📅

О. Бадарч: Олборлолтын бүсэд байгаа бүс нутгийн асуудлыг Засгийн газрын түвшинд авч үзэх ёстой

🕔 2019/05/08 14:41 791

Өмнөговь аймгийн Цогт-Цэций сум уул уурхайн хөгжлөө дагаад МУ-ын хамгийн хөл хөдөлгөөнтэй сум болсон. Хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 20-иод мянган хүн энэ сумын нутаг дэвсгэрт байнгын болон түр оршин суудаг. Уул уурхай улс орны эдийн засагт гол хүч нэмж байгаа хэдий ч олборлолтын бүсэд байгаа нутагт олон сөрөг зүйлийг үүсгэсээр...

“Уул уурхай ба Өмнөговь” цуврал ярилцлагын зочноор Цогт-Цэций сумын Засаг дарга О.Бадарчийг урьж ярилцлаа.


-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ашиглалтын лицензтэй хэчнээн уурхай байдаг вэ?

-Цогтцэций сум аймгийнхаа 15 сум дотроо хамгийн бага газар нутагтай сум. 700 гаруй га газар, бэлчээр нутагтай. Түүний 16% нь ашиглалтын лицензтэй. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь Таван толгой бүлэг ордод суурилсан Төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой”, орон нутгийн өмчтэй, Өмнөговь аймгийн ууган уурхай “ТаванТолгой”, хувийн хэвшил дээр суурилсан “Энержи ресурс” гэсэн 3 том төсөл хэрэгжиж байна. Энэ төслөөр жилдээ 20-иод сая тонн нүүрс олборлож, экспортод гаргаж байна. 20-30 сая тонн нүүрс экспортод гаргахын тулд энэ 3 бүлэг орд туслан гүйцэтгэгч олон гэрээт компаниудтай хамтарч ажилладаг. Хөрс, бусад тээвэр зэрэгт 20-30 туслан гүйцэтгэгч компаниуд байна. Нүүрс олборлолттой холбоотойгоор олборлолт, хөрс хуулалт, тээвэр гээд маш олон үйл ажиллагаа явж байгаа. Энэ бүхэн нийлээд бүлэг орд дээр гарч байгаа олборлолтын үйл ажиллагаа түүний эерэг болон сөрөг нөлөөллүүдийг үүсгэж байна.

-Цогтэций сум байгалийн баялагтайнхаа төлөө уул уурхай дагасан хамгийн их сөрөг нөлөөлөлд өртөж байгаа сум. Зам харгуй, бэлчээр нутаг талхлагдаж, нутгийн уугуул, суугуул олон мянган малчид, иргэдийн амьдрах орчин үгүй болж байгаль орчны доройтол, усгүйдэл аль хэдийн нүүрлэсэн. Уул уурхайн олборлолтоос хамгийн их сөргөөр нөлөөлж байгаа асуудал юу байна вэ?

-Мэдээж сайн, муу 2 талтай. Цогт-Цэций суманд нүүрс олборлолт явагдаж, энэ олон уурхай ажиллаж, зах зээлийг дагасан хөгжил байна. Түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ сайн талаас гадна саар зүйл энэ олборлолтын явцад үүсээд байгаа нь цаанаа хэнд нөлөөлж байна вэ гэхээр нутгийн иргэдэд хамгийн их нөлөөлж байна. Орон нутагт суурин засаг захиргааны харьяалалтай 7800 иргэн байдаг. Хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 20-иод мянган хүн энэ сумын нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээ авч, ажил, үйлчилгээ эрхэлж байна. Мэдээж тэр хүмүүсийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа ямар байгаа билээ. Цогт-Цэций сум нүүдлийн соёл иргэншил зонхилсон МАА эрхэлсэн эдийн засгийн бүтэцтэй сум байсан. Өнөөдөр эдийн засгийн бүтцийн тогтолцоо нь өөр болчихсон. Уул уурхай хүнд үйлдвэр, МАА гээд хосолмол эдийн засгийн бүтэцтэй болжээ. Ялангуяа уул уурхай, хүнд үйлдвэрлэлээс үүсч байгаа сөрөг нөлөө нь МАА үйлдвэрлэлдээ эргээд хүндээр тусч байгаа.Тэр нь хэд хэдэн шинж чанараар илэрч байна.

1-рт Уул уурхайн олборлолтоос үүсч байгаа агаарын бохирдлын асуудлаас болж энэ нутаг дэвсгэрт түр болон байнгын оршин сууж байгаа 20000-аад хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах  баталгаа алдагдаж байна.

2-рт Байгаль орчны сүйрэл их болж байна. Байгаль орчин ямар ямар байдлаар доройтож байна вэ? гэвэл  хөрсний эвдрэл түүнийг дагаад бэлчээр нутгийн нэг хэсэг эвдэрч, ургамлын бүрхэвч, байгалийн зүй зохистой эко систем алдагдаж байна.Хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол усны асуудал.

               Ингээд ярихаар уул уурхайн олборлолттой холбоотой энэ нутагт тусаж байгаа сөрөг зүйл их байна. Ер нь уул уурхайг олборлоно гэдэг бол эхлээд дэд бүтцээ бий болгоод тэр сөрөг хандлагуудыг зөөллөх бүх зүйлээ шийдээд олборлолтын ажил явах ёстой байдаг. Цаанаа тодорхой хүчин зүйл байгаа л даа. Өмнөговь аймаг улсад уул уурхайгаас 100 гаруй тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж байна. Аймаг өөрөө 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын, урсгал зардалтайгаа 160-аад тэрбум төгрөгийн төсөвтэй явж байна. Энэ нь орон нутгийн бүтээн байгуулалт хөгжлийн асуудлаа шийдэж байгаа таатай боломж мэт боловч олон сөрөг зүйл байгааг шийдэх ёстой. Нүүрс экспортод гаргаж байна гэдэг эдийн засгаа сэргээж байгаа гол арга мөн. Гэхдээ олборлолтын бүсэд байгаа бүс нутгийн асуудлыг Засгийн газрын түвшинд авч үзэх ёстой асуудал юм. Бидэнд энэ асуудал л үүсэж байгаа хамгийн том бэрхшээл юм.   

-Энэ жил Улаанбаатар хотыг утаагүй болгохоор нүүрс зөөж эхэллээ. 100 гаруй хүнд даацын машинууд зам дагуу нутагладаг малчдын бэлчээрийг талхлаж,  тоосжилтыг үүсгэж, өдөр шөнөгүй хот руу нүүрс тээвэрлэж байгаад нутгийн иргэд маш их эсэргүүцэж байна. Сумын зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь Монголын хүн амын 50% нь оршин сууж байгаа нийслэл Улаанбаатарын тулгамдсан асуудал төдийгүй гадаад, дотоодын түвшинд анхаарал татсан асуудал болсон утааны асуудлыг шийдвэрлэх гэж байгаа ЗГ-ын бодлогыг үгүйсгэх юм байхгүй. Уурхайгаа олборлож эдийн засгаа сэргээх нь зөв боловч үүсэх сөрөг нөлөөллөө арилгах зүйлээ бодолцоогүйгээс  асуудал гардаг. Үүнтэй адил нүүрс тээвэрлэх ажиллагаан дээр сөрөг асуудал маш их гарч байна. Сумын засаг даргын хувьд тухайн сумын нутаг дэвсгэрт тээвэр хийх замыг стандартын шаардлага хангасан замаар явуулах асуудлыг тавьж байгаа. Нутгийн малчид иргэд ч энэ асуудлыг хурцаар тавьж байна. Төр засгийн бодлогыг эсэргүүцээд байх зүйл байхгүй ч хамгийн гол нь энд үүсээд буй нөлөөлөлд өртөх аюулыг шийдчихвэл татгалзах зүйлгүй. Засаг даргын хувьд энэ их тоосжилт, байгаль орчны сүйрлийг шийдэх 1 том арга хэмжээ бол тээврийн замын асуудал гэж боддог. Тиймээс 15 орчим км замыг сайжруулсан зам болгоод тээврээ хий. Тэгэхгүй бол энэ ач холбогдолтой энэ ажлын үр дүн саатна гэж үзэж байна.  Төр засаг нь зөв бодлого явуулбал Цогт-Цэций сумын ард иргэд дэмжинэ. Алдаатай бодлого явуулж байвал нутгийн иргэд эсэргүүцэж тэмцэнэ. Ард түмний л асуудал.

               59,6 км-ын зам тавигдаж байна. Энэ 11 сард ашиглалтад орно. Мөрийн хөтөлбөртөө Цогт-Цэций сумын нутагт 35 км хатуу хучилттай замыг их тоосжилт үүсч байгаа хэсгүүдэд тавихад шийдэж болох юм байна гэж суулгасан. Одоогийн байдлаар 23 орчим км замын хөрөнгийн асуудлыг ямар нэгэн байдлаар ярьж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК Баруун цанхийн тосгон хүртэл 10км замаа тавих юм бол энэ сумын баруун дээд талаас үүсч байгаа тоосжилтын асуудал нэлээд цэгцэрнэ.

-Говьд тоосжилт хэрээс хэтэрсэн.  Ялангуяа уул уурхайтай сумдад илүү их тоосжилттой байна. Мал, амьтан, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгааг харсаар, ярьсаар байгаа ч нөхцөл байдал улам хүндэрч байна. Тоосжилттой хэрхэн тэмцэж байна вэ?

-Тоосжилтын асуудал үнэхээр хүнд байна. Тоос их гарч байна, тэрийг зогсоож, тэгж тэмцэнэ  гэдэг тэмцлийн арга барил одоо сонин биш болсон. Сайн ч юм биш. Үр дүнгээ ч өгдөггүй. Нүүрс олборлолтын цаана улс орны эдийн засгийн хөгжил явж байдаг. Галт тэрэг аль хэдийн хөдөлчихсөн. Хамгийн гол нь зөв бодлого, зөв арга замаа гаргаж ирж, харилцан ойлголцож, асуудлыг шийдвэрлэж явах нь хамгийн чухал. Тоосжилттой холбоотой үүсч байгаа нийгмийн сөрөг нөлөөллийн асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс 2 жилийн өмнө Цогтцэций суманд ирж үзэж судалсан.Тоосжилтын асуудлаар олон улсын хэд хэдэн байгууллагад санал тавиад дэмжигдэхгүй байсан. Харин ХЭҮКомиссоос уул уурхайн олборлолтын нөлөөлөлд өртөж байгаа бүс нутгийн нийгмийн асуудлын тайлан гаргаж Ерөнхий сайдад танилцуулж байгаа дуулдаж байна. Тайлан бид нарын гар дээр ирнэ. Үүсээд байгаа энэ асуудлыг яах вэ гэдэг олон арга замыг тодорхойлж гаргаж ирээд тэр нь бодлого болж хэрэгжих ёстой.

Цогт-Цэций сум эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байна. Судалгаа хийхэд Цогтцэций сумын зонхилох өвчлөлийн 1-рт амьсгалын замын өвчин 2-рт ходоод гэдэсний өвчин 3-рт хавдар эзэлж байна. Амьсгалах замаар дамжиж байгаа өвчин агаарын бохирдлоос болж өвчлөл их гарч байна. Хүмүүсийн эрүүл ахуйн дэглэм зөв хооллолтын зарчмыг ч бас ярих ёстой. Уул уурхайгүй тайван амгалан нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн хажууд манай бүс нутагт иргэдийн эрүүл мэндийн асуудал хүнд нөхцөлд байна. Энэ тоосжилтыг үүсгэж байгаа хэдэн хүчин зүйл байна. Уурхайн олборлолт гарцаагүй орно. Говийн хөрс эмзэг, уур амьсгал хуурайшилт, салхи их нөлөөлдөг. Сум тэлээд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдчихсэн.Энэ бүхэн тоосжилтод нөлөөлж байна.Уурхайнуудад би нэг зүйлийг их шахаж байгаа. Дотоод тоосжилт их байна. Үүнийгээ шийд гэж.

-Цогт-Цэций сумын Цагаан-Овоо баг л гэхэд тэр чигээрээ уурхайн нөлөөлөлд өртчихсөн байна. Ер нь нөлөөллийн бүсэд хичнээн малчин өрх байна. Уул уурхайн компаниуд нөлөөллийн бүс дэхь малчдын асуудалд хэрхэн хандаж байна?

-Цогт-Цэций сум 2500 өрхтэй. 310-аад малчин өрх байна. Энержи Ресурс ХХК нөлөөллийн бүсийн айлуудын асуудлаа шийдчихсэн. “Эрдэнэс тавантолгой”-н нөлөөллийн бүсэд 20 гаруй өрх байна. Энэ 20 гаруй өрхийн асуудлыг онцгойлон анхааралдаа авч шийдэх тухай асуудлыг Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн захирал Б. Ганхуягт санал хэлсэн байгаа. Зарим айл бол тэсэж тэвчишгүй орчинд бий. Таван толгойн тосгоны ард түмэн ямар байдалд байгаа билээ.

Нөлөөллийн хүчтэй бүсэд 5-6 айл байдаг. Түүнээс цааш бага нөлөөлөлд, бүр нөлөөлөлгүй гээд нийтдээ 20 гаруй өрх байна. “Эрдэнэс тавантолгой” ХХК Цогт-Цэций суманд салбар байгуулж аймаг, сумын засаг даргатай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Нөлөөллийн бүсийн айлуудад анхаарал хандуулах, хашаа хороог нь засах сэлбэх, худаг ус гаргах зэрэг асуудлаас гадна сум орон нутгийн бодлогын томоохон ажлуудыг хамтын ажиллагаагаар шийдэх боломжтой болсон.

-Говьд усны хомсдол хэдийнээ нүүрлэчихсэн байгаа нь энэ их цөлжилт тоосжилт хуурайшилт, малчдын худаг усны ундарга, уур амьсгалын өөрчлөлт бэлхнээ харуулж байна. Уул уурхайн усны хэрэглээг багасгах нь зайлшгүй анхаарах ёстой асуудал?

-Говьчууд хөрсний ус ховортой. Гүний усаар амьдардаг. Гүний ус олон давхаргатай ч хүний эрүүл ахуйд таарах нь ч бий, таарахгүй хатуулагтай ч бий. Ус ашиглалтын том менежментийн бодлого л байх ёстой. Усыг уудаг зүйл гэж харж байсан цаг аль хэдийн өнгөрч өнөөдөр үйлдвэрлэлийн, ахуйн хэрэглээний, бэлчээрийн усан хангамжийн, байгаль орчны нөхөн сэргээлтийн усан хангамж зэрэг усны хэрэглээ 5-6 чиглэлээр тодорхой болчихсон учраас том менежмент хийх хэрэгтэй. Уул уурхайн усны хэрэглээг багасгахын тулд ямар технологи байх ёстой вэ гэдэг нь асар том бодлогын асуудал. Галба өөшийн долоодын газрын сав газарт хамаарагддаг бүс учраас Усны менежментийн төлөвлөгөө хийгдэж байгаа.  

Уул уурхайн компаниуд байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудалд хэр бодитой ханддаг юм бол?  

Нөхөн сэргээлтийн 2 төрлийн ойлголт байна. Манай уурхайнууд өөрөө өвөрмөц. Уурхайн уналт нь гүний уналттай. Жаахан ашиглаад л нөөц дуусаад байгаа тохиолдолд дотор овоолго үүсгээд техник, биологийн дүүргэлт хийдэг. Манайх тийм юм байхгүй. Гуч, дөчин жил доошоо ухна. Ухсан уурхайд дүүргэлт гэдэг ойлголт байхгүй тул хаалтын нөхөн сэргээлт төлөвлөгдсөн байх ёстой. Уг нь номоороо хэрэгжүүлбэл энэ газарт уурхай байгуулна гэж ард түмэнтэй хэлэлцээд, 30 жилийн дараа энэ уурхайг хаана, хаахад та бүхэн энэ орчноо  ямар болгох вэ, аялал жуулчлалын бүс болгох уу, нуур болгох уу, ногоон бүс болгох уу гэдгээ   ард түмнээс нь асуугаад түүнд нь тохирсон хаалтын төлөвлөгөө  хийх ёстой. Тэр хаалтын төлөвлөгөөндөө тохируулаад жилээс жилд нөхөн сэргээлтийн ажил чиглэж явах ёстой. Гэтэл уурхайнууд хатуухан хэлэхэд өнөөдрөөрөө л явж байна. Дүйцүүлэн нөхөн сэргээх гэдэг том асуудал байх ёстой. Энэ орчин, экологийг  сүйтгэсэн юм чинь ижил төстэй, байгалийн жамаараа ч юм уу, уур амьсгалын хувьсан өөрчлөлтөөр өөрчлөгдөх гэж байгаа өөр нэг газар нөхөн сэргээлтийн ажил хийх ёстой. Манайхан дүйцүүлэн нөхөн сэргээнэ гэхээр мод тарина ч гэх юм уу ойрхон ажил бодож байна. Дүйцүүлэн нөхөн сэргээнэ гэдэг нөлөөллүүдээ тооцдог. “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК Цэций уул орчимд сумаас тодорхой газар заалгаж, нөхөн сэргээлтийн ажлууд эхэлж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК их цаг алдаж байна.

-Стратегийн том ордууд үйл ажиллагаагаа явуулж сум орон нутгийн хувьдолон асуудлууд байнга үүсэж байдаг нь тодорхой. Тулгамдсан асуудлуудыг сумын зүгээс хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Асуудлууд байдаг. Сая л гэхэд Говьсүмбэр аймгийн Страто гэж компани байна. Говьсүмбэр аймагт баяжуулах үйлдвэр байгуулах гэж эндээс хууль бусаар нүүрс тээвэрлэсэн.Одоогийн баяжуулах үйлдвэр нь 1 сая 500 тн нүүрс баяжуулах үйлдвэр гэнэ. Манай сумын хэдэн малчид нь эрүүл саруул орчинд байг. Дахиад нөгөө олон шланз явж хичнээн газар нутаг талхлах билээ. Нүүрс агаараар тээвэрлэгддэггүй. Энэ газар нутгаар л тээвэрлэж таарна. Чойрын замаар нүүрс тээвэрлэхийг эрс татгалзаж, тэмцэж зогсоож байна. Энэ мэтчилэн олон асуудлууд гардаг.

Ярилцсанд баярлалаа.

Ч. Сумъяа






скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна