Адам Хеннингс: Монгол-Америк залуучуудын жил болгон зарласан учраас энэ хүрээнд Өмнөговь аймагтай хамтарч ажиллахдаа баяртай байх болно.
АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга болон Америкаас ирж Монгол улсад ажиллаж байгаа сургагч багш нар Өмнөговь аймгийн хүүхэд залуучуудтай АНУ-д суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, уулзалт хийлээ. Энэ үеэр АНУ-ын Элчин сайдын яамны ОНХА-ны дарга Адам Хеннингстэй ярилцлаа.
-Юуны өмнө Өмнөговь аймгийн хүүхэд залуусыг АНУ-д суралцах боломжийг танилцуулж, мэдээлэл дүүрэн уулзалт хийж орон нутагт ажиллаж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. АНУ-ын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээс танилцуулна уу?
-АНУ-ын элчин сайдын яам нь Монгол улс дахь ЭСЯам учраас зөвхөн Улаанбаатар хотод биш бүх аймагт хүрч ажиллах ёстой. Тиймээс хөдөө орон нутагт ажиллаж байна. Энэ хүрээнд хэрэгжүүлдэг олон төрлийн хөтөлбөрөө танилцуулан явж байна. Чухал хөтөлбөрүүдийн нэг нь Фулбрайтын Англи хэлний туслах багш нарын хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд МУ-д 1 хичээлийн жилийн турш Англи хэлний туслах багшаар ажиллаж байгаа 5 Америк багштайгаа Өмнөговь аймагт ажиллалаа. Эдгээр багш нар МУ-д 1 жилийн хугацаанд Англи хэлний туслах багшаар ажилласан.
-Өмнөговь аймгийн хүүхдүүд АНУ-д суралцах боломж, санал болгож буй хөтөлбөрүүдээс танилцуулна уу?
-ЭСЯамнаас олон төрлийн хөтөлбөрийг санал болгодог. АНУ-д суралцах боломжийг олгодог. Үүний дотор FLEX хөтөлбөрийг онцолмоор байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ын ахлах ангийн сурагчид 1 хичээлийн жилийн турш АНУ-ын ахлах ангид суралцаад, америк айлд амьдраад аж амьдрал, соёлтой танилцаад ирэх боломжийг олгодог хөтөлбөр. Жил бүрийн намар зарлагддаг. Тиймээс Өмнөговь аймгийн сурагчдыг манай ЭСЯамны фэйсбүүк хуудсаар цаг тухайд нь мэдээлэл авч хөтөлбөртөө амжилттай хамрагдахыг санал болгож байна. Мөн оюутан болон залуу мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр байдаг.
-Оюутнууд яаж хамрагдах боломжтой вэ?
-Оюутнуудад зориулсан 2 хөтөлбөрөөс дурдъя. Бакалаврын оюутнуудад зориулсан 1 симестрийн солилцооны хөтөлбөр байдаг. МУ-д суралцаж байгаа чиглэлээрээ АНУ-д суралцаад ирэх боломжийг олгодог. Залуу мэргэжилтнүүдэд зориулсан Фулбрайтын оюутны хөтөлбөр гэж байдаг. Энэ нь МУ-ын ЗГ-ын хамтарсан болон АНУ-ын санхүүжилттэйгээр жилд 2 удаа зарлагддаг. Магистрын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөр байдаг. Багш нартайгаа хамтарч ажиллаж сургалт явуулдаг. Фулбрайтын Англи хэлний хөтөлбөр зөвхөн Америк багш нартай биш, монгол багш нартай мэргэжил дээшлүүлэх, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхболомжийг олгодог учраас Өмнөговь аймагтирээд ЕБС-аар орж загвар хичээлүүдээ танилцуулсан.
-Өмнөговь аймгийн удирдлагуудтай та бүхэн уулзалт хийсэн. Цаашид хамтарч ажиллах олон санал санаачлага гарсан байх?
-Аяллын хүрээнд сургууль, ИНБ болон бусад байгууллагаар орж мэдээлэл хийлээ. Аймгийн засаг даргатай ажил хэргийн уулзалт хийсэн. Өмнөговь аймаг соёлын болон ХАА-н салбартаа анхаарч ажиллаж байгаа гэж хэлсэн. Энэ чиглэлд хамтарч ажиллахдаа баяртай байх болно. 2019 оныг 2 улсын Засгын ГазраасМонгол-Америк залуучуудын жил болгон зарласан учраас энэ хүрээндээ Өмнөговь аймагтай хамтарч ажиллахдаа баяртай байх болно.
- Монгол улсаас АНУ-д хичнээн оюутан залуус суралцаж байна вэ?
АНУ-д суралцаж байгаа Монгол оюутан залуучууд олон байдаг. АНУ-ын ЗГ-ын зүгээс хэрэгжүүлдэг боловсролын зөвлөгөө үнэ төлбөргүй өгдөг хөтөлбөр байдаг. АНУ-д хувийн санхүүжилт болон тэтгэлэг олж суралцах боломжуудын талаар зөвлөгөө өгч сургалт явуулдаг.
Ярилцсанд баярлалаа.