний аялсан Үзэмчин нутгийг Өвөр монголчууд дууны далай орон гэх юм билээ. Үзэмчин ардын “Гарын арван хуруу”, “Торгоны хээ”, “Бүсгүй хүний заяа” зэрэг бидний сэтгэлд хоногшсон олон дуу жаран жарны турш эгшиглэсээр байна. Их гүрний дээвэр дор оршихдоо үндэсний дархлаа болсон бичиг соёл, өв уламжлалаа хадгалан үлдсэн нь Өвөр монголын ард түмний хамгийн том бахархал юм.

Мөнхийн хөрш хоёр орны сэтгүүлчид бид 7 хоног хамт аялахдаа сурвалжлах ажилдаа шамдахын зэрэгцээ харилцан туршлагаа солилцож, мэдлэг мэдээллээ хуваалцан, мартагдашгүй дурсамжуудыг хамтдаа бүтээж, сайн анд нөхөд болцгоосон билээ.

Хамтарсан багийнхан маань Өвөр монголын ард иргэдийн аж амьдрал, салбар салбарын арвин баялаг мэдээ мэдээллээр аяны богцоо дүүргэн сэтгэл хангалуун нутаг буцсан юм.


С. Номинцэцэг


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна