ЗАР
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатараар ахлуулсан томилолтын баг наймдугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн байгаль орчны салбарын албан хаагчидтай уулзалт хийж, байгаль хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сонсож, тулгамдсан асуудлаар санал солилцлоо. ТУС АЙМАГТ:
Газар нутгийн хэмжээгээр улсдаа хоёрдугаар бичигддэг Говь-Алтай аймгийн нийт газар нутгийн 11.8 хувь буюу 1675981 га талбайг ойн сан эзэлдэг. Үүнээс 1664625 га талбайг заган ой, 10456 га талбайг шинэсэн ой эзэлдэг бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 108 сая мод тарих зорилт тавьж, 582 га талбайд ойжуулалт хийгджээ. Нэн ховор, ховор амьтдыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, шилжүүлэн нутагшуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хантайширын нуруунд 55 халиун бугыг Хустайн нуруунаас шилжүүлэн авчирч нутагшуулсан бол уул уурхайн нөлөөнд өртөж буй 263 толгой Монгол тарвагыг Баян-Уул, Есөнбулаг, Тайшир сумдад сэргээн нутагшуулжээ. Аймагт усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд нийт 1411 булаг тоологдсоноос 69 булаг ширгэсэн бөгөөд ширгэх эрсдэлтэй 26 булгийг хашаалсан бол 2025-2028 онд 100 булгийг нэмж хашаалж хамгаалахаар төлөвлөжээ. Аймгийн хэмжээнд нийт 32 хөв цөөрөм байгуулахаар төлөвлөж 2024 онд хоёр хөв байгуулсан бол 2028 он хүртэл 29 хөв нэмж байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр ширгэж доройтсон Эрээн нуурыг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр эхний ажлууд хийгдэж байгаа бол Төгрөг сумын ундны усны эрэл хайгуул судалгааны ажил 600 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хийгдэж байна.




































































































