📅

Жарууд хошууны Монгол үндэсний бага сургууль

🕔 2020/01/05 16:25 636

Дараагийн танилцах газар Тунляо хотын Жарууд хошууны Монгол үндэсний бага сургууль байв. Сургуулийн хашаагаар ормогц хөл бөмбөгийн цэлгэр ногоон талбайд хүүхдүүд тоглож, сагсан бөмбөгийн талбайд сурагчид дасгалаа хийж, мод цэцэг нь алагласан, хүүхэд багачууд сурч хөгжихөд ээлтэй сайхан орчин угтлаа. Тус сургууль 1981 онд байгуулагджээ. 240 гаруй багш ажиллагсад, 2400 гаруй сурагчтай бөгөөд 1600 гаруй сурагч дотуур байранд амьдардаг юм байна. Сурагчдын тоогоороо Өвөр Монголын монгол бага сургуулиуд дундаа тэргүүлдэг.


Сургууль руу ороход үүдний танхимын ширээ сандал нь монгол үндэсний хэв шинжийг агуулсан сандалныхаа хөлийг үхэр тэрэгний дугуйгаар дүрслэн хийжээ. Хананд тогтоосон номын тавиурууд мөн л үндэсний хээ угалз, хэлбэр дүрс бүхий өвөрмөц чамин хийцтэй байсан нь эрхгүй хараа булаасан юм. Бид сургуулийн номын сангаар орж сонирхов. Номын сан нь уйгаржин Монгол бичгээр хэвлэгдсэн болон Хятадын арвин баялаг номтой, тохилог цэвэрхэн орчинг бүрдүүлсэн байв. Дараа нь сургуулийн үзэсгэлэнгийн танхимаар зочилж, сурагчдын бүтээлүүдтэй танилцлаа. Жаруудын соёлын үнэт өв бар зураг, уран хатгамалыг бага балчраас нь зааж сургадаг болох нь сурагчдын бүтээлээс харагдаж байв.

Тус сургууль хүүхдүүдэд мэдлэг эзэмшүүлэхээс гадна тэдний ур чадварыг хөгжүүлэхэд илүү анхаарч, морин хуур, Хорчин ардын дуу, дөрвөн чавхдаст хуур, уран хатгамал, Жарууд бар зураг зэрэг үндэсний өв соёлд суралцуулдаг. Сургуулийн тусгай ангийн нэг болох Жарууд бар зургийн анги 2006 онд байгуулагджээ. Бар зургийн ангийн сурагчдын бүтээлүүд улсын уран зургийн томоохон уралдаан тэмцээнүүдэд шилдгээр шалгарч, Япон, Америк зэрэг гадаадын улс оронд ч үзэсгэлэнд орж байсан юм. Мөн дөрвөн чавхдаст хуурын ангийн хүүхдүүд Өвөр Монголыг төлөөлөн Хятадын олон мужид тоглолт хийсэн гэнэ. Тус сургууль Тунляо хотын Монгол хэл бичгийн уралдаанд тогтмол оролцож, эхний байруудад шалгардаг хэмээн сургуулийн захирал Ханшмаа бидэнд танилцууллаа.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна