ЗАР
ѲМНѲГОВЬ АЙМАГТ ТѲМѲР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ИД ѲРНѲЖ БАЙНА
Ѳмнѳговь аймагт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд ид ѳрнѳж байна. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг ЗХЖШ, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтран гүйцэтгэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд хиймэл байгууламжийн буюу гүүр, хоолой, гарам зэргийн ажилд шаардагдах бетон зуурмагийг үйлдвэрлэх найман үйлдвэр, дээд бүтцийн чулуу бутлуурын таван үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна.
ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн мөн төмөр дагуух өртөө, зөрлөгийн ажлыг хариуцаж, эхнээс нь ашиглалтад оруулж эхэллээ. Зөрлөгийн болон ажилчдын орон сууцыг халуун хүйтэн ус, халаалттай барьж, байгуулсан нь дараа, дараагийн өртөө, зөрлөгийн жишиг болж байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн нутагт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг хариуцан ажиллах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан билээ. Тус чиглэлийн төмөр замын ажлыг өнгөрсөн оноос эрчимжүүлж 100 хувь дотоодын компаниуд ажиллаж байгаа юм. Мөн Монголд анх удаагаа төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг авто замаар тээвэрлэн авчирсан байна. Ингэснээр дээд бүтцийн ажлыг эхлүүлэх боломжтой болж байгаа бөгөөд энэ жилдээ багтаан 100 км төмөр зам барьж, байгуулж дуусгах юм байна.
Төмөр замын бүтээн байгуулалтын дээрх төслүүд дээр ажилчин, алба хаагчид нийлсэн 6,000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний хоол хүнс, хувцас, хэрэгсэл гээд шаардлагатай бүх зүйлсийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлж байгаа юм.
Мөн энэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан шинээр барих төмөр замуудыг саадгүй барих боловсон хүчин, техник хэрэгсэл, үйлдвэр зэрэг бааз суурьтай болно.
Зууны бүтээн байгуулалт болох тѳмѳр замын ажилд Ѳмнѳговь аймгаас иргэд, компаниуд гар бие оролцож байгаа тѳдийгүй цаашид тѳмѳр замын мэргэжилтэй боловсон хүчин, мэргэжилтнүүд бэлтгэх хэрэгцээ шаардлага ч бий болж байгаа юм.