Хуулин гол хоттой хаяа нийлсэн хариуцлагатай уурхайнууд
Өвөр Монголдоо хамгийн томд тооцогддог нүүрсний ил уурхайнууд Зүүнгар, Хуулин гол, Имин гол, Юань Баошанид байдаг. Эдгээрийн нэг томоохон нүүрсний ордыг түшиглэн Хуулин гол хот байгуулагдсан түүхтэй. Хуулин голын уурхай 129 сая тонн нүүрсний нөөцтэй. Тус хотын шохойн чулууг Тань минши, Хуй Ян хэмээх химийн 2 үйлдвэр ашигладаг. Газрын ховор элементийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг орчин үеийн электрон тоног төхөөрөмж, компьютерийн эд анги, тийрэлтэт онгоцны түлшинд хэрэглэнэ.Одоо хотын эргэн тойронд уул уурхайн 33 компани олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Хотын захиргаанаас уул уурхайн компаниудтайгаа хамтарч, 560 сая юаний хөрөнгө оруулалтаар 1345,8 га талбайг ногооруулжээ.
Хотоо ойжуулах аянд ханцуй шамлан орж, өмнө нь газар тариаланд ашиглаж байсан талбайг чөлөөлж мөн л ойжуулалт хийсэн байна.
Аж үйлдвэрийн хаягдал бодисыг багасгах, дахин ашиглах бодлого барьж, 9 аж ахуй нэгжид санал болгон хог хаягдлыг шийдвэрлэх 3 талбай гаргаж өгчээ. Үүний үр дүнд 9 сая 298 мянган тонн хог хаягдлыг дахин боловсруулсан байна.
Хотын цэцэрлэгжүүлэлтийг системтэй хөгжүүлж, ард иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, ногоон байгууламж бүхий амралтын газар, биеийн тамирын талбай, цэцэрлэгт хүрээлэнг олноор нь байгуулсан гэнэ.
Аж үйлдвэрийн дүүргийн ойр хавийн замын хажуугаар мод тарих ажлыг маш сайн хийсэн нь замын турш харагдаж байсан юм. Бүх ногоон байгууламж нь услалтын системтэй.
Уурхайн овоолгууд дээр шинэ хөрс дэвсэж, чацаргана болон төрөл бүрийн бут сөөг битүү тарьснаар тоосжилт арилж, ногоон орчныг бий болгож чаджээ.
Хуулин гол хот нь хэдэн арван километр үргэлжилсэн нүүрсний уурхайнуудтай хаяа дэрлэн оршдог хот гэхэд өчүүхэн ч тоосжилтгүй, амьдрахад таатай эко хот болжээ. Энэ нь төр засгийн зөв бодлого, ард түмний хичээнгүй хөдөлмөр, хариуцлагатай уул уурхайн хамтын ажиллагааны бодит үр дүн юм.