📅

“ГОВИЙН УС-НОГООН ХӨГЖИЛ” Анхдугаар чуулганд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х. БАТТУЛГЫН ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

🕔 2020/09/12 14:08 732
“ГОВИЙН УС-НОГООН ХӨГЖИЛ” эрдэм шинжилгээ, инновацийн Анхдугаар чуулганд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х. БАТТУЛГА ИЛГЭЭЛТ ирүүлснийг Усны салбарын тэргүүлэх эрдэмтэн, доктор, Ерөнхийлөгчийн усны асуудал хариуцсан зөвлөх Ц. Сосорбарам оролцогчдод уламжлав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х. БАТТУЛГЫН ИЛГЭЭЛТ

Амьдралыг тэтгэгч усны асуудлаар зөвлөлдөхөөр цаг гарган ирсэн усны салбарт сэтгэл оюунаа зориулж яваа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж гүн талархлаа илэрхийлье.
Усны нөөц, түүний ашиглалтын асуудал дэлхий дахинд хурцаар тавигдаж буй өнөө цаг үед улс орны ирээдүй, эдийн засгийн хөгжил усны салбараас ихээхэн хамаарах боллоо. Монгол улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэд маань бүтээмж нэмэгдсэн, дэлхийд нэртэй хөгжингүй орон болоход усны салбарын гүйцэтгэх үүрэг, үүрэх хариуцлага нэн өндөр байна. Монголын ашигт малтмалын баялаг, ордын нөөцөд гадаргын усны нөөцгүй говь хээрийн бүсэд оршдог. Энэ бүсэд усны хэрэглээ нь тулгамдсан асуудал нэгэнт болчихсон байна.

Судлаачид 2021 оноос 20 жил үргэлжлэх хур борооны тасралтын мөчлөг эхлэхийг, үүнд дэлхийн дулаарлын нөлөөлөл ноцтой мэдрэгдэхийг урьдчилан мэдээлж байна. Иймд усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэж Монголын онцлогт тохирсон усны бодлогыг шинээр дэвшүүлэн гаргаж салбарын хэмжээнд томоохон шинэчлэл хийх цаг нь болсон гэж үзэж байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс усны асуудалд онцгой анхаарал хандуулж төрийн болон ТББ, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан хэд хэдэн удаагийн уулзалт ярилцлага хэлэлцүүлгийг зохион байгуулж шийдлүүдийг тодорхойлсон. Энэ хүрээнд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1-д заасан Усны нөөцийн хомстлоос сэргийлэхэд чиглэсэн гадаргын усыг хуримтлуулж ашиглах, газар доорх усны нөөцийг хамгаалах, зохистой хэрэглээг бий болгох, усны хомстол бүхий нутаг говийн бүсийг усжуулах, усны сав газрын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хот суурин газрын усан хангамжийг сайжруулах зэрэг эрхзүйн орчны шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар тодорхой санал санаачлага гарган ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар усны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагууд болох Усны агентлагийг Засгийн Газрын зохистой бүтцэд тулгуурлан шинэчлэн байгуулсан нь салбарын бүтэц зохион байгуулалт хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, төрөөс усны талаар баримтлах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг хангахад бодит үр нөлөө үзүүлэх чухал алхам байлаа.

Эрхэм нөхдөө, Хүндэт зочид төлөөлөгчдөө,

Та бүхэн өнөөдрийн чуулга уулзалтаар усны засаглалын тогтолцоо, салбарт тулгамдаж байгаа асуудал, "Говийн ус-Ногоон хөгжил" инновацийн шийдлүүдийг гарган тавьж цаашид төр засгийн бодлогын шийдвэрт тусган ажил хэрэг болгож хэрэгжүүлээрэй гэж захья. Түүнчлэн Говийн бүсийн усны бодлогын чиглэлээр дараах ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгааг энэхүү ИЛГЭЭЛТ-ээр сануулж байна.
Үүнд:
1. Монгол оронд явагдаж байгаа цөлжилт, хур борооны татралт, ууршилтын эрчимтэй холбоотойгоор үүсэж байгаа усны нөөцийн хомстлыг бууруулах, усны нөөцийг нэгдмэл бодлогоор ашиглаж хамгаалах, цөлжилтийг сааруулах менежментийг цаг алдалгүй хэрэгжүүлэх

2. Говь хээрийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх, усан хангамжуулах томоохон төслүүдийг эхлүүлэх, усан сангуудыг барьж байгуулах, говь хээрийн бүсэд алсын зайд ус дамжуулах төслийг нэн яаралтай шийдүүлэх

3. Төмөр замын дэд бүтцийг дагуулан говийг усжуулах, цөлжилтийн эсрэг системийг бүтээн байгуулах замаар гүний цэвэр ус ашиглахыг зогсоох.

4. Ус хуримтлуурын жижиг хиймэл нуур, цөөрмүүдийг аялал зугаалга, услалт, усан хангамжийн зорилгоор бариулах ажлыг иргэн, ААН-дэд санал болгож бодлогоор дэмжих. Гадаргын усны ашиглалтыг 67%-д хүргэнэ гэсэн Ус үндэсний хөтөлбөрийн зорилтыг хангах

Өнөөдрийн чуулган үр бүтээлтэй, ажил хэрэгч болно гэж найдаж байна. Чуулга уулзалтаас үр ашигтай зөвлөмж гаргаж УИХ, Засгийн газарт хандан даруй ажил хэрэг болгоход Усны агентлагийн үүрэг оролцоо өндөр байх шаардлагатайг онцолж байна. Цаашид усны тухай хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулан батлуулах, Усны салбарт бодлогын шинэчлэл хийх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх замаар онцгой анхаарал хандуулж тууштай ажиллахыг та бүхнээс хүсье. Чуулга уулзалтын үйл ажиллагаа болон усны салбарын хөгжил дэвшил сайн засаглалыг цогцлоон хөгжүүлэх та бүхний их үйлсэд амжилт хүсье.

Сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай.
Халтмаагийн Баттулга

Өмнөговь аймаг Даланзадгад хот
2020.09.10-ны өдөр


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна