Монгол Одон ТВ дэлхийн 50 гаруй оронд мэдээ, нэвтрүүлгээ түгээдэг
Уран бүтээлч, сэтгүүлчид бид бүхний хамгийн түрүүнд зочлох газар ӨМӨЗОрны Монгол Одон телевиз. Өвөрмөц загвар дизайнтай Одон телевизийн шинэ барилга зорин очиж буй хүнд онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Харуул хамгаалалт өндөр, албан зөвшөөрлөөр л дотогш нэвтрүүлнэ. Үүдний танхимын таазнаасаа монгол гэрийн тооно бүхий дүрслэлээр чимэглэн тохижуулсан нь нүдэнд аргагүй тусна. Монгол үндэстнийг нэгтгэж соён гэгээрүүлэх үйлсийг түгээж байгаа илэрхийлэл нь эндээс эхэлнэ.
1976 онд Өвөр монголын телевиз хороо нэртэйгээр байгуулагдаж байсан тус телевиз 1997 онд БНХАУ даяар нэвтрүүлгээ цацаж, 2009 оноос уран бүтээл, бүтэцдээ шинэчлэлт хийж 24 цагийн эфиртэй болжээ.
Биднийг Одон телевизийн удирдлагууд найрсгаар хүлээн авч ажил хэргийн уулзалт хийж, телевизийн үйл ажиллагаа, студи, техник тоног төхөөрөмж,бүтэц бүрэлдэхүүнээ танилцууллаа.Төрийн телевиз учир техник технологи, ажиллах орчин нөхцөл, ашиглаж байгаа тоног төхөөрөмж, камер хэрэгсэл нь аргагүй л улсаас мөнгө хаяж бодлогоор дэмжиж, санхүүжүүлдэг нь алхам тутам мэдрэгдэнэ. Шинэ байрандаа уран бүтээлчид нь урам зориг дүүрэн ажиллаж байна.Одон телевиз 3 сувагтай. Орчуулга, Найруулга, Сурвалжлага зэрэг албуудад 600 гаруй хүн ажилладаг. Монгол одон телевиз нь одоогийн байдлаар Өвөр Монголдоо төдийгүй БНХАУ, дэлхийн 50 гаруй оронд нэвтрүүлэг, уран бүтээл, мэдээ мэдээллээ түгээж байна.