📅

Н.НАРАНЗАЯА: ӨСӨЖ ТӨРСӨН НУТГИЙНХАА УУГАН УУРХАЙД АЖИЛЛАНА ГЭДЭГ ХОВОР ТОХИОХ АЗ ЮМ

🕔 2020/05/10 16:38 697
Өглөөн наран өлмий доороос ургаж манддаг өгөөмөр сайхан нутагт минь ИЛЧ ГЭРЛИЙГ ЗУУНААС ЗУУНД уриатай ТАВАНТОЛГОЙ ХК-ийн ажилч хөдөлмөрч хамт олон хөгжил өөд урагшлан явна. Эх орон, энэ л нутгийн маань хөгжлийн түүчээ болж яваа эгэл жирийн уурхайчдын амьдрал арвин баялаг намтар түүхтэй билээ. Нутгаа гэсэн чин сэтгэлтэй залуусын төлөөлөл нутаг ус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө хичээнгүйлэн ажиллаж буй эгэл нэгэн уурхайчин Наранбаатарын Наранзаяатай ярилцсанаа уншигч та бүхэндээ толилуулж байна.

- Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Наранбаатарын Наранзаяа гэдэг. Өмнөговь аймгийн Номгон суманд төрж, Цогт-Овоо суманд өссөн. Миний аав Цогт-Овоо сумын унаган Доржийн Наранбаатар, ээж маань Номгон сумын гарлын Адъяагийн Золзаяа гэж хүмүүс бий. Одоо эхнэр хүүхдийн хамт ам бүл гурвуул амьдарч байна.
Миний аав Усны аж ахуйн чиглэлээр мэргэжил эзэмшиж Цогт-Овоо суманд Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албыг хашиж байсан бөгөөд миний хувьд мөн экологи, байгаль хамгааллын чиглэлээр мэргэжил эзэмшиж Цогт-Овоо сумандаа БОХУБайцаагч, ЗДТГ-ын дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан. 2017 оноос Уул уурхайн салбартаа анхдагчдын нэг Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-даа Байгаль орчны мэргэжилтнээр ажиллаж байгаад саяхнаас ХАББОЭА албаны даргаар томилогдон ажиллаж байна.

- Яагаад энэ салбартай ажил амьдралаа холбох болсон бэ?
-Монгол улсад уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, энэ салбарт ажиллах нь хүн бүрийн мөрөөдөл байсан цаг саяхан шүү дээ. Харин өнөөдөр дэлхийн хэмжээний том том төслүүд дээр олон мянган залуучууд ажиллаж байна. Миний хувьд ч мөн том төслийн нэгэн эд эс болоод явж байгаадаа бахархаж явдаг даа. Манай компанид 100 хувь Монгол ажилчид ажилладаг бөгөөд түүнээс 90 гаруй хувь нь орон нутгийн залуучууд ажиллаж байна. Бусад уул уурхайн компаниас ялгарах гол онцлог нь компаниас орон байраар хангаж, гэр бүлээр нь ажиллаж амьдрах нөхцөл боломжоор хангадаг. Анх 2017 оны эхээр Тавантолгой ХК-д Байгаль орчны мэргэжилтэн шалгаруулж авна гэж сонсоод анкет бүрдүүлэн өгч ажлын ярилцлагадаа тэнцээд мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн.
- Тавантолгой ХК-ийн ХАББОЭА алба ямар бүрэлдэхүүнтэй, ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?
-Манай алба одоогийн байдлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, Байгаль орчин, Усны менежмент, Эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр 22 ажилтан ажиллаж байна. Тус ажилтнууд маань дотроо хэсэг хэсгээрээ баг болон хариуцсан ажлаа хийж гүйцэтгэдэг. Уурхайд ажиллаж буй ажилчдын аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр ХАБ-ын ажилтнууд, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр эмч, сувилагч, эрүүл ахуйч нар, ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр номын санч, биеийн тамирын арга зүйч, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр байгаль орчны ажилтнууд гэх мэт туршлагатай, чадварлаг залуус манай албанд ажилладаг.

-Өнгөрөгч онуудад таны болон танай албаны хувьд ажлын амжилт бүтээл арвин байв уу?
-Тийм ээ. Ажлын амжилт бүтээл арвин байсан. Байгаль орчны мэргэжилтнээр ажиллаж байхдаа Уурхайн нөхөн сэргээлт, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон ажлыг санаачлан хийсэн. Мөн сүүлийн жилүүдэд уул уурхайн төслүүдэд хэрэгжүүлж эхэлж буй Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах чиглэлээр Цэций уул Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь нэлээд үр дүнтэй ажил болсон. Мөн Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит ЕБДС-д 900 ширхэг мод суулгацыг иж бүрэн усалгааны системийн хамт суулгаж хүлээлгэн өгсөн, сумын төвийн нэг хорооллыг сонгон авч хашаа бүрт мод, суулгацыг тарьж өгсөн зэрэг томоохон ажлуудыг санаачилж, амжилттай хэрэгжүүлснээрээ компани маань аймгийн хэмжээнд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтээрээ хамгийн өндөр үнэлэгдсэн амжилт гаргасан.
Миний хувьд тухайн жилдээ жилийн ажлаа дүгнүүлэн байгууллагынхаа Шилдгийн шилдэг ажилтнаар шалгарч байсан. Энэ амжилт нь хамт олны маань хүч хөдөлмөр, удирдлагуудын маань дэмжлэг туслалцаатайгаар гаргасан амжилт гэж бодож явдаг.
-Тавантолгой ХК орон нутгийн өмчит цорын ганц уурхай гэдгээрээ онцлогтой улс орон нутагтаа өгөөж буян ихтэй шүү дээ энэ талаар таны бодол…
-Компанийн 51% нь орон нутгийн буюу Өмнөговь аймгийн өмч, үлдсэн хувийг бусад хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Өөрөөр хэлбэл компанийн олсон орлогын 51% нь Өмнөговь аймгийн маань бүтээн байгуулалтад зарцуулагддаг гэсэн үг. Миний бодлоор аймаг бүрт манай компани шиг орон нутгийн өмчит уурхай байвал маш үр дүнтэй, өгөөжтэй байна гэж боддог.
“Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон ажлыг хэрэгжүүлдгийг нутгийн иргэд маань мэддэг. Үүний нэг жишээ 2019 онд “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр аймгийнхаа иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулж Өмнөговь аймгийн өрх тус бүрт 3 тн нүүрсийг үнэ төлбөргүй өгөх “Нутгийн илч” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тус ажлын хүрээнд Өмнөговь аймгийн нийт 22500 өрх хамрагдсан гээд дурдаад байвал уурхайн маань өгөөж дундаршгүй их дээ.

-54 жилийн түүхтэй ууган уурхайн өгөөж буян их гэвч уурхайчдыг маань сүүлийн жилүүдэд элдвээр гүтгэх болсон таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Тавантолгойн нүүрсний орд газар маань нийтдээ 11350 га талбайг хамардаг. Үүнээс Тавантолгой ХК нь ердөө 276,9 га талбайг Ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг. Өмнөговь аймгийн төсвийн 70 орчим хувь, Цогтцэций сумын 90 гаруй хувийг бүрдүүлдгийн дээр улс, аймагт маш олон төрлийн татвар, хураамж төвлөрүүлдэг, Өмнөговьчууддаа үнэхээр үр өгөөжтэй, нийгмийн хариуцлагаа маш сайн хэрэгжүүлдэг компани юм шүү дээ. Гэтэл улс төрийн, хувийн ашиг сонирхлоор сүүлийн жилүүдэд компанийг маань элдвээр гүтгэх, гутаан доромжлох, эрх мэдлээрээ далайлгаж дарамт шахалт үзүүлэх зэрэг увайгүй үйлдлүүд тасралтгүй явагдаж байна. Энэ нь компанийн нэр хүндэд, компанийн ажилчдын ч нэр хүндэд маш сөрөг нөлөө үзүүлж байгаа. Намайг Байгаль орчны мэргэжилтнээр томилогдоод удаагүй байхад УИХ-ын гишүүн Л.Энхболд “Тавантолгой ХК Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлангаа батлуулаагүй олон жил үйл ажиллагаа явуулсан” гэж мэдэгдэл хийсний дараа манай компани МХЕГ, БОАЖЯ, Ашигт малтмал газрын тосны газар гээд маш олон байгууллагаар жил гаруй хугацаанд шалгуулсан. Тухайн үед олон байгууллагын, удаа дараагийн хяналт шалгалтаас болж анх удаа энэ мэргэжлийг сонгосондоо сэтгэл гонсойж байлаа. Ямар ч уул уурхайн төсөл Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлангаа батлуулаагүй бол тухайн жилдээ үйл ажиллагаа явуулах боломжгүй байдаг юм. Жил бүр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хийх ажлаа төлөвлөж Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулж байж үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог гэсэн үг л дээ. Жил тойрсон шалгалтын үр дүнд тус мэдэгдэл нь үндэслэлгүй болох нь батлагдсан. Энэ мэтээр манай компани руу дайрч давшилсан, үндэслэлгүй гүтгэлэгүүд ажилчид бидэнд маш хүнд дарамт болон ирдэг. Гэхдээ энэ хүнд хэцүү цаг үе ард гарч, сайхан цаг ирнэ гэдэгт найдаж байгаа.

- Уурхайчин байхын бахархал, сайхан зүйл нь юу байдаг бол?
-Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарт ажиллаж байгаадаа үргэлж бахархаж явдаг. Ялангуяа өсөж төрсөн нутагтаа, салбартаа анхдагч ууган уурхайд ажиллана гэдэг бол маш том аз завшаан юм даа. Манай хамт олон бол маш найрсаг, халуун дулаан уур амьсгалтай хүмүүс байдаг.
Үе үеийн уурхайчдын залгамж халаа болж ажиллаж амьдарч байгаадаа баяртай явдаг даа.
-Танд баярлалаа ажлын амжилт хүсье.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна