ЗАР
ХОЙД БҮСИЙН ТХГН-УУДЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН УУЛЗАЛТ ХӨВСГӨЛ АЙМАГТ БОЛЛОО
БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газар, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монголын Байгалийн Өв Сантай хамтран 2025 оны 8 дугаар сарын 21–22-ны өдрүүдэд хойд бүсийн 18 газрыг хариуцсан 11 хамгаалалтын захиргааны удирдлага, мэргэжилтнүүдийг оролцуулсан уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар GIZ-ийн SPACE II төслийн хуулийн зөвлөх Р.Лхагвабаяр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулсан бөгөөд танилцуулгын дараа оролцогчдоос хууль, бодлого зохицуулалтын хэрэгцээ шаардлагын талаарх саналаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн хамгаалалтын захиргаад хоорондоо өөрийн хариуцан ажиллаж буй тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн онцлог, тулгамдаж буй нийтлэг асуудлууд болох санхүүжилт, хүний нөөцийн хүрэлцээ, аялал жуулчлалын улирлын ачаалал, газар ашиглалт, хог хаягдлын менежмент, байгаль хамгааллын судалгаа тандалт, орон нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөн хэлэлцэв. хамгаалалтын захиргаадын цаашдын хамтын ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.
Монголын Байгалийн Өв Сангийн зүгээс байгууллагын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм.
Хэлэлцүүлэгт дараах хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд оролцов.
Үүнд: Улаан тайгын УТХГ, Зэд хантай бүтээлийн нурууны ДЦГ, Тэс Булнайн нурууны БЦГ, Тэнгис Шишгэдийн БЦГ, Хангайн нурууны БЦГ, Хөвсгөлийн УТХГ, Хөгнө тарнын БЦГ, Орхоны хөндийн БЦГ, Тужийн нарсны БЦГ, Ноён уулын ДЦГ, Их богдын БЦГ.
Мөн уулзалтын үеэр бүх хамгаалалтын захиргаадын удирдлага, мэргэжилтнүүд менежментийн сайн туршлага, тулгамдсан асуудлын шийдлийг харилцан солилцож, цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн чадавхийг бэхжүүлэх, байгалиа хайрлан хамгаалах хамтын зорилгоо нэгтгэн уялдаа холбоогоо гүнзгийрүүлэхээр санал нэгдэв. Үүний сацуу ахмад удирдлага туршлагаа хуваалцаж, шинээр ажиллаж буй залуу мэргэжилтнүүдэд чиглэл өгсөн нь уулзалтын үр дүнг улам өргөжүүлж, бодитой шийдэлд хүрэхэд чухал түлхэц боллоо.




































































































