📅

Ургуулдаг уурхай газар тариалан

🕔 2019/03/28 14:16 1 217


Хүнсний аюулгүй байдал хурцаар яригдаж байгаа энэ цаг үед Ханбогдчууд говийн хөрсөнд ургасан шинэ ургацын ногоог өвөл, зунгүй тариалж сумынхаа ард иргэд болон уул уурхайн компаниудын хүнсний хэрэгцээг хангахаар сум орон нутгаас газар тариалан эрхлэгчид, ногоочдоо бодлогоор дэмжин  ажиллаж байна. Ханбогд сумын ногоочид Улаанбаатар хотын Шувуун фабрикийн «Асралт агропарк"-ийн өвлийн хүлэмжээс туршлага судалж  онол дадлага хосолсон сургалтад хамрагдлаа. Сумын удирдлагууд ногоочдынхоо өрхийн бизнесийг дэмжиж, уул уурхайн энэ том зах зээлийг түшиглэн нутгийн хөрсөнд ургасан ямар ч бордоо генийн өөрчлөлтгүй , цэвэр эко хүнсний ногоогоор хангах зорилго тавьж байна. Ногоочид зундаа ногоогоо тариад зогсох биш өвлийн хүлэмж нэвтрүүлж өдөр бүр шинэ ургацаар сумын ард иргэд, уул уурхайн кемпүүпээ хангах зорилготой.Говийн хөрсөнд ургахгүй ногоо гэж байхгүй. Тиймээс Галбын говийн хөрсөнд ургуулсан шинэ соортын жимс ногоо ногоочдын хөдөлмөрийн үр дүнд бий болж 4 улиралдаа ургац хурааж авах цаг ойрхон биз ээ.


Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж. Занабазар хэлэхдээ:Засгийн газар болон Өмнөговь аймаг, Ханбогд сумын хөгжлийн бодлогод тусгагдсан ХАА, Газар тариаланг дэмжих ажлын хүрээнд Ханбогд сумын ногоочид   Улаанбаатар хотын Хан уул дүүргийн Шувуун фабрик дахь «Асралт агропарк"-ийн сургалтанд хамрагдлаа. Ханбогд сумын газар тариалан эрхлэгч 10 иргэн 4 улирлын хүлэмжид 5 өдрийн сургалт дадлага хийлээ.

 Ханбогд сум уул уурхайн бүс нутгаа дагаад хүн амын механик өсөлт эрчимжиж байна. Ирээдүйд хот болох ийм газарт хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад өдөр тутмын ногоогоор хангах, цаашлаад Оюутолгой кемпийн олон мянган ажилчдын хүнсний ногоог хангах, зорилт алсын хараа тавьж ажиллаж байгаа. Газар тариалан эрхлэгч, ногоочдыг чадавхижуулах сургалтанд хамруулах хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдсан томоохон ажлын нэг өнөөдөр явагдаж байгаа нь их ач холбогдолтой.

 2 дахь жилдээ энэ арга хэмжээ болж байна. Өмнөх жил яг энэ компанийн технологич, агрономичдыг уриад Ханбогд суманд 70-80-аад хүний бүрэлдэхүүнтэй нэг өдрийн богино хэмжээний сургалтыг газар дээр нь өгч байсан бол энэ удаад Ханбогд сумаас Улаанбаатар хотыг зорьж ирээд Асралт компанийн 4000м/кв 4 төрлийн хүлэмжид сургалт дадлагын ажил газар дээр нь явагдаж байгаараа онцлогтой.

Энэ сургалтыг Ханбогд сумын ИТХ, ЗДТГ-аас санаачлан санхүүжүүлж, 50%-ийн дэмжлэгийг Оюутолгой ХХК-ийн гэрээт туслан гүйцэтгэгч «Эс Эс Эм» ХХК бас  санхүүжүүлэн оролцож байна.

«Эс Эс Эм» ХХК нь Ханбогд сумын ногоочдын тарьсан ногоог улирлын чанартай, боловсроод гүйцэхэд нь бүгдийг нь худалдаж авдаг. Ногоочдоо сургалтанд  хамруулснаар 4 улирлын хүлэмжид тариалсан шинэ ургацын ногоогоор  хүн амыг эрүүл баталгаатай нутгийн хөрсөнд ургасан эко бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломж нээгдэж байгаа юм.

Материаллаг баазаар хангаж хүлээж авч, ногоочдыг байрлуулж,сургалтанд нь хамруулж, газар дээр нь сургаж байгаа тус компанийн хамт олонд нийт Ханбогдчуудынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлмээр байна.

Ханбогд сумын ногоочин Л. Алтанцэцэг:Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2012 оноос Хүлэмжийн Аж Ахуй эрхэлсэн. Нутагтаа амтат чинжүү, өргөст хэмх, улаан лооль, шийгуа тарьдаг. 20 гаруй жил ногоо тарьсан гэхэд энэ сургалтанд ирээд суралцаж байхад мэдэхгүй зүйл зөндөө байсан.

Багш агрономич Эрдэнэбаяр, захирал Алтанцацралт 2-оос их юм сурч авч байна. Дуслын усалгааны системийн талаар их шинэлэг зүйл сурч авлаа. Яг энэ хүлэмжийн аж ахуй дээр бидний мэдэхгүй чадахгүй зүйл их байсан. Их зүйл сурч авлаа. Өглөө онолын хичээл ороод гараад шууд хүлэмжин дээрээ дадлагаа явуулдаг нь их давуу талтай юм байна.Очоод ногоогоо сайн тарина аа.

Ханбогд сумын ногоочин Д. Болдмаа:Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Сумандаа 7 дахь жилдээ ногоо тарьж байна. Оюутолгойн төсөлд хамрагдаад удирдлагуудынхаа дэмжлэгээр 2 хоршоо байгуулан 30-аад өрх ногоо тарьж байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүд, ахмад настангууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Бид ногоо тарьснаар өрхийн амьжиргаагаа дээшлүүлж байна.Манайх 4 дэх жилдээ Оюутолгой болон «Эс Эс Эм» ХХК-даа ногоо нийлүүлж байна.Ногоо тариад хаана яаж борлуулах уу гэсэн асуудал бидэнд байхгүй.

Зөвхөн ногоогоо сайн тарих л бидний хувьд чухал байдаг.  Манай сумын хүмүүс хувиараа ногоо их тарьж байна. Хашаандаа өөрийн гэсэн хүлэмжтэй. Ногооны талбайдаа 40×6-тай 5 зуны хүлэмжид 3 га газар тарьдаг. Өвлийн хүлэмжтэй болох зорилгоор хичээл заалгаж, дадлага хийж байна. Маш их зүйл сурч авсандаа сэтгэл хангалуун байна


Эх орны хөрсөнд эрүүл органик хүнсний ногоо тариалж, өвлийн цагт ч дэлгэр зуныг санагдуулам жимс, жимсгэнэ, нарийн ногоо тариалж, Монголдоо анхны дөрвөн улирлын хүлэмж агропаркыг байгуулсан «Мөнх-Асралт» ХХК-ийн удирдлагууд Ханбогд сумын ногоочдод хүлэмж эрхлэлт, өвлийн хүлэмжид ургуулж байгаа ногооны тариалалт, арчилгаа, усалгаа зэргийг нарийн зааж сургаж, сэтгэл гарган зааж сургаж, шинэ мэдээллээр хангаж байгаад ногоочид баяртай байна. Тэдний хувьд сурсан мэдсэн зүйлээ нутгийн хөрсөн дээрээ туршиж, сумынхаа хүн амыг эрүүл хүнсний ногоогоор хангах эрхэм үүрэг, хөдөлмөр л үлдээд байна.


А. Ариунцацрал /"Эс Эс Эм« ХХК-ийн хүний нөөцийн захирал/

Манай компани нь 10 гаруй жил Оюутолгой төсөл дээр ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хоол хүнс, засвар үйлчилгээ, зөвлөгөө, үйлчилгээг хариуцаж ажилладаг. 1000 гаруй ажилтантай компани. Төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд нь хамтарч ажиллах, иргэдийн ЖДҮ-ийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсрол ялангуяа орон нутгийн ажилчдыг ажлын байраар түлхүү хангах тал дээр нэлээд анхаарал тавьж бодлого хэрэгжүүлж ажилладаг. Энэ маань нэг талаас бизнес эрхлэгчдээ дэмжих, нөгөө талаас ур чадварыг нь нэмэгдүүлэх, ханган нийлүүлэгчдийнхээ чадавхийг сайжруулж, өнгөрсөн онд авагдаж байсан бараа бүтээгдэхүүнээсээ илүү ихийг нийлүүлэх боломжийг олгож байгаа гэж харж байгаа.


Х. Алтанцацрал /"Мөнх Асралт« ХХК-ийн ерөнхий захирал/

Монголчууд өнөөдөр хүнсний хангамж, аюулгүй байдал дээр их анхаарах болсон. Төр засгаас ч сүүлийн жилүүдэд их яригдаж байна. Манай улс хэрэглэж байгаа хүнсний хэрэглээнийхээ 80-аас дээш хувийг гаднаас импортоор авч байгаа. Өдөр тутам хэрэглэж байгаа хүнсний гарал үүсэл, хаана хэзээ таригдсан, хэн хураасан, хэрхэн тээвэрлэгдсэн зэрэг маш олон асуудал нийгэмд байдаг.

Бид Ханбогдын ногоочдод ургамлын анатоми, ургамлын иш, түүний ач холбогдол зэрэг онолын мэдлэгийг ойлгуулчихсан байхад ихэнхийг нь ногоочин өөрөө хийж байж сурдаг. Тэр зорилгыг манай сургалт тавьдаг. Хүлэмжийн аж ахуйг сумандаа бариад орон нутгийн иргэдийн ногооны хэрэгцээг хангах, цаашлаад сум болгон өөрсдийн бренд ногоо, жимс гаргах боломж байгаа гэж хардаг даа.


Д. Эрдэнэбаяр /Мөнх-Асралт»« ХХК-ийн агрономич, багш/

Суралцагчдад анхан, дунд шатны сургалтууд явагдаж байна. Сургалтын гол чиглэл нь 30%-ийн онол, 70%-ийн дадлагыг  хүлэмж, талбай дээр ургаж байгаа жимс ногоон дээр дадлага хийх хэлбэрээр сургалт явууллаа.Ногоочид маань идэвхтэй сайн суралцаж байна. Гол нь нутаг орондоо очиж сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх л үлдлээ дээ.


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна