Үлэг гүрвэлийн музей үйлчлүүлэгч ихтэй
Хөх хотод урлагийн бүтээл гэмээр өвөрмөц шийдэлтэй барилгууд хотын өнгө төрхөнд чимэг болж нүд хужирлана. Өндөрлөг шатаар өгсөж хүрэх энэ Музей нь дотроо 5 давхар үзмэрийн танхимуудтай. 1 давхартаа бэлэг дурсгал, сувинер, үндэсний онцлогийг харуулсан эд зүйлс худалдаална.
Эрт галаваас эдүгээ цагийн хөгжилд хүрсэн цаг хугацаа, аж амьдрал, соёл, хувьсал өөрчлөлтийг түүхийн эд зүйлсээрээ баримтжуулан дэлгэж үзүүлэхийн зэрэгцээ газрын доорх баялгаас сансрын хязгаар хүртэлх орон зай, цаг хугацаагаар энд аялуулна. Монголын үе үеийн хаадуудын түүх, дүр зураг, нүүдэлчин ахуйг ч харж болно. Музей өдөржин үзээд дуусахгүй баялаг үзмэр, саатан сонирхох зүйл ихтэй.Үзмэрийн танхимд монгол бичгээр тайлбаруудтай болохоор уншиж мэдээлэл авахад илүү дөхөм.
Хамгийн сонирхол татсан үзмэрийн танхим бол Үлэг гүрвэлийн танхим байлаа.
Өмнөговьд олон жил яригдаж байгаа үлэг гүрвэлийн музейг аль хэдийн энд байгуулчихсан аялагч жуулчдын нүд, зоосыг татаж байна. Ёстой л эрт галавын үлэг гүрвэл, дэлхийд алдаршсан Монголын говийн түүх энэ танхимд амилах мэт. Үзмэрийг байрлуулсан донж маяг, орчин, гэрэлтүүлгээс санаа авууштай зүйл олон. Үлэг гүрвэлийн музей үйлчлүүлэгч ихтэй байдаг гэнэ. Ялангуяа хүүхэд, залуучууд их сонирхон үйлчлүүлдэг. Тиймээс ч гарах үүдэнд нь Динозаврын холбогдолтой кино, төрөл бүрийн тоглоом, ном, сэтгүүл, наалт, тэмдэг, сувинер зэрэг дүүрэн худалдаална. Хамгийн хямд тоглоом л гэхэд 3 юань буюу монгол мөнгөөр 1200 орчим төгрөгийн үнэтэй. Үзмэр үзсэн хүмүүс гарахдаа энэ дэлгүүрээр саатаж худалдан авалт хийж, хүүхдүүд нь үлэг гүрвэлийн зурагтай автомат тоглоомуудаар тоглон зугаацна. Энэ мэтээр бид түрүүлж сэтгэж, бүтээн бий болгох цаг хугацааг алдсаар байгааг урд хөршид алхам тутамдаа мэдэрнэ.