ЗАР
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох зөрчлүүд буурахгүй ихсэх хандлагатай байгааг Цагдаагийн газраас анхааруулж байна. Жолооч нарын хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй үйлдлээс болоод хэн нэгний амь эрсдэх, барилга байгууламжид эвдрэл үүсч, бусдын аюулгүй тав тухтай амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэх байдал ихэсчээ. Нийтлэг гаргаж буй зөрчилд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бага насны хүүхдийг хамгаалалтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх, хэт ядарснаас болоод осол гаргах зэрэг нийтлэг зөрчлүүд тасралтгүй гарсаар байна.
Манай аймагт 2019 оны байдлаар зам тээврийн ослоор 25 хүн нас барсан. Үүнээс эцэг эх, асран хамгаалагчийн буруутай үйлдлээс болоод 5 хүүхдийн амь эрсэдсэн хэрэг бүртгэгдээд байна. Хурим найрын өдрүүдэд иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, дуудлагын тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, эсвэл дуудлагын жолооч дуудах арга замыг сонгох хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм. Мөн хурим найр хийж байгаа айлууд ч тээврийн хэрэгсэл жолоодож буй зочиддоо анхаарал хандуулж, аюулгүй байдлыг бодолцож, гэрийн хишиг хувь хүртэх нь монгол ёс гэсэн өрөөсгөл ойлголтод туйлшрахгүй байхыг зөвлөж байна. Иргэд шинэчлэгдсэн замын хөдөлгөөний дүрэм, хуулиудыг бие дааж судлах хэрэгтэй байгааг холбогдох мэргэжилтэн онцлон хэллээ.