Хөх хотын консул хамгийн ачаалалтай ажилладаг дипломат газруудын нэг
Орон нутгийн сэтгүүлчдийн багийг Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул Д. Мөнх-Эрдэнэ хүлээн авч уулзсан юм. Хөх хотод ганц дипломат төлөөлөгчийн газар байдаг ба хамгийн ачаалал ихтэй ажилладаг дипломат газруудын нэг.
Ерөнхий консул Д. Мөнх-Эрдэнэ хэлэхдээ: “Хөх хот дахь дипломат төлөөлөгчийн газар” нь 2 улсын эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг бүхий л чиглэлд гүүр болон ажиллах үүрэгтэй.Хоёр улсын хоорондох харилцаанд иргэдийн харилцаа маш чухал. Иргэд хоорондоо сайн ойлголцож байж хоёр улс сайн ойлголцдог. Хамгийн том бараа эргэлтийн боомт Эрээн, уул уурхай дагасан боомтууд болох Ганц мод, Гашуун сухайтад иргэдийн асуудал их байдаг.Хилийн боомтуудаар иргэд хуулийн мэдлэггүйгээс асуудалд их ордог. Тэр болгонд очиж зөвлөгөө өгч, өмгөөлж хамгаалж иргэддээ үйлчилдэг. Монгол иргэдэд тулгамдаж байгаа асуудалд иргэддээ үйлчлэх үйлчилгээний байгууллага гэж ойлгож болно. Энэ жил 2 улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж байна. Мөн “Нэг бүс-Нэг зам”, Гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд экспо арга хэмжээнүүд энэ жил 3 дахь удаагаа болох гэж байна. Монголын Экспо худалдааг Хөх хот болон бусад аймгуудаар их зохион байгуулдаг. Тэр бүхэнд гүүр болж ажилладаг. Монголчууд суралцах, эмчилгээний, аялал жуулчлалын зорилгоор Хөх хотод их ирдэг. Монголоос 2000 гаруй оюутан Засгийн газрын тэтгэлгээр сурч байна. Монгол улсаа төлөөлж ажиллаж байгаа учир маш хариуцлагатай ажиллах ёстой. Хөрш зэргэлдээ улсын үсрэнгүй хөгжлөөс бидэнд суралцах зүйл их байна. Тиймээс Консулийн газар салбар бүрийг хамруулан туршлага судлах ажлуудыг дэмжиж ажиллаж байна” гэсэн юм.