Улс орны бодлого хил боомтдоо хүрч чадаж байна уу?
Монгол, БНХАУ-ын хил дээр орших Гашуунсухайт боомт нь 1992 онд анх байгуулагдсан, Монгол Улсын Говийн бага дархан цаазтай газрын хилийн бүс дотор байршдаг. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуунсухайт, Хятадын талын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Улаат дунд хошууны Ганц модны чиглэлээр анхны хилийн боомт нээгдсэн. Өмнөговь, Дундговь аймгийн хүн ам хилийн худалдаа хийдэг, эрдэс баялгийн экспортын гол боомт юм. Тус боомт нь Улаанбаатар хотоос 740 км Өмнөговь аймгаас 360км зайтай бөгөөд Оюутолгой болон Энержи ресурс, Тавантолгой уурхайгаас 100-250км-т оршиж, уул уурхайн бараа бүтээгдэхүүн экспортолж байна.
Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын хөгжил өнөөдөр ямархуу дүр зурагтай байгаа билээ? Яагаад бид хөгжлөөс хоцорч, улс орны бодлого хил гаальдаа хүрч чадахгүй байна вэ? Өмнөговь аймгийнхны зүүн хил гэж ярьж заншсан Гашуун сухайтын хилийн боомт “Эрээн”-тэй нэг онд байгуулагдсан байдаг. Хятадын Засгийн газар анх 1992 онд Эрээн хотыг ирээдүйд олон улсын худалдааны төв болгох зорилгоор байгуулж байжээ. Тухайн үед ердөө 8 мянган хүнтэй байсан гэдэг. Гэтэл өдгөө 100 мянгаас хол давсан хүн амьдардаг томоохон хот болж яаж өргөжсөнийг бид мэднэ. 1990-ээд оны дундуур хэдхэн хүн тэрэг хөлхсөн, цөөн бараа дэлгэсэн зээлтэй байсан бол өдгөө хэрхэн хувирч, өнгө зассаныг Эрээнд очсон хүн бүр шагшин ярьдаг. Ийнхүү хорь гаруйхан жилийн өмнө сураг ч үгүй байсан газарт орчин үеийн том хот сүндэрлэн улам хөгжсөөр...Гэтэл хил залгаа Замын Үүдийн хөгжилд иргэд голонгуй ханддаг ч Өмнөговийн хилийн боомтын дэргэд харин ч хөгжиж байгаа.
Гашуун сухайтын хилийн боомтын хөгжил Замын үүд-Эрээний хилийн боомттой яг л ялгаагүй замналыг туулж яваа ч Монголын үнэт баялгийн гол хаалга болсон энэ боомтын хөгжил багийн төвийн хөгжлөөс ч дор байгаа нь хөөрхийлөлтэй.
Монгол Улсын эрдэс баялгийн экспортын гол боомт-Гашуун сухайт
Гашуун сухайтын боомтоор хилийн дээс алхаж буй хүн бүрийн нүдэнд тусдаг зүйл бол яах аргагүй хил боомтын хөгжил. Хилийн наана, цаана өдөр, шөнө шиг ялгаатай. “Шороо нүдсэн” Гашуун сухайт, “мод ногоорсон” Ганц мод боомт хоёр өнөөдөр хөдөөгийн баг, нийслэл хот аятай аль хэдийн зиндаа холджээ. Улсын хилээр гараад л та шинэ цагийн хотыг харж болно.
Гэтэл Монгол талын боомтын хөгжил жил ирэх тусам улам л нүд халтирам, хөөрхийлөлтэй дүр зурагтайгаа байсаар... Монгол улсын үүдэн босго, нүүр тахлах боомт маань хөгжил цэцэглэлт гэдэг сайн сайхан нүүдлээс хөсөр хаягдан үлджээ.
Хоорондоо хэдхэн км-ийн зайд яагаад ингэж ялгаатай хөгжинө вэ?
Хилийн наана... Цагаан хад-Гаалийн хяналтын бүс... Хил орчмын бүсэд ажиллаж, амьдарч байгаа ард иргэд улам л олон болж байна.Цагаан хаданд 10 мянга гаруй иргэд амьдардаг төдийгүй нүүрс тээврийн 14000 орчим жолооч нар түр буудалладаг. Энд хүнд даацын машинуудын өдөр, шөнөгүй хөлхөх мөрөөр суларсан говийн эмзэг хөрсний элс, шороо угалз мэт хуйлран босож хар нүүрсэн шуурга шуурч байх нь жирийн л дүр зураг мэт. Орчны юмс үзэгдэхгүй улаан түйрэн шороон дунд монгол хүний аж амьдрал өрнөсөөр... Энд бөртийсөн “бор” гэрүүд, дэлгүүр, цайны газар байдгаас өөрөөр эмнэлэг, сургууль, цэцэрлэг, засаг захиргаа гээд төрийн үйлчилгээ огт байхгүй. Гэсэн хэдий ч энэ газрыг зорих хүмүүсийн хөл тасрахгүй улам нэмэгдсээр...
Хөгжлийн хурд тэргэндээ суусан-Ганц мод боомт
Хил даваад л ... Өмнөд хөршийн Ганц мод боомтын төвөөр алхахуйд хил боомтын хөгжил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтдаа Хятадын тал онцгой анхаарч, зоос хаяж хөгжүүлж байгаа нь илхэн харагдана. Жил ирэх бүрийд өнгө засаж, бүтээн байгуулалт өрнөж, өндөр өндөр барилга байшингууд сүндэрлэж, засгийн ордон, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам талбай, орон сууц гээд сүрдмээр өндөр барилгатай, орчин цагийн хот болон нүдний өмнө илт хурдацтай хөгжиж байгааг хараад өнөөх Монголоо л зэрэгцүүлж бодох...
Урд хөршийнхөн биднийг унтаад сэрэхэд л нэг шинэ барилга барьж, нэг гудамжийг цэцэрлэгжүүлж, нэг бүтээн байгуулалт нэмэх нь нэн хурдан. Ганц мод цэвэр цэмцгэр хот болох зорилт тавьж нэг ч хог ил харагдахгүй, хаа сайгүй л гудамж, талбайгаа угааж, шүүрдэж, хотын соёлыг нэвтрүүлж, хүн бүр хичээж байгаа нь илхэн харагдана. Эзгүй тал байсан элсэн дээр өндөр өндөр барилга, зээл худалдааны төв, үйлчилгээний газар олонтаа баригдаж улам л хаяа тэлсээр.
Хил давангуут хэдхээн алхмын өмнө тэнгэрт тулж байсан өнөөх түйрэн шороо огт байхгүй болчихно. Энд Цагаан хад шиг шороогоор шуурна гэсэн ойлголт үгүй. Учир нь эргэн тойрон тэр чигээрээ ногоон байгууламж. Түйрэн шороог зогсоож болдог л юм байна гэж бодогдох. Мод тарих, ногоожуулалт, ногоон байгууламждаа хамгийн их анхаарал хандуулж, хөрөнгө мөнгө, хүн хүч, тэрэг техник зарцуулдаг аж. Ногоон байгууламжаар элсний нүүдлийг тогтоон барьж чадаж байгаа нь гайхмаар. Цэцэрлэгжүүлэлтийг хүний гараар бүтээж болдгийн жишээг бодитоор харуулж, бүтээн байгуулалт, гудамж талбайн ногооруулалтаараа ам нийлэн өрсөлдөж, гар уралдуулан хөдөлмөрлөж байна. Хаашаа л харна цэцэг ногоо тарьсан, ургуулсан, арчилсан, тордсон л хүмүүс хаа сайгүй тааралдана.
Шинээр хөшөө дурсгалын газар, ирсэн зочид гийчдийн нүд хужирлах газруудыг барьж байгуулсаар.Төв талбайд хөнгөн хөгжмийн аясаар усан оргилуур оргилох бөгөөд оройн намуунд задгай талбайд бүжгийн хэмнэлээр хөл нийлүүлэн бүжиглэж, амралт чөлөөт цагийг хослуулах хүмүүс энд дүүрэн байх. Манай монгол жолооч нар, арилжаа наймаа эрхлэгчид дүүрэн харагдана. Боомтод 2000 орчим монгол иргэд ажиллаж амьдардаг гэсэн албан бус тоо байна. Улаанбаатар хотоос голдуу ирж цайны газар, дэлгүүр хоршоо байгуулсан иргэд ч цөөнгүй. Зэрэгцэн байрлах хэд хэдэн монгол зоогийн газруудад нүүрс тээврийн жолооч нар голдуу үйлчлүүлдэг...Хилийн наана цаана, хэдхэн зуун метрийн зайд амьдрал ийн өрнөсөөр.
Ганц модны боомтын төрийн байгууллагын барилга байшин сүрдмээр, Олон давхар орон сууцыг нэмж хотоо өргөжүүлсээр. Цэлийсэн өргөн зам, гудамж талбай, амьдрахад таатай орчин бүрдүүлсээр. Хийснийхээ хэрээр хөлжиж, дэвжиж байгаа нь илт.
90-ээд оны дундуур ганзагын наймаанд Өмнөговийнхон тэр чигээрээ л хилийн дээс алхаж арилжаа наймаа хийж, амьдрал цэцэглүүлж байсан цаг саяхан.Тэр үеийн урд хөршийн дүр төрх өнөөдөр төрөл арилжиж танигдахааргүй болсон. Хотын хөгжил, бүтээн байгуулалтыг дагаж хүмүүс нь ч хөгжиж, соёлжиж, дэвжин дээшилдэг ажээ.
Хөгжлийн чимээ байна уу?
Хилийн боомт улсын эдийн засгийн хөгжилд ямар их чухал нөлөөтэй гэдгийг уул уурхайн нүүрс тээвэр зогссон цаг үед Монгол улс багагүй хугацаанд мэдрээд авсан. Харин ч нүүрс тээвэр зогссон биш олон ч сайд дарга нар ирж Гашуун сухайт боомт, Цагаан хад суурьшлын бүсийн өнөөгийн нөхцөл байдал, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг нүдээр харан танилцаж, олон монгол иргэд аж амьдралын эрхээр шороо түйрэн дунд, ямар хэцүү орчинд хэчнээн жилийн нүүрийг үзэж байгааг сая л нэг анзаарч харсан гэхэд болно.
Хилийн бүсэд хуримтлагдсан асуудал маш их. “Энэ боомтоор нүүрс, баяжмал гаргах нь чухал ч, хамгийн гол нь хүн амьдардгийг, нүүрсийг жолооч нар зөөдгийг, хэцүүхэн нөхцөлд боомтын ажилчид ажиллаж амьдардгийг төр мартжээ.., Хил дагаж амьдрал хайсан иргэдийн бүхэл бүтэн сум суурин бий болж хүн амын төвлөрөл үүсч, бодлого зохицуулалт нэхсээр... Ганц мод ингэж хөгжөөд байхад Гашуун сухайт, Цагаан хад яагаад хөгжихгүй байна вэ? гэсэн асуудлыг иргэд, олон нийт ялангуяа энэ хил дагаж аж амьдралаа залгуулдаг иргэд байнга тавьдаг. Нэгэнт энэ хил боомтыг дагасан эрэлт, хэрэгцээ байгаа учраас энэ цуваа цаашид ч үргэлжилнэ. Гашуун сухайт боомтод хөгжих, урагшлах зөв гарц, улс, орон нутгийн бодлого, хөрөнгө оруулалтын “бяр” үнэхээр хэрэгцээтэй байна. Төр засгийн бодлого шийдвэрт хурд, хил боомтын хөгжилд чиглэсэн бодлого үгүйлэгдэж байгааг энэ хил гаалиар нааш цааш зорчиж байгаа жирийн иргэд, тээврийн жолооч нар, худалдаа наймаа эрхлэгчид өдөр тутамдаа мэдрэх аж.Гэхдээ сүүлийн жилд боомтын хөгжлийн тухай сайн мэдээнүүд дуулдах болсон нь олзуурхууштай. Хэдий хожуу ч гэлээ цаасан дээр буусан төлөвлөгөө эхнээсээ ажил болж цогц бүтээн байгуулалт хийгдвэл хилийн бүсэд амьдарч байгаа хүмүүсийн хувьд ядаж л төрийн үйлчилгээг Монгол улсын иргэн шиг нь авч, тээврийн жолооч нарын бага ч болов зовлон бэрхшээл нимгэрэх биз ээ.
Эрдэс баялгаа экспортолж байгаа гол боомтоо олигтой өөд нь татаагүй, айлын шоовдор хүүхэд шиг байлгаж байж дахин хилийн боомт нээх асуудалд Өмнөговийн ард иргэд маш ихээр эгдүүцэж эсэргүүцдэг. Бас л дахин төрийн бодлогоос хөсөр хаягдсан Цагаан хад нэмэгдэж, газар нутаг сүйтгэгдэнэ гэсэн болгоомжлол бий.Цагаанд хадны худалдаа үйлчилгээний газрууд дэлгүүр, хоолны газар, айл өрхүүд тог цахилгаангүй балар харанхуй шороонд мотор тачигнуулсаар өнөөг хүрсэн. Улс орон нь өөд нь татдаггүй хилийн боомтыг Хятадын Засгийн газар санхүүжүүлж шинэчлэн хөгжүүлэхээр буцалтгүй тусламж үзүүлэв. Ядаж хил боомтын хөгжлийн бодлогод бусдын гар харахааргүй улс байхсан даа.Ганц Гашуун сухайт гэлтгүй боомтын бүс орчмын нутаг дэвсгэр, Цагаан хад хэрхэн хөгжих вэ? Нүүр тахлах ганц боомтоо хэзээ нэг Ганц модны боомтын түвшинд хүртэл хөгжүүлэх юм бол доо? гэсэн олон асуудлууд ар араасаа хариулт шийдвэр нэхсээр.Удахгүй Гашуун сухайтын боомт Ганц модны боомтын адил дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ хөгжсөн томоохон хот болж хөгжих сайн сайхан цаг байгаа биз ээ. Гэхдээ хөгжилд хүрэх хамгийн том хөшүүрэг бол эрхзүйн зохицуулалт.
Ч. Сумъяа