Шарга адуугаараа алдартай адуучин Бөх-Эрдэнэ
Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны Улиастай суурины Давшилт багийн малчин Бөх-Эрдэнийнх. Удам дамжсан адуучин Бөх-Эрдэнийнх үзэмчин Монгол угшлын 600 гаруй адуутай. Үүнээс 200 гаруй нь шарга зүсмийнх. Мөн 30 гаруй үхэр, 600 гаруй хоньтой малч хичээнгүй айл ажээ.
Адуучин Бөх-Эрдэнийнх 122м2 талбай бүхий эрчим хүчний хэмнэлттэй тохилог орон сууцанд амьдардаг. Мөн монгол гэр маягаар засаж, тохижуулсан байшинтай. Хоймортоо их эзэн Чингис хааны хөрөг, үзэмчин хийцийн эмээл, морины хэрэглэлээ залсан байв. Малчны хотондоо адууны жүчээ, дулаан хашаа саравч, өвс хадгалах агуулах барьжээ.Намартаа хадланд гарч, өвс тэжээл бэлтгэн хонь, үхэртээ тавьж өгдөг. Харин адуугаа гүү унагалах цагаар л тэжээдэг юм байна.
2010 оноос монгол адууны аж ахуйг хөгжүүлэхээр зориг шулуудан, өөрийн мэдлийн 210 га бэлчээр дээрээ 3000 га бэлчээрийн газар түрээслэн, “Шарга адуу үржүүлэх суурин”, “Монгол морины үүлдэр хамгаалах суурин”-ыг байгуулжээ. Өнгөрсөн 2018 онд өрхийн цэвэр орлого нь 400 мянган юаньд хүрсэн гэнэ.
Бөх-Эрдэнийн ганц хүү нь удам залгасан малчин. Хүү, бэр, ач нартайгаа нийлээд ам бүл зургуул буянт мал сүргээ өсгөн аж төрдөг. Бөх-Эрдэнэ адуучныгэргий Оюундэлгэр нь ургах нарнаас урьтан босон, үнээ малаа сааж, монгол аргаар цагаан идээгээ боловсруулдаг ажилсаг хичээнгүй эмэгтэй. Биднийг гарынхаа сүүтэй цай, цагаан идээгээр дайлж цайлангаа Өвөр монголын малчдын амьдрал ахуйн талаар сонирхолтой яриа өрнүүлж байлаа.